Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөрхөн “Манай улсад гадны улсын ямар нэгэн шахалт, дарамт байхгүй” хэмээн мэдэгдээд байсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэрхэн дарамтад өртөж байгаа ярьсан талаар тус сонины сэтгүүлч Том Митчеллийн Монгол Улс хойд хөршөөсөө хэрхэн хамааралтай байгааг өгүүлсэн шинэхэн нийтлэлийг хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс болж дарамт шахалтад орж байна
Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгдээд агаарын тээврийн орлого алдагдаж, ОХУ-аас шаардлагатай хангамжийг импортлоход хүндрэлтэй байгаа зэргээр санхүүгийн хохирол учирсан гэж мэдэгдэв.
Украиныг ОХУ эзлэн түрэмгийлж, АНУ болон түүний холбоотнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авснаас хойш бараг нэг жил өнгөрсөн ч
Орос, Хятадын хооронд хавчуулагдсан 3,3 сая хүнтэй далайд гарцгүй ардчилсан улсад өнөөг хүртэл нөлөөлсөн хэвээр байна.
Монгол Улсын Ерөнхий сайд 42 настай Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Файнэншл таймс” сонинд өгсөн ярилцлагадаа
“Монгол Улс ардчилсан улс ч гэсэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнээс болж дарамт шахалтад орж байна. Энэхүү хориг арга хэмжээ нь “Бидний буруу биш ч гэсэн Монгол Улсын эсрэг давхар хориг арга хэмжээ болж байна” гэв.
Монгол Улс шатахууны хувьд ОХУ-c “бүрэн хамааралтай”. Оросын компаниудад төлбөр төлөх хүндрэлээс эхлээд тус улсын дээгүүр нисэж байсан агаарын тээврийн компаниудын орлого алдагдах гээд эдийн засагт олон сөрөг үр дагаварууд үүсч байна. “Украины нөхцөл байдал бол зөвхөн хоёр улсын мөргөлдөөн биш” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмж хэлэв. “Энэ нь дэлхийн эдийн засаг, ялангуяа Монгол Улс тэр дундаа далайд гарцгүй жижиг орнуудад асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь бусад улс орнуудад асар их нөлөөлж байгаа учраас хориг арга хэмжээг өргөн хүрээний судалгаанд үндэслэн ногдуулах ёстой.”
Нэгэн цагт Оросын агаарын орон зайгаар Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиакомпаниуд ч Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэж, үүний төлөө Улаанбаатарт “навигацийн төлбөр” төлж байжээ. ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсан нь Оросын онгоцнуудыг онилох Европын холбооны арга хэмжээний хариуд Москва Европын агаарын тээврийн компаниудыг хойд туйлын дээгүүр нисэх эсвэл Төв Ази болон Туркийг дамнан өмнө зүг рүү чиглэхээс өөр аргагүйд хүргэсэн юм.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисэх онгоц явж чадахгүй байгаа учраас бидэнд навигацийн орлого дутагдаж байна. Хоёрдугаарт, бид шатахуунаа Оросоос импортолж байгаа бөгөөд Оросын компаниуд болон банкууд хориг арга хэмжээнд өртөж байгаа тул төлбөрийн асуудалтай тулгарч байна.
Орост дайнтай холбоотой дизель түлш, наранцэцгийн тос, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний хомсдол нь “бидний өдөр тутам хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн тасалдахад” хүргэсэн гэж нэмж хэлэв.
Өнгөрсөн 10-р сард ХБНГУ-д хийсэн айлчлал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 8-р сард Улаанбаатарт хийсэн айлчлал зэрэг өнгөрсөн оны сүүлийн саруудад өрнөсөн дипломат харилцааны үеэр Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлыг онцолж байв.
Тухайн үеийн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ч мөн Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр томилогдсоныхоо дараахан өнгөрсөн оны сүүлээр Монголд айлчилсан.
Л. Оюун-Эрдэнэ “Украины нөхцөл байдалд Хятад, Европын холбоо, Герман асар их нөлөө үзүүлж байна гэж бид үзэж байна. Энэ хүрээнд би ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн, мөн БНХАУ-ын түншүүдтэй, ялангуяа Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцсан.
Чухал хангамжийн хувьд ОХУ-аас хамааралтай байдлаа харуулсан Монгол Улс нүүрс, зэс болон бусад түүхий эдийн экспортынхоо хэрэгцээнд Хятадын эрэлт хэрэгцээнд адилхан хамааралтай. Тус улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, зэс, 20 хувийг алт, төмрийн хүдэр эзэлдэг.
Арваннэгдүгээр сарын сүүлээр Л.Оюун-Эрдэнэ Хятадтай хил дамнасан шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагааг тэргүүлж, Засгийн газар нь тахлын өмнөх жилийн 30 орчим сая тонн нүүрсний экспортыг жил бүр 80 саяд хүргэнэ гэж найдаж байна.
“Монголын экспортын 90 хувь нь Хятад руу ногдож байгаа бөгөөд Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Мөн бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүнээр хараат байна” гэж Ерөнхий сайд хэлэв. “Гэхдээ Монгол бол парламентын засаглалтай ардчилсан улс бөгөөд манай улсын хүмүүсийн сэтгэхүй, нийгэм нь тэдгээр орноос тэс өөр. Монгол далайд гарцгүй, гэхдээ бидний оюун ухаан түгжигдээгдээгүй” хэмээв.
И.Бат Toim.mn
()
Discussion about this post