Сангийн сайд асан С.Баярцогт өөрт нь холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, цагаадсан тухай Швейцарийн холбооны улсын прокурорын тогтоолыг нийслэлийн Прокурорын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
-Танд холбогдох хэргийн үйл явц хэрхэн өрнөж, ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөөч.
-Анх 2016 онд хэрэг үүсгэхдээ Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтай хийсэн. Ингэхдээ авлига авч, мөнгө угааж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй гэсэн хэргүүдийг үе шаттайгаар гаргаж тавьсан. Тэгээд 2018 онд тодорхой хугацаанд цагдан хорьсон. Хэрэг Улсын дээд шүүхээс дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Бүтэн жилийн турш дахиж нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, 2022 оны 06 дугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж, үүсгэсэн байсан албан тушаалын байдлаа ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон.
Яг энэ хэргийг Швейцарийн холбооны улсад үүсгэсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Монголын хоёр, гурван бизнесменийг Швейцарьт аваачиж, мэдүүлэг авсан Швейцарийн холбооны улс, Хонконг, Австралийн хууль хүчний байгууллагуудыг оролцуулж, өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм билээ. Швейцарийн холбооны улсад үүсгэсэн авлига авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн Швейцарийн холбооны улсын Холбооны прокурорын тогтоолыг Швейцарьт байгаа миний өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны 08 дугаар сарын 24-нд надад ирүүлсэн.
Би өнөөдөр энэ тогтоолыг хэвлэл мэдээллийн оролцоотойгоор нийслэлийн прокурорын газрын Тамгын газарт хүлээлгэн өгч байна.
-Тэгэхээр таныг цагаатгасан гэсэн үг үү?
-Энэ хэрэг зургаан жил шалгагдсан. Монголын улстөрчдийн дотроос ийм олон улсын хууль хүчний байгууллагаар нэгэн зэрэг шалгагдсан улстөрч ховор байх. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй. Аливаа шийдвэрт ямар нэг нөлөө орсон байх гэж үздэг. Хууль дээдэлдэг Швейцарь, Австрали, Хонконг гэсэн улсуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй нь тогтоогдож, хэрэг хэрэгсэхгүй болж, цагаадсандаа би туйлын их баяртай байна.
Монголын хууль хүчний байгууллагуудад ч хүн засагладаггүй, хууль засагладаг эрин үе ирсэн гэдгийг харуулж чадсан шийдвэр гаргасанд би туйлын баяртай байна. Зургаан жилийн хугацаанд сайн, муу нэр зүүж явсан ч зөвхөн нэг улс биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор гэм буруугүй нь нотлогдож, цагаадсан шийдвэр гарсан.
-Таныг хэлмэгдүүлсэн үү?
-XX зууны түүхийг хар, Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд дандаа хэлмэгдэж байсан. Тэр хүмүүс хувь хүн хэлмэгдэж болно. Монголын хувь заяа төөрч болохгүй гэсэн сэтгэлтэй байсан. Миний хувьд ч энэ үзэл бодлыг агуулж, улс төрийн бодлогодоо ч байнга хэрэгжүүлж явна. Би хэн нэгнийг буруутгах эсвэл хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл, сонирхолгүй байна. Үнэнийг олж, цаашаа нэгдэж нийлээд явах ёстой.
Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг хийж, гарын үсэг зурсантай холбогдуулан үүссэн. Монголын эдийн засгийн авч явж байгаа хэдхэн төслийн нэг нь Оюутолгой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гуравдагч орны хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол Улсад маш их хэмжээний доллар оруулж ирэхээс гадна шинэ технологи, ноу-хау, компанийн соёл оруулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулдаг. Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орсон учраас энэ том төслийг сайлах, муулах үзэгдэл байнга байсан. Тэрийг би ойлгож байна.
Цаг хугацаа бүхний шалгуур. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт орсны дараа Монгол Улсын төсөв, эдийн засагт хамгийн нөлөөтэй, хамгийн том төсөл болсон гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс энэ гэрээг хийсэн, энэ гэрээнд гарын үсэг зурснаас болж улс төрийн дайралт ирж байсан. Энэ дайралтыг давж гарна, ойлгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.
-Таны цаашдын зорилго юу вэ, улс төрд эргэн ирэх үү?
-Би зургаан жилийн хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Би улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ ихэвчлэн Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудлууд, Сангийн сайдын хувиар төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан. Ийм хэрэгтэй нүүр тулсны дараа Монгол Улс Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс төгөлдөр болгож төлөвшүүлж чадаагүй гэдгийг мэдэрсэн. Бид хууль засагладаг хэлбэр рүү оруулж чадаагүй юм байна. Хүн засагладаг, хараат байсан гэдгийг ойлгосон. Тиймээс би цаашид хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана.
-Монголын өнөөгийн нөхцөлийг та хэрхэн харж байгаа вэ?
-Яг одоо Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж гарч байна. 1989, 1990 онд Монгол өөрөө өөрийгөө шинээр тусгаар тогтнуулах үүлэн чөлөөний нар гарсан. 2009 онд монголчууд хэнээс ч асуухгүйгээр хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрсдөө хийх боломж гарсан. Яг одоо монголчууд бидэнд эдийн засгаа сэргээж, дахин сэргэн мандах боломж байгаа шүү.
Дэлхийн геополитикт маш том хэмжээний өөрчлөлт орсон ийм үед монголчууд бид хамгийн түрүүнд эвтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Нөр их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг даван гарах ёстой.
Монголчууд хоорондоо эвдрэлцэн муудалдаж байхдаа доройтож, эвлэлдэн нэгдсэн үедээ сэргэн мандсан түүхтэй.
()
Discussion about this post