Гуч, дөчөөд оны үед Монгол улсын хөгжмийн урлагийн анхны зүтгэлтэнүүд болох хөгжимчин Ишдулам, Дашдэлэг, Дашдулам, жүжигчин Ичинхорлоо, Дагийсүрэн, Сосорбарам, Дэвээ, Даарийжав, Аюуш, Рэнцэнноров, Цогзолмаа, Долгорсүрэн, Мажиг, Сосор, уртын дуучин Янжинлхам, Хандмаа, дуучин Цэрэндулам, Цэндсүрэн, Лха.Долгор, Хандсүрэн, Сүрэнхорлоо, Цэсмаа, Надмид, Охиноо, Дулмаа, Загдын Долгорсүрэн, циркийн жүжигчин Ирина гээд олон арван авъяаслаг сайхан хүүхэн “Бөмбөгөр ногоон”-ыг чимэглэж байжээ. Монголын урлагийн алтан үе, сайхан хүүхнүүдийн дэвжин бадрах эрин үе чухам л “Бөмбөгөр ногоон”-оос үүдэлтэй. Гучаад оноос ноёд хатдын эрх ямба хязгаарлагдаж, хүрээнийхний амьдрал, аж байдал гадна дотны нөлөөгөөр аажим өөрчлөгдсөнөөр хүрээний гангачууд эрт цагийн нүсэр хувцаснаасаа салж, улмаар саарал даавуун дээл, цагаан цамц, бүрх малгай, үйтэн хуар, хамба, хилэн хуаран дээл, өдөн цагаан малгай, офел дугуй зэргээр гоёж гангарах болжээ. Энэхүү соёлд нэвтрэхэд тухайн үедээ улс орны нүүр царай болж байсан “Бөмбөгөр ногоон”-ынхон ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр үеийн ганган хүүхнүүд ханцуйндаа цагаан, ягаан пансан алчуур хийж явдаг, тэгээд “Цагаан пансан алчуурыг ай хө, зээ хө яа, цааш нааш нь намируулъя ай хө, зээ хө яа” хэмээн уянгалуулан дуулдаг байж. Мөн тухайн үед нийтийн бүжиг гээч нь анх бий болж, мөнөөх алдарт “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан” мэт нь ид дуулагдаж, хүрээний эр, эм гангачуул анх л хосоороо бүжиглэж эхэлсэн нь шинэ цагийн соёлын довтолгоо болж байлаа. Ингээд “Бөмбөгөр ногоон”-ы сор болсон гоёмсог хүүхнүүдийн тухай өгүүлсү. Гэхдээ фб-ийн хуудас багтаамж муутай тул монголчуудын хэзээний сайн мэдэх Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Ч.Долгорсүрэн, Гавъяат жүжигчин Лха.Долгор, “Зууны манлай сайхан хүүхэн” Л.Цогзолмаа нарын хөрөг найрууллыг энд оруулахыг түвдсэнгүй.
НАМБАЛАГ ТОГЛОЛТТОЙ УЯНГЫН ЖҮЖИГЧИН РЭНЦЭННОРОВ
Өлзийбаярын Рэнцэнноров нь жүжигчин, бүжигчин, дуучин гээд олон талын авъяастай, царай зүс сайхантай, ёстой л “Бөмбөгөр ногоон”-ы сор болсон хүүхэн байж. Олон талын авъяастай ийм төгс хүүхнүүд гуч, дөчөөд оны үед “Учиртай гурван” толгой дуурийн Нансалмаагийн дүрд шилэгдэж тоглодог, үүгээрээ өөрийгөө ямар зиндааны хүүхэн бэ гэдгээ тодорхойлдог байж. “Учиртай гурван толгой” дуурийн анхны Нансалмаад маршал Х.Чойбалсантай хэсэгхэн хугацаанд учир ургуулж явсан Дэвээг тоглосон хэмээн зарим хүний дурсамжинд байдаг. Түүний дараа Ардын жүжигчин Хандсүрэн Нансалмаагийн дүрд тогложээ. Хандсүрэнгийн дараа Ардын жүжигчин Ичинхорлоо, түүний дараа гавъяат жүжигчин Рэнцэнноров нар Нансалмаагийн дүрийг урласан байна. Рэнцэнноровын дараа Ардын жүжигчин Цогзолмаа гуай Нансалмаагийн дүрд тоглосон байдаг. Мөн халхын сайхан хүүхний бүхий л шинж төрхийг агуулсан “Жаргалын зам” дуурийн Халиуны дүр, “Миний баясгалан” жүжгийн Дулмаагийн дүр, “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн Гүндэгмаагийн дүрд манай үе үеийн үзэсгэлэн төгөлдөр хүүхнүүд тоглосоор ирсэн байдаг. Рэнцэнноров нь 1944 онд “Цогт тайж” киноны Түвдийн гүнж Дулмаагийн дүрд тоглохоор шилэгдээд байж. Гэтэл тэрбээр яаралтай мэс засал хийлгэх болсоноор түүний оронд Цогзолмаа гуай тоглохоор болжээ. Арслан тайжийн зүрхийг Хулангаас ч илүү догдлуулдаг тэрхүү цэмцгэр хүүхний гоо сайхны тэнгэрлиг дүрийг Цогзолмаа гуай тун чадварлаг бүтээсэн. Хэрвээ тухайн үед жүжигчин Рэнцэнноровт гэнэтийн асуудал тулгараагүй бол бид бас л нэг сайхан Дулмаагаар нүд хужирлах байжээ. Жүжигчин Рэнцэнноровыг ямархан хүүхэн байсан тухай Ардын жүжигчин Цогзолмаа гуайн дурсамж бүхнийг хэлээд өгнө. Тэрбээр “Ямар нэгэн жүжигчнийг хүндэтгэж тэр жүжигчин шиг болох юмсан гэж хүсч мөрөөдөх явдал урлагт замаа шилж сонгосон залуу хүн бүрт байдаг. Улсын гавъяат жүжигчин Рэнцэнноров миний тийм хүсэл мөрөөдөл, хүндэтгэл байсан юм. Рэнцэнноровын энгийн байдал нь ч, тайзан дээр жүжиглэж байгаа нь ч надад сайхан санагдаж, түүнийг дуурайхыг оролддог байлаа. Гэвч энэ нь бүтэхгүй байсан л даа. Учир нь бид хоёр зан төрх, сэтгэлийн хөдлөлөөр огт өөр хүмүүс байсан юм. Гэвч надад их үлгэр дуурайл болж байсан юм. Миний бодоход жүжигчний хувьд их намбалаг тоглолттой уянгын жүжигчин байсан. Тайзан дээр хийж байгаа үйл хөдлөл бүр нь ямар ч албадлаггүй өөрөөс нь урган гардаг. Тэнд нь нэг жаахан эвгүй байна даа гэх өө гардаггүй байсан шиг санагдана. Рэнцэнноровын тоглолтыг хамгийн анх “Гайхамшигт лимбэ” жүжгийн Батсайханы дүрд тоглож байхыг нь үзсэн юм. Цэнхэр чисчүү дээлтэй, ногоон дурдан бүс ороосон, улаан пансан алчуур духлуулан зангидсан гоолиг нуруутай намбалаг эмэгтэй эсгий зулж байгаа эмэгтэйчүүдийн дунд суугаад дуулж байхыг нь хараад үнэхээр Монголын сайхан намбалаг эмэгтэй иймэрхүү л байсан байх даа гэж бодогдмоор байж билээ. Рэнцэнноров их