Нэгдсэн Үндэстний байгууллагын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын ажилтан Ц.Батболд бичив.
Том түүхийн сургамж
Өнөөгийн бидний үе үүрдийн мэт дассан олон улсын харилцааны эрх тэгш ёс зүй, НҮБ-ын системд тулгуурласан энх тайванч хамтын ажиллагааны тогтолцоо өнөөдөр популист үндсэрхэг үзлийн галд дахин өртөж байна. Дэлхийг хамарсан хоёр их дайн, Америкийн хамгийн сайн хоёр Ерөнхийлөгчийн амь насны үнээр бий болсон хүн төрөлхтний энэ дээд ололт эвдэрч ухрах ямар аюултайг мэргэжилтэн судлаачид анхааруулах боллоо. Энэ нь ялангуяа Монгол шиг жижиг буурай орнуудад хамгийн халтай тул, зөвлөлтийн нөлөөнд байсан бид харьцангуй муу мэдэх түүхийн сургамжийг тоймлон илэрхийлэхийг оролдов.
Үндсэндээ 20-р зуун гартал хүчтэй нь эрхтэй (might is right) зарчим олон улсын харилцаанд ноёрхож, эдийн засаг, зэвсэглэл нь түрүүлж хөгжсөн Европын цөөн том орон дэлхийг хуваан эзэгнээд байв. Эхлэж баяжсан Испани, Португалийн колониуд тусгаар тогтносон боловч, шинээр аж үйлдвэржсэн Голланд, Англи, Францын их гүрнүүд Ази, Африкийн бараг бүх орныг колонио болгож, Австри-Унгарын болон Оттоман Туркын эзэнт гүрнүүд Өмнөд Европ, Ойрхи Дорнодыг эзэлсэн байв. Христийн ортодокс шашин, Славян үндэс нэгтэй Оросын дэмжлэгтэйгээр Балканы хойгт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөснөөр Оттоманы эзэнт улс задрах цагаа хүлээсэн “Европын өвчтөн” болсон нь их гүрнүүдийн өрсөлдөөнийг хурцалж, хожуу аж үйлдвэржсэн учир колонигүй хоцорсон Герман Япон хоёр бас эзэнт гүрэн болохыг мөрөөдөх төдийгүй шаардаж байв.
Оросын тухайд
9-р зуунд Скандинавын Рурик удмын ноёдын удирдлагаар үүсгэн байгуулсан Киевийн Русийг Монголчууд мөхөөж, өөрийн гол холбоотон болгон хүчирхэгжүүлсэн Москвагийн вангууд нь сүүлдээ Алтан ордын үлдэгдэл болсон Крым, Казань, Астрахань, Сибирийн ханлигуудыг эзэлснээр 16-р зуунаас бусдыг нэгтгэн томрох үйл явц эхэлжээ. Гол нь хойд мөсөн далай шиг хөлддөггүй гарцтай болохын тулд Балти, Каспи, Хар тэнгисийн зүг тэмүүлж байсан боловч тэр үедээ хүчтэй байсан Швед, Польш-Литов, Туркын ширүүн эсэргүүцэлтэй тулж байсан тул бараг эзэнгүй, хөгжил дорой зүүн ба өмнөд зүгт “гэрлийн хурдаар” тэлэв. Гэвч Орос Японы дайнд ялагдсан нь хаант засгийн нэр хүндийг унагааж, нийтийн үймээн дэгдээсэн байна. Анх удаа хаанд зөвлөх эрхтэй Дум байгуулж, тариачдад газар худалдан авах эрх олгох зэрэг улс төрийн реформ эхлүүлсэн боловч төдийлөн үр дүн өгсөнгүй, 1905 оны 1-р сард жагсагчдыг буудсан “Цуст ням гараг”, 6-р сарын Потемкин хөлөг онгоцныхны бослого хожимын хувьсгалын очийг асаав. Ерөнхийлөгч Теодор Рузвельт зуучлан АНУ-д хэлэлцээр хийснээр Орос дайны төлбөрөөс мултарсан боловч Порт Артур, Өмнөд Сахалиныг алдаж, Солонгосыг эзэгнэх Японы эрхийг хүлээн зөвшөөрчээ. Үүний төлөө Рузвельт 1906 оны Нобелын шагнал хүртсэн бол Японд дайны олзоо голсон эсэргүүцлийн жагсаал гарч байсан гэдэг.
Хятадын хувьд
Боомт хотууд нь барууны мэдлийн хагас колони “Азийн өвчтөн” болсны дээр аж үйлдвэрийн түүхий эдээр баялаг Манжуурт Орос, Япон, Германы ашиг сонирхол мөргөлдөж байв. 1895 онд Японд ялагдсанаар Порт Артур боомт орчмын (одоогийн Далиан хот) нутгаа алдах болоход Герман, Орос, Франц эсэргүүцэж оронд нь дайны төлбөр нэмүүлсэн байдаг. 1898 онд Орост Порт Артур боомтыг түрээслэх, тэр хүртэл төмөр зам барих эрх өгсөн боловч 1904 оны 2 сард Япон довтлон эзэлсэн байна. 1908 онд Манжийн бэлэвсэн хатан нас барснаар үндэсний мэдрэмж эрс сэргэж, ялангуяа баруунд сурсан сэхээтнүүдийн дунд хөрш Энэтхэг шиг бүр колони болчихгүй, Японы жишгээр барууныг дууриан хөгжих реформист үзэл хүчтэй болов. Тэдний гол төлөөлөгч Иан Фу Милз, Смитийн эдийн засгийн бүтээлүүдийг орчуулж, Лиан Чичао барууны улс төрийн онолыг ухуулж, Гаваид дунд сургууль, Хонг Конгод анагаахын дээд төгссөн Сун Ят Сэн Америкийг дууриасан Үндсэн хуультай болохыг санал болгож байв. Тэрээр Японд байгуулсан бүлгэмээ бусад хувьсгалчидтай нийлүүлэх замаар Коминдан намыг үүсгэн, 1911 оны хувьсгал эхлэхэд Америкаас ирж удирдагч нь болсон боловч 1912 оны 2-р сард Манжийн төрийг огцруулах тохиролцоо хийсэн, цэргийн бодит хүчтэй хойд мужийн захирагч байсан Юан Шикайг шинэ төрийн тэргүүнээр сонгосон байна. Гэвч 1916 онд Юан Шикай нас барснаар төв засгийн хяналт суларч орон нутгийн цэргийн захирагчдын замбараагүй ноёрхлын үе эхэлжээ.
Дэлхийн нэгдүгээр дайн
Тэр үед даяаршил одоогийнхоос ч өндөр түвшинд хүрч, аж үйлдвэржилт технологийн дэвшил тархан, олонх орон алттай холбосон үндэсний хатуу ханштай байсны нөлөөгөөр гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн хөгжил хурдсаж байв. Жишээ нь Орост гадаадын, ялангуяа Францын зээл, хөрөнгө оруулалттай аж үйлдвэржилт эрчимжсэнээр 1890-ээд оноос ДНБ-ий өсөлт хоёр дахин нэмэгдсэн байна. Ийм нөхцөлд олон орныг хамарсан дайн гарна гэж хүмүүсийн санаанд багтахгүй байсан гэдэг ч, том гүрнүүд нэгнийгээ боож тэнцүүлсэн стратегийн гэрээнүүд байгуулж, зэвсэглэлээр улайран хөөцөлдөж байв.
Ингээд Австри-Унгар эзэн хааны үе залгамжлагчийг нь Серби гаралтай 19 настай оюутан Боснид буудан алсанд буруутган 1914 оны 8-р сарын 1-нд Сербид дайн зарлахад түүнийг хамгаалах гэрээтэй Орос айлгах санаатай байлдааны бэлэн байдал зарлатал, маргааш нь Австри-Унгарын холбоотон Герман Орост дайн зарлаж, хоёр өдрийн дараа мөн цэрэг дайчилгаа зарласан Оросын холбоотон Францыг довтолсон байдаг. Тэгэхдээ Бельгийн нутгаар дамжиж дайрсан тул төвийг сахих статусыг нь батлан даах гэрээтэй Англи нэг өдрийн дараа Германд дайн зарлаж, түүнээс хоёр өдрийн дараа Австри-Унгар Орост дайн зарласан тул Англи Франц хоёулаа Австри-Унгарт бас дайн зарлав. Өөрөөр хэлбэл хоёрхон долоо хоногийн дотор дэлхийн дайн дүрэлзэв. Үндсэрхэг үзэл орон бүрт дээд зэргээр хөөрөгдөж, дайснаа дор нь ялна гэсэн залуучууд цэрэгт мордохоор хөөрч байсан байдаг. Улмаар Оттоманы эзэнт улс Төв эвсэлд, Хятад дахь Германы эзэмшлийг авах хүсэлтэй Япон Холбоотнуудтай нийлсэн байна. Харин Герман, Австри-Унгартай харилцан туслах гэрээтэй байсан Итали тэднийг түрэмгийлэлд эхлэж өртөөгүй гэсэн шалтгаар цааргалж байгаад Австри-Унгарын нутгаас шагнал авах нууц гэрээтэйгээр Холбоотнуудын талд оржээ. Эцсийн дүнд төвийг сахисан Голланд, Дани, Испани, Норвеги, Швед, Швейцарь зэрэг орнууд л дайныг тойрч чадсан гэдэг.
