Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв. Тодруулбал, Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье аяны хүрээнд холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм. Тус аяныг улсын хэмжээнд есдүгээр сарын 2-ны өдрөөс аравдугаар сарын 2-ныг хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулах аж.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 190,000 гаруй өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний зуух, яндан, пийшингийн стандарт буюу зөв хэрэглээг иргэдэд сурталчлан таниулах болон угаарын хийн мэдрэгч нь ажиллаж байгаа эсэхэд бид хяналт тавьж байгаа. Энэхүү ажлыг манай 500 гаруй хяналтын ажилчид хийж гүйцэтгэж байна. Одоогоор нийслэлийн Налайх дүүргийг оруулаад 70,000 гаруй өрхийн угаарын хийн хордлогыг дэлгэц дээр хянаж байгаа. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албаны засвар үйлчилгээний хэлтсийн 7011-9400 утсаар иргэдийн дуудлагын дагуу яндан, зуух засварлах ажлыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар 190,000 гаруй өрхөөс 16,000-17,000 өрх зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай байгаа талаар судалгаа гарсан. Намрын галлагаа эхлэхээс өмнө яндангаа хөөлж, галлагаанд бэлтгэсэн байх ёстой” хэмээн хэллээ.
Discussion about this post