1937 оны есдүгээр сарын 10-ны орой Цэргийн яамны удирдах ажилтнуудыг одон тэмдгээ зүүж, ёслол төгөлдөр хувцаслаад дотоод явдлын яаманд цуглахыг тушаажээ. Юу болох тухай таамаггүй байсан тэдний одон тэмдгийг энгэрээс нь хуу татаж, бичиг баримт, буу, сэлмийг нь хураан шорон руу ачив. Үүний дараа тус яамны ажилчид үүр цайтал гадуур явж, төрийн сайд, намын удирдах албан тушаалтан болох 65 хүнийг дээлийг нь нөмөргөн гэрээс нь баривчилжээ.
Эрчүүдийн 15 орчим хувь нь хэлмэгдсэн
Ингэж олон жил монголчуудыг гашуун зовлонд унагасан их хэлмэгдүүлэлтийн шуурга эрчээ авсан. Өдгөөгөөс 80 жилийн тэртээ “Хэрэгтэн өөрөө хэргээ хүлээхээс өөр сайн нотолгоо байхгүй” гэсэн “онол”-оор Монгол эрчүүдийн 15 орчим хувийг хэлмэгдүүлж, 17 мянга гаруй ламыг хөнөөсөн энэ хэргийн учир шалтгаан юу байсныг эргэж нэг харъя.
Ихэнх судлаач хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан үзэл сурталд хэт автсантай холбоотой хэмээн тайлбарладаг. Эв хамтач нийгэм байгуулах гэсэн ЗХУ-ын удирдлагуудын хүсэл, Монголчуудын оюун санаанд хэдэн жилийн өмнөөс суусан хөрөнгөтнийг үзэн ядах сэтгэлгээ хэлмэгдүүлэлтийн хамгийн гол хөдөлгөгч хүч байсан гэж судлаачид үздэг. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судлаач, доктор, профессор С.Л.Кузьмин “Хэлмэгдүүлэлтийн гол үндэс нь үзэл суртал байсан. Леннизм, марксизмын онолд бусад үзэл суртлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ онолоор монголчуудыг хүмүүжүүлэх гэсэн оролдлого байсан. Үүнээс өмнө хаант засаглалтай Орос улс монголын уламжлалт байдлыг хүндэтгэх бодлого барьж байсан” гэв.
Гэвч түүхэн цаг үеийг бас бодолцох ёстой. Манжийн дарлалаас 200 жилийн дараа гарсан монголчууд арайхийн сэргэж байх үед ЗХУ-ын удирдагч В.И.Ленин таалал төгсөж, түүний залгамж халааг В.И.Сталин авсан. Тэрбээр зөвхөн Монголд ч бус Украин, Польш, Солонгос, Турк, Финланд, Болгар, Грек зэрэг орон ч хэлмэгдүүлэлт явуулсан. Түүний харгис бодлогын уршгаар эх орных нь 4-10 сая иргэн амиа алдсан бол дэлхий даяар 15 сая орчим хүн хэлмэгдсэн гэж үздэг. Тиймээс монголд болсон хэлмэгдүүлэлтийг “экспортолсон” гэж тодотгох нь бий.
Харин ХБНГУ-ын судлаач, доктор, профессор Удо Баркман “монгол орны гадна, дотор дайсан бий болсон гэх зохиомол айдсыг ЗХУ-ын удирдагчид бий болгосон. Эхлээд дайснууд ардын засгийг унагах гэж байна хэмээн мунхруулсан. Дараа нь Японы тагнуул, хөрөнгөтний гар хөл зэрэг зохиомол үзэн ядалтыг бий болгож, айлган сүрдүүлэх аргыг чадамгай ашиглажээ. Айдас, үзэн ядалт, сэтгэл хөдлөл нийлээд хувьсгалыг ийм түвшинд хүргэсэн” гэв.
Монголд болсон хэлмэгдүүлэлтийг “экспортолсон” гэж тодотгох нь бий
Аливаа төрийн эргэлт, цус урсгасан хувьсгалын хөдөлгөгч хүч нь хэт туйлшрал. Геополитик, цаг үеийн зайлшгүй нөхцөл байлаа ч олон түмний бусдыг даган дуурайсан, үзэл сурталд хэт автамтгай байдлаас шалтгаалан улам гүнзгийрч, гаардгийн жишээ бол хэлмэгдүүлэлт. Академич Ж.Болдбаатар “Бид хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгааныг сайн ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй. Түүхэн цаг үед болсон үйл явдалд өш хонзон санах арга байхгүй. Харин үүнээс гашуун сургамж авч улс төрийн элдэв хэрүүл маргаан, хагаралдаанаа хазаарлах ёстой. Их хэлмэгдүүлэлт бол В.И.Сталины гар хөл болсон Г.Г.Ягода, Н.И.Ёжов, Л.П.Берия нарын ЗХУ-д явуулсан харгис үйл ажиллагааны шууд хуулбар байсан” хэмээн онцлов.
Их хэлмэгдүүлэлтийн үед 25,824 хүн баривчлагдаж, шийтгүүлсэн. Үүнээс 20,822 хүнд цаазын ял оноожээ. Мөн 5103 хүнд 10 жилээс дээш, 240 хүнд арав хүртэлх жилийн ял өгсөн. Харин дөнгөж долоохон хүнийг сулласан байдаг. “Хэргээ өөрөө хүлээхээс илүү сайн нотолгоо” байхгүй гэсэн “онол”-ын дагуу хүний санаад оромгүй харгис аргуудыг хэрэглэж байсан талаар судлаач, түүхчид хэлж байна. Монгол хүнийг монголоор нь хөнөөлгөж, түүх соёлыг нь өөрсдөөр нь сүйтгүүлсэн түүхэн сургамжийг мартаж болшгүй.
Үүний уршгаар гэрээсээ дээлээ нөмрөөд гарсан эрчүүдийн хойно ар гэр, амьдралаа авч явах том ачааг эмэгтэйчүүд үүрсэн. Эцэг, эхээс өвлөсөн зүйлгүй, дутуу амьдралд өссөн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн ихэнх нь уруу дорой амьдарч байгаа талаар албаны эх сурвалж хэлэв. Гэвч улс төрийн хэлмэгдэгсдийг жилд нэг удаа ийнхүү дурсахаас биш тэдний үр хүүхдэд бодит тусламж өгч чадахгүй байгаа нь харамсалтай. Бусдын үзэл суртлаас “ургаж”, олон мянган хүний амьдралд бараан толбо болсон хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт нар хэзээ ч тусахгүй биз ээ.
Эх сурвалж сэтгүүлч Б. Баярмаа
()
Discussion about this post