Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оногдуулсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцад уучлал үзүүлж байсан юм.
Ингээд НПГ-аас С.Зоригийг амь насыг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. УДШ 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ.
Прокуророос нэгэнт уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудал яригдах ажээ.
()
Discussion about this post