БАЯН-ӨНЖҮҮЛИЙН ОВООГ ТАХИХАД БАРААТЫН ДӨМӨН ЭГШИГЛЭДЭГ …
(Бавуугийн ЛХАГВАСҮРЭНТЭЙ хийсэн ярилцлага)
Б.Догмид:- Би чиний анхны шүлгийг эх барьж аваагүй ч гэлээ төрж байх тэр мөчид бас чиг тийм хол биш байснаас майхны гаднаас дууг нь сонсолцсон хүний нэг гэж өөрийгөө боддог.
Б.Лхагвасүрэн: -Тэгээд миний шүлгийн дуу тэр үед чамд хэр зэрэг бядтай сонсогдсон бэ?
– Муугүй! Хүүхэд юм аа гэж бодвол аргагүй эрэгтэй хүүхэд байх гэмээр биендээ байшгүй их цовоо чанга дуутай нэг л ер бусын их содон, бүр хүчтэй гэж хэлж болмоор санагдаж билээ. Даан ч тэр үед чи шүлгээ хэвлүүлдэггүй яг л өндөгтэй шувуу адил дараад байдаг байсан даа.
– Өд сөд ургаж гүйцээгүй цагцгайгаа нисэх цаг нь болоогүй байхад нис хэмээн хадан хясааны ёроол руу түлхдэг эх шувуу байдаггүй биз дээ?
– Тийм нь ч тийм. Гэхдээ чиний анхны шүлгүүд дэгдээхэй биш, биеэ даагаад хаа хамаагүй нисэж хоолоо олж идэхээр болсон бүргэд шахуу юм байсан. Ж.Лхагва бид нар тэр үед чамайг шүлгээ сонинд хэвлэлд өгч бай, өөр хүн яг ийм зохиол бичихгүй ч гэсэн санааг нь түрүүлээд гаргачихаж юуны магад гэхэд чи ер тоохгүй: “Би шүлгээ хэвлүүлэхгүй дарж байгаад нэг л өдөр гэнэт дэлбэрнэ” хэлдэг байсан.
– Тэр үед шүлэг маань тоогоор олонгүй, зарим нэг нь сэтгэлд хүрэхгүй, дутуу дулимаг юм шиг санагдаад яаран хэвлүүлэхийг боддоггүй, өөрийгөө “элдэж” эрж явсан цаг байж. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд олон хүнийг цөөн хэдэн шүлгэндээ дасгаж дараа дараачийн зохиолыг гарч иртэл түрүүчийх нь улиг болох вий л гэж эмээсэн гэх үү дээ. Тэр үед би олон наадмын дов үзэж хашир аваргуудтай гар зөрүүлж амжаагүй цол гуншингүй залуу бөх байсан учраас өөрийн гэсэн дархан цолтой болж байж л барилдъя гэж санасан хэрэг.
– Нэг их ядарч зутарч явсан гэвэл алдас болох байх. Гэхдээ чамд бусдын дэм тус хүсэж явсан өдөр бий. Тэр үед тамга түшсэн эрх мэдэл бүхий цөөн хүн зарим нэг нөхөд гар сунгаагүй, тэр ч байтугай нүүр буруулахаас наахнуур зөрөөд өнгөрдөг байсан. Одоо чамайг “хүчээ авсан “ хойноо тэр хүмүүс чамд их дотносон сүжирхүү болоо юу даа гэж санагдах юм.
– Тийм цаг байсаан. Тэдний өндөр бүрх малгай доорх ихэмсэг дээгүүр харц намайг олж, оноож хардаггүй байж. Гэвч надад хүн бүгд “хайртай” сайн байх албагүй. Өнөөдөр миний хэдэн шүлэгт сүжирхэн хормой хоттой орооцолдон хойно урд маань гүйгээд байгаа тэр улсыг буруутгах аргагүй боловч тэдний өмнөөс миний нүүр халж, ичээд болдоггүй юм. Хамгийн айхтвар хэцүү юм гэвэл хүний өмнөөс ичих…
– Шүлгийг чинь ажиглажээ байхад ямар боловч барьж авсан санаа, олсон юмнаасаа цаана бага ч гэсэн үлдээчих вий гэж их л эмээдэг болов уу гэмээр бүр нэг талынхаа газрыг мухарлаж байж эргэдэг шивхирч хөнгөрсөн хос морьтой, алдуул малын эрэлчинтэй өөрөө тун адилхан санагддаг. Хааяа над мэтийн ядарсан амьтанд ганц нэг өгүүлбэр хэлхэх санаа орхичихож байвал яасан юм бэ. Заримдаа чамд миний уур хүрэх юм.
