Эртний нүүдэлчдийн ур ухаан шингэсэн өвөрмөц хийцтэй эдгээр алтан сүлбээрийг 1971 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлыг судлах шинжилгээний анги Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дахь Тэвш ууланд хийсэн археологийн малтлагаар олж илрүүлжээ.
Археологич Д.Наваан, Ц.Доржсүрэн, В.В.Волков нар 10х6 м хэмжээтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун далантай булшийг малтан судлахад 1.8 м гүнд оршуулсан хүний хоёр санчигны тус газар уг алтан сүлбээрийг зөрүүлэн тавьсан байжээ.
Эдгээр алтан сүлбээрт аргалийн толгойг дотогш эргэсэн бахим эвэр, монхор сартгар хамар, хөнхөр том нүдтэйгээр уран төгс дүрсэлсэн байв. Аргалийн ар шил, сэрвээг дагуулан хэдрэгний ир мэт хөндлөн иржгэр хээг үүсгэж, тэдгээрийн завсар хооронд 6, 8 ширхэг нуух гарган, түүндээ оюу зэрэг үнэт чулууг суулган, шигтгэмэл болон өнгө хоршуулах аргыг хослуулан үйлджээ. Нөгөө үзүүрийг аргалын хондлой орчмоос доош нугалан толгой тал руу нарийсган давтан шовх сүлбээр гаргасан байв.
Энэхүү алтан сүлбээр нь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн оюуны соёл, төмөрлөг боловсруулалтын түвшин, арга ажиллагааг харуулах чухал үзмэр юм.
()
Discussion about this post