(1884-1910)
Энэ бол миний хэрхэн хүмүүн болж, яаж лам болсон тухай өгүүлэл болой. Ингэхээр би төрсөн үеийнхээ, орчин, өөрийн төрсөн ядуу гэр, Энх-Амгалан хааны (1662-1723) үед Монгол орноо анх ирснээс хойш тав дахь Дилав хутагт болж хэрхэн хувилсан тухайгаа өгүүлсүү. Би өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүй боловч Онхот овгийн хүмүүн гэдгийг мэдэх бөлгөө. Миний эцгийг төрөх цагт өвөг аав маань 86 нас зооглосон хүн байжээ. Ийм учир түүнийг ямагт хятадаар “Па-Ши-Лиу” буюу “Наян зуу” гэж дууддаг байсан ажээ. Муу юмнаас болгоомжилж, харь хэлээр тийнхүү хэлдэг байсан байна. Би бээр аавынхаа 67-той байхад төржээ. Миний бие Засагт хан аймгийн Түшээ гүн хошууны Баян хошуу хэмээх уулын өмнө орших Ойгон нуураар нэрлэгдсэн Ойгон баг гэдэг газар гадаад Монголын өрнөд хэсэгт мэндэлсэн болой. Засаг ноён маань Цогт-Самбар (Загдсамбар) гэгч хүн байв. (Гадаад Монгол тэр үед дөрвөн аймагтай байсан үе). Би Бадаргуулт төрийн есдүгээр (1884) он буюу Бичин жилийн аравдугаар сарын 8-нд Луу цаг буюу нар мандах үеэр төрсөн юм. Би нэг эгч, нэг ахтай байсан бөгөөд тэд маань намайг төрөх үед 14, 10 настай, ээж маань 48 настай байлаа. Манайх ядуу малчин удамтай бөгөөд гэрт аж төрдөг байв. Намайг төрсний дараа жил 20 хонь, 4 үхэр, хоёр морьтой болжээ. Манай нутагт тэмээ ховор тул манайх тэмээгүй. Сарлаг элбэг боловч манайд байгаагүй. Миний төрсөн жил бэрх жил болж, өвлийн зуднаар мал их үхжээ. Энэ хатуу өвлөөс өмнө манайх арай ахиу малтай байсан аж. Аав маань ямагт малаа дагана. Тэрээр 85-тайдаа өөд болсон юм. Намайг төрсөн тэр өвөл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан хэмээн олон хүн ярьдагсан. Тийм хачин гэрэл гарч, тийм настай айлд хүү төрсөн өвөл ямар нэг шидтэй юм болж байна хэмээн хүмүүс боджээ. Иймээс намайг “Мөсөн тахлын эзэн” гэж нэрлэсэн бөгөөд миний жинхэнэ нэр бол Жамсранжав байсан юм.
ДИЛАВ ХУТАГТ Б.ЖАМСРАНЖАВ (1884-1965) ӨӨРИЙН НАМТАР. 2-р хэсэг
Миний төрсөн газар, Нарванчин хэмээх том хийдээс 30 орчим бээр зайтай байлаа. Энэ хүрээнд хоёр хутагт (амьд бурхан) байсны нэгийг нь Нарванчин хутагт, нөгөөг Дилав хутагт гэдэг байж л дээ. Хийдэд удаан жасаалсан хутагт нь Нарванчин гэгээн, шашны номтой хутагт нь Дилав байжээ. Хоёул, миний мэндэлсэн жил насан өөд болжээ. Гэрэл бадраад байхаар нь улс амьтан Нарванчин хутагт дахин мэндэлж байна гэж бодох болжээ. Хийдийн хүмүүс “Нарванчин хутагтаа хаанаас эрж олох вэ” Дилав хутагт хаанаас олдох вэ” хэмээн ярилцах болжээ. Дилав гэгээн (миний өмнөх дүр) 28 настайдаа зуны тэргүүн сард бие баржээ. Тэрбээр Цогт хэмээх уулын агуйнуудад нямба хийж байсан ажээ. Зарим