Хүрэлсүх ба мод

Нэг. Халзан цагаан хонь ба Тэрбум мод

Манай Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд оролцохдоо “Монгол улс тэрбум мод тарина” гээд амлачихсан байдаг. Өмнө нь сайтар төлөвлөж, судалж хөтөлбөр боловсруулаад түүнийгээ олон улсын хамтын нийгэмлэг дээр ёс төртэй зарласан уу?

   Эсвэл, ерөнхийлөгч болж аваад нэг гоё хурал тааралдахаар нь давхиад орчихсон чинь газар газрын төрийн тэргүүнүүд атаархмаар, атаархмаар юм амлаж хор хөдөлгөөд тэссэнгүй юу?

    Айлын найран дээр санаандгүй буусан хэнэггүй эрэлчин хүний айргийг зүгээр уух тиймхэн санагдвал “авч, өгтөл хаа ч байлаа” гэсэн шүү сэтгэж “Халзан цагаан хонь нэгийг аваарай” гээд хаядагархуу юм болсон уу, бүү мэд!

   Ямар чиг байсан “Тэрбум мод аваарай..”. гэнэ ээ, хадуурчлаа. “Манай улс тэрбум мод тарина” гээд амлачихсан байгаа юм. Буруутгаад яах вэ? Нэгд, НҮБ-д тарьж өгөх гэж байгаа биш, Монголдоо тариад үлдээх гэж байгаа. Хоёрдоод ирэхэд, өнөөх шиг улс орноо хорлоод, хөгжлийг нь санаатай гацаагаад яваа биш дээ.

    Наад зах нь амны бэлгэтэй юм. Ямартаа “Ийм юм бүтээн байгуулбал Монгол улс элс шиг гоожоод дуусна” гэсэн биш, “Ийм олон мод эх орондоо ургуулбал улс орон гоё болно” л гэж байна.

   Зарим нь болохоор Ерөнхийлөгчийгөө уул, овоо тахиад явахаар балар цагийн марзан юм хийлээ гээд шүүмжилж л байдаг. Харин би өхөөрдөөд суудаг. Тэрнээс аймаар юмнаас хаширсан болоод тэр. Бэртэж үйлээ үзсэн хүн халтирч унахдаа зөвхөн хуруугаа шалбалбал “азны юм” гээд тоохгүй шиг.

    Бас, одон тэмдэг, гавъяа шагнал тараалаа гэж үе үеийн төрийн тэргүүнээ шүүмжилдэг. Ард түмэн нь одондоо дуртай, тэр нь ерөнхийлөгчдөө зөндөө байгаа хойно яах ч билээ, ямар зээл тараасан биш. Цөмөөрөө л одон шагнал муухай гэж ярих атлаа өөрт нь өгснийг эргүүлээд шидсэн хэн байгаа юм бэ? Манайхан өөрт зөндөө байгаа юмаа харамлахад их дургүй “Харамласан юм чинь хар нохойны идэш болох бий вий” гэж занадаг улс. Xар нохойн идэш болохоос өмнө, хэдүүлээ хүртэж л суувал аштай юу!

      Д.Урианхай найрагчаас өөр шагналаас татгалзаад аваагүй хүн дуулаагүй. Түүнд Төрийн шагнал өгөх гэж хэд хэдэн ерөнхийлөгч “оролдоод” бараагүйг би мэдэх юм. Гацааж хорлож яваа биш, шагнаж, баярлуулж л яваг хөөрхий, энэ тэр …

Хоёр.Суулгах уу, ургуулах уу?

   Гэхдээ, “Тэрбум мод” хөтөлбөрийг шүүмжилдэг хүмүүсийн болгоомжлол хоосон биш. Хэрвээ Ерөнхийлөгчийн “тэрбум мод”-ыг хуучин шигээ 1.000.000.000 ширхэг мод уулнаас сугалж авчраад суулгаж орхидог “суваатнаг” болговол үнэхээр гамшиг болно. Ардын засгийн жилүүдэд бидний уулнаас буулгаж суулгаад, хатаасан модны тоо тэрбумд дөхөх байх шүү. Дахиад чингэвэл цаана нь хэдэн модтой үлдэхийг таашгүй. Харин үүнийг нүүдэлчин сэтгэхүйд хийх хувьсгал болгон өрнүүлбэл мөрөөдлийн үйл хэрэг ч болно, хувьсгал ч болно. Манай хүн “Дамдины Сүхбаатар нь Ардын хувьсгал хийсэн бол Хүрэлсүх(баатар) нь Ногоон хувьсгалыг нь хийгээд өглөө, яахав” гэж хэлэх ч боломж гарч мэднэ.