Их манхан тэнгэр говьд уусан алдарна
Ингэний цагаан буйлаан ботгондоо ирж шингэнэ
“Зүүдний говь” гэдэг тэр нэг санаанд оромгүй жижигхэн дууны үгэнд чи манай говийн хамаг гялайх цайх, эмзэг энхрий юм болгоныг түүгээд багтаачихсан байх юм.
– Шүлгийн санаа гэдэг их ороо. Яг л танай говийн зэрлэг зуйгуул адуу гэсэн үг. Тийм омголон ороо амьтныг барихаар яваа хүн морь, биеэ алжаахаас бэрхшээн замын хагасаас гурван гүвээ ч давалгүй буцаж ирвэл айл, саахалтын хүүхэд, нохойн доог тохуу болно. Чиний хэлдгээр эрлээ сайн мухарлаж баймаажин эргэхгүй бол ард юм үлдчих гээд байдаг гэм бий. Ороо морь шиг шүлгийг ухааны уурга, онгодын омголон цагаан хүлгээр л барьж авахаас өөр аргагүй. Гэхдээ бас зарим үед элдэж хулжаалгүй ая эвийг олвол хөлд нь сууж ч барьж авдаг ёсон бий. Нөгөө нэг асуултын хувьд гэвэл говь дуусаж дундаршгүй баян тансаг нутаг. Бавуугийн хүү, Балжирын хүү хоёр энэ насандаа байтугай хойд насандаа ч бичээд барж идэхгүй хоол (инээвсэглэв).
– Чи ч анхныхаа ном “Уянгын тойрог”- оороо л бараг улсын төдийгүй өөрийнхөө дээд амжилтыг тогтоочихсон хүн дээ. Миний бодоход одоо түүнээсээ давсан юм хийнэ гэхэд их хэцүү юм шиг санагддаг байлгүй.
– Чи их дөхүүлж хэллээ. Улсын дээд амжилт гэвэл хэтрүүлэг болох байх, гэхдээ би өөрийнхөө хэмжээнд их өндөр дээгүүр харайчихаж гэдгээ хэдэн жилийн дараа “Цагаан тэнхлэг” номоо хэвлэлд бэлдэж байх даа л ухаарсан. Гэхдээ би өөрийн дээд амжилтыг эрт орой боловч эвдэнэ гээд бодож явдаг. Ид сайхан насандаа өөрийнхөө тогтоосон дээд амжилтаа ахиулахгүй бол ямар тамирчин байх билээ.
– Уншигчид гэдэг чинь их даврамтгай, сайн бичих тусам л бүр илүү сайныг нэхдэг улс.
– Нэхэж л байг. Нэхэх тусмаа л зохиолчийг улам хурцлан ир, хат суулгах ёстой.
– Хариуцлага нэмэгдэх бүр чамайг хэт хичээж биеэ барих вий гэж сануулахын тулд энэ үгийг хэлсэн юм.
– Бас ч тийм тал бий. Гэхдээ шүлэг яг бичиж байх тэрхэн торгон мөчид юун хариуцлага, ял гавьяа бодохтой манатай. Би өөрийгөө бараг мартчихдаг хүн.
– Сүүлийн жилүүдэд шүлгийг чинь ЗХУ, БНХАУ, Япон гээд олон оронд орчуулж эхэллээ. Миний бодлоор чиний зарим шүлгийг өөр хэлээр орчуулахад монгол ахуй, сэтгэлгээ, зан үйл, ёс заншил нь тэнд үгүй учраас гадаадын хүмүүст хүргэх ямар ч аргагүй, бараг бүтэшгүй зүйл мэт санагддаг. Ёстой нөгөө дууны ая эгшгийг будгаар ялган зурах гэсний үлгэртэй адил болов уу?
