Ж.Нэргүй
Найман сарын бороо зүсрэн ордог тэнгэрт
Намайг “хариулдаг” бурхадын Ижий гэдэг “харуул” бий.
Нандин зүрхний нулимс эгшиж үзээгүй хорвоод
Нойтон сормостой ижийн минь түмэн үдшийн залбирал бий.
(Өөрийн шүлгээс)
Хэдэн жилийн өмнө, хэд дэх удаагаа ч билээ, осолд ороод эмнэлгийн орон дээр хадагдан хэвтэж ахуйдаа ийм нэгэн шүлгийн бадаг тэрлэснээ мартаж чаддаггүй юм. Басхүү өнөөг хүртэл дуусгаж чадаагүй минь үнэн билээ. Цаашаа ердөө ч явж өгдөггүй юм. Ээжийнхээ тухай үүнээс сайн юм олж хэлж чадахгүй мэт санагдаад…
Цагаан цоройгоо тасартал тээсэн ижийнхээ ачийг хариулж амжихуйц хорвоогийн түмэн цагаан өдрүүдийг ардаа хийчихээд, хар сайхан үсийг нь өнжсөн хөх тариа шиг цайлгачихсан хойноо ч “ээлжит” осолд бодолгүй толгойн болчимгүйн харгайгаар орсныгоо ээжийнхээ өр лүү өшиглөснөөс долоон дорд сэтгэж, зүрхнийхээ шиврээгээр чихнийхээ омгийг угаан байж билээ, би тэгэхэд. Би азтайдаа амьд үлдсэн юм биш, харин үрийнхээ төлөө хэдэн дүнчүүр маани уншсан ижийн минь л гавъяа. Тээр жил нутагтаа амрахаар майхан тогоо шанагаа буу сумтайгаа аваад, авгай хүүхдээ Оросын СМУ-гийн дүүрэн шатахуун ачсан МАЗ машины бүхээгт чихэн, залуугийн харгайгаар жолооных нь ард даналзаж яваад цэлийсэн талд ганцхан байдаг бараг таван метрийн гүнтэй Дөчийн шороо гэгч нүх рүү унахдаа “Ээж ээ, ээж ээ л гэж аав хашгираад байсан” гэж хүүхдүүд дараа нь ярьсан юм. Машин доошоо бөмбөрөөд л, одоо л нэг зогсох бол уу гэхээс байдаггүй, би ч ижийгээ дуудаад л. Ижий минь намайг сонсоод бид хэдийгээ амьд авч үлдээсэн гэдэгт огтхон эргэлздэггүй. Бас нэгэнтаа замын хажуугийн тарвага буудах гэж усны тэрэгний бүхээгнээс үсэрч буухдаа арын хоёр дугуйн доогуур нь орчихсон юм. Мөн л ижийгээ дуудан ёолоод байсан гэдэг. Ижийгээ дуудахыг минь сонсоод газар дэлхий минь элгээ хонхойлгон байж нүгэлт хар гөрөөчнийг амьд үлдээсэн биз ээ.
Аяа, ижий хайлан минь дээ! Өнгө-мөнгөний дөрвөлжин зайд хоргодон өөр нутагт оршин суугааг минь ойлгон уучлах цорын ганцхан ижий мину! Нэгэнтаа “Сэтгэл чинь хазгар биш бол хөл чинь хазгар хамаа юу, сэрмэгэр гурван үрээсээ түрүүлээд битгий үхчихээрэй!” хэмээн загнасныг нь санагалзан эдүгээ би ижийнхээ тухай хөргийг зориглан баривай. Эх хүн, эцэг хүн үрийнхээ төлөө л амьд явдгийг ганцхан шад шүлгээр ухааруулсан нь энэ буюу.
Алтан наранд багц, багцаар туяа илгээж
Алтай, Хангайд аяс аясаар салхи ургуулж
Намайг төрүүлсэн эхийн тухай дуугаа үл дуулбаас
Намайг тээж яваа алаг дэлхий
тэнхлэгээ буруу эргэх бий вий.
Миний ижий даанчиг залуухан, даанчиг бардам ахуй цагтаа ааваас минь тавын таван өнчин хүүхэдтэй үлдэж, даанчиг хатуу хорвоо, даанчиг гашуун зовлонг туулсан хүн дээ. Ямартай даа л, тэр нэгэн жилийн тасхийм хүйтэн өвлийн жавраар машинтай хүн гуйж гувшин байж хүүхдүүдээ аван аавынхаа шарилыг онголсон газар луу гарахад минь хэдэн ачдаа “За та нар даарсан ч даараагүй юм шиг, өлссөн ч өлсөөгүй юм шиг яваарай. Хөлдсөн ч хөлдлөө гэж битгий дуугараарай, битгий л аав, ээждээ дараасан болж үзээрэй” хэмээн захиж байхав дээ. Зовж өссөн хүн л ийм үг захинаа даа. “Хэзээ ч хүнээс өршөөл, энэрэл гуйж үзээгүй гөеөгийн захиас энэ” гэдгийг ач нар нь ойлгосон байх аа.
Дарьгангын Молцогийн хийдийн гавьж байсан аавыг нь 1938 оны дөрөвдүгээр сарын 20-нд баривчлан Чойбалсан аймгийн Аюулаас хамгаалахын шар хашаанд хорьж байгаад Хэрлэнгийн урд эргийн Цагаан хошуу хэмээх мөргөцөг дээр буудчихсан юм гэдгийг би сүүлд олж мэдсэн. Анхных нь өнчрөл тэр юмсанж. Дарьганга нутгийн олон хүүхэдтэй эх нь аргагүйн эрхэнд гурван настай бага охиноо үрийн зулай хайсан Байшинтын дивизийн нэгэн офицерынд өргүүлчихэж. Хоёр дахь өнчрөл нь тэр юмсанж. 39 онд Японы бөмбөгдөлтөөс зугтан Хэрлэнгийн дэрс рүү гүйж явснаа одоо ч мартдаггүй юм. Өргөсөн аав нь 1945 онд чөлөөлөх дайнаас шархтай ирээд Баянтүмэний цэргийн эмнэлэгт амьсгал хурааж. Гуравдахь өнчрөл нь тэр юмсанж. Өргөсөн ээж нь сар ч бололгүй сэтгэлийн гунигаар явчихаж. Дахиад л өнчрөл. Ингээд өргөсөн ээжийнхээ төрсөн ахынд очиж. Азаар тэр хүн нь Оросын буриад нутагт төрсөн сийрэг ухаантай данагар хүн байж. Гэлээ ч түүнээс хойш ээжийн минь өнчрөл тасраагүй юм билээ. Одоо төрсөн ганц эгч Умбажаатайгаа газар дээр хоёулхнаа торойн хоцорч…
Ижий минь эцэг, эхээс тавуулаа байсан, бид ч аав л ижийгээсээ тавуулаа билээ. Тиймээс ч тэр үү, хааяа бидэнд гомдохоороо баруун гарынхаа таван хурууг урагш сарвайлган харуулж “Та тав яг миний энэ таван хуруу шиг илүү ч үгүй, дутуу ч үгүй заяасан. Алийг нь ч хазсан адилхан л өвдөнө” гээд тэргэн дугуй шиг том нүднээсээ тэмээн дайтай нулимс бөмбөрүүлж гарна. Өөрийгөө өрөвдөөд өр нь цөмрөх мэт. Бас тэр гараараа гайгүй сайн зодчихож чадна. Бүтэлгүй хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө өвтгөн хашрааж буй нь тэр гэж би одоо тэнэглэн боддог юм даа. Тэр гар нь бол гурав амьдрахын чинээний ажил хийсэн, гурав амьдрахын дайны ачаа өргөсөн гар. Аавын бие муудаж, амьсгаатай байгаа эсэхийг нь ч мэдэхгүй яаран сандран эгчтэйгээ хоёул Ононгийн цөнд цохиулчих шахан гатлаад ирэхэд ижийн минь тэр гар л өнчирсөн хоёр нүдний минь нулимсыг арчсан. Анхны хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хүргэгдсэн эхнэртээ санаа зовсон юмгүй, гитар тоглон гэртээ хэвтэж байхыг ээж минь ирж харчихаад над руу үнсний малтуураа тэр л гараараа шидэж билээ. Амин хайртай отгон охиноосоо хагацахад минь тэр гар л “Битгий уйл даа, миний хүү, битгий уйл, хорвоо гэдэг чинь хатуу шүү” гэдэг үгээрээ ёгхийх зүрхийг минь тайтгаруулан илж байсаан.
Аяа, ижий минь, алтанхан үндэс минь ээ! Аавыг өнгөрчихсөний хойд өдөр бид хоёрыг ирэхэд ижийн минь дандаа л хөлрөн улаа бутарч явдаг залуу сайхан царай нь ширмэн тогоо шиг падан хар болчихсон байсан. Гуч дөнгөж л гарч явсан байжээ, ижий минь. Тэгэхэд тавдугаар ангийн пацаан би өнчрөл хагацал хар өнгөтэй байдгийг анх таньсан биз. Зовлон ямар өнгөтэй байдгийг Ижий бурхан үгээр тайлбарладаггүй юм билээ.
Ижий минь гэхдээ дэндүү сайхан нүүрийн буянтай хүн дээ. Ямар муу даа л манай Ус сувгийнхан /Дорнодын/ “Инженер ээ, ээжийнхээр чинь орж сүүтэй цайг нь ууж, боорцгийг нь жаал шомбодох уу?” гэцгээдэг байж дээ. Энд тэнд таваргаж явах нь таарвал яаж ийгээд гэрт нь хүргээд л өгчихнө. Ээжийн хийсэн боорцгийн амттайг яана. Залуудаа лам явсан эцгээс минь сайн сурсан нь тэр л юм гэнэ лээ. Одоо ч хадам хоёр хөгшин маань ээжийн хийсэн хавсайг цайндаа хөшиглөн суухыг л санааширдаг юм даа. Норовлиндоо байхад ч ялгаагүй. Нэгдэлд шинээр томилогдон очсон эмч, багш, даргынх, хэнийх нь ч ялгаагүй манайхаас л цайныхаа сүүг зөөнө, манайд л нялх нойтон хүүхдүүдээ авчраад хаячихна. Одоо тэгж өсгүүлж байсан хүүхдүүд нь их л том болсон дуулддаг юм. Гэхдээ харин ижийг минь санадаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Хөдөөгийн л сургуулийн дөрөвдүгээр анги төгссөн саальчин бүсгүй ижий минь гэхдээ хэнээс ч дутуугүй бичиг үсэгтэй, уран цэцэн хэллэгтэй гэдэг нь жигтэйхэн. Тэр нь дал дөхсөн насандаа одоо ч хэвээрээ. Хүргэн ахын болон манай хүү нар томроод ирэхээр иднэ гэдэг нь гүйцэгдэхгүй. Тэгсэн чинь нэг удаа “Идэж ууж ханадаггүй ингэ шанаган толгойтнууд” гээд ээж хэлчихсэн чинь гэр дүүрэн инээдэм болж билээ. Хэрвээ би ганц хоёр үг хэлхэж сурсан юм бол тэр маань ижийгийн минь л шууд нөлөө. Заримдаа дүү нартай, хэзээ хойно шүү дээ, мөрий тавиад цээж бичиг бичихэд тэд маань ерөнхийдөө тавиад л туучихсан байдагсан. Бичгийнх нь хэв гаргацтай, цэвэрхэн гэдэг нь шагширмаар. Ижий минь тэгээд “Би та нар шиг сургууль соёлыг дүүргэж чадсан бол өдийд Удвал гуайгаас нэг ч их дутаа ч уу, үгүй ч үү” гээд л онгирчихно.
Ижий минь залуудаа даанч эрэмгий, даанч бардамхан байж билээ. Агт морь, хөсөг тэмээг ямар ч муухан эрээс дутуугүй эдэлчихнэ. Ямартаа л нутгийн өвгөд “Давхиж яваа бол Уламбаярын Чулуун л биз” гэдэгсэн. Нэгэн зүйл санаанаас ер гардаггүй юм. Тээр жилийн зун айхтар үер бууж Улзын гол үерлэчихэв ээ. Тэгсэн чинь манай нэг үнээ Улзын хойно тугаллачихаж. Яагаад ч тэгж орой тугалласан юм бүү мэд. Ээж ч харуутаа мордоод “пар”, би ч мордоод “пар”. Улзын хоёр эрэг хаана байгаа нь мэдэгдэгдэхгүй цэлэлзээд, хар хоормог эрчилж байнаа. “Улз их ууртай байна аа, одоо яана аа” гэж л бодохоос өөр юм санаанд орсонгүй. Морьд маань ус руу ордоггүй ээ. Хамар нь хуухираад, эргэж цахлаад байх юм. Гэтэл ээж минь буун харайгаад жолоогоо над руу шидчихээд шууд л хормойгоо шуугаад ус руу орчихлоо. Голын ус хоёр сугаар нь татаад авангуут “Миний ээж ээ, буцаач дээ, тэр муу тугал яадаг юм бэ, буцаач дээ, миний ээж ээ” хэмээн чарлахыг минь тоолгүй цаашаа л яваад байх юм. Сүүлдээ ч нулимсандаа харанхуйлаад нүдэнд юу ч харагдахаа болив. Нулимсаа арчаад нэг харахад ээж минь голын цаана гарчихсан нөгөө муу тугалын чинь шөмбөн хошууг шомбойлгон үнсээд тэврэн авч юугаа ч ярьж байгаа юм, эх рүү нь ч зандраад байх шиг, тэгснээ ус руу орж гүехэн газрыг нь аажуу уужуухан тэмтэчсээр гараад ирсэн юм. Нялх амьтан гэхээр амиа тавьчихдаг жинхэнэ монгол эмэгтэйн бишрэм чанар энэ буйзаа.
Ааваас хойш төрөл саднаа татан Чойбалсан хот руу шилжиж, өнчин хэдэн хүүхдийнхээ хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэх гэж ёстой л эгэм, чих хоёроос минь татан байж өсгөсөн хүн бол ижий минь билээ. Буриадуудын хэлдгээр, “бүсээ чанга бүсэлж, сүхээ чанга атгаж” явж дээ. Нулимсаа дотогшоо залгиж, хөлсөө гадагшаа асгаж үрээ өсгөсөн ижийнхээ ачийг яанам билээ. Саальчин явсан “хөдөө царайтай” ижий минь Дорнодын Дамжлага баазад тарваганы арьсны “дарга” болж, европ руу гаргадаг экспортын бүх арьсыг 23 төрлөөр төвөггүй ангилж чаддаг ганц хүн нь байлаа. Тэр арьсаар нь Монгол Улс мөн ч олон жил нүүрээ тахласан даа. Мөн хөөвөр, ноос ялгаж, тоосыг нь сэгсэрч, өлөн соортолж, ноолуур үүрч, бас хажуугаар нь уран сайханд “Бээжин лам”-ыг дуулж, гэрээ ганцаараа дулаалж, идшээ ганцаараа хийж… Тэглээ ч ээж минь, “Амьдралын хүндээ үүрүүлэх хүнтэй болъё, насны эцэст данхтай цайгаа хуваалцах ханьтай болъё” гэж бодоогүй дээ, бодоогүй. Цэл залуухнаараа аавыг минь орлон үлдээд…
Ижийгээ л гомдоохгүй юмсан. Хазгар ч гэсэн, үзэг, цаас нийлүүлэн амиа зогоож яваа үр нь билээ л, би. Үй түмэн олныхоо оюун ухаанд өчүүхэн ч цэнэг хийсэн шиг ээ л…
Цагийн урсгалд алтан нарны
Өчүүхэн ч атугай туяа байваас
Цагаан цоройгоо тасартал тээсэн
Ачийн тань хариу тэр буюу!
Одоо ч ижий минь яг л урьдынх шигээ, “Архи ууж байна уу, чи?” гэж хөдөөнөөс утасдаад л. Аягүй бол хүрч ирээд хөгширсөн хүүгээ зодох нь л дээ.
Аяа миний ИЖИЙ ХАЙЛАН!
“Засгийн газрын мэдээ” сонин.
1998. 03. 07.
Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” – 1 уран сайхны хөрөг нийтлэлийн номоос
()
Discussion about this post