-За дажгүй юу, хөгшөөн
-Гайгүй, гайгүй. Гурван сар агаар муутай, вакуум өрөөнд суусан. Саяхнаас агаартай өрөөнд орсон.
-Өрөөндөө хэдүүлээ вэ?
-Ганцаараа.
Өмнөх шүүх хурлын /2023.03.10/ үеийнхтэй харьцуулбал тэр өнөөдөр өнгөлөг харагдаж байна. Сахлаа авсан, костюм өмссөн. Намын нөхөртэйгөө ийн ярилцахыг нь сонсоход хорих өрөөний нөхцөл ч дээрдсэн бололтой.
Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ямартай ч эхэллээ. Ямартай ч гэсэн нь өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хэд хэдэн үндэслэл дэвшүүлж, прокуророос, шүүгчээс ч татгалзав. Гэсэн ч эдгээр татгалзлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авсангүй.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлтийг уншиж танилцууллаа. Ингэснээр Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр нар хэрхэн холбогдож, “шүүгдэгч”-ийн ширээний ард хамт зогсож буй нь тодорхой болов.
Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ. Доорх мэдээллүүдийг нээлттэй шүүх хурлаас тэмдэглэж авсныг онцолъё. Манай сайт мэдээлэх үүргээ л гүйцэтгэж буйг мөн дурдъя.
УЛСЫН ХОХИРОЛ 112 САЯ 243 МЯНГАН ТӨГРӨГ
2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх яллах дүгнэлтийг задалбал:
- Тэр 2016 оноос БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллаж байсан. Гадаад улсад суух консулууд 30-60 метр квадрат байр түрээслэн амьдрах ёстой, энэ мөнгийг улсын төсвөөс гаргадаг аж. Хэрэв үүнээс том талбайтай байр түрээсэлбэл илүү квадрат тутмын мөнгийг хувиасаа төлөх учиртай юм байна. Харин Хөх хотод суугаа ерөнхий консулын амьдрах зориулалттай 76 ам.метр талбай бүхий гурван өрөө орон сууц байдаг аж. Гэтэл Консул Д.Мөнх-Эрдэнэ дээрх амьдрах байр байсаар атал ӨМӨЗО-ы “Сайхан” дүүрэгт, орон сууцны хороолол түрээслэн эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарчээ. Энэ түрээсийн гэрээг БНХАУ-ын иргэнтэй гурван жилийн хугацаанд байгуулж, нийт 247 мянган юань буюу 93 сая төгрөг төлжээ. Энэ мэдээж төсвийн хөрөнгө. Гэтэл хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдсан. Гэрээ хийсэн Хятад иргэнээс үлдсэн хугацааны төлбөрийг нэхэмжилсэн ч “Гэрээг Д.Мөнх-Эрдэнэтэй хийсэн, та нарт хамаагүй” гэж тас гүрийжээ.
- Түүнийг консулоор ажиллах хугацаанд хоёр хүүхэд нь ӨМӨЗО-ы Хянган замын дунд сургуульд суралцжээ. “Хүүхдийн сургалтын төлбөр” нэрээр 42 мянган юань буюу 15 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулан авч эхнэртээ шилжүүлсэн байна. Гэвч тухайн сургууль нь 2016-2019 онд сургалтын төлбөр аваагүй болохыг хуулийнхан тогтоожээ.
- Тэрбээр БНХАУ-ын иргэнийг техник, үйлчилгээний ажилтнаар авч нэг сар ажиллуулахдаа 3000 юань буюу 1 сая орчим төгрөгөөр цалинжуулжээ. Учир нь БНХАУ-д тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл явагдсан. Иймд дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан, “Ланд-200”, “Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах шаардлагаар дээрх ажилтныг цалинжуулж ажиллуулсан гэжээ. Гэсэн ч эдгээр автомашин нь хэдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байсан тул тэр ажилтнаар гүйцэтгүүлсэн ажил нь тодорхойгүй гэж прокурор танилцуулав.
