ЗОХИОЛЧ Д.БУЯН
/Хошин өгүүллэг/
Ард түмний амьдралыг алга урвуулахын дайтай сайжруулна гэсэн залуу эрх баригчид Монголчуудыг хамраар нь газар хатгатал хулхиджээ. Цаг үе, нөхцөл байдал, нийгмийн амьдрал улам хүндэрсээр…Эрх баригчид үнэнд гүйцэгдэж эхэллээ. Халаас, түрийвч, данс хоосорч, санхүүгийн бэрхшээлтэй өдөр хоног, цаг минут тутам тулгарах болов. Авдаг цалингаа яаж ч хэмнээд хэдхэн хоногийн дотор гарын салаагаар урсаад дуусна. Өргөн хэрэглээний барааны үнэ секунд долиор нэмэгдсээр. Гар утсаа ухав уу, үгүй юу эрх баригчдыг зүхсэн пост, санхүүгийн хүнд асуудалд орсон, өрөнд баригдсан хүмүүсийн сэтгэгдэл, зээл гуйсан форфайл хаягууд жирэлзэн өнгөрнө. Монгол төгрөгийн ханш өдөр хоногоор унаж, тэр хэрээр доллар өсч, хямрал улам гүнзгийрэв. Цахилгаан дулааны үнэ хадуурч, бензин шатахууны үнэ чинээлэг амьдралтай европчуудын түвшинд хүрлээ. Харин бидний ашиг орлого доошилсоор африкийн зиндаанд хүрсэн бол өргөн хэрэглээний барааны үнэ Америк, барууны хөгжингүй орнуудыг хол хаяв. Нүдэн дээр монголчуудын амьдрал доройтож, би гэдэг хүн яах ч учраа олохоо байлаа. Эхнэр маань надаас салж Солонгос хөгшинтэй нийлэв. Хүүхдүүдийг минь хадмууд өөр дээрээ дансалж би гэдэг хүн ганц өрөө байрандаа үлдэв. Гэтэл банк “Зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй” гэдэг шалтгаанаар байрыг нь минь хурааж авлаа. Машин маань лизен байсан болохоор анх зээл авсан Банк бусдаа хөлд дүүжлэх унаагаа тушаав. Надад өмссөн хувцас, гар утаснаас минь өөр ямар ч хөрөнгө үлдсэнгүй. Аргаа барсан би зах дээрээс бүдүүхэн олс худалдаж аваад Богд уул руу амиа егүүтгэхээр гарлаа. Намрын хяруу буусан зэвэргэн өдөр Богд Дүнжингаравын оройд гарч бүдүүхэн хуш мод руу авирлаа. Олсоо модны мөчрөөс уяад амиа егүүтгэхийнхээ өмнө сейлфи хийв. Яахав дээ, сүх далайтал үхэр амар гэж хэдэн лаяк нь хаа юм билээ. Сүүлчийнхээ сельфиг хийж байтал тэр дор нэг микрофон барьсан хүүхэн “Хүүе ээ, манайхан энд аягүй гоё юм болоод байна, хурдлаарай гялалзаарай” гэж чарлалаа. Сэтгүүлч хүүхэн Дүнжингаравын оройд юу шиншилж, юу хайж явсан юм бэ? Чөтгөр бүү мэд. Тэгсэн хаанаас ч юм бэ, микрофон, камер барьсан баахан сэтгүүлчид пижигнэтэл гүйж ирээд модны дор цугларах нь тэр. Ингээд үхэхийнхээ өмнө од болох нь тэр дээ. Би чинь фэйсбүүктээ дундын гучин найзтай, зорилтот бүлгийн хүн. Амиа хорлох үйлдлийг сэтгүүлчид шууд дамжуулж, дэлхий даяар цацсан биш тэрүүхэн агшинд гадна дотны 2 сая дагалдагчтай болох нь тэр. Гэхдээ одоо бүх юм өнгөрсөн. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж өөртөө шивнээд “Муу амьд явахаар сайн үх!” гэсэн постыг жиргээд хүзүүндээ олсоо углан, модны мөчрөөс доош үсрэв. Тас няс гээд явчихлаа. Тэгсэн миний худалдаж авсан олс Эрээнийх байж таарч, олс тасарч би гэдэг хүн хуш модны мөчрүүдийг нидрүүлэгдэн газардах нь тэр. Энд тэндээс сэтгүүлчид баахан юм асууж, зураг авч, дүрс бичлэг хийж нүдний булай болгов. Амиа хорлох оролдлого маань ингэж амар сайхандаа жаргах гэж!