салбар агуйнууд сайтар судлагдаагүй үлдсэн гэдэг. Буцах замдаа тэрбээр Улиастайд түр саатаж, хэд хоногоор архи зоогложээ. Мөн үеэр Улиастайд Гүн Бандид гэж алдаршсан бас нэг том лам морилж байжээ. Тэр лам миний төрсөн хошууны хүн байсан бөлгөө. (Хошуу бол хэзээнээс овгийн уугуул нутаг байлаа. Зүүн дөрвөн аймаг тус бүр 20 хошуутай байжээ.) Энэ лам хэдийгээр оточ нэртэй боловч мөн сархад нилээд залдаг хүн байсан гэдэг. Монгол хүн ганцаараа архидна гэж үгүй. Хятад, Төвд хүн шиг өрсөлдөн уух дуртай бөгөөд бие биенээ шахсаар бусдыгаа унагаж чадвал бах болгоно. Согтоно гэдэг заримдаа санааных. Миний өмнөх хутагт маань Засагт хан аймгийн дээгүүр нэгэн түшмэлтэй хааяа сархад хүртдэг байж л дээ. Нэгэнтээ тэрхүү түшмэл Улиастайд морилон хоёул удаан архидаж айлчин согтсон төдийгүй архи барагдаж байх шиг байжээ. Хутагт ч өөрөө архи сайн даадаг хүн байж. Хэрэв зочин хүн эзний архийг шавхаад босоо хэвээр үлдвэл Хутагт дийлдэх учиртай тул гүйлгүү ухаантай сөнч нь Хутагтын нэрийг аварчээ. Тэрбээр тостой цаасаар доторлосон том том ваарыг нааш цааш зөөж усаар дүүргэжээ. Хятадын худалдаачид ийм ваартай, гал шиг архийг Монголд тэмээн жингээр авчирдаг байсан билээ. Нэг ваартайг нь хоёр хүн өргөхөөс наашгүй тийм хүнд ажгуу. Тэднийг сархад зооглож суух зуур хэд хэдийг зоорь руу зөөж хийгээд зочныг урьж харуулж гэнэ. Аян замын уртад архинд нэвширсэн ваарнуудаас сархад хүчтэй ханхалж байжээ. Тэгэхээр нь зочны ар дээр алгадаж, “Алив уух юм зөндөө байна. Буцаж сууж ууцгаая” гэж хутагт хэлж гэнэ. Санаагаар цадна гэгчээр хэчнээн их архи хөнтөрснөө гүйлгэн бодож, дийлэхийн даваан дээр цааш ууж чадахгүй болтлоо зочин согтож, Дилав хутагт нэр бүтэн салжээ. Дилав хутагт, Бандид ламын хамт гурав хоног архиджээ. Тэгээд Бандид лам Хутагтын бараа бологч хиа нарыг дуудаж, “Эзэн чинь явах гэж байна. Битгий яв хэмээн гуй” хэмээжээ. Үүнийг сонсоод хутагтынхан нэн сандарч, Хутагтад очиж хэлжээ. Учир нь Бандид ламын үг нь “Эзэн чинь өөд болох гэж байна” гэсэн утгатай байж. Дилав ер хирдхийсэн янзгүй “Бид Нарванчин руугаа буцнаа. Би дөч хүртэл насална” гэжээ. Нарванчинд эргэж очсоноос хойш нэн удалгүй өвдөж нас баржээ. Зөнгөөрөө 40 нас хүрэх биш дөч хоног амьдрах учиртай хүн байжээ. Энэ зуур Нарванчин хүрээнээс 30 бээр буюу гурав хоногийн газар миний төрсөн нутагт ойр аж төрдөг байсан Бандид лам гэртээ ирсэн байжээ. Хутагтыг өөд болсон өглөө босоод бараа бологчдоо “Дилав хутагт хүрээд ирэв” гэж хэлээд, мөргөлийн гэртээ заларчээ. Дилав хутагтын сүнс Бандид ламын нутагт ирэв гэж Нарванчин руу хэл хүргүүлжээ. Энэ нь миний төрөхийн өмнөхөн болсон хэрэг. Шинэ Дилав