   Манайхны хэлдэгчлэн “Монголчууд шиг байгальдаа хайртай хүмүүн хаа ч үгүй. Жишээлэхэд, булаг шанд руу ус хийдэггүй, нүүхдээ буурин дээрээ хог хаягдаггүй” гэдэг яриа хөөрөө бол бидний төрөлхи ногоон үзэлтэйг нотлох тийм ч сайн баталгаа биш.

    Нүүдэлчдийн байгаль орчноо хайрлах үзэл нь голдуу мухар сүсэг дээр тулгуурлах тул маш хэврэг. Мухар сүсгээс танин мэдэхүй рүү шилжих явцдаа байгалийн хамгийн аюултай дайсан болох ч магадлалтай.

     Хүмүүжил, ёс суртахуунаар дамжин бий болсон үзэл ойлголт маш бөх байдаг бол мухар сүсэг, айдсаар дамжсан зан үйл нэн батгүй. Ухаандаа, булаг шанд руу ус хийвэл лусын хорлол болж, яр шарх гарахаас гадна, танигдахгүй өвчин тусна гэж айсаар ирсэн учраас гол руу бохир оруулдаггүй хүн олон байж. Лус савдаг хилэгнэвэл чоноо явуулж сүргийг нь идүүлдэг гэдэгт итгэдэг малчин эдийн засгийн сонирхлоор уул хангайг хөндөхгүй.

     Ямар ч яр шархыг эдгээдэг эм тан элбэг байдгийг мэдэх, аймаг сум нь MRI, CT, онлайн оношлогоо эмчилгээтэй болоод ямар ч өвчнийг оношилж болдгийг үзэх, малдаа сайн хашаа хороотой, өөрөө буу зэвсэгтэй болохын цагт, түүнчлэн мухар сүсгээсээ салж, шинжлэх ухаанд итгээд ирэхийн үеэс ийм бодолтой хүн хэрхэхийг таашгүй.

    Та бүхэн энд тэнд “Догшин газар байгаа юм ухаж, хөндөж тун болохгүй” гэсэн яриа сонсож байсан байх. Догшингүй газрыг бол ухаж төнхөж болно, харин нэр бүхий догшин газрыг бол болохгүй, мөн үү?

    Манай “Нинжа” хэмээх алтны эрэлчид Заамарын хөндий, Бигэрийн хоолой, Орхоны эхийг юу болголоо доо? Мөнөөхь байгаль дэлхийгээ хамгаалах нандин уламжлалтай нүүдэлчид өөрсдөө шүү дээ. Үй олон хүн газар ухаад, улаанаар нь эргүүлээд яах ч үгүй байгааг харсан нүүдэлчин “Эндхийн лус савдаг хүнийг хорлодоггүй юм байна, Ура” гээл яваад орчихож байгаа нь тэр. Уламжлалт байгаль хамгаалах үзэл санаа маань ийм л алаг цоог. Хэн нэгэн цуутай феминист, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч бээр “Эрхээ хамгаалдаг эмэгтэйг зодож болохгүй, эрхээ хамгаалахыг мэдэхгүй эхнэрийг бол зодож болно” гэснээс юугаараа өөр юм бэ?

    Бидэнд иймэрхүү, айдсаар голдуу хөллөсөн байгаль хамгаалах үзэл санаа байхаас биш эх дэлхийдээ туслах, түүний нөхөн төлжихөд хөндлөнгөөс нөлөөлөх туршлага үгүй. Байх ч боломжгүй. Цаг уураас хамаараад байнга нутаг сэлгэж, нүүдэг учраас тэр юм. Ийм болоод “Нүүдэлчид бол байгаль ээжийн төрсөн хүү биш, харин өргөмөл хүү юм” гэсэн улайм цайм афоризм гарсан ч байж магад. Цэцэг ногоо сайхан ургахаар нь ирж нутаглаад, гандахаар нь өөр сайхан бэлчээр рүү ачаалан оддог нүүдэлчдийг ажваас “өргөж авсан эцэг, эхийгээ баяжихаар айлсаад, ядуурахаар нь хаяад нүүдэг өргөмөл хүүтэй төстэй” байхыг суурин хүмүүс анзаараад хэлсэн байх.

    Монгол төрийн зүгээс хийж ирсэн байгаль хамгааллын туршлага нь дархан цаазтай болгох, уул овоо тахих гэсхийгээд л болно. Бахархаж хэлэхэд тодорхой газар орныг дархлан хамгаалах менежмэнт нь Монголчуудаас хүн төрөлхтөнд бэлэглэсэн экологийн өв соёл мөн юм. Гэхдээ энэ сайн туршлага маш хязгаарлагдмал бөгөөд байгалийн өгөөж баялгийг ашиглах, улс орноо хөгжүүлэхэд саад болтлоо тэлэх ёсгүй. Хүн төрөлхтөн газар дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ түүнийхээ баялгийг ашиглан хөгжих ёстой. Хөгжихийн хэрээр хамгаалах боломж нэмэгдэнэ, ийм л жамтай.

    Яг л бид нар аав ээжийгээ “ашиглан” өсч торнин, боловсрол эзэмшээд, бас хайрлан хүндэлж, тусалж дэмнэн амьдардаг шиг. Байгаль хайрлагч гэгдэх зарим гаруудыг харахаар “Эхийгээ хайрлаад ангир уургаараа амлахаас татгалзах”-ыг шаардах мэт. Ингэвэл харангадаад үхдэг юм байгаа биз дээ?

   Уул овоо тахих нь байгаль орчинд эерэгээр нөлөөлөх итгэл үнэмшлээрээ хийж байгаа үйл яах аргагүй мөн. Чингэвээс, лус савдаг баярлан хур бороогоо оруулж, бэлчээр нутаг сэргэнэ гэж бид итгэсээр ирсэн. Улсын Ерөнхийлөгч уул овоогоо тахиад явж байгаа нь байгаль орчинд эерэгээр нөлөөлөх уламжлалаа л хэрэгжүүлээд яваа хэрэг.

    Харин одоо “Тэрбум мод”-ыг нүүдэлчний сэтгэлгээнд хийх хувьсгал болгож болно. Монголчууд төл бойжуулж явснаас биш мод ургуулж явсан туршлага үгүй. ХХ зуунд мод тарихдаа яг л бэлчээрийн малын өлчир төлийг бойжуулахтай адил сэтгэнэ. Монгол хонины хургыг эхэд нь нэг амлуулчихсан байхад л болно. Ангир уургаа хөхчихсөн төл их учиртай, өөрөө өөрийгөө бойжуулаад явчихдаг юм. Модыг ч гэсэн тэгж л бодно. Нэг сайн услаад “амлуулчихсан” байхад өөрөө ургачих байх гэж итгэнэ. Аа тийн. Өөрийгөө хамгаалах чадвар хөгжөөгүй нялх төлийг бас чоно нохойноос хамгаалах ёстой байдаг шиг “нялх мод”-оо тойруулан хашаа барьдаг гэж байгаа. Ингээд байхад л ургаагүй модыг хөөрхий нүүдэлчний хүүхдүүд бид яалтай билээ?

    Хүн төрөлхтөн хөгжиж, оюуны болоод биеийн тамир тэгшрэхийн хэрээр эх дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, газар орон цаг агаарт эерэгээр нөлөөх эрмэлзэлтэй болж байна. Хүмүүний үр хөвүүд өсч, бяр тэнхээ бүрэлдэхийн цагтаа эцэг эхээ эргэн ачилдагтай төстэй ч юм уу?

    Эх дэлхийн бэлэн бэлчээрийг ашиглагч, мухар сүсэг айдсын үндэслэлтэйгээр байгалийг хөндөхөөс болгоомжилдог нүүдэлчдийн үр удам бид ч бас энэ хөдөлгөөнд татагдан орж байна. Хариуцлагатай уул уурхай эрхлэгчид ч ургуулан тариалагч болж, зарим тохиолдолд урьд урьдахаас нь илүү ногооруулан цэцэглүүлэх болов. Олон мянган айл өрх ч хашаагаа цэцэрлэгжүүлээд, модоо байг гэхэд жимс ногоо ургуулж сурлаа. Манайхан өдөр, өдрөөр төл бойжуулах соёлоос, мод бут ургуулах эрдэмд суралцаж байна. Угаасаа сортоотой, шинийг сурахдаа гаргуун үндэстний хувьд сайн ч сурч байгаа. Суурин соёлтой Солонгос хүн ирээд хээр талд усан үзэм ургуулаад, хэрхэхийг зааж буй нь БНМАУ-ын үеийн “зөвлөлтийн мэргэжилтэн” лүгээ адил.

    Монголд үл ажиглагдам байдлаар ногоон хувьсгал өрнөж байна. Ихэнхдээ хувийн санаачилга дээр тулгуурлан, чимээ амиагүйхэн, Төвдийн шүтээний олон домог шиг “өөрөө тодрох” маягтай. Би ч дуталгүйгээр хэдэн тошлой, үхрийн нүд тариад амжсан төдийгүй ургац авчихсан, Хангайн нурууны хяр, хад асганд авирч түүдэг нандин жимсээ хашаанаасаа хураагаад таалж байгаа. “Мөрөөдлийн цэцэрлэг” гэдэг фээсбүүк группийн админаас л зөвлөлгөө аваад явсан. Бие биенээ амьдаар нь хараагүй хэрнээ багш шавь болоод хэдэн жил өнгөрчээ.

Концерт хөтлөгчийн санаанд гоё үг орохоо болиход,

-Өнөөдрийн хүлээн авалт өнөөдөр болж байгаагаараа онцлог юм гэлээ гэгчээр манай Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр иргэд нь тарих ургуулах соёлыг өөрсдөө сонирхоод эхэлсэн цаг үед таарснаараа үнэхээр онцлог юм.

   Энэ хөдөлгөөнийг юуны өмнө “мод суулгах” уламжлалт ойлголтоос хол байлгаж, нийтээрээ “Ургуулах” үзэл санаагаар хөгжүүлмээр. Тэгж ч байгаа байлгүй.

    Монгол хүн хагас зэрлэг бэлчээрийн малын төлийг бойжуулчихаж чаддаг юм чинь бүрэн зэрлэг модыг гэршүүлж ургуулж сурах амархан. Эмнэг сургахаас л хэцүү байв гэж үү? Нарийндаа, хятад хүн мал маллаж сурахаас л хялбар байж таарна.

   Цаашлаад, “Үндэсний ургуулах хөдөлгөөн” маань хөрөнгө бэнчинтэй компаниудын ажил голдуу байгааг хөгжүүлж, айл өрхийн, иргэний санаачилгыг дэмжих бадраах тал дээр анхаармаар санагддаг. Үүнийг яагаад хэлээд байна гэхээр, өөрийгөө ажиглаж мэдсэн юм. Үгүй ээ тэр таван бутандаа санаа тавина гэж жигтэйхэн, гөлөглөж байхад нь гэнэт хүйтэрвэл хучиж хононо, худгийн хүйтэн усыг заавал өнжөөж орчны агаарын хэмтэй нийцэхээр нь сая услаад ч байх шиг, айн?

   Багадаа төл бойжуулж шөнө төрөөд хөлдөх вий, сүүндээ цадаагүй бол өөр хонинд нэмж хөхүүлэн цатгах бас хэтрүүлээд гэдэс дотор нь хямрах вий гээд түмэн халамж тавьдгаас үл дутна. Төлд тавих ийм халамж хэдхэн долоо хоног байдаг бол ургамал моддынх тийм биш, хэдэн жилээр яригдана. Гэхдээ л уяхан мөчрөөс хөөрхөн ногоон нахиа амилан гараад улмаар цэцэглэх, аажмаар жимслэн булцайхыг харах нь яг л арчаагүй бяцхан унага төрөөд дэнжигнэн хөлд орж, улмаар дааган насандаа зүгширч морь болоод, наадамд тоосоо өргөхийг харахаас өөрцгүй баяр хөөр бэлэглэдэг юм, үзсэн хүн мэднэ.

    Тэгэхээр “Тэрбум мод” нь тодорхой хөрөнгө гаргах баялаг этгээдээс илүүтэй иргэний санаачилга, хувь хүний сонирхолтой хосолбол илүү үр дүнтэй санагдана. Гэхдээ, энэ мөнгөөр мод тарь гээд тараавал өөр юманд үрчихнэ, хашаанд нь суулгаад өгвөл тэгсхийж хаяад “Энэ чинь өөрөө үхчихсан. Би алчихаа юу” гээд зогсож байхаас сийхгүй, манайхан. Гол нь өөрөө тарьсан, өөрийн урам зоригоор жигүүрлсэн байх ёстой. Тэр урам, тэр зориг, тэр сонирхол л тэрбум модыг ургуулна.

