Монголын түүх бол өөрөө тэмцлийн түүх гэхээсээ янз бүр “deal”-үүдийн түүх. Нүүдэлчид асар прагматик, аль нь ашигтай аль нь ашиггүй вэ гэдгийг л тооцдог учир элдэв мухар сүсэг, хийсвэр үзэл баримтлал, үнэнч шударгуу зангаар маруухан. Тулаанд яаж ийгээд ялахаа л бодно, илт ялагдах тулаан таарвал амиа хорлож тэнэгтэхгүй, хамгийн ашигтай deal л хийнэ. Хятад, Солонгос, Япончууд шиг нэр төрийнхөө төлөө тэнэг юм шиг амиа хорлосон нэг ч монгол жанжин, удирдагч байдаггүй юм. Илт давуу дайсны өөдөөс тэнэг царайлж орилж дайрах солонгос киноны үзэгдэл нүүдэлчдэд хэзээ ч байгаагүй.
Мэдээж deal гэдэг нэгийг өгөөд нөгөөг авнаа л гэсэн үг, тэгэнгүүт мэдээж нэг хэсэг нь талархалтай үлдэж нөгөө хэсэг нь хохиролтой хоцрох нь жам. Чингис хаанаас хойш бүх үндэстнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч баатарлаг төрийн зүтгэлтэн байхгүй. Хубилай хаан, Галданбошигт, Занабазар, Лигдэн, Амарсанаа Чингүнжав, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал гээд хамгийн том нэрс нь дандаа л ард түмний тал нь шүтдэг, тал нь дургүй хүмүүс байж таардаг. Дэлхийг хамгийн тайван байлгадаггүй гаж имперлист том хоёр хөршийн дунд угаасаа тэмцэл гэхээсээ deal хийж л тэсэж үлдсэн түүхтэй, тиймээс Монголд баатар төрөх боломжгүй. Ямар нэг deal хийж л аврагдаж үлдэнэ. Ажаад байхад Солонгосын түүх манайхтай их төстэй, бас л хачин гаж имперлист Хятад, Япон гэсэн хоёр хөрштэй, бас л олон удаагийн deal хийж байж одоогийн хүчирхэг солонгос үндэстэн бий болж. Баатарлаг тэмцэгч нар байхгүй учир баатарлаг түүх харин сайн зохиож байх шиг харагддаг. “Fortress” гээд Манжид дагаар орж буй түүхийн хэсгээрээ хийсэн нэг солонгос кино онгоцны суудалд санаандгүй үзсэн юм, ойрын үед хамгийн сэтгэгдэл төрүүлсэн кино. Тухайн үеийн солонгосын төрийн арчаагүй байдал, урвалт шарвалт, түшмэдийнх нь бэртэгчин чанар, эцэстээ манжийн хааны өмнө гурав сөгдөж, ес ёслодог энэ тэр гээд яаагг манай түүхийг хуулаад биччихсэн юм шиг үйл явдал. Киноны гол дүр нь харин солонгостоо бол манай Шанзав Бадамдорж шиг байнга муулуулдаг, муу нэртэй нөхөр шиг байгаа юм, Манжийн хаантай хамаг deal-ийг зохион байгуулж буй мөртлөө сайнаар гарч харагдана лээ. “Танай манай хоёр улс хоёр балай том хөрштэй, яг ижилхэн зовлонтой шүү..” гээд гадаад харилцааны тал дээр зовлонгоо ойлголцвол солонгосчууд манайхтай илүү дотносохоор ч юм шиг санагддаг юм.
Товчхондоо Монголчууд бид тэмцэгч биш “deal nation”. ОТ гэрээ жишээ нь нэг том deal, С.Баярыг тал нь шүтдэг, тал нь үзэн яддаг. Тэр байтугай УБ хотын газрын наймаа ч бас нэг “big deal”. Утаандаа дарагдаад л байдаг, хэн тэр утааг гаргаад байгаа юм бэ? Замбараагүй газар олголт гээд л байдаг, хэн тэр орон сууцуудыг худалдаж аваад байгаа юм бэ? Жэнко нүүрсний deal -д оролцож чадаагүй хоцорсондоо шаралхаж бүх хүчээ зориулсан. Ардчилсан хувьсгал ч тэмцэл гэхээсээ deal байсан. Тухайн үеийн комунист төр ардчилсан жагсагчдын бүх шаардлагыг биелүүлж, гагцхүү МАХН-г л тараахгүй үлдээе гэсэн deal л байсан юм. Ер нь манайд ч тийм сүрхий комунист төр байгаагүй дээ, Зөвлөлтийн комунистуудтай deal хийсэн нүүдэлчид л байсан. Нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн ганц лидер Чингис хааны төр харин үндэстний шашин болж үлджээ. Прагматик нүүдэлчид христ, шарын шашныг амьдралд хэрэгтэй, ахуйн шинжтэй дагахаас биш сэтгэлийн гүнд үзэл бодол, чигч шугам хэзээ ч болгодоггүй. Ийсүүс, Мухамедын зургийг шоглобол ямар ч монгол хүн уурлахгүй, харин Чингис хааны зургийг нэг нь доромжилбол бослого гарч мэднэ. Энэтхэгчүүд үхэр шүтдэг, махыг нь идэж зүрхэлдэггүй. Харин прагматик нүүдэлчид чоно, адуу хоёрыг шүтэж ч чадна бас агнаж, төхөөрч ч чадна. Чингис хааныхаа зургийг шүтэх мөртлөө архины шилэнд наагаад хог дээр хэвтэж байвал “Энэ бол зүгээр бизнес юмаа” гээд тоохгүй өнгөрч чаддаг. Үндэстнийхээ онцлогийг бүгдээрээ нэг ойлгочих хэрэгтэй ч юм шиг, надад бодогдсон ойрын үеийн бодол нэг иймэрхүү л байна.
()
Discussion about this post