– Би ямар олон хэл мэдэх биш. Орос хэлээр буулгасан орчуулгыг л харж байхад миний нэр дор нь байхгүй бол танихааргүй тамтаггүй юм болгосон байсан. Гэхдээ би шүлгийг минь орчуулсан хүмүүст баярлаж явдаг шүү. Уг нь манайх бөх, яруу найраг хоёроороо дэлхийд дээгүүр суудалтай орон. Харин бөх нь орчуулга хэрэглэхгүй олны нүдэн дээр жинхэнэ бяр мэхээ уралдуулж барилддаг болохоороо яруу найраг шиг хэлмэгдэхгүй үнэн мөнөөрөө үнэлэгдэх юм. Орчуулах эрдэм том ухаан. Яг яруу найрагчийн шүлгээ бичиж байх тэр үеийн агаар, зүрхний цохилт, судасны лугшилтыг орчуулагч хүн бие сэтгэлээрээ мэдэрч байж л сая орчуулах байх. Ер нь шүлэг гэдэг маань хүн шиг өөрийнхөө эх хэлээр л ярьдаг араншинтай, эмзэг зүйл. Бусад хэлээр ярилаа ч яаж унаган хэл шигээ хүний сэтгэл зүрхэнд хүрэх вэ дээ. Хүргэдэг эрдэмтэн мэргэд байлаа гэхэд цөөхөн л байх болов уу. Мартсанаас тээр жил чи надтай хамт эмнэлэгт хэвтэж байхдаа хавар аймгийн төвөөс хөдөөний айлд төл бойжуулахаар очсон нэг малын дөргүй хархүүгийн тухай хөөрхөн өгүүллэгэрхүү юм ярьж байсан тэр чинь юу болсон бэ? Тэр чинь яг л “Нийслэл хүү” кино шиг юм байсан шүү.
– Юу ч болоогүй ээ, Цээжинд маань одоо хүртэл байж л байна. Би алиа марзан юм ярьдаг болохоос биш шог хошин зохиол бичих авьяасгүй хүн бололтой.
– Чиний өгүүллэгүүдийн зарим хэсэг тэр чигээрээ яруу найраг байдаг хэрнээ чи шүлэг ер бичихгүй явсаар хөгшрөх нь ээ?
– Үе үе шүлэг бичмээр санагддаг боловч хэдэн халтар өгүүллэгийнхээ нэрийг хөөдчих болов уу гэж эмээгээд нэг л зүрхлэлгүй явсаар өнөөг хүрлээ.
– Тэр ч бас боддог л бодол. Уг нь чам шиг өгүүллэг бичдэг хүн ганц хоёр кино, жүжиг бичиж өөрийгөө цагаашруулбал илүүдэхгүй л баймаар сан.
– Би танай нутгийг үзээгүй . Гэсэн ч шүлгээс чинь мэр сэр мэднэ. Нэг их өвс халиурсан аглаг буйдхан хээр тал, холын хүн хүлээсэн хэдэн намхан ухаа толгод харагдаад байдаг юм.
– Миний төрсөн нутаг уу… Хавар хөх ногооны униар, цэнхэр хөөг татаад ирэхийн цагт ч хол ойрыг бодогдуулна шүү. Би тэр хэдэн ухаа толгод, ижий хоёрынхоо ачаар л үзэг цаас нийлүүлдэг болсон хүн. Манай нутагт Бөтөөрий гэж их талд ижлээсээ төөрсөн ганц бор хонь шиг нэг сайхан уул бий. Хол ойр хаана ч явсан үе үе сэтгэлд үзэгдээд байдаг ер бусын увдистай хачин уул.
– Тэр уул чинь чамд онгод хайрлаж сэтгэлд чинь үзэгдэх бүрийдээ нэг юм шивнэдэг байлгүй.
– Ямар нэг хүнд санаж сарвайх нутаг ус байхгүй бол ямар хүн байх вэ. Нутаг байтугай юм аа мартчихсан хүн мэр сэр дайралдах л юм байна шүү. Болж л байдаг юм байлгүй.
– Тийм улс чинь айраг уудаг бол исгэл унага номхрох үед л хааяа нэг нутгаа санана. Бүр тоодоггүй юм аа гэхэд насныхаа эцэст сэтгэл нь нутгаа үгүйлэхгүй ч гэсэн ч мах яс нь унасан газар шороогоо хар аяндаа эзнээсээ нэхээд ирэхээр гэв гэнэт ухаан ордог боловч ихэнхдээ өвчин хууч нь газар авч оройтсон байдаг тавилантай юм билээ.
– Төрсөн нутгаа үгүйлдэггүй хүн эцэг эхээ ч үгүйлэхгүй.
– Энэ ч хүний мөс, яс ухаантай холбоотой ажил. Мөс яс гэснээс чамайг саяын их хурлаар Монголын өнчин хүүхэд, залуучуудын холбооны даргаар сонголоо гэсэн. Би чамайг сайн эцэг гэдгийг чинь мэднэ. Харин хэр авьяастай дарга болохыг одоо л нэг харж дээ.
– Урьд би дарга даамал явж үзээгүй гэсэн ч хүүхэд гэдэг хэн болохыг сайн мэднэ. Хүүхдийг мэдэж байсан цагт юу хийхээ бас чиг гадарлах болов уу гэж санаж байна. Бодож санаж яваа юм их бий.
– Одоо зарим хүний мөс яс муудсан нь юухан дээр боловч цухалзаад байдаг болчихож. Нэг л их боловсролтой “өрөвчхөн сайхан улс” хэрнээ сэтгэлийнхээ гялайх цайх болгоныг арилжаад сурчихаж. Заримдаа бүр бухимдахдаа би хоёрын хооронд нүд тайлж гэгээрснээс мөрөөрөө хонио хариулаад явж байсан бол ингэтлээ эвдрээ ч билүү үгүй ч билүү гэж санах юм. Юу ч гэж хэлэх вэ дээ.Арга мухардсан хүний л эргэж хургасан бодол доо, хөөрхий.
– Зарим хүмүүсийн ахуйн хэрэгцээ сонирхол нь өсөөд оюуны хоосрол доройтолд өртсөний л шинж. Урьдын ядуу хүмүүс тэнгэрийн доор газрын дээр амьд мэнд яваа хувь заягаа их юманд санадаг, түүндээ баярладаг, болж байна гэж боддог байсан учраас гачигдал дутагдал хэдий байлаа ч илүү хардаггүй, тэр чанараараа элдэв атгаг санаа, арван хар нүглийг өвөрлөн явахыг цээрлэдэг байж. Бидний мөс яс гэж яриад байгаа, хүнийг хүн болгодог цорын ганц юм маань амьтныг энэрэх хайрлахын ухаан, бодь зөөлөн сэтгэл. Энэ л дутсанаас хамаг муу зүгийн юмс газар авчээ.
– Нүгэл, буян мэдэхгүй, айж ичих юмгүй хүн олширвол өнчин өрөөсөн хүн бүү хэл элэг бүтэн улс ч зовно. Багаасаа малын дэргэд өссөн хүн омголон түргэн зантай ч байсан заавал ч үгүй зөөлөн сэтгэлтэй байдаг гэж ижий минь хэлдэг байж билээ.
– Тэр үнэн! Мал гэдэг сүү шим өгөхөөс гадна хүний өрийг нимгэлэн, эгэл бор амьдралын их ухаан хайрладаг буянтай амьтан.
– Өнчин ядуусыг өөд татдаг ачтаны хувьд чамаас нэг юм асууя. Хагацал олон янз. Хөдөөний цайлган цагаан хүүхнүүдийг номгочлоод хэдэн хүний дунд тэлээ хурга шиг давхиад байдаг “эцэггүй хүүхэд”- ийн эцэг асман харцуулыг яах вэ. Ийм хүмүүсээс болж хүүхэд өнчирч, амьдын хагацал үзэж байна. Хууль зарлиг ч эднийг дийлсэнгүй.
– Иймэрхүү юм хөдөө их бий. Ертөнцийг хоёрын хооронд дутуу ухаарсан хүн хэцүү. Ийм дутуу ухаарал өөрийнхөө хүн чанарыг биенээсээ хөөж гаргадаг аюултай. Хууль, тэтгэвэр хоёроос айдаггүй, шөнийн амьдралтай завхай эрчүүдийг гэсгээн цээрлүүлэх аргыг заавал бодож олох сон. Хэдэн ч үл мэдэгдэгчтэй тэгшитгэл байсан түүнд заавал эцсийн нэг хариу байдаг…
– Үртэй хүний гол тийм ч амархан тасардаггүй гэж үг бий. “Эх хүн зовох ёстой” гэсэн Бурханы алдаагаар зарим сүйхээтэй эр ихээхэн гул барих юм даа.
– Нам алдаагаа засаж байхад Бурхан ч алдаагаа засах өдөр бий. Эх хүн хайраараа цээжнээсээ сүү ундрааж чаддагтай нэгэн адил эр хүн ухаанаасаа эр зориг, сайхан сэтгэл хоёрыг нэрж чаддаг байх ёстой юм даа.
– Одоо зарим хүн боловсролыг авьяас, ухаан хоёртой андуураад байх юм. Боловсролтой хүнийг ухаантай сайн хүн гэж эндүүрч явснаас болоод бид их том алдсан улс.
– Ургаажийн хар ухааныг боловсролоор солих зүйл биш ээ. Амьдралд нухлагдан хал үзэж баймаажин л хүн чанарыг олж авдаг шүү дээ. Хүн чанарыг ч авьяас дагадаг. Ойрын жишээ гэвэл манай Ж.Лхагва бэлхэн байна.
– Ж.Лхагваагийн “Толгодын цаана ингэ буйлна” гэдэг ном жижигхэн болов ч “том” ном. Их л шуугиулсан даа. Тэр цагт роман бичээгүй хүнийг зохиолч гэж үздэггүй байж. Харамсалтай нь Лхагва маань даан ч бага бичих гайхал юм.
– Их авьяас заримдаа залхуу байдаг гэсэн нэг үг бий.
– Тийм ч биз, үгүй ч биз. Нөхрийг хэт тайвшруулах буруу. Тэр тусмаа Ж. Лхагва шиг хүнийг…
– Лхагваагийн нэг давуу чанар бол үг болгоноороо өөрийгөө болон бусдыг сэрээдэг увдистай юм.
– Чиний араас олон сайхан залуус гарч ирсэн. Ихэнх нь газрын цээжинд гарч ирж чадалгүй зээр дагаж давхисан хонь адил гээгдэн хоцрох шив дээ. Харин Ш.Гүрбазар Ц.Чимэддорж нар тоосонд чинь оров уу, яав?
– Чимэддорж их уран бичлэгтэй. Гүрбазар нь болохоор ур, ухаан тэгшхэн, жүжгийн их сайн зохиолч болох хүн.
– Чи намайг нэг талаар амьдралд хөл алдаж, нөгөө талаар жаргалдаа ташууран, Дорноговийн гудамжинд гуларч явахад минь надад зориулан:
Улаан булангийн орой дээр
Хатгаад мартсан туг шиг
Ухаа толгодынхоо дунд
Гундаж явна уу даа, Догмид минь гэж шүлэг бичиж байж билээ.
– Би чамайг юм бичихгүй, архи уугаад байхаар чинь хүүгээ согтуу явахыг үзсэнээс дутуугүй харамсдаг байж билээ. Энэ архи уу?! Мөн ч олон сайхан хүнийг дуудах нэргүй болтол залгисан даа.
– Цагаан морин жил та морь сайтай явна. Учир юун гэвэл ард түмэн өөрийн тань нэрийг Төрийн шагнал, Ардын Их Хурлын депутат хоёрт зэрэг дэвшүүллээ. Юу бодож явна даа?
– Нэг бодлын баярлаж нөгөө бодлын баахан балмагдаж л явна. Олон түмний хайрыг даана гэдэг амаргүй. Том ачаа, бага биенд үүрч явах хэцүү. Шүлэг бичихээс ч долоон дор.
– Ачааны хүндийг үүрч, давааны өндрийг давдаг цаг, нас хоёр чинь ирж дээ. Лхагвасүрэн минь…
Үс, бодол хоёртоо дарагдсан “үйлийн үртэй” анд мину …
1990 он.
()
Discussion about this post