Гэхдээ энэ мөчөөс л миний амьдрал 180 хэм өөрчлөгдсөн гэхэд болно. Намайг Онцгой байдлынхан нисдэг тэргэнд суулган Гэмтэл согогийн эмнэлгийн үүдэнд буулгасан гээд бод доо! Монголдоо нэртэй эмч нар намайг эмчилж, эмчлэх ч гэж дээ, шалбарсан дух нүүрэнд минь шархны лент наагаад хэд хоногийн дараа эмнэлгээс гаргав. Нийслэл хотынхон тэр чигээрээ миний эрүүл мэндэд санаа зовниж байгаагаа фэйсбүүк, твитер, зурагтаар илэрхийллээ. Хүзүүндээ олс углаад үсрэх гэж байсан зураг сая, сая лайк цуглуулж, ард түмний гашуудсан, хоорондоо хэрэлдсэн, төр засгийн алдаатай бодлогыг шүүмжилсэн коммент 5 сая хол давсан гээд бод! Эмнэлгээс гарсны маргааш “Танайд хоноё” нэвтрүүлэгт намайг урив. Би гэр оронгүй хүн яахав. Орцонд “Танайд хоноё” нэвтрүүлгийн сэтгүүлчтэй нэг шөнө буу халж, ганц шил хувааж уусан шигээ үүр цайлгалаа. Маргааш нь надад манай улсын барилгын топ гурван компани тус тус хоёр өрөө байр өгч, би гэдэг хүн баяжих зам руугаа шуударлаа. Нэг их удалгүй надад туслах сайн үйлсийн аян өрнөж, долоо хоногийн дотор би тэрбумтан болов. Би фэйсбүүк, твитерийнхээ форфайл хаягийг сольж, амиа хорлох гэж байсан зургаа тавьж “Амиа хорлогч залуу” гэсэн нэр өөртөө өгөв. Нийгэм тэр чигээрээ миний жиргэсэн постыг шүүрэн авч хэдэн зуун мянгаараа шейрлэнэ. Зарим нэг идэвхитэй жиргээчид миний хэлээгүй үгийг хүртэл “Амиа хорлогч залуу….ингэж хэлэв” гэж сайхан зохиогоод хэлсэн болгож олон арван лайк цуглуулдаг болсон гээд бод. Нэг үгээр би Монголчуудынхаа оюун санааны удирдагч болов оо хөөрхий. За энэ хооронд би гэдэг хүн фэйсбүүкээс гадна телевизийн од боллоо. Миний оролцсон нэвтрүүлэг болгонг олон мянган хүн үздэг болов. Байсхийгээд л телевизийн рекламанд тоглох урилга тасрахгүй. Миний сурталчилсан бараа, бүтээгдэхүүн гэрлийн хурдаар зарагддаг тухай бизнесмэнүүд ам булаалдан магтана. Эрх баригч намын дэд дарга өөрийн биеэр манай гэрт морилон ирж ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл танд сайдын суудал өгье гэж гуйсан гээд л бод! Над шиг утас ухаж суугаад ийм амархан баяжсан хүн байдаг эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан амиа хорлох оролдлого маань намайг амжилтанд хүргэсэн юм шүү. Олны анхаарлын төвд орсон би энэ маягаар баяжсаар нэг их удалгүй Монголын чинээлэг гучин гэр бүлийн нэгэнд багтах нь дамжиггүй.
()
Discussion about this post