АНУ-ын хувьд
Тусгаар тогтноход нь гол тус болсон Франц хуучин эзэн Англитай зөрчилдөж, талдаа татах гэж шахдаг байсан үеэс л бусдын хэрэгт оролцохгүй хөндий байх (isolationism) бодлого баримталж, Ерөнхийлөгч Moнрoгийн үеэс Европын гүрнүүдийг Америк тивийн асуудалд оролцуулахгүй гэж (Monroe doctrine) зарласан байв. Мөн хүн ам бүхэлдээ эрх чөлөө, ардчиллыг дэмжих талдаа боловч, дайны эсрэг байсан тул төвийг сахихаа мэдэгдсэн байдаг. Аль нь ч нэгнийгээ дийлж чадахгүй 4 жил үргэлжилсэн энэ дайн зөвхөн Герман тээврийн усан онгоцнуудыг нь дайрч, Америкийн эсрэг Мексикийг нууцаар турхирсан нь илэрсний дараа АНУ Холбоотнуудын талд орж хүчний харьцаа шийдвэртэй өөрчлөгдсөнөөр л 1918 оны 11-р сарын 11-нд дуусав. Дайн хамгийн их хохирол амссан Орост нэн хүнд туссан байдаг. Холбоотнууд ялвал Газрын дундад тэнгист гарцтай болох олон жилийн мөрөөдөл нь биелэх байсан боловч эхнээсээ Германд ялагдаж байдал хүндэрснээс дотоодын эсэргүүцэл хурцдаж, 1917 оноос үймээн жагсаал ширүүссээр 2-р сарын хувьсгал болсноор хаан огцорч социалист Керенскийн түр Засгийн газар байгуулагдав. Хэдийгээр Австри-Унгар, Туркын цэргийн эсрэг генерал Брусилов нэлээн амжилттай байлдсан боловч, дайн үргэлжлүүлэхийг эсэргүүцсэн большевикүүд “Энх тайван, газар, талх” уриатайгаар 11-р сард Октябрын хувьсгал хийн засгийн эрхийг авав. Энд түр засгийн газраас Германы тагнуул гэж зарлан баривчлахаар хайж байсан Ленинийг Швейцариас нууцаар ирүүлж, хувьсгалыг санхүүгээр дэмжиж байсан Германы тусгай албад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Большевикүүд ч амласныхаа дагуу нэг сарын дараа дайнаас гарснаар Герман ихээхэн хэмжээний цэрэг зэвсэг зүүнээс баруун фронтод шилжүүлж чадав. Үндсэндээ цус урсгалгүй хувьсгал хийсэн боловч, 1918 оны 1 сард болсон зохион байгуулах ассамблейн (Всероссийское Учредительное собрание) сонгуульд ялагдаж, өрсөлдөгчдийнхөө эсрэг “улаан террор” зарласан нь иргэний дайн, өлсгөлөнд хүргэж, гадаадынхан цагаантнуудыг дэмжив.
Тэр үед Америкийн ерөнхийлөгчөөр Принстоны их сургуулийн профессор байсан улс төр судлалын доктор Вилсон ажиллаж байсан ба 1918 оны 1-р сарын 8-нд дайны дараах олон улсын харилцааг яаж өөрчлөх хэрэгтэй тухай алдарт “14 зүйл” саналаа дэвшүүлэв. Түүнд орсон гол заалтуудыг дурдвал:
1. Нууц дипломатын практикийг халж, зөвхөн ил тод хэлэлцээр гэрээгээр олон улсын харилцааг зохицуулж байх
2. Олон улсын гэрээнд заасан хамтын ажиллагаанаас бусад нөхцөлд далай тэнгис ашиглах, зорчих эрх нийт оронд нээлттэй байх
3. Худалдааны аливаа хязгаарлалтыг арилгаж, улс хоорондын эдийн засгийн харилцааг бүрэн чөлөөтэй болгох
4. Улс орны аюулгүй байдалд тохирсон хэмжээнд хүртэл зэвсэглэлийг хорогдуулах, тэгэх олон улсын баталгаа бүрдүүлэх
5. Колонийн асуудлуудыг тухайн ард түмний бүрэн эрх, ашиг сонирхлыг үндэслэн туйлын шударгаар (open minded and impartial) шийдвэрлэх
6. Оросын бие даасан улс төрийн сонголтыг хүндэтгэн гадаадын бүх цэргийг гаргах, эрх чөлөөт улс орнуудын нийгэмд нийлэхэд нь туслах…
14. Том жижиг бүх орны улс төрийн бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж баталгаажуулахын тулд бүх улс үндэстний нэгдсэн холбоог байгуулах. Энэхүү сүүлийн зүйлийн ард НҮБ-ын анхны хэлбэр болсон Үндэстний Лигийн тухай түүний сайтар бодож боловсруулсан санал байлаа. Их гүрнүүд энх тайвныг сахиулах лиг (league) байгуулахыг ерөнхийлөгч Рузвельт Нобелын шагнал авахдаа анх уриалсан байдаг. Вилсоны саналд холбоотнууд нь тийм ч дуртай биш байсан боловч ялалтад оруулсан АНУ-ын хувь нэмэр, дайнаас залхсан дэлхийн олон нийт, ялангуяа ялагдсан гүрнүүдийн харьяалалд байсан ард түмний энх тайван, эрх чөлөөний төлөө шаардлага хүчтэй байсан тул эсэргүүцэж чадаагүй гэдэг. Мөн дайн өдөөсөн гол буруутан учир бага хуралд оруулаагүй Герман Вилсоны 14 зүйлийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, бууж өгөхөд нь биечлэн зуучлахыг хүссэн явдал ч нөлөөлжээ. Ингээд энхийг тогтоох Парисын бага хурал эхлэхэд Вилсон даргалсан үндэсний лигийн дүрэм боловсруулах хороо байгуулагдсанаар 1919 оны 4-р сарын 28-нд санал нэгтэй баталсан байна. Тэр нь ялагдсан орон бүртэй байгуулсан гэрээнүүдэд тусгагдсан төдийгүй, ардчилсан сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй учир ард түмнээ төлөөлөх эрхгүй гээд бага хуралд оруулаагүй зөвлөлт засгийн үндэстний бодлогод ч нөлөөлсөн гэдэг.
Харамсалтай нь Америкийн Сенат дахь бүгд найрамдах намын сөрөг хүчин “Ийм олон улсын хамтын аюулгүй байдлын системд оролцох нь Америкийн бодлогыг хязгаарлаж, Европын зөрчил мөргөлдөөнд хутгалдуулна” гэж эсэргүүцсээр, батлахад шаардлагатай гуравны хоёроос 7 санал дутаасан нь лигийн ирээдүйг бүдэгрүүлжээ. Вилсон өөрөө энэ байгууллагын ач холбогдол, Америк яагаад дэмжих хэрэгтэйг ухуулан орон даяар кампанит ажил хийж явсаар хэт ядралд орж цус харваснаар 64 насандаа нас барсан.
Үндэстнүүдийн Лиг
Улс хоорондын маргааныг хэлэлцээр, арбитрын аргаар шийдвэрлэж, зэвсэглэлийг тууштай хорогдуулах замаар дайнаас сэргийлэх зорилготой энэ байгууллага Женев дэх одоогийн НҮБ-ын ордонд 1920 онд ажлаа эхлүүлэв. Мөн одоогийнх шиг 9-р сард гишүүн (63) бүр нэг саналтай Ерөнхий Ассамблей хуралдаж, бусад үед гол асуудлыг Англи, Франц, Итали, Япон гэсэн 4 байнгын гишүүн, 4 жилээр сонгогддог 9 байнгын бус гишүүн санал нэгдэж шийдвэрлэдэг байв. Дүрэмд заасанчлан, холбогдох талуудын хүсэлтээр маргааныг таслах буюу хууль зүйн дүгнэлт өгөх Олон улсын байнгын шүүх Гаагад байгуулав. Ингэснээр жижиг буурай орнууд хуулийн өмнө адил тэгш эрхтэй болж, колони хэвээр орнууд ч олон улсын хяналтын дор яваандаа тусгаар тогтнох агуулгатай Мандатын системд хамрагдав. Мөн АНУ-ын санаачилгаар 1921 онд Вашингтонд болсон бага хурлаар том оврын байлдааны хөлөг онгоцны дээд хязгаарыг Англи, Америк 500, Япон 300, Франц, Итали 167 мянган тонн багтаамжаар, 1930 оны Лондонгийн хурлаар Англи, Америк, Японы жижиг оврын цэргийн усан онгоцны харьцааг 10:10:7-оор тогтоосон нь их гүрнүүдийн стратегийн сөргөлдөөнийг сааруулахад том алхам болов.
Лиг дайны дараах тулгамдсан олон асуудлуудыг зохицуулж, дэлхийн эдийн засаг харьцангүй түргэн сэргэх нөхцлийг бүрдүүлж чадсан боловч, АНУ, Герман, ЗХУ-ыг оруулаагүй, шийдвэрийг нь биелүүлэхгүй нөхцөлд эдийн засгийн хоригоос өөр авах арга хэмжээгүй байсан нь түүний үр нөлөөг хязгаарлаж байв. АНУ-ыг татан оролцуулах Францын чармайлтаар аливаа маргааныг дайны аргаар шийдэхийг хориглосон Келлог-Бриандын (2 орны гадаад явдлын сайдууд) гэрээ 1928 онд байгуулагдаж, эцсийн дүнд 63 орон нэгдсэн байна. Гэвч 1932 онд Женевт болж 60 орон оролцсон зэвсэглэл хорогдуулах бага хурлаар довтлох чанартай зэвсгийг хориглох тухай АНУ-ын саналыг (Герман, ЗХУ дэмжсэн) бусад гүрнүүд хүлээн аваагүй байна. Хамгийн гол нь Лигийн дүрэм, зарчмыг илт зөрчсөн Герман, Итали, Японы түрэмгий үйлдлүүдийг зогсоож чадаагүй нь дахин дайнд хүргэсэн байна. Үүнд бусад орнууд энх цагт шилжиж цэрэг стратегийн нөлөөлөл суларснаас гадна, дэлхийн эдийн засгийн их хямрал гол хүчин зүйл болсон байдаг. Жишээ нь дэлхийн нэгдүгээр дайны ихэнх байлдаан нутагт нь болсон Франц сүйдэж Англи, Америкаас холбоотнууддаа, түүний дотор Орост өгсөн зээл төлөгдөх найдваргүй болсны улмаас Версалын гэрээгээр Германд асар өндөр төлбөр ногдуулжээ. Вилсон эсэргүүцсэн боловч Лигийг цэрэгтэй болгох Францын саналыг өөрөө, Англи, Франц Германд дахин довтолвол АНУ туслах баталгааг конгресс унагаасан байсан тул дийлээгүй байдаг. Америкт одоогийнх шиг хувиа бодох (America first) хөдөлгөөн өрнөж, импортын татвараа нэмэгдүүлэх бодлого баримталсан нь Герман, Австрийн банкны дампуурлаас эхэлсэн эдийн засгийн хямралыг дэлхийд тараах ташуур болжээ.
Энэ нь бүх бурууг бусдад тохох үндсэрхэг милитарист үзлийг дэвэргэсэн популист удирдагчид Герман, Итали, Японд засгийн эрхэнд гарах нөхцлийг бүрдүүлсэн байна. 1932 онд Вашингтоны гэрээгээр хүчирхэгжих боломж хаалаа гэж Японы усан цэргийн офицерууд Ерөнхий сайдаа алж, адмирал хүн тавьсан байдаг. Германыг 1926 онд Лигт бүр гүйцэтгэх зөвлөлийн байнгын гишүүнээр элсүүлсэн боловч 1933 онд Гитлер канцлер болмогц хаяж гарсан бол, Япон Хятадыг довтолсныг нь, Итали Этиопид довтолсныг нь буруушаасны улмаас бас гарсан байна. Ингээд 1936 онд эхлээд Берлин-Ромын тэнхлэг, дараа нь Япон нийлсэн Коминтерний эсрэг гурвалсан эвсэл байгуулагдав. 1919 онд Москвад Коминтерн байгуулагдаж бусад оронд коммунист үзэл суртал дэлгэрүүлэх, коммунист нам байгуулахад идэвхтэй туслаж эхэлсэн нь зөвлөлтийн эсрэг үзлийг хүчтэй болгож, барууны орнуудын зүгээс дээрх эвсэлд зөөлөн хандах төдийгүй, Англи, Франц ЗХУ-тай биш Польштой харилцан туслах гэрээ байгуулж, Сталин Гитлертэй харилцан үл довтлох гэрээ байгуулахад хүргэсэн байна (1934 онд ЗХУ-ыг байнгын гишүүнээр элсүүлсэн боловч 1939 онд Финландыг довтолсон учир Лигээс хөөсөн). Ингээд 1939 оны 9 сард Герман Польшт довтлоход Англи, Франц Германд дайн зарласнаар дэлхийн хоёрдугаар дайн эхлэв.
Энэ үеийн Монголд хамаатай гол үйл явдал нь Манжуур тойрсон Хятад, Япон, Оросын харилцаа байв. Япон 1914 онд дэлхийн дайн эхэлмэгц Лиандун болон далай дахь Германы концессуудыг эзлэж, 1915 оны 1-р сард үндсэндээ дагуул улс бол гэсэн агуулгатай 21 зүйлийн тулган шаардалтаа Хятадад өгсөн байдаг. Тухайн үедээ орон нутгийн цэргийн ноёдыг захирч ядаж байсан ерөнхийлөгч Юань Ши Кай төдийлөн эсэргүүцэж чадаагүй боловч, 1919 онд Версалийн гэрээгээр Германы эзэмшлийг Японд шилжүүлэхэд дургүйцсэн Бээжингийн их сургуулийн оюутны “5-р сарын 4-ний хөдөлгөөн” засгаа шүүмжилсэн хувьсгал болон өрнөв. 1919 оны 7-р сард Зөвлөлтийн гадаад хэргийн орлогч Л.Карахан хаант засгаас байгуулсан тэгш бус гэрээнүүдийг хүчингүй болгож, Оросын эзэмшил, ялангуяа төмөр замын эрхээ буцаан өгнө гэж мэдэгдсэн нь ЗХУ-д хандах Хятадын ард түмний хандлагыг эрс өөрчилсөн гэдэг. 1920 онд Коминтерний төлөөлөгч Г.Войтинский Хятадын социалист залуучуудын хорооны хуралд ирж, 1921 оны 7-р сард Хятадын коммунист нам байгуулагдаж, эхнээсээ коминтерний шууд заавар чиглэлтэй ажиллаж эхэлсэн ба 5-р сарын 4-ний хөдөлгөөний гол хүмүүс ч түүнд нэгдсэн байна. Улмаар 1923 онд ЗХУ өөрийн төлөөлөгч М.Бородиныг Өмнөд Хятадад бэхжээд байсан Гоминданы засгийн газарт илгээж, цэргийн хүчтэй болоход нь туслаж эхлэв.
Тэр болтол Орос бол Шинжаан, Манжуурт түрэн орж ирсэн хамгийн эхний “гадаад чөтгөр” байсан төдийгүй, 1860 онд Англи-Францын цэрэг Бээжинд орж хааны ордныг шатаахад Оросын залуу дипломат Н.Игнатев хэл нэвтрэлцэхгүйг нь далимдуулан зуучилж туслах нэрээр айлгасаар Герман Францын нутаг шиг их газрыг буу дуугаргалгүй Орост өгүүлж, төрөлх нутгаа алдсан Манжийн хаан сэтгэлээр унасаар залуугаараа нас барж төрийн эрх бэлэвсэн хатанд нь шилжсэн гэдэг. 1925 онд Сун Ят Сен нас барахад Москвад 3 сар ном үзэж Гоминданы цэргийн сургуулийн захирал болсон Чан Кай Ши залгамжлагч болов. Тэрээр эхлээд Кантон, 1927 оноос хойд Хятад, 1928 онд Манжуурын цэргийн захирагчдыг дийлж буюу аргалж эрхэндээ оруулсаар Хятадыг ядаж гадна талаас нь харахад нэгдсэн улс болгов. Коминтерний заавраар коммунистууд Гоминдантай хамтарч ажилласан боловч тун удалгүй Чан Кай Ши Орос зөвлөхүүдийг нь баривчилж, хавчин мөшгиж эхэлснээр барахгүй, Манжуур дахь төмөр замын эрх өгөхийг шаардан тэнд байсан орос цэргүүдтэй байлдав (Сталин хариуд нь ЗХУ-д сурч байсан хүүг нь 1937 он хүртэл барьцаалж, тэр нь сүүлдээ орос авгайтай Тайваний ерөнхийлөгч болсон байдаг). Үүний улмаас Мао тэргүүтэй 80 мянган коммунистууд Өмнөд Хятадаас зугтан, нэг жилийн хугацаанд 9 мянган километр зам туулан 1935 онд Хойд Хятадад ирж тохинов.
Энэ хооронд Япон 1928 онд Манжуурт гол нөлөөтөй байсан цэргийн захирагч Жан Зоулинг алж, 1931 онд цэргээ оруулснаар 1932 онд Манжийн хааны залгамжлагч Пуй тэргүүтэй Манж Го тоглоомын улсаас гадна 1936 онд Өвөр Монголд Цахарын Дэмчигноров тэргүүтэй Мэнгү Го буюу Мэнгү Жун Зифу (Монгол цэргийн) засаг гэж байгуулжээ. Тэр нь Японы цэрэг зэвсгийн тусламжтай тэлсээр 1941 онд Хаалганд нийслэлтэй Монголын автономит холбоо болж 1945 оны чөлөөлөх дайн хүртэл оршин тогтносон, Халх голын дайнд ар, өвөр Монголчууд хоорондоо нэлээн байлдсан байдаг (Дэмчигноровыг 1949 онд Монголд зугтаж ирэхэд нь Чойбалсан найрсгаар хүлээн авсан боловч хэдэн сарын дараа баривчлан Хятадад тушааснаар урвагч гэж шийтгэгдэн 13 жилийн дараа өршөөгджээ). Улмаар ЗХУ 1935 онд Манжуур дахь Оросын эрхийг Манж Год зарж, 1941 онд Японтой Манжуурт эрхийг нь зөвшөөрч төвийг сахих гэрээ байгуулсан байна. Нөгөө талаар 1937 онд Гоминданы засгийн газартай гэрээ байгуулан зэвсгийн тусламж үзүүлж байсан ба 1945 оны 8-р сард Ар, Өвөр Монголыг нэгтгэхгүйгээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх агуулга бүхий найрамдал-холбоотны гэрээ байгуулжээ.
АНУ-ын хувьд Японы эсрэг, Орос Хятадын үндэсний эрх ашгийг хамгаалах талд байсан байдаг. 1919 онд Цагаантныг дэмжсэн холбоотны 11 орноос Япон хамгийн олон буюу 70 мянган цэрэг оруулахад, АНУ улаантантай байлдахгүй үүрэгтэй 10 мянган цэрэг илгээж Японыг дипломат шугамаар шахаж байсан нь 1922 онд Сибирээс, 1925 онд Сахалинаас гарахад гол үүрэг гүйцэтгэсэн (бусад орны цэрэг 1920 онд гарсан), АНУ-д зохион байгуулсан хүмүүнлэгийн тусламж 10 сая илүү хүнийг өлсгөлөнгөөс аварсан гэдэг. Хятадын талаар ч нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг эвдэхгүй, “Нээлттэй хаалганы” бодлого явуулахыг бусад гүрнээс шаардаж, Японы эсрэг байлдахад Чан Кай Шид хамгийн их туслаж байв. (Үүнд Америкт өссөн, бүр өмнө зүгийн аялагатай эхнэр нь их үүрэг гүйцэтгэсэн гэдэг ба тэд Тайм сэтгүүлийн 1937 оны эхнэр нөхрөөр тодорч байсан байдаг. Мөн АНУ-ын ерөнхийлөгчтэй шууд харьцах зөвлөх өгөхийг гуйсных нь дагуу Рузвельт Хятад-Манж-Монгол судлаач О.Латтиморыг явуулснаар тэнд байсан Дилав хутагттай уулзуулж Америкт ирэхэд нь тусалсан байдаг).
Японы хувьд 1924 оны Америкийн имиграцийн хуулиар цагаач авах хязгаарыг 1890 онд хүн амд эзэлж байсан хувьд үндэслэн жилдээ 250 хүнээр тогтоосон нь үндэсний доромжлол гэж Токио дахь АНУ-ын ЭСЯ-ны үүдэнд оюутан амиа хорлосноос хойш Америкийн эсрэг үзэл газар авсан гэдэг. Их гүрнүүдийг дуурайн, хамтран хөгжих нэрийн дор Азийг эзлэх хүсэлтэй Японы хувьд тэрхүү “Монро доктринд” нь хамгийн бодитой саад АНУ гэж харах болжээ. Гэвч байгалийн баялаг муутай Япон тэр үед Америкаас импортын 40 хувийн, ялангуяа хаягдал металл, нефтийн өндөр хамааралтай байв. 1933 онд ерөнхийлөгч болж их хямралтай тэмцэх шинэ бодлого явуулж эхэлсэн Ф.Д.Рузвельт олон улсын харилцаанд хуулийг уландаа гишгэх үйлдэл гарч байгаагийн эсрэг “Карантинлах” санал 1937 онд дэвшүүлж, 1939 онд Японтой худалдаагаа зогсоохыг анхааруулсан нь АНУ-ын эсрэг дайнд бэлдэж эхлэхэд хүргэсэн гэдэг. Япон 1941 оны 12-р сарын 6-нд АНУ-ын Гавай дахь Перл Харбор боомтыг гэнэт довтолсон боловч гол сөнөөх зорилготой байсан гурван нисэх онгоц тээгч нь байгаагүй таарсан ба хоёр дахь удаагаа 1942 оны 6-р сард Мидвей арлын орчим хийсэн довтлолтыг нь Америкчууд урьдчилан мэдэж отсоноор өөрөө 4 нисэх онгоц тээгчээ сөнөөлгөснөөс хойш хамгаалах дайнд шилжсэн байдаг. Хэдийгээр эхэндээ цэргийн техник, бэлтгэлээр Япон хол илүү байсан боловч дэлхийн эдийн засгийн 46 хувийг үйлдвэрлэдэг болоод байсан АНУ-ыг дайнд татан оруулсан нь Япон, Герман дайнд ялагдах гол шалтгаан болсон гэж түүхчид дүгнэдэг.
Нэгдсэн Үндэстний Байгууллага
Дэлхийн 2-р дайн эхэлснээр Үндэстнүүдийн Лигийн үйл ажиллагаа үндсэндээ зогсож, 1929 онд шинэчилсэн дайны үед баримтлах олон улсын стандартын тухай Женевийн конвенцууд ч зөрчигдөж эхлэв. Гитлер зүүн талдаа харилцан үл довтлох гэрээтэй болж аваад өрнөд Европыг хэдхэн сард эзлэж, Английг бөмбөгдөн номхотгож баруун талдаа айлтгүй болмогц ЗХУ-д халдав.
ЗХУ-ын хувьд Германд 1918 онд алдаж байсан газар нутгийг буцааж эзлэхээс гадна, Гитлер “Майн Камф” номдоо зарласан шигээ дорд гаралтай Славянуудыг колончлохоор зүүн тийш дайрлаа гэхэд Польштой гэрээтэй Англи, Франц байлдаж саатуулна, 2 фронтод зэрэг байлдахгүй гэсэн Германы уламжлалт стратегид (Schlieffen plan) баригдана гэж тооцоолж байсан бололтой байдаг. Гэвч Англи, Франц дайн зарласан хэрнээ байлдахын оронд Францын хил дагуу байгуулсан хамгаалалтын (Maginot) зурвасын ард хүлээсэн хөгийн дайн (phony war) хийжээ. Тэр үед баруун хилийн тойргийг даргалж байсан Жуков байдал аюултай, бэлтгэл муу байгааг анхааруулж, Черчиль хил дээр нь асар их цэрэг зэвсэг бөөгнүүлж байгааг мэдэгдэж, Рихар Зоргегээс эхлэн тагнуулын олон мэдээ өдөр цагтай нь хэлж байсан боловч Сталин Гитлерт итгэсэн хэвээр, Германтай байлдуулах гэсэн өдөөн хатгалгад автагдаж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан байдаг. Дайн эхлээд 11 хонож байж ард түмэндээ радиогоор үг хэлсэн ч шоконд орсных байсан гэж түүхчид тайлбарладаг. Ингээд Германы цэрэг гурван чиглэлээр цөмөрч нэг долоо хоногт Минск, хоёр долоо хоногт Киевт хүрч, 9-р сард Ленинград, 10-11-р сард Москва, Одесст тулж ирэв. Үүнд 1936-1938 онд Сталины явуулсан “их цэвэрлэгээний” үеэр орчин үеийн хурдан дайны онолыг ойлгож байсан М.Тухачевский тэргүүтэй цэргийн дээд удирдлагыг хэлмэгдүүлсэн байсан нь их нөлөөлсөн гэдэг. ЗХУ-ын 5 маршалын 3; 9 адмиралын 8; 15 армийн командлагчийн 13; 186 дивиз командлагчийн 154 нь хэлмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Бараг л хэт хурдан давшиж хангамж тасалдсан, зуны хувцастай цэргүүд нь Оросын өвөлд өртөж зэвсэг техник нь царцсаны ачаар л давшилт нь гацсан гэдэг. Улмаар Гитлер генералуудаасаа зөрөн урд зүгт Сталинград, нефтийн эх үүсвэр рүү хүчээ шилжүүлж Курскд бут цохиулснаар 1943 оноос л байдал нааштай эргэсэн байдаг. Холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулахын тулд 1943 онд Коминтернийг татан буулгасан боловч, Польшид 1939 онд олзолсон 4421 офицерийг Хатынд буудаж булсныг Германчууд мөн онд олж, дэлхий нийтэд цацсаныг Фашистуудын хийсэн хэрэг гэж үгүйсгэсэн нь ЗХУ-ын нэр хүндэд нэн муу нөлөөлсөн (Крымыг эзэлсний дараа Германд тусалсан гэж Татарууд, Халимагуудыг хоморголон баривчилж цөлсөн) байдаг.
Байлдааны бэлтгэл муутай ч дайны олзоос хоцрохоос айсан Mуссолини Хойд Африкт довтолж Гитлер тусалсан боловч мөн 1943 онд Англи-Америкийн цэрэгт ялагдав. Япон Азид Германаас дутахгүй “цахилгаан дайн” хийж, Энэтхэг-Хятадын хойг, Малайз Сингапур, Хонконг, Тайланд, Бирм, Индонез, Филиппин мөн Номхон далайн олон арлыг эзлэн “живэхгүй онгоц тээгч” болгон бэхжүүлсэн боловч, 1943 оноос Америкийн тэнгисийн хүчин арлаас арал чөлөөлөх замаар Япон руу давшиж эхлэв. Мөн 1943 оны үеэс Атлантын далайг хэрсэн Германы шумбагч онгоцнуудыг дарж авснаар Холбоотнуудад зэвсэг нийлүүлэлт эрс сайжирч, 1944 оны 6-р сард Францаас 2-р фронт нээсэн нь ялангуяа дайны хамаг хүндийг үүрч байсан Улаан армид тус болов (Хятад 10; ЗХУ 7.5; Герман 6; Япон 2.5; Англи АНУ тус бүр 0.5 сая орчим цэргээ алуулсан гэдэг). Ингээд 1945 оны 4-р сарын 25-нд Америк Зөвлөлтийн цэргүүд хоёр талаас уулзаж, 5-р сарын 7-нд Герман бууж өгсөн бол, Япон 8-р сарын 6 ба 9-нд атомын бөмбөг хаясны дараа ч хариу өгөхгүй байсаар Зөвлөлтийн цэрэг Манжуурт орсны дараа л бууж өгөхөө мэдэгдсэн байдаг. Түүгээр ч барахгүй бууж өгснийг эзэн хаан зарлахын өмнө түүнийг эсэргүүцсэн офицерүүд ордныг нь эзлэхийг оролдсон байдаг.
НҮБ-ыг байгуулах эхлэл
АНУ-ын хувьд бидэнд хамаарал багатай энэ дайнд оролцохгүй гэсэн үзэл 1-р дайны үеэс ч хүчтэй байсан төдийгүй, АНУ-ыг дайнд оруулахын тулд Хятадаас болон Герман-Италитай байгуулсан эвслээсээ гар гэх зэрэг мэдээж хүлээж авахгүй шаардлага тавьсаар, Японоор довтлуулсан гэж Рузвельтийг хардаж байв. Конгресс 1937-1939 онд төвийг сахих хатуу хуулиуд гаргасан тул Ерөнхийлөгч Америкийг “ардчиллын арсенал-агуулах” болгоно гэж зарлан зэвсэг үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бэлэн төлөх чадваргүй Холбоотнууддаа түрээслэн зээлэх (lend-lease) нэрээр үндсэндээ үнэгүй нийлүүлэх болов. Ялангуяа жижигхэн Финляндтай тун тааруу байлдсан Улаан арми дайнд хурдан ялагдвал Герман-Японы аюул дийлдэхгүй болно гэж айсан Конгресс 1941 оны 11-р сард нэг тэрбум долларын lend-lease тусламж ЗХУ-д үзүүлэх (нийтдээ 11 тэрбум хүрсэн) болсон нь хамгийн хүнд үед аврал болсон гэж Сталин мэдэгдсэн байдаг. Мөн 1942 онд 2-р фронт нээхийг бодно гэж Рузвельт ЗХУ-д мэдэгдэж байсан боловч, өмнөд Европыг довтлох хүсэлтэй Черчиль эсэргүүцсээр хойшлогдсон байдаг. Ер нь Рузвельт 1933 онд Ерөнхийлөгч болмогцоо ЗХУ-ыг хүлээн зөвшөөрч, дайны дараа ЗХУ-ын дэлхийд эзлэх байр суурь үүргийг ойлгож, харилцан ойлголцлоо сайжруулахыг чармайж байсан байдаг. Вилсоны засагт далайн цэргийн орлогч сайд байсан тэрээр Үндэстний Лигийн доголдлыг сайн ойлгосон, зөвхөн хамтын үнэт зүйлсэд үндэслэсэн их гүрнүүдийн нягт хамтын ажиллагаа л ирээдүйн сайн сайхныг хангаж чадна гэж үздэг байжээ. Тэр АНУ дайнд орохоос ч өмнө 1941 оны 8-р сард Черчильтэй уулзахдаа дайны дараа “хамтын аюулгүй байдлын байнгын систем бий болгож, бүх улс орны төр засгаа чөлөөтэй сонгох, тэдний зөвшөөрөлгүйгээр нутаг дэвсгэрийг нь өөрчлөхгүй байх эрхийг баталгаажуулна” гэсэн Атлантын дүрэм (Atlantic Charter) гаргасан нь Үндэстний Лигийг орлох НҮБ-ыг байгуулах эхлэл байв. Улмаар 1942 оны 1-р сард Вашингтонд гаргасан Нэгдсэн Үндэстний тунхаглалд 27 орон нэгдэн, 1943 оны 10-р сард НҮБ-ыг байгуулах тухай АНУ, Англи, ЗХУ, Хятадын хамтарсан мэдэгдэлд гурван орны гадаад явдлын сайд, Гоминданы Москвад суугаа элчин сайд гарын үсэг зурсан байна. Гэвч Сталин эхнээсээ ардчилсан засаглалын зарчим, ялангуяа Улаан арми эзлээд байгаа зүүн Европын орнуудад нийтийн сонгууль явуулахаас эмзэглэж, НҮБ-аар хэлэлцүүлэх асуудалд хориг тавих эрх (зөвхөн шийдвэрт вето хийхийг зөвшөөрсөн), Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсад бие даасан гишүүний санал өгөхийг (зөвхөн 3-т нь зөвшөөрсөн) шаардан цааргалж байсан тул 1944 оны 8-10-р сард Вашингтоны орчим болсон зохион байгуулах хурлаар НҮБ-ын дүