Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг. Энэ хүрээнд 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж байгаа бөгөөд цахим брайл төхөөрөмж болон “сонсдог” номын сангийн үйлчилгээг үзүүлж байна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 200 гаруй төрлийн 5000 гаруй монгол брайл номтой. Түүнчлэн орос, англи хэлээрх брайл сэтгүүлүүд бий. “Сонсдог” буюу Дэйзи форматын 1000 гаруй номын фондтой аж. Мөн харааны бэрхшээлийн улмаас хэвлэмэл ном, сэтгүүл болон бусад материалыг унших боломжгүй иргэдийн боловсрол, соёл, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахаар тэмтэрч уншдаг буюу цахим брайл төхөөрөмж, “сонсдог” буюу Дэйзи форматтай ном, сэтгүүл, “Epub” буюу цахим номын фондоор үйлчилж буй.
Хүртээмжтэй технологийг хөгжүүлэгч
Харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан технологийн шийдлүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн Монголын анхны номын сан бол Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш “Epub” буюу цахим номын форматыг нэвтрүүлэн, өнөөг хүртэл амжилттай хөгжүүлж байгаа юм. Мөн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулан “Орбит 20” цахим брайл төхөөрөмж, “Дэйзи” ном уншигч программыг хөгжүүлэн, ашиглаж байна. Тус программуудыг судалж, нутагшуулсан хүн нь Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл. Тэрбээр 2002 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерын дэлгэц уншигч программын хамгийн анхны хэрэглэгч болж байжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийг төгссөн тэрбээр дээд ангийнхаа сул хараатай төгсөгчтэйгөө хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл харилцааны технологийг Монголд анх санаачлан, хөгжүүлж эхэлсэн байна. Харин 2010 оноос Улаанбаатар хотын нийтийн төв номын санд олон улсын “Дэйзи” технологийг нэвтрүүлэх төслийн хүрээнд ажиллаж байгаад номын сандаа мэргэжилтнээр үлджээ.
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл:
-Номын сангийн салбарт, тэр дундаа Улаанбаатар хотын нийтийн төв номын санд мэргэжилтнээр ажиллаад 13 жил болсон байна. Түүнээс хойш харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж болон “Дэйзи” ном уншигч технологиудаа хөгжүүлж байгаа. Бид хотын хэмжээнд болон зарим орон нутаг дахь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан нийтийн номын сангийн үйлчилгээг хүргэдэг. Анх цаасан брайл ном, CD, хуурцагт бичсэн аудио номоор үйлчилдэг байв. Дэлхийн мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг дагаад олон зүйл цахимжсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлыг шийдэхэд ч нөлөөлсөөр байна. Тухалбал, брайл цаасаар ном хийхэд өртөг өндөр бөгөөд хугацаа их шаарддаг. Нэг номыг брайлаар хэвлүүлэхэд дор хаяж хагас сарын хугацаа орно. Харин тухайн номыг сканердаад, бичмэл файлаар төхөөрөмжид уншуулахад хоёр хоногийн дотор цахим номоо бэлэн болгох боломжтой. Ер нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлүүд Монголд 2010 оноос нэвтэрсэн. Эдгээрийг Монголд нутагшуулах, хөгжүүлэх ажлыг санаачлан, номын сандаа анхлан нэвтрүүлээд явж байна гэлээ.
Цахим брайл төхөөрөмж
Хамгийн анхны кириллээр бичдэг, монгол хэлээр уншдаг төхөөрөмжийг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим болон олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэгтэйгээр бүтээж байжээ. Ийнхүү 2015 оноос цахим брайл технологийг судалж, хөгжүүлэлт хийн, 2018 оноос “Орбит 20” нэртэй төхөөрөмжөө номын сангийн үйлчилгээндээ анхлан нэвтрүүлсэн байна. Зөөврийн компьютерт цахим брайл төхөөрөмжөө холбон, ном болон бусад төрлийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, тус төхөөрөмжийн тусламжтай интернэтэд хайлт хийх, компьютер дээр ажиллах, бүх төрлийн файлыг үг, үсэг, өгүүлбэр, багана, мөрөөр сонсох, брайл төхөөрөмжийн тусламжтай тэмтэрч унших боломжийг бүрдүүлснээрээ онцлог аж.
“Дэйзи” ном уншигч төхөөрөмж
“Дэйзи” нь эх бичвэрийг уран уншигчийн хоолой, дуу, дүрстэй синхрон хийж хувиргасан аудио номын формат юм. Тус төхөөрөмжийг 2019 онд монгол хэлээр уншдаг программтайгаар номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Өмнө нь аудио ном сонсохдоо тоглуулах, зогсоох зэрэг дөрөвхөн үйлдэлтэй тоглуулагч ашигладаг байсан бол “Дэйзи” ном уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэмэл ном уншиж буй мэт үг, үсэг, хуудас, бүлэг, гарчгаар нь уншин бичвэрээр нь хайлт хийх боломжийг бүрдүүлжээ. “Дэйзи” ном уншигч төхөөрөмжид “Epub” цахим номын сангаас ном хуулж байршуулаад сонсох боломжтой. Хард диск, флаш зэрэг төхөөрөмж рүү мэдээлэл хуулдаг шиг цахим номоо хуулаад сонсох аж.
Олон улсын жишгийг Монголд нутагшуулна
Дээрх программуудыг монгол хэлээр хөгжүүлэн, нутагшуулж буй М.Цэнгэл “Технологи хөгжсөний ачаар бид энгийн зөөврийн компьютерыг ашиглаж чаддаг болсон. Ингэснээр зөөврийн компьютерт тус төхөөрөмжүүдээ холбоод ном болон бусад бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Жирийн хүмүүс компьютер, гар утсыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэж байна, яг түүн шиг л хөгжөөд явах боломж бидэнд бий. Миний хувьд мэдээлэл технологийн салбарт сонирхолтой бөгөөд ажилдаа маш их дуртай. Олон улсад харааны бэрхшээлтэй иргэд ашиглаж болохуйц ямар шинэ шийдэл гарч байна, тэр болгоныг л монгол хэлээр нэвтрүүлж, нутагшуулахыг зорьдог. Энэ бүгдийг номын сангийн удирдлагууд, хамт олон болон хамтран ажилладаг байгууллагууд маань ямагт дэмжиж байдаг. Шинэ технологийн шийдлүүдийг судалж, хөгжүүлэх төв манай номын санд бий. Уг төвөөс гарсан шинэ технологиудаа номын сангийн үйлчилгээндээ анхлан нэвтрүүлдэг. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд бусад орон нутгийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүд, тусгай сургуулиуд, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллагуудад түгээн дэлгэрүүлж байна” хэмээсэн юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх үүднээс тусгай төхөөрөмжүүдийг хэрхэн зөв ашиглах талаар сургалтуудыг зохион байгуулдаг аж. Цаашид цахим брайл төхөөрөмжийн тоог олшруулж, технологийн шийдлүүдийг илүү олон хүнд хүргэхээр зорьж байна. Олон улсын жишигт харааны бэрхшээлтэй иргэд сургуульд боловсрол эзэмшихээс гадна нийтийн номын сангийн үйлчилгээний тусламжтайгаар хөгждөг болсон. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн зүгээс уг жишгийг Монголд хөгжүүлэхээр зорьж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
()
Discussion about this post