   Нөгөө талаасаа, зөвхөн мод гэж явцуурах биш жимс жимсгэнэ, өрхийн тариаланг дэмжих чиглэлээр “Тэрбумыг ургуулах хөдөлгөөн” баймаар санагддаг. (Гэхдээ “Тэрбум сонгино” юм уу, “мөнгөний” хэмээх кактус болтол нь ч доош нь хийж бас болохгүй л дээ)

Бид төл “Бойжуулагч үндэстэн”-аас мод “Ургуулагч үндэстэн” болох хувьсгалыг энэ далимаар хийж харин болмоор байна.

Гурав. “Таван эрдэнэ” таарах хэмжээндээ л байвал “эрдэнэ”

   Бэлчээрийн даацад тохирсон бэлчээрийн Монгол мал нь бидний “таван эрдэнэ” байсаар байх болно. Гэхдээ нэгдүгээрт, хамгийн нэгдүгээрт, гарцаагүй нэгдүгээрт “Бэлчээрийн даац”-даа тохирох. Ингэхгүй бол бэлчээр ч үгүй, мал ч үгүй болно. Нуулгүй хэлэхэд өнөөгийн хээр талын эко системийн эвдрэлийн гол шалтгаан нь бэлчээрийн доройтол. Бэлчээрийг уул уурхай гэхээсээ, машин зам гэхээсээ илүү бэлчиж иддэг мал нь идэвхтэй доройтуулж байгаа. ХХ зуунд монгол орны бэлчээрийн даацыг 25 орчим сая толгой малаар тооцоолж байсан бол өдгөө энэ хэмжээнээс гурав дахин давжээ.

   Монголын бэлчээрийн малын мах бол эгээ л ховор ангийн махнаас ялгаагүй тансаг идээ. Бэлчээрийн мал бэлчээртээ таарах хэмжээндээ байж гэмээнэ энэ мах “эрдэнийн мах” байх болно. Эрдэнийн үнэ цэнэ хэмжээтэйдээ байдаг. Монголчууд үнэ хямд мах бус үнэ цэнэтэй мах хүнслэх ёстой. Үнэ цэнэ гэхээр заавал өндөр үнэтэй байна ч гэсэн үг биш. Жишээлэхэд, тансаг хар түрс Оростоо хямд, хилээр гаргахыг хориглодог учраас гадаадад маш үнэтэй байдаг байсан. Тэр мэтээр, Монгол хонины махыг зөвхөн өөрсдөө зооглодог байхад ч болохгүй нь юусан?

   Саяхан болсон, байгаль хамгаалахтай холбоотой нэгэн хэлэлцүүлэг дээр сонин жишээ яригдана лээ. Их хуралд, байгаль хамгаалахтай холбоотой судалгаа танилцуулахдаа дотор нь бэлчээрийн доройтлоос болоод байгаль орчин хохирч байгааг харуулсан атлаа төгсгөлийн дүгнэлтэд “энэ бүхэн уул уурхайгаас болжээ” гэх маягаар оруулсан тухай. Гишүүд тэр хэсгийг харж шийдвэрээ гаргах тул төрийн бодлогыг сайхан төөрөлдүүлсэн жишээ юм. Уул уурхайг дарамталж мөлждөг хулхи “алармист”, рэкээтчингүүдээс айсандаа ингэж жинхэнэ үнэнийг “мөр хооронд нуусан” тайлан гаргасан байх.

    Бид бэлчээрийг малдаа идүүлэгч үндэстнээс бэлчээр нутгаа өөрийн нөлөөгөөр цэцэглүүлэгч үндэстэн болох цаг ирж байх шиг. Байгаль орчноо хамгаалахын тулд бэлчээрээ хамгаалагч бас болох ёстой. Өнөөдрийнх шиг бэлчээрээ бүтээн байгуулалтаас биш харин бэлчиж талхлагч бэлчээрийн малаас нь эхлээд хамгаалах. Улмаар байгалийг лусын хорлолоос айсандаа хамгаалагч биш эх дэлхийн оршин суугчийн хувьд үүргээ ухамсарлан хамгаалагч, сэргээн амилуулагч болохгүйгээр явах ч зай алга болж байна. Цаг өөр болсоон.

Мянган мал өсгөвөл татвараа төлөг!

Мянганмод таривал шагналаа аваг!

     Араас нь “Сарваа мангаалам” гэх нь хаашаа юм бэ, гэхдээ л эрин зууны ерөөл шүү.

()

Next Post

Discussion about this post