хутагтыг тодруулахаар бусад амьд бурхдад хэл хүргүүлжээ. Зарим нь шоо орхиж, зүгийг гаргах нь зүйтэй гэж байхад зарим нь 108 эрихээр мэргэлж, зарим нь бодол болно. Онгод оруулж, чойжин дуудаж ярих боловч хэвийн болсон хойноо юу хөөрөлдсөнөө эс санана. Иймэрхүү маягаар эрлийн чигийг тодорхойлж, Дилав хутагтын өөд болсноос хойш удалгүй жирийн бус байдалд төрсөн гэж үзсэн 40 орчим хүүхдийн нэрийг нутгийн сүм хийдэд гаргажээ. Заримдаа шинжээч нар зориуд хэрэг болгон хөдлөх боловч гол төлөв ердөө л нэрийг хүлээн авч хариу чимээ тасардаг байв. Нарванчин хийдийн хүмүүс гурван жил орчим нэрийг судалж, шодох дарах зэргээр сонгож байжээ. Гэвч тэр цагийн ёсоор шинээр тодрох амьд бурханыг нэрлэх эцсийн шийдийг Бээжин дэх Манжийн эзэн хаан гаргах ёстой байсан учир үлдсэн нэрсийг түүнд өргөн барьсан ажээ. Энэ үед би хоёр гурван настай байжээ. Би хөндлөн тавьсан хашааны шургааг модыг морь болгон унаж, “Завхан цагаан тохой руу буцаж явна аа” гэж наадах дуртай байжээ. Манай гэрийнхэн айлынхаа улсаас, цаадуул нь бусад хүнээс үүнийг асуух боловч тийм газрыг мэдэх хүн ер гарахгүй байжээ. Гэвч Завхан голын ойролцоо тийм нэртэй нэгэн хөндий Хятадаас Улиастай орох замд байсан ажээ. Намар тэнд айл бууна. Энэ хөндий хөндлөөшөө таван бээр (8 км) бөгөөд таван мянган адуу, арван мянган хонь өлхөн бэлчээрлэнэ. Тэр цагт Гончиг гэж бие барсан Дилав хутагтын хойт эцэг байсан ажээ. Намайг хутагтын хойт дүр хэмээх яриа гарсан болохоор Гончиг гуай учрыг лавлахаар манайхаар буужээ. Тэр өдөр, түүнийг ирэхээс өмнө, “Миний гэрээс өнөөдөр нэг хүн ирнэ” гэж би хэлж байжээ. Би Гончиг гуайн ирснийг биечлэн санадаг юм. Тэр хүн ширвээ хар сахалтай туранхайвтар хүн байсан бөгөөд дээлэн дээрээ үстэй хантаазтай, хоёр бараа бологчтой явлаа. Нэг нь зарц бөгөөд нөгөө нь албаны хүн байв. Энэ хүнийг үзээд, надад нэг их мэддэг хүн шиг санагдаж байлаа. Би Гончиг гуай руу явж очсонд тэрээр завилж суугаад намайг өвөр дээрээ авсан юм. Ээж маань гурван зочинд цай аягалах болоход Гончиг гуай цай уухаар өврөөсөө мөнгөн дотортой бяцхан аяга гаргаж ирэв. “Яалаа гэж, наадах чинь миний аяга” гэж намайг хэлэхэд Гончиг гуай уйлж, намайг тэвэрч аваад гэрийн хойморт бурханы өмнө байдаг миний суух дуртай жижиг сандал дээр суулгав. Будаг нь бараг хуурч унасан жирийн л нэг сандал байсан бөгөөд би бараг түүнээс салдаггүй байсан юм. Гончиг гуай миний өмнө сөхөрч гурвантаа мөргөн надад хадаг болон нөгөө мөнгөн аягаа, шинжааны үзмээр дүүргэн барилаа. Би тэр аягыг гадаад монголоос гарахдаа сууж байсан хийддээ орхин орхитлоо хадгалж билээ. Энэ аяга миний өмнөх дүрийн аяга байсан бөлгөө. Намайг өмнөх хутагтын хойт эцгийг болон аягыг нь таньсан шинэ Дилав хутагт гэнэ гэсэн үг нэн хурдан тархжээ. Гончиг гуай манайхаар орсон үе, миний хийдэд очсон үе хоёрын хооронд юу болсныг би санадаггүй юм. Гэхдээ тэр үед л Бээжинд эзэн хаан намайг баталсан юм. Намайг таван настай байхад хийдэд аваачлаа. Хаврын адаг сар (4-р сар) газар бас л цастай үе байж билээ. Хийдийн элч нар морилон ирж, манай гэрийн гадна буудаллаж, ээж маань тэднийг угтахаар хөл болж байсныг би санадаг юм. Өдөр нь би элч нарын буудлын орчмоор наадаж, үдэш нь болохоор уйлж, ээжийнхээ гэрт очьё хэмээн гуйж, заримдаа тэд нартай явна гэж, заримдаа үгүй гэдэг байлаа. Намайг гэрээс явахын өмнө залах ёслолын үеэр хүзүүнд сахиус зүүж өгсөн, нутгийн нэгэн түшмэл согтуу байсан хоёроос өөр юм би санадаггүй. Намайг явахаар, гэрийнхэн маань бүх л мал хөрөнгөө, тэр ч байтугай нохдоо аван дагаж нүүсэн бөгөөд хожим нь хийдийн ойролцоо бууж билээ. Би тэмээн тэргээр аялж очсон юм. Зуны тэргүүн сард хийдэд хүрч очлоо. Том лам нар хийдийн горооны гадна угтах ёслолд цугларан, миний залрах өдрийг төлөг тавьж тогтоожээ. Энэхүү ёслол ямаршүү байсныг мэдэх боловч нарийн ширийн явдлыг нь санадаггүй юм. Миний ирсний дараахан, билгийн улирлын зургаан сарын арван таванд Нарванчин хийдэд болдог байсан Мандал өргөх ёслол боллоо. Энэ нь зуны их ёслолтой тун ойрхон болдог байсан юм. Мандал нь газар бүрт өөр өөр цагт болдог байлаа. Тухайлбал Их Хүрээнд намар болдог байв. Энэ үеэр морь уралддаг, их хөлтэй баяр болдгийг би санадаг бөлгөө. Анх намайг хийдэд аваачиж, гэр маань ойрхон буусан тэр цагт гэртээ харихсан гэж их мөрөөддөг байж билээ. Лам нар намайг аргадан хориглож, удалгүй гэрийнхэнтэйгээ улам цөөн учирсаар хийдэд байж даслаа. Гэр маань зуны цагт хийдэд ойрхон буудаг бөгөөд өвөл хол нүүгээд явчихна. Удалгүй би Төвд хэл сурч, таван настайдаа Төвд үсэг таньдаг боллоо. Зургаатайдаа 3000 шологтой номыг түвэггүй тогтоодог болов. (Нэг шолог нь 36 үгтэй гэвэл 108 000 үг гэсэн үг) Долоон настайдаа, үүний ихэнхийг монгол руу орчуулж сурав. Зургаан настайгаасаа хуралд хурж эхэлсэн бөгөөд уншлага тогтоож, шашны ном заалгаж, 12 нас хүрэхэд Төвд хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс Төвд рүү орчуулж чаддаг болсон юм. Гэхдээ би Төвд ярианы хэл мэддэггүй, гагцхүү бичгийн хэлийг нь сурсан байлаа. Шашны утга учрыг аажим аажмаар мэддэг болж байсан агаад заримыг нь багшаараа заалгадаг байсан.
(Эх сурвалж: “Бидний Монголчууд” цуврал, “Ариун сэтгэл, Авралын үндэс” – “Дилав хутагт Б.Жамсранжав. Хэвлэлд бэлтгэсэн Л.Чойжилсүрэн. Цувралыг эрхэлсэн Ц.Гомбосүрэн.
()
Discussion about this post