хөөрхөн эвлэгхэн дуулдаг, хөгжмийн нарийн сонсголтой, их гоё нугалаа хийдэг байлаа. Бас их хөөрхөн дэгжин бүжиглэнэ. Анх би “Эрвээхий” гэдэг бүжиг хийж байхыг нь үзсэн юм. Рэнцэнноров тайзан дээр сэтгэлээ нүдээрээ их тоглож гаргадаг, өөрөө их гоё нүдтэй, өтгөн урт сормуустай, түүнийгээ их тормолзуулна. Жишээ нь “Шарай голын гурван хаан” гэдэг бүжиг хийж байхыг нь би үзсэн юм. Рэнцэнноровыг хүчээр авчирсаны дараа ухаан орж чухам хаана байгаа, юу болсоноо мэдэх гэж байгаа нүдний харц их тод санагддаг юм. Рэнцэнноров бас шүлэг сайхан уншина. Гавъяат жүжигчин Мижиддоржийн хамт олон концертонд шүлэг уншиж хөтөлж байсан. Улс хувьсгалын 25 жилийн ойн концертыг энэ хоёр жүжигчин хөтөлж байсан юм. Рэнцэнноров цав цагаан урт хувцастай тайзан дээр гарч ирэх нь хун хөвж яваа юм шиг санагддагсан. Их хүндэтгэж хайрлаж байсан учраас тэгж харагддаг байсан байж болох юм. Ер нь амьдралдаа ч, тайзан дээр ч биеэ маш сайхан авч явдаг соёлтой жүжигчин байсан. Мөн их цайлган цагаан сэтгэлтэй, хүнд их тусархуу, үүнийхээ төлөө л үргэлж гүйж явдаг байсаан. Рэнцэнноров сайн жүжигчнээс гадна чадалтай найруулагч, сайн сурган хүмүүжүүлэгч байсан” гэж өгүүлсэн билээ.
МОНГОЛЫН УРЛАГИЙН АНХНЫ МАНДУХАЙ ЦЭРЭНДУЛАМ
“Бөмбөгөр ногоон” гэдэг үг хэллэг Монголын театрын урлагийн түүхтэй салшгүй холбоотой. Монгол улсын анхны театр болох “Бөмбөгөр ногоон”-ы зураг төслийг Унгарын мэргэжилтэн Гелий гэдэг хүн зохиож, 1927 онд ашиглалтанд оруулжээ. Нарийн мужааны ур ухааныг шавхаж ганц ч баганагүйгээр барьж босгосон асар том модон гэр шиг уг театр 600 гаруй хүний суудалтай, тусгай лоожтой, дугуй тайзтай байж. Анх “Ардын цэнгэлдэх хүрээлэн” нэртэйгээр байгуулагдсан “Бөмбөгөр ногоон”-ы нээлтэнд орос, хятад, унгар, негр, түвд хүмүүс манайхантай хамтарч “Интернационалын үдэшлэг” явуулж байсан тухай зохиолч Д.Намдаг агсан дурсан бичсэн нь бий. 1931 онд “Бөмбөгөр ногоон”-ыг Засгийн газрын тогтоолоор Монгол улсын төв театр болгожээ. 1947 онд хөгжим, дуу, бүжиг, хоорын анги нэмэгдсэнээр хөгжимт драмын театр болж өргөжсөн байна. Харамсалтай нь 1949 онд цахилгааны утасны гэмтэлээс болж гал гарсанаар “Бөмбөгөр ногоон” театр шатжээ. Хэдийгээр театр шатсан ч авъяаслаг найруулагч, жүжигчид нь байсан болохоор “Бөмбөгөр ногоон”-ы үндэс суурь цаашид цэцэглэн хөгжсөөр өнөөгийн Улсын драмын академик театрыг үүсгэн байгуулсан түүхтэй. 1927 онд үүсэн байгуулагдсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” буюу “Бөмбөгөр ногоон”-ы анхны жүжигчдийн нэг, ухаандаа “Бөмбөгөр ногоон”-ыг Улсын драмын академик театр болтол өсч торниж ирсэн уртын урт түүхтэй хамт явж ирсэн хүн бол Монгол улсын ардын жүжигчин, Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн Доржийн Цэрэндулам агсан билээ. Тэрбээр “Мандухай цэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”-ы Цогтайяа хатан, “Сүхбаатар” киноны Улсын их дагина зэрэг хатан суудалтанаас эхлээд харц доодсыг хүртэл олон дүр бүтээжээ. Дэлхийн сонгодог бүтээлүүдээс Испанийн сэргэн мандалтын их зохиолч Лопедевегагийн “Хонины булаг”-ийн тариачин эмэгтэй Лауренс, Шекспирийн “Отелло”-гийн Эмиллия зэрэг шулуун шударга, гэгээлэг сэтгэлтэй эмэгтэйчүүдийн дүрийг амжилттай бүтээхийн сацуу киноны дүрүүдэд хүчээ сорьж “Морьтой ч болоосой”-гийн саалийн бригадын дарга, “Талын цуурай”-н багш эмэгтэй, мөн өөр хэд хэдэн кинонд өөрийнх нь үндсэн дүр төрх болох буянт ээжийн дүрд чамгүй тогложээ. Цагтаа энэ эмэгтэй Монголын театрын тайзнаа од болон гялалзаж Д.Ичинхорлоо, Ө.Рэнцэнноров, Т.Хандсүрэн нартай эн зэрэгцэж явсан төдийгүй Монголын урлагийн түүхэнд хамгийн анх Мандухай цэцэн хатан, эх дагина Дондогдулам, “Цогийн идэр нас” жүжгийн Х.Чойбалсангийн эх Хорлоо гэхчилэн түүхт хүмүүсийн дүрийг бүтээж байв. Цагтаа хүрээний сайхан хүүхнүүдийн тоонд орж явсан түүний анхны хань Лутдоо хэлмэгдэлийн хар шуурганд өртөхөд Д.Цэрэндулам гуай маршал Х.Чойбалсан дээр орж байж нөхрөө суллуулсан ч ужиг өвчнөөр өөд болжээ. Амьдрал байдгаараа үргэлжилж Д.Цэрэндулам гуай Чойжав гэгч хүнтэй ханилан гурван хүүхэд, хөгшин эхийг нь өргөн асарч байжээ. Амьдрал түүнд энэ мэтчилэн хатуурхаж байсан ч ер гутардаггүй, жавхаалаг сайхан нэгэн байсныг үеийнхэн нь дурссан нь бий. Монголын театр судлаачид болон ахмад үеийн жүжигчид түүнийг “Жинхэнэ сэтгэлийн жүжигчин, ихэнх дүрүүд нь дотоод сэтгэлээсээ уудлах аргаар бүтээгдсэн байдаг” гэж хэлэлцдэг. Амьдрал дээр ч тэр гоц сайхан сэтгэлтэйгээрээ ялгардаг нэгэн байжээ. Их урлагийн тайзан дээр дөч, тавин жилийн турш гялалзаж явсан тэрбээр “Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн” хэмээх эрхэм хүндтэй алдар гавъяаныхаа үр шимийг хүртэж, 1957-1961 онуудад БНМАУ-ын АИХ-ын сонгуульд хоёр ч удаа депутатаар сонгогдон төр түшилцэж явсан нэгэн бөгөөд урлагийн хүнд энэ мэтийн боломж тэр бүр олдоод байдаггүй билээ.
АРДЫН ДУУГ АМЕРИКТ АНХЛАН ХҮРГЭСЭН ДУЛМАА
Одоогоос гурван жилийн өмнө Соёлын төв өргөөнд “Эртний сайхан” хамтлаг тоглох үед дугуй цагаан малгай хазгайдуу тавьж эрт цагийн хүрээ хүүхний донж маягийг илэрхийлсэн ная гаруй насны эмэгтэй “Жийжүү хот” дууг аялгуулан дуурсгахад үзэгчид “Дулмаа гуайд гавъяат цол олго” гэж хашгиралдаж байсан юм. Энэ хүн бол гуч, дөчөөд оны “Бөмбөгөр ногоон”-ны гоёмсог хүүхнүүдийн нэг явсан Гүндэгмаагийн Дулмаа байлаа. Гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр эцэг нь хилс хэргээр цаазлагдсанаар бяцхан охин Дулмаа эсэргүүний хүүхэд гэдгээр ад үзэгдэхгүйн тулд ээжээрээ овоглох болсон гэдэг. Гүндэгмаа нь Нийслэл хүрээний сор болсон хүүхнүүдийн нэг байж. Эхийнхээ гоо бие, гоёхон царайг “өвчиж” төрсөн Дулмаа дөчөөд оны эхэн үед “Бөмбөгөр ногоон”-д шалгуулж тэнцээд “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрээр олны танил болжээ. Нэг үе Ардын жүжигчин Цэрэндэндэв гуай Юндэнд, Дулмаа гуай Нансалмаад тоглодог байсныг тавь, жараад оныхон дурсан ярьдаг билээ. Сүүлдээ Дулмаа гуай Хоролмаад голдуу тоглох болсон бөгөөд хөгжмийн зохиолч Хаянхярваа гуай нэгэнтээ “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрийг жүжигчин Дулмаа гуай маш өвөрмөц, чадварлаг бүтээсэн” гэж онцолсон байдаг. Хоролмаагийн дүрд 35 жил тоглосон гавъяат жүжигчин Б.Цэцэгээ “Би Хоролмааг Нансалмаагаасаа илүү сайхан хүүхэн гэж боддог. Нусаа татсан, гутлаа чирсэн амьтан нэг их гоё хүүхний нөхрийг булаагаад авна гэж байхгүй шүү дээ” гэж онцолсон бол Дулмаа гуай “Хоролмаа бол эсрэг дүр. Гэхдээ тэр их хайрандаа хязгааргүй үнэнч халхын сайхан бүсгүйн дүр юм. Тиймээс би Хоролмааг жигшүүлэх талаас нь биш ухаалаг, уянгалаг талаас нь гаргахыг зорьж байлаа. Тэгээд ч миний Хоролмаад үзэгчид сайн шүү дээ. Би Дагванамдал, Дамиран нарын Юндэнтэй, Готов нарын Балгантай дуулж л явлаа” гэж дурссан байдаг. Ер нь Нансалмаа, Хоролмаа нарын дүрд манай дуурийн урлагийн хамгийн царайлаг, гоёмсог хүүхнүүд тоглосоор ирсэн түүхтэй билээ. Мөн “Шарай голын гурван хаан”-ы Урангоо хэмээх үзэсгэлэнт бүсгүйн дүрд хамгийн царайлаг, гоёмсог хүүхнүүд тоглосоор ирсэн бөгөөд Дулмаа гуай нэг үе Урангоод тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ. Түүнчлэн “Говийн өндөр”, “Талын таван толгой”, “Жийжүү хот” зэрэг ардын богино дуунуудыг чадамгүй дуулсанаар жар, далаад оны үзэгчид түүнийг “Ардын дууч Дулмаа” хэмээн хүндлэн биширдэг байж. Түүний насны хань нь ахмад дипломатч, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэмиддагва гуай бөгөөд энэ ч утгаараа дуучин Дулмаа АНУ, Хятад, Энэтхэг гээд олон оронд ая дуугаа өргөж явжээ. Тэр ч байтугай манай урлагийнхан түүнийг монгол ардын дууг Америкт хүргэсэн анхны дуучин гэж онцолдог юм байна. Үүний учир нь гэвэл Дэмиддагва дипломатчийг тавиад оны үед НҮБ-д төлөөлөгчөөр сууж байх үед дэлхийн улс орны төлөөлөгчдийн хатагтай нар сайн дурын уран сайхны бүлгэм байгуулж, үндэстнийхээ дуу хуурыг толилуулдаг байсан бөгөөд үүнд Дулмаа гуай “Баян монгол”, “Говийн өндөр” зэрэг дуугаа дуулж эх орныхоо нэр сүрийг өндөрт өргөж явжээ.
АРДЫН ХУВЬСГАЛААР МЭНДЭЛСЭН ХҮРЭЭНИЙ ХӨӨРХӨН БААЗАЙ
Гуч, дөчөөд оны үед “Хүрээний хөөрхөн Баазай” гэгдэж явсан гавъяат жүжигчин С.Базаррагчаа гуай ёстой л өдөн малгай, сувдан даруулга, торгон даашинзаар дэгжирхэж явсан “Бөмбөгөр ногоон”-ы гоёмсог хүүхнүүдийн анхдагч нь байжээ. Түүнийг “Янлинхуар”, “Аргагүй амраг”-ийг шанз хөгжмөөр донжтой нь аргагүй уянгалуулж эрчүүдийн сэтгэлийг гижигдэж явсан сайхан хүүхэн байсан тухай хууччуулын ярианаас олонтаа сонсч байлаа. Радио, телевизээр хааяа нэг “Монгол ардын дуу “Сүнжидмаа”-г Ичинхорлоо дуулж Базаррагчаа шанз хөгжимөөр дагалдана” гэсэн зарлал бүхий нэлээд эртний бичлэг сонсогддог. Энэ нь 1935 оны бичлэг бөгөөд тухайн үед Монголд анх радиогийн өргөн нэвтрүүлэг үүсч байсан цаг. Одоогоос арав гаруй жилийн тэртээ С.Базаррагчаа гуай “Бөмбөгөр ногоон”-ы алтан үеийнхэний үүсгэн байгуулсан “Эртний сайхан” чуулгад хөгжимчинөөр ажиллаж байхдаа доорхи зүйлийг хүүрнэж билээ. “Эгч нь Ардын хувьсгалтай нас чацуу хүн шүү дээ. Намайг анх урлагийн тайзан дээр гаргасан хүн бол Ардын жүжигчин Ичинхорлоо. “Бөмбөгөр ногоон”-д дөнгөж орсон нүүр хагараагүй бүрэг охин байхад минь Ичинхорлоо гуай мундаг дуучин байсан. Нэг удаа надад “Би Сүнжидмаагаа шанзтай дуулна шүү” гэдэг юм байна. Миний айж сандарсаныг хэлэх юм биш. Хэд хоног бэлдлээ. Яг тоглолт эхлэх болоход айгаад тайзны ард хүмүүсээс нуугдан байж баахан уйлж билээ. 1932 онд 12 настай байхад аав маань хадаг, сүү, тавагтай идээтэй очиж намайг ёс төртэйгөөр “Бөмбөгөр ногоон”-д оруулж байлаа. Тэр үед мөн ч их авъяас билигтэй, түшиг тулгууртай хүмүүс байсан даа. Тэгсэн хэрнээ их энгийн. Орой үдэш бүгд нийлж хөгжөөн наадам болцгооно. Хүний бага нь явдаг юм гээд намайг архинд гүйлгэнэ. Би хятад мухлагт “Ээ дааяа, архи авъя” гэж мөн ч олон удаа очсон доо. Том хүрэн хаалгыг нь балбаж гардаг байлаа. Одоо тэр үеийнхэнээс би л ганцаараа үлдэж дээ. Миний хувьд гэвэл “Хүрээний хөөрхөн Баазай” гэдэг нэртэй явлаа. Дугуй малгай хазгайдуухан тавьсан, торгон дотортой саатай дээл өмссөн хүрээ маягийн донж алхаатай, дэгжин хүүхэн явсан дээ. Тэр үед хүрээний гайгүй гэсэн зарим хүүхэн баян хужаануудыг дамжиж, зарим нь бүр гэрт нь ороод суучихдаг байсан. “Бөмбөгөр ногоон”-ы бид заримдаа Хятадын клуб, ший янзанд тоглодог л байсан. Ний нуугүй хэлэхэд баян луухаан нар биднийг сонирхож, үнэтэй торго, мөнгө төгрөг амладаг байлаа. Тэгсэн ч сармис ханхлуулсан данжаадуудад татагдана гэж юу байх билээ. Тэдний хажууд хангай шиг сүрлэг ханагар сайхан монгол эрчүүд байсан юм чинь. Хятад гэлтгүй монгол эрчүүд ч “Бөмбөгөр ногоон”-ы биднийг их сонирхдог байлаа. Залуу зандан насандаа сайхан эрчүүдтэй учирч л явлаа. Сайхан эрчүүд бидний хэдэн хүүхэнд “Ам цагаан цаасаар бие болгож, алтан номын үсгээр хэл болгож” гэж ирээд л захиа бичнэ. Хайрын захианд ч ёстой даруулдаг байж дээ. Залуу нас мөнх биш, үзэгдээд л өнгөрдөг юм. Манай театрын сайхан эр гэвэл “Цогт тайж” киноны Арсланд тоглодог жүжигчин Цэрэндэндэв гуай байлаа. Гудиггүй төрсөн Юндэн гөөгөө гэдэг л тэр байсан. Харин ганган дэгжинээрээ Ардын жүжигчин Гомбосүрэнг гүйцэх залуу байгаагүй. Нэг удаа би Сонгины амралтанд амарсан юм. Миний хажуугийн өрөөнд Л.Ванган, С.Гончигсумлаа, нэг цэргийн хошууч залуу гээд гурван амрагч байсан. Тэгтэл Ванган, Гончигсумлаа хоёр зуучилж захиа зөөж гүйсээр байгаад тэр хошууч бид хоёрыг суулгачихсан. Өвгөн маань цэргийн яамны орлогч сайд байсан Гэсэржав гэж хүн. Сайн ч хүн, сайхан ч хүн байсан даа. Би их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Пагмадулам хоёртой нэг үе их дотно харилцаатай байсан. Нацагдорж монгол дээлний дотор цагаан цамц өмсөж зангиа зүүсэн, хар бүрх, гаанс хоёроос салдаггүй залуу байж билээ. Эхнэр Пагмадулам нь өргөн ханцуйтай богино дээл өмсдөг ганган хүүхэн байсан. Бид нар хааяа хөдөө салхинд хамт гарна. Нацагдорж үзэг, дэвтэр хоёроос сална гэж үгүй. Шүлэг бичээд суучихна. Бие биесээ шоолж шүлэглэнэ. Нацагдорж маань, “Захын дундуур зад гишгээд гардаг Захар Шаравын Янжмаатай юу яадаг Засгийг даасан Түдэв гүн гуай Цамцаа тайлаад гуйж суусан гэл үү” гээд Түдэв багшийг их явуулдаг байлаа. Янжмаа гэж тэр үед хүрээнд алдартай хөөрхөн хүүхэн байсан юм. Түдэв багш араас нь гүйдэг байсан юм байлгүй дээ, хөөрхий”…
АЛТАН ҮЕИЙН АНХНЫ БАЛЕТЧИН АЛИМААХҮҮ
Тэртээ гучаад оны үед 17 настай жаахан охин алс баруун хязгаараас авъяасаа сорьж үзэхээр Нийслэл хүрээнд ирж “Бөмбөгөр” ногооны хаалгаар зориглон хөл тавьжээ. Энэ хүн бол Монголын анхны балетчин Жамъянгийн Алимаахүү байлаа. Түүний аав нь хөгжимчин Жамъян, төрсөн дүү нь “Уран хас” хэмээх гайхалтай аялгууг зохиосон Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулуун. Аргагүй л авъяаслаг гэр бүлээс гаралтай эгч, дүү хоёр “Бөмбөгөр” ногооноос эхлээд Дуурийн театр хүртэлх олон арван он жилийг авъяасаар ааглаж, алдараа дуурсгаж өнгөрөөсөн түүхтэй. Ж.Алимаахүү гуай Монголын балетчидаас хамгийн анх хуруун дээрээ дэгдэн бүжиглэсэн гэдгээрээ алдартай. Хар багаасаа хичээллээд олон жилийн турш тэсвэр тэвчээр гарган байж сая л нэг юм хуруун дээрээ дэгдэн бүжиглэх чадвартай болдог энэхүү гайхамшигийг хөмөрсөн тогоон дотроос дөнгөж өндийж асан тэртээ гучаад оны Алимаахүү цогцлоож чадсан нь бахархууштай. Одоогоос хэдэн жилийн өмнө “Бөмбөгөр” ногооны алтан үеийн жүжигчид цугларч оч шиг цахилж, од шиг гялалзаж явсан халуун залуу насаа дурсах үеэр Ж.Алимаахүү гуай доорхи дурсамжийг үлдээж билээ. “Би Ховдын театрт шанз тоглож байгаад 17 настайдаа урлагийн хүн болохоор Нийслэл хүрээнд хөл тавьж байлаа. Намайг “Бөмбөгөр” ногоон театрт ороод удаагүй байтал Зөвлөлтөөс Клейшко гэдэг багш ирж Монголд балетын урлагийг хөгжүүлэхээр хэдэн хүнийг шилж сонгож авсан юм. Тэдний нэг нь би. Гурван эмэгтэй, гурван эрэгтэй бүжиглэдэг байсан. Балет нь жирийн монгол бүжигтэй адилгүй. Тэсвэр тэвчээр шаардсан маш хэцүү урлаг. Гэсэн ч бид хөлийнхөө хуруун дээр ямар ч хамгаалалтгүй явдаг байлаа. Урлагийн буянаар 1947 онд Прага хотод болсон Дэлхийн залуучууд оюутаны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцож байлаа. Эмээ нь 25 жил бүжиглээд тэтгэвэрт гарсан. Балетчин хүний нас ахиад ирэхээр хөл мууддаг юм байна. Аргагүй шүү дээ. Балетчин хүний хөл бол тайзан дээрхи хамгийн гол тоглолтыг хийдэг. Сайхан хөл, сайхан гар, сайхан бие бол балетчин хүний чимэг. Бидний үеийн балетчин хүүхнүүдийг гуч, дөчөөд оны хүрээ хүүхнүүд биширдэг байсан. Ер нь урлагийн бүсгүйчүүд гэдэг чинь жирийн хүмүүс үлгэр дууриал авахаар сайхан хүмүүс байсаар ирсэн. Миний үеийн хүрээ хүүхнүүдийн хамгийн гол гангараа нь өдөн цагаан малгай байлаа. Энэ малгай дөчөөд оны ханшаар 1000 төгрөг байсан юм. Бидний цалин дээд тал нь 200 төгрөг. Тухайн үед дайн дажин болж байсныг ч хэлэх үү, бараа таваар ховор байсныг ч хэлэх үү, өдөн цагаан малгай авч өмсөнө гэдэг бол тэнгэрийн умдаг атгахтай адил байсан. Тэр үед “Өдөн цагааныг өмсөөгүй хүн хүүхэн биш” гэсэн яриа хүртэл гарч байлаа шүү дээ. Бусдад үлгэрлэж явах учиртай “Бөмбөгөр” ногооны хүүхнүүд хүрээ хүүхнүүдээс юугаараа дутав гэж. Цалингаа хурааж байгаад л өдөн цагааныг аваад өмсчихдөг байлаа” гэсэн юм.
“АМРАГИЙН ДУУ”-Г АНХ АМИЛУУЛСАН ГОМБЫН ЛХАМ
“Цэнхэр дурдан алчуураа Цэцэг навчаар гоёлоо Цээжний янагаа санахад Цэргийн хороо илхэн байна Зүрхний амраг чи минь Зүүднээс ердөө гардаггүй” гэж сонсогдох бүрийд “Амрагийн дуу”-ны алдарт дуучин Төмөр санаанд буудаг. Тэртээ дөчөөд оны үед яруу найрагч Хөдөөгийн Пэрлээгийн шүлгээр хөгжмийн зохиолч Лха.Доржийн урласан энэхүү гайхамшигт дуу дал гаруй жил эгшиглэж байна. Гэхдээ “Амрагийн дуу”-г тайзнаа анх дуулж амьдруулсан хүн бол дөчөөд оны дуучин Гомбын Лхам ажээ. Энэ эрхэм хүн алдарт дуучин Төмөрийн багш нь байж. Ухаандаа дуучин Төмөр багшийнхаа “Цэнхэр дурдан алчуур”-ыг өвлөж авсан юмсанж. Б.Төмөр гуай 1999 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Миний багш Лхам “Амрагийн дуу”-г анх дуулсан юм шүү дээ. Харамсалтай нь багш маань 1949 онд Дэлхийн залуучууд, оюутаны их наадамд оролцох нөхдөө хойш нь гаргаж өгч яваад машины осолд орж нас барсан юм. Түүнээс хойш би “Амрагийн дуу”-г дуулах болсон. Гэхдээ цөөхүүл хөгжимтэй солист, гоцлол маягаар дуулдаг байлаа. Харин 1957 оноос эрэгтэй эмэгтэй зуугаад хоор дуучинтай найруулж дуулсан. Тэр үеийн бичлэг ч байгаа. Үйтэн хуаран дээлтэй, цэргийн хувцастай хоёр янзаар дуулсан байгаа. Тэр үед сайхан сайхан дуучин олон байсан юм шүү” гэж дурсч байлаа. Юм гэдэг их сонин. “Амрагийн дуу”-ны Лхамыг 1949 онд машины осолд орж нас барсаны дараахан шавь Төмөр нь мөн л машины осолд орж эгээтэй л тэнгэрт хальчихсангүй. Энэ тухай дуучин Төмөр “Дорнод руу тоглолтоор явж байтал манай машин осолд орж Дэмбэрэлдагва маань хөөрхий нас барсан. Бид эмнэлэгт хүргэгдсэн. Эмч миний гутлын түрийг хайчлахад нэлхийгээд л цус асгарч байсан. Би хэлнийхээ үзүүрийг тас хазчихсан байлаа. Шанзны Цэрмаа бас хэлнийхээ үзүүрийг тас хазчихсан. Ингээд бид хоёрын хэлийг шанзны нарийхан утсаар оёж амьдруулсан. Их амархан төлждөг юм билээ. Долоо хоноод л гайгүй болчихсон. Тэгээд суга таягтай тоглолтондоо орно гээд ирж байлаа. Солиотой хүүхэн байлаа шүү. Урлагийн хүн гэдэг үхэн үхтэлээ л урлагтайгаа хамт явдаг юм шүү дээ” гэж өгүүлж байлаа. Дөчөөд оны алдарт чин Гомбын Лхамын тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай “Мартагдсан бурхад” хэмээх туурвилдаа их сайхан өгүүлжээ. Жишээ нь “Амрагийн дуу”-г анх амьдруулсан Лхамын нөхрийг би жараад оны үед таньдаг байлаа. Элдэв-Очир кино театрын дарга Хундагаа гэдэг содон нэртэй, эвлэг яриатай намхан шар хүнийг би анх зүс харсан юм. Залуудаа их цэвэр цэмцгэр, гутлаа гялалзтал арчиж, үсээ өглөө бүр тосолдог байсан энэ хүнийг Цэргийн клубын захирагч Хундагаа гэхээр хүн бүр мэддэг байж. Тиймээс, “Сайхан дуулдагхүүхэнтэй Сайн драпан шинельтэй Хурандаа шахам цолтой Хороо шахам цэрэгтэй Цэргийн клубын Хундагаа Цэмцгэр ганган эр дээ” гэж нөхөд нь цаашлуулдаг байж. Түүний эхнэр Лхам одоогийнхоор бол Цэргийн ансамблийн мисс байж. Түүнийг тайзан дээр гараад ирэхээр үзэгчид нам болчихдог, дараа нь нижигнэсэн алга ташилт цууриалан дахиулах гэж уухайлан баясдаг байжээ. Үнэндээ Лхам “Тайзны чимэг” болсон гоолиг бүсгүй байж. Түүний анх дуулсан “Амрагийн дуу”-г шавь Төмөр нь нэр төртэй залгамжилж, Цэрэнпил, Туул, Тунгалаг, Энхбаяр нар өртөөлөн дуулсаар өдий хүрчээ. Гэтэл тэрхүү Лхамын дуулсан амьд дуу хоолой радиогийн бичлэгт юу ч үлдсэнгүй. Багшийнхаа тухай алдарт дуучин Төмөрийн ярьсан 10 минутын бичлэг л үлдэж хоцорчээ. Амрагийн дууг анх амьдруулсан Лхамаас үлдсэн юм гэвэл 1948 онд авсан улсын 1-р дуучны цол үнэмлэх, Урлагийн хорооны дарга Болдын гарын үсэгтэй мэргэжлийн үнэмлэх, Хөдөлмөрийн хүндэт медаль тэргүүтэн л үр хүүхдэд нь хадгалагдан хоцорчээ. “Ээж минь өндөр гоолиг нуруутай, царайлаг, инээмсэглэл дүүрэн, жинхэнэ сайхан монгол бүсгүй байжээ” гэсэн охин Саранцэцэгийнх нь үг түүний төрхийг тодорхойлж байна. Тийнхүү Улиастайн амны нэгэн энгэрт үүрд нойрссон Лхам дуучны амрагийн дуу хааяа салхиар өртөөлөн бидэнд ирэхүйеэ. Мартаж болшгүй тэр жилүүдийн дурсамж хэн хүний сэтгэлд амилан сэргэнэм билээ” хэмээн дурсамжийн цэнхэр хадаг намируулсан байлаа.
ХОРОЛМААГИЙН ДҮРД ХОРИН ЖИЛ ТОГЛОСОН СҮРЭНХОРЛОО
“Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүр бол гал цогтой, хор шартай, хайр сэтгэлийнхээ төлөө үхэн хатан тэмцдэг, басхүү царайлаг сайхан хүүхний дүр билээ. Мэдээж халхын сайхан Юндэн Гөөгөөг өөрийн болгохоор тэмцэж буй бүсгүй эрч хүчтэй, гүйлгээ ухаантай, царайлаг сайхан байх нь тодорхой. Тийм ч учраас 1942 оноос эдүгээг хүртэл Монголын тайзнаа тасралтгүй тавигдсаар ирсэн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрд үе үеийн авъяаслаг сайхан хүүхнүүд шилэгдэн тоглосоор ирсэн түүхтэй. Эд бүгдээс гавъяат жүжигчин Ванчигданзангийн Сүрэнхорлоо 1942-1970 он хүртэл Хоролмаагийн дүрд ганцаараа дагнан дуулж ирсэнээрээ алдартай. Энэхүү гуч орчим жилийн хугацаанд Нансалмаа арван удаа, Юндэн 12 удаа, Балган 12 удаа солигдсон байх бөгөөд харин Хоролмаа буюу В.Сүрэнхорлоо огт солигдсонгүй. Энэ нь Хоролмаагийн дүрээр тухайн үедээ рекорд амжилт тогтоосон гайхамшиг байлаа. 1942 онд “Улсын төв театр”-т шинэ зохиол дутагдаж, жүжигчид хуучин жүжгүүдээсээ сонгон шинэчлэх үед жүжигчин З.Цэндээхүү “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг шинэчлэн тоглохыг санал болгосон гэдэг. Ингээд зохиолч Ц.Дамдинсүрэн цомнолыг засварлан бичиж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хамтран туурвиснаар “Учиртай гурван толгой” жүжиг нь дуурь болсон түүхтэй. Шинэчлэн найруулсан дуурийн анхны Юндэнд А.Цэрэндэндэв, анхны Нансалмаад Ө.Эрэнцэнноров, анхны Балганд Л.Лувсан, анхны Хоролмаад В.Сүрэнхорлоо нар тогложээ. Нэг зүйлийг сонирхуулахад тайзан дээр Юндэнд дурладаг Хоролмаа амьдрал дээр мөн л дурлалын симфони эгшиглүүлж явсан байх бөгөөд “Цогт тайж”-ийн Арслан тайж буюу А.Цэрэндэндэвт гавъяат жүжигчин В.Сүрэнхорлоо дурлаж байсан тухай манай алтан үеийн жүжигчид хүүрнэсэн байдаг. Бодит байдал, жүжиг хоёр ийнхүү харилцан нягтрахыг бодоход авъяаслаг жүжигчин В.Сүрэнхорлоо Хоролмаагийн дүрийг бүтээхдээ жинхэнэ “сонгодог” дурлалыг урласан байх үндэстэй юм. Энэ ч утгаараа, чадал чансаа, авъяас билгээрээ гуч орчим жил Хоролмаагийн дүрд ганцаараа дагнан дуулсан болов уу.
ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН АЛДАРТ ХӨГЖИМЧИН МЯДАГБАДАМ
Жараад оны үед “Дурлалын вальс” хэмээх алдарт аялгуугаа дуурсгаж, олон түмнээс “Вальсын хаан” хэмээх эрхэм алдрыг хүртэж явсан хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал агсан “Таны үеийн хамгийн сайхан хүүхэн хэн бэ” гэх асуултанд “Хуучирч Цэрэндолгор, хөгжимчин Мядагбадам, жүжигчин Рэнцэнноров, Долгорсүрэн нар” гэж хариулж байсан удаатай. Монгол улсын гавъяат жүжигчин Сугарын Мядагбадамын тухай өгүүлэхийн тулд “Вальсын хаан”-ы хэлсэн үгийг онцолсон минь энэ. С.Мядагбадам нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул бөгөөд төрсөн эцэг Минжүүр нь лам хүн байсан тул 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж, үүний улмаас бяцхан охин Мядагбадам нагац эгч Сугарынхаа гар дээр очжээ. Тэгээд арваадхан настайдаа эх Сугарынхаа хамт Нийслэл хүрээнд ирж суурьшсан байна. Хөгжмийн авъяас нь багаасаа тодорсон тэрбээр 1939 оноос сайн дурын уран сайхны бүлгэмд суралцаж мандалин хөгжмөөр тоглож сурсан бөгөөд тухайн үед тоглогдож байсан “Цэнд комиссор”, “Өргөмөл Сувд” зэрэг жүжгийн гол дүрд тоглож эхэлсэн байна. 1940 онд сайн дурын уран сайханч онцгой авъяастай хүмүүсийг Улсын төв театрт татан ажиллуулах тухай Намын Төв Хорооны тогтоол гарч, үүнд С.Мядагбадам тэнцсэнээр тухайн цаг үеийн сор болсон жүжигчид, дуучид цугларсан “Бөмбөгөр ногоон”-д анх хөл тавьсан гэдэг. Цаашлаад Улсын төв театр, Улсын хөгжимт драматик театр, Улсын дуурь бүжгийн театрд нийтдээ 50 гаруй жил ажиллажээ. Тэрбээр дэлхийн сонгодог болон үндэсний дуурь, драм, бүжгийн жүжиг, концерт, төрийн болон олон улсын чанартай тоглолтуудад гоцлол болон симфони оркестрийн хөгжимчнөөр оролцохын сацуу “Шарилжин дундах цэцэг”-ийн хийлийн гоцлол, “Нуурын домог” бүжгэн жүжгийн хийлийн гоцлол зэрэг бүтээлүүд нь радио, телевиз, тайз дэлгэцнээ ард түмний чихэнд хоногшсоноор “Алдарт хөгжимчин Мядагбадам” хэмээх алдар нэрийг Монгол даяар мөнхөлсөн түүхтэй билээ.
ШОРООТЫН ЦЭВЭЭНИЙ “СЭТГЭЛТ БҮСГҮЙ” СОСОР
1936 онд дэлгэцнээ амилсан “Монгол хүү” киноны Шороотын Цэвээн монголчуудын зүрх сэтгэлд баттай хоногшиж үлдсэн дүр билээ. Уг кинон дээр Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа хэмээх сайхан хүүхэн үе үе гардаг. Сайхан жороо хар морь унасан ганган бүсгүй наадмын талбай дээр Шороотын Цэвээнийг хайгаад галигуулаад байдаг. Энэхүү Дулмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин бол Бадрахын Сосорбарам билээ. “Бөмбөгөр ногоон”-ы алдарт Цогзолмаа, Долгорсүрэн, Рэнцэнноров нар хараахан гарч ирээгүй байсан гучаад оны үед Сосорбарам царай зүс, авъяас чадлаараа нэг хэсэгтээ л од болжээ. Урлаг судлаач С.Батчулуун гуай түүний тухай өгүүлэхдээ “Бадрахын Сосорбарам нь гучаад оны үед Төв театрт жүжигчин байсан. “Монгол хүү” кинонд тоглоод ихэд алдаршсан.Энэ кинонд тоглосноос хойш өөр нэг их кинонд тоглоогүй. Нэг үе зохиолч Төмөрийн Нацагдоржтой сууж байсан юм билээ. Тэр хоёрын гэр бүл болж явах үеийн тухай сонирхолтой баримтыг архиваас үзэж байлаа” гэж дурссан байдаг. Нээрээ ч жүжигчин Сосорбарам “Монгол хүү” кинонд сайхан монгол бүсгүйн дүрийг бүтээснээс хойш дэлгэцнээ тэр бүр тодорсонгүй. Түүнийг ихэвчлэн Сосор гэж дууддаг байсан бөгөөд “Сосор гэдэг сайн жүжигчин, сайхан хүүхэн бор дарсанд орж театраа орхиод л зүйл дууссан даа” хэмээн алтан үеийн жүжигчид дурссан нь олонтаа. Яруу найрагч Пунцагийн Бадарч гуай нэгэнтээ “Би нэг удаа зах дээр явж байгаад гуч, дөчөөд оны сор болсон сайхан хүүхэн, алдарт жүжигчин Сосорыг хоёр хүнтэй цуг архи уугаад сууж байхтай нь тааралдсан юм. Тэгээд сайхан хүнтэй цуг архи ууж үзэх хүсэлдээ хөтлөгдөөд Зохиолчдын эвлэлийн үнэмлэхээ гаргаж үзүүлтэл жүжигчин Сосор шууд ураад хаячихаж билээ. Алтан үеийн сайхан жүжигчинтэй холбогдсон дурсамж хүүрнэдэг болохоор би тэр урагдсан үнэмлэхээ одоо болтол хадгалж явдаг” гэж ярьж байсан удаатай. Гэвч театрын алтан тайзнаа од болон мандаж, “Монгол хүү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны дунд шагшуулж явсан энэ хүний хувь заяаны хүрд нь буруугаар эргэсэн байдаг. Бор дарс хүртэх болсоноор нэг л мэдэхэд театраасаа хөндийрчээ. Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсан “Халхын заяат харгуй минь” дурсамж тууждаа өгүүлэхдээ “1938 он хавьцаа архаг архичдыг эмчилдэг тасаг байгуулагдаж, тэр үед “Монгол хүү” гэдэг кинонд тоглосон Шороотын Цэвээн, мөн кинонд тоглож байсан Хүрээний алдартай хөөрхөн хүүхэн Сосор зэрэг хүмүүсийг эмчилж байсан тухайгаа эмнэлэгийн ахмадуудад ярина. Цэвээн, Сосор хоёр нийлж “жаргасаар” байгаад архинд орчихсон хэрэг биз. 1957 оны улсын наадмаар голын цэнгэлдэхийн булангийн цэцэрлэгт манай алдартай жүжигчин Гэндэн гуай мөнөөх Сосор авгай нарын хэдэн хүнтэй архидаж суухтай тааралдаж Гэндэн гуай намайг таних учир “Цаанаасаа нэг лонх юм аваад наашаа нийлж суу. Чи “Монгол хүү”-д тоглосон Сосор гэдэг хүүхнийг дуулсан уу? Тэр чинь энэ сууж байна” гэв. Харсан чинь залуудаа нээрээ л сайхан хүүхэн байсан болов уу гэмээр нас дөч гарсан их л будмал махлаг бор авгай цоохор торгон дээлийнхээ хормойг задгай орхин, сийрсэн малгайн дэлбэгэр хүрээнд сүүдэртүүлэн айхтар жоготой нүдээ талимааруулан юунд ч юм байн байн инээд алдах нь хий судлалын эмч миний хувьд онош тавьж ядалтгүй…” хэмээжээ. Энэ мэтчилэн гучаад оны Нийслэл хүрээний сайхан хүүхэн, “Бөмбөгөр ногоон”-ы Сосорын тухай дурсамж маш олон байх аж. Хорь, гучаад оны нэрт зохиолч С.Буяннэмэх 1933 онд бичсэн “Уран сайхны шинэ хүчин” хэмээх шүлэгтээ, “Тоглох зүйлдээ тохирон чадах, Тун ч хөөрхөн эелдэг зантай, Томоохон ихээхэн ший жүжигт, Толгойлж гармаар Сосор хүүхэн…” хэмээснийг үзэхэд жүжигчин Бадрахын Сосорбарам 1936 онд зөвхөн “Монгол хүү” кинонд дүрээ мөнхөлсөн төдий бус, Улсын төв театр анх л хөл дээрээ босч байсан 1933 оноос 1943 он хүртэл арваад жил ший жүжигт тоглож, тэгэхдээ бүр томоохон жүжигт толгойлж буюу оройлон гардаг гол дүрийн жүжигчин байсан бололтой.
МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН ЗУУРДЫН ХАНЬ ДЭВЭЭ
“Маршал”-ын Дэвээ хэмээх сайхан хүүхэн гучаад оны үед Бөмбөгөр ногоон театрт ид гялалзаж явжээ. Маршал Х.Чойбалсан ажил амьдрал, албан тушаал нь хэвийн байсан 1930-аад оныг хүртэл өөрөөсөө гурван насаар эгчмэд Бортолгой гэгч хүүхэнтэй амьдарч байжээ. Энэ эмэгтэй тухайн үедээ нэлээд боловсролтой, манж, хятад, түвд хэлтэй, Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргын албыг хашдаг байж. Гэвч харамсалтай нь Бортолгой бор дарсанд шимтэх болсоноор уг албыг Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай хаших болж. Бортолгой нь 1920-иод оны сүүл үед хятад наймаачид үй олноороо язганалдаж байсан Амгаланбаатар хотын цуутай хүүхэн байсан бөгөөд яг тэр үед Х.Чойбалсан албан тушаалаасаа хусагдчихсан архины мухлагаар гутарч гиюүрч явахдаа түүнтэй учирсан байдаг. Энэ цагаас хойш мань хоёр бор дарсыг чамгүй хүртдэг болсон бөгөөд ихэнх цагаа зугаа цэнгэлд зориулдаг байж. Харин 1930 он гармагц Х.Чойбалсан төрийн дээд албанд эргээд шургалсанаар мань хоёрын наргиж цэнгэх явдал эрс багасчээ. Бортолгой ч тухайн цаг үеийн байдлыг мэдрээд “Төрийн тэргүүн хүнд над шиг авгай хань болохгүй” гэж үзээд Чойбалсантай эв зүйгээр ярилцаад салсан байна. Гэсэн хэдий ч Бортолгой Х.Чойбалсангийн гэр орноор ирж очдог, ялангуяа түүний хувийн амьдралд ихээхэн нөлөөлдөг байж. До яамны нэг том дарга “Бөмбөгөр” ногоон театрын жүжигчин Дэвээ хэмээх царайлаг бүсгүйтэй маршалыг холбож өгсөн гэдэг. 1937 оны намар манай анхны дуулалт жүжиг “Үйлийн гурван толгой”-г Бөмбөгөр ногоонд тоглосоноор энэхүү жүжгийг үзэх гэж дээр дооргүй хөл хөөрцөг болдог байжээ. Тухайн үед Бөмбөгөр ногооны жижиг хэрэглэлийн нярав бөгөөд тайз засагч нь Лхамжав хэмээх даруухан бор залуу байж. Тэрбээр орой ажлаасаа тараад гэртээ очоод дээлээ тайлахдаа агуулахынхаа хамаг түлхүүрийг ажлынхаа ширээн дээр мартаж орхисоноо мэджээ. Тиймээс Лхамжав шалавхан очиж түлхүүрээ авахаар шөнийн харанхуйгаар Бөмбөгөр ногоон руу харайлгаж очоод тайзны арын өндөр шонд бэхэлсэн гэрлийнхээ унтраалгыг дараад гэрлээ асаатал өндөр модон сандлын түшлэгт нэг их гоё хүрэм тохоотой байх нь тэр. Гайхаж алмайрсан Лхамжавыг ширээн дээр орхисон түлхүүрээ авах санаатай алхтал түүний арын харанхуйгаас “Ай хаам” гэх дуу гарч, төдөлгүй богино захтай цагаан цамцаа задгай орхисон нэг хүн босоод иржээ. Лхамжав түүн рүү гайхан хартал төрх байдал нь маршал Чойбалсан мөн байх аж. Ухаан алдталаа айсан Лхамжав ширээ рүү очиж түлхүүрээ өвөртөө хийгээд ум хумгүй гарахдаа маршал тийш зэрвэс харахад “Үйлийн гурван толгой”-н Нансалмаад дуулдаг залуу хүүхэн хагас нүцгэлсэн байдалтай, их л сандарч тэвдсэн шинжтэй зогсч байжээ. Тэр нь мөнөөх жүжигчин Дэвээ байж. Ийм нэгэн хэцүү явдлаас хойш сар гаруй өнгөрч байтал Лхамжавыг Ерөнхий сайдын өргөөнд гэнэт дууджээ. “За одоо л эсэргүү гэж алуулах болж дээ” гэж бодсон Лхамжав гэртээ яаруу бачуу очиж аав, ээждээ Засгийн газраас дуудсаныг хэлээд “Хэрвээ намайг эргэж ирэхгүй бол Нансалмаад дуулж жүжиглээд байгаа Дэвээ гэдэг хүүхнээс асууж сураглаарай” гэсэн битүү хатуу юм хэлээд явжээ. Маршал Чойбалсан Лхамжавыг албан контортоо хүлээж аваад, түүнтэй бяцхан цай ууж, зуу татах ухааны юм болохдоо театрын дотоод амьдралын тухай янз янзын юм асуусан байна. Лхамжав тэр бүхэнд нь “Тийм, үгүй” гэсэн хару өгч аягатай цай уух гэтэл гар нь салгалаад их хэцүү байсан гэдэг. Тэгж тэгж маршал гарын туслах Батхишиг гэгчийгээ дуудаад “Нөгөө бэлтгэсэн шагналаа аваад ир” хэмээжээ. Тэгээд тэр Лхамжавт хандаж “Өнөөгийн ороо бусгаа цаг үед чам шиг нууц сайн хадгалдаг хүн надад маш их хэрэгтэй байна. Чамд баярлалаа” гээд “Алтан гадас” одон энгэрт нь зүүж өгөөд хаалгаа хүртэл гаргаж өгсөн гэдэг. Лхамжав тэр гайхамшигт одонгийнхоо талаар бас л насан туршдаа хэнд ч хэлэлгүй явж байгаад 1979 онд Халхын голын ялалтын ойгоор анх удаа зүүж Монгол телевизийн ярилцлагад орохдоо НАХЯ-ныханаас дутуугүй нууцыг хадгалагч байснаа дурсч байсан гэдэг. Дэвээ нь ардын намын анхны долоогийн нэг Догсомын эхнэр “Хөх торгон дээл” дууны гол баатар “Жинжий” Бадамын төрсөн дүү юмсанж. Тэрбээр дажгүй царайлаг, зан харьцаа сайтай, дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцож “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад анх удаа тоглож байсан нэгдүгээр зэргийн жүжигчин цолтой хүн байж. Тухайн үед маршалыг Дэвээтэй суусныг Бортолгой дуулж сонсчихоод “Чамд Дэвээ хэзээ ч хань болохгүй. Нэгд урлагийн хүн, хоёрт богино настай хөнгөмсөг хүн. Чи яг одоо Дэвээгээс сал” гэж ятгаж байсан гэдэг. Нэг амралтын өдөр Дэвээ маршалыг ажлаасаа ирэхийг хүлээж ядаад Бортолгойн гэр лүү дурандвал маршал нэлээд халамцуу бололтой гуйвж дайван хоёр хүүхнээр сугадуулчихсан бие засч байгаа нь харагджээ. Энэхүү дүр зургийг хараад “Бөмбөгөр” ногооны сайхан хүүхэн Дэвээгийн хар хорын сэтгэл хөдөлж хоёр чемоданд хувцсаа хийж аваад, маршалын машиныг хөлөглөөд төрхөмдөө буцсан гэдэг. Маршалыг сугадаж бие засуулж явсан хоёрын нэг нь Бортолгой, нөгөө нь маршалын оёдолчин байсан Гүндэгмаа байж. Учир нь Бортолгой маршалыг Гүндэгмаатай суулгах гэж бүхий л талаар нь дэмжиж, зохион байгуулж байсан ба үүгээрээ түүний хувийн амьдралд нөлөөтэйгөө батлан харуулсан билээ. Бортолгой тухайн үед маршалд хандаж “Би чамд хань болж чадахгүй. Тэр “Бөмбөгөр” ногооны Дэвээ гэдэг хөнгөмсөг хүүхэн ч чамд хань болж чадахгүй. Төрийн тэргүүн хүний эхнэр жинхэнэ цэвэр ичимтгий, төлөв даруу хүн байх ёстой. Таны оёдолчин Гүндэгмаа энэ үзэл сурталд яг тохирно” гэх зэргээр ухуулдаг байсан гэдэг.
ТЭМДЭГЛЭСЭН Б.ОЙДОВ
()
Discussion about this post