Оны өмнөхөн Б.Сэмжидмаа дарга “өвлийн өвгөн” болон хувирч ИТХ-ын 41 төлөөлөгчиддөө 370 сая төгрөгийн буцалтгүй “тусламж бэлэглэсэн”. Энэ нь нэг хүнд есөн сая төгрөг оногдсон гэсэн үг. Тэгвэл энэ дүүргийн төлөөлөгчид буцалтгүй тусламж авч ханадаггүй шигээ “чадавхжиж” дуусдаггүй аж. Сонгуульт хугацаа нь дуусах дөхөж байхад аанай л төсвийн мөнгөөр чадавхжисаар явна. Энэ уламжлал он гараад ахин үргэлжилсэн байна. Өнгөрөгч 2-р сарын 9-нд зургаан төлөөлөгчийг санхүүгийн боловсролоор чадавхжуулахад 18 сая төгрөгийг “хийсгэжээ”. Удалгүй 14-нд нь Д.Дэлгэрбат, М.Алтанцэцэг нарын есөн төлөөлөгчид хүнд хэлэхэд ичмээр “Гэр бүлийн боловсрол” олгоход 24 сая төгрөг “цацагджээ”. “Чадавхжих” олон сургалт байхад ягаад гэр бүлийн боловсролыг сонгосон нь сонин. Гэр бүлдээ асуудалтай эсвэл шинээр гэрлэсэн төлөөлөгчдөө оруулсан байж магадгүй л юм. Үүний дараа 17-нд найман төлөөлөгчийг бас дөнгүүр чиглэл болох хууль эрх зүй бизнесийн удирдлагаар чадавхжуулахад 24 сая төгрөг “хайлжээ”. Мөн өдөр гурван төлөөлөгчийг маш ерөнхий чиглэлээр ямар ч байсан “чадавхжина шүү” гээд есөн сая төгрөг “алга болжээ”. Ингээд нэгхэн сарын дотор 23 төлөөлөгчид 75 сая төгрөг үрсэн байна. Цаана нь ахиад 18 төлөөлөгч үлдэж байгааг нэгийг нь гурван саяар “чадавхжуулахад” ахиад 54 сая төгрөг хэрэгтэй болох нь. Нэгэнд нь гэр бүлийн боловсрол олгоод нөгөөд олгохгүй бол бас муухай. Уг нь Баянголын төлөөлөгчид оны өмнө 390 саяын буцалтгүй тусламж авсан тул тэр мөнгөнөөсөө жаахныг ч гэсэн өөртөө гаргаад “чадавхжиж” болох л байсан. Гэхдээ төсвийн мөнгөөр “чадавхжих” нь илүү “үр дүнтэй” байдаг бололтой. Ийнхүү энэ дүүргийн төсөв хэдэн төлөөлөгчид нь буцалтгүй тусламж, чадавхжих сургалт болж очсоор дуусах шинжтэй.
()
Discussion about this post