- Дипломат ажилтан хоёр жилд нэг удаа эх орондоо ирж амрах эрхтэй аж. Ингэхдээ ОХУ, БНХАУ-ын хот хүртэл галт тэрэгний энгийн суудлаар тооцож унааны зардал олгодог юм байна. Харин Д.Мөнх-Эрдэнэ консулоор ажиллах хугацаандаа галт тэргээр биш онгоцоор нисэж, төсөвт хохирол учруулжээ. Тодруулбал Хөх хотын атташе болон бусад ажилчин, эхнэр болон өөртөө унааны зардалд нийт 1.5 сая төгрөг илүү бодож олгосон байна. Дипломат ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай журамд заасны дагуу олгодог. Уг журмын 3.2-т “Суух хот хүртэл галт тэрэг шууд зорчдог, ОХУ, БНХАУ-ын хот хүртэл галт тэрэгний энгийн суудлаар тооцож унааны зардал олгох”, 4.8-д “Ирэх, буцах нийт хоног нь галт тэргэнд зургаагаас дээш хоног зарцуулах тохиолдолд төсвийн байдлаас хамааран дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний тушаалаар нисэх онгоцны энгийн суудал олгож болно” гэж заасныг зөрчиж, замын зардлыг агаарын тээврийн тарифаар тооцжээ.
Ингээд тэрбээр Консулоор ажиллах хугацаандаа улсад нийт 112 сая 243 мянган төгрөгийн хохирол учруулсан болохыг прокурорын яллах дүгнэлтэд дурдлаа. Энэ бүхнийг нотлох Үндэсний аудитын газрын гурван удаагийн дүгнэлт гарчээ.
“ГЭМ БУРУУГҮЙ, ЦАГААТГАНА”
Д.Мөнх-Эрдэнэ: Ганбаяр аа, илүү юм ярих хэрэггүй ээ, ирсэнд чинь л баярлалаа.
Д.Ганбаяр: Хөгшин чинь буруу яриагүй ээ, шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй биз дээ.
Ардчилсан намын дэд дарга Д.Ганбаяр шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн эрх ашгийг хамгаалж дуугарахаар шүүх хуралд иржээ. Шүүх хурлын завсарлагаар ийш тийш харайлгаж, шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэж шүүгчид ч, шүүгчийн туслахад ч бичиг хүргүүлж, гадна гарч хэвлэлийнхэнд ч ярилцлага өгч харагдана. Хариуд нь Д.Мөнх-Эрдэнэ “Болохгүй шүү, хэрэггүй ээ” гэх зэргээр түүний амьсгааг дарахыг хичээнэ.
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эндээс Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Ганбаяр нар Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдоно.
“Евро сервис” ХХК Богдхан уулын Залаатын аманд 0.35 га газар эзэмшдэг байжээ. Дархан цаазат газрын гэрчилгээг таван жил тутамд сунгадаг. Ингэхдээ тухайн газарт үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгадаг аж. Гэвч “Евро сервис” ХХК тухайн газарт хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй тул эрх сунгахад асуудал үүсжээ. Иймд тус компанийн захирал нь Д.Мөнх-Эрдэнэд хандсан…
Энэ ярианы ард Д.Батмөнх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжавыг дуудан уулзаж, ямар асуудал байгааг тодруулжээ. “Ой модтой давхацсан” гэх шалтгаантай байсан тул газрын гэрчилгээ сунгагдахгүй удсан байв. “УИХ-ын даргын зөвлөх гээд гуйгаад байхаар нь энэ газрын гэрчилгээг сунгах саналыг яам руу илгээсэн. Би шан харамж аваагүй” гэж Д.Батмөнх мэдүүлсэн байна.
Ингээд энэ таван хүний хоёр нь УИХ-ын даргын зөвлөхөд тусалсан бол нэг нь авлигыг санхүүжүүлсэн. Харин авлигын мөнгийг хоёр нь хувааж хэрэглэсэн болж таарч, хоорондоо холбогджээ. Гэхдээ гэм бурууг шүүхээр тогтооно. Одоогоор эдгээр таван хүнд зөвхөн яллах дүгнэлт л үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байна. Өмгөөлөгчид нь бүгд гэм буруугүй гэж цагаатгах байр сууринаас шүүх хуралдаж оролцож байгааг хэллээ.
“НАДАД ЛАВ ӨШ ХОНЗОН БАЙХГҮЙ”
Шүүгч: Мөнх-Эрдэнэ ээ, прокурорын танилцуулсан яллах дүгнэлтээс ойлгоогүй юм байна уу?
Д.Мөнх-Эрдэнэ: Би осолд орж байсан, чих дүйрээд, толгой өвдөөд байна, ойлгосонгүй
Шүүгч: Яг аль хэсгийг нь ойлгосонгүй вэ?
Д.Мөнх-Эрдэнэ: Бараг бүгдийг нь.
Прокурор 4-5 цагийн хугацаанд 70 хуудас хэргийн материалыг нэгд нэгэнгүй уншиж танилцуулж дуусахад Д.Мөнх-Эрдэнэ ингэж хэлэв. Үргэлжлүүлэн “Би тэгээд ноцтой хэрэг үйлдсэн юм уу, үгүй юм уу. Надад хэдэн жилийн ял оноохоор яллах дүгнэлт үйлдсэн бэ. Үүнийг тодруулж болох уу” гэв.
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хохирогч О цагдаад гомдол гаргажээ. “Ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тарааж, нэр хүндэд халдсан. Хамгийн их гомдсон үг намайг “төрийн янхан” гэсэн. Энэ гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр нараас мэдүүлэг авсан байна.
Ц.Нямдорж: Тэр хүн миний нууц амраг гэж юу байх вэ дээ. Таних төдий л нэгэн.
Н.Анхбаяр: Д.Мөнх-Эрдэнэ ажлын хариуцлага алдаад Консулоос эгүүлэн татагдсан юм билээ. Гэтэл намайг аудитын шалгалт зохион байгуулсан гэж бодоод байгаа юм. Хаана шалгалт хийхээ тэр байгууллага өөрөө мэднэ шүү дээ. Миний хувьд лав өш хонзон байхгүй.
“БООЛЫН АМЬДРАЛААР АМЬДРААРАЙ”
Шүүгч: Мөнх-Эрдэнэ ээ, бие чинь тааруу байвал сууж байж болно оо.
Д.Мөнх-Эрдэнэ: Үгүй ээ, шүүхээ хүндлээд зогсож байя.
Шүүгч: Эмч дуудах уу?
Д.Мөнх-Эрдэнэ: Дуудъя.
Шүүх хурал түр завсарлаж, Д.Мөнх-Эрдэнэ эмчид үзүүлэв. Түүний даралт ихэсжээ. Засварлах хооронд ар гэрийнхэн нь цай, унд дөхүүлж амжив. Шүүх хурал цааш үргэлжиллээ.
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энд юу болсон бэ гэхээр, Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яаманд нэвтрэх гэж оролдсон. Энэ үеэрээ төрийн тусгай албан хаагчийн биед халдаж, хэл амаар доромжилж, нүүр рүү нь салаавч гаргажээ. Тус яамны хамгаалалтад ажиллаж байсан гурван хүн “Төрийн тусгай хамгаалалттай газарт лайв хийж орох хориотой” гэж сануулаад, гарахыг шаардсан. Гэтэл “Боолын амьдралаар амьдраарай” гэх мэтээр хэл амаар доромжилж, үүдээр гаргаүүхх үед хөл рүү өшиглөсөн. Хувцаснаас зуурч, сэгсэрсэн” гэж мэдүүлжээ.
Эдгээр таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн, таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүх хуралдаан эхэлсэн даруйд Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс “ашиг сонирхлын зөрчил байна” гэж хардаж буй үндэслэлээр прокурор, шүүгчээс татгалзсан. Гэвч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч энэ татгалзлыг хүлээж аваагүй. Мөн Д.Мөнх-Эрдэнэ авлигатай холбоотой гэмт хэргийн материалтай танилцаагүй, яллах дүгнэлтээ хүлээж аваагүй, өмгөөлөгчөөсөө татгалзаж байна, шинэ өмгөөлөгч сонгох боломжоор хангаж өгнө үү гэсэн ч түүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.
Хамгийн сүүлд хилийн чанадад болсон хэргийн харьяаллыг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн тогтоох ёстой. Гэтэл сүүлд үйлдэгдсэн хэргийн харьяаллаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хуваарилсан нь хууль бус гэж өмгөөлөгчид үзэж, энэ дүүргийн шүүхээс бүхэлд нь татгалзах санал гаргасан. Саналыг хэлэлцэхээр шүүх хурлыг өнөөдөр /2023.04.05/ 10:00 цаг хүртэл түр завсарлуулсан. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN
()
Discussion about this post