Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоолыг баталлаа.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын сайд нарт болон харьяа агентлагуудад далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, олборлох салбарын хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 орчим их наяд төгрөгт хүргэх боломж нөөц бий гэж тогтоолыг боловсруулах явцад холбогдох яамдууд тооцоо судалгаа гаргаж өгсөн. Энэ утгаар нь авч үзвэл Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ний нэг хүнд ногдох орлого анх удаагаа 5000 ам.доллараас дээш гарах боломжтой гэх тооцооллыг гаргасан.
Улс орнуудын төрийн тэргүүний авлигатай тэмцсэн туршлагууд, авлигатайгаа тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын олон туршлагыг судалсны үндсэн дээр 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан” гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудад гурван үндсэн хүсэл эрмэлзлэл давхацаж байж илүү үр дүнд хүрсэн гэдгийг улс орны тэргүүн туршлагууд нотолдог.
Тухайлбал, баруун европ, Скандиновын хойгийн орнуудын авлигатай хийсэн тэмцэл үр дүнгүүд үүний нотолдог.
Нэгдүгээрт, тухайн улс орон, түүний засгийн газар авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл байгаа эсэх нь тэмцлийн хамгийн том хөдөлгөгч хүч байдаг.
Хоёрдугаарт, олон түмний авлигатай тэмцэж байгаа тэмцлийг дэмжих дэмжлэгүүд байдаг.
Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо гэсэн гурван зүйл үр дүнд хүргэдэг.
Авлигатай тэмцэх жилийн хүрээнд зарлаж байгаа авлигатай тэмцэх “Таван-Ш” үйл ажиллагааг танилцуулж байна.
- “ШҮГЭЛ ҮЛЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА”-г эрчимжүүл гэдэг үүрэг, даалгаврыг өгсөн. УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоогоо төгөлдөржүүлэн баталгаажуулах, шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг бататган хангах тал дээр Засгийн газрын холбогдох гишүүдийг үүрэгжүүлж, шүгэл үлээх үндэсний тогтолцоог бий болгох үүрэг өгсөн. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох үйл ажиллагаа юм.
- ШҮҮР АЖИЛЛАГАА. Энэ нь улс төрд, нийтийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байгаа. Нөгөөтэйгүүр авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулан ял шийтгэл нь гарцаагүй байх, холбогдон шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийг эрчимжүүлэн шалгах тал дээр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд хуулийн дагуу ажил зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.
- ШУВУУ АЖИЛЛАГАА. Сонсогдох байдлын хувьд сонин байж магадгүй. Энэ нь авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад улс орнуудад байгаа эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, шударга шүүхийн өмнө оруулж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах энэ чиглэлийн ажиллагааг зохион байгуулах ГХЯ, ХЗДХЯ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэгжүүлсэн.
- ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА. Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг хэрхэн улсын орлого болгож, хэрхэн хамгийн хэрэгцээтэй үйл ажиллагаанд захиран зарцуулах вэ гэдгийг шинээр хууль эрх зүйн орчин бүрдүүлж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг ХЗДХЯ-нд даалгаж байгаа.
- ШИЛЭН АЖИЛЛАГАА. Төрийн өмчит бүх компаниудын засаглалыг оны нэгдүгээр хагаст сайжруулахыг энэ Шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдсэн байгаа. Энэ хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн өмчит компани болгон дээр зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр ТУЗ гүйцэтгэх удирдлагыг томилох, зарим төрийн өмчит компаниудад гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох замаар нэн яаралтай 2023 оны эхний хагастаа төрийн болон орон нутгийн өмчит бүх компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгаж байна.
Мөн цахимжилтын ажлыг эрчимжүүлэх, төрийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тогтолцоог цахим руу шилжүүлэх ЦХХЯ-нд даалгаж, эрчимжүүлэх ажлуудыг үүрэгжүүлсэн. Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг УИХ-д шинээр хууль боловсруулж, өргөн мэдүүлэх замаар намуудын санхүүжилтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг болгосон.
Эцэст нь ёс зүйтэй, шударга өрсөлдөх, бизнесийн цэвэр орчинг бүрдүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Засгийн газрын сайд нарт даалгасан” гэлээ.
()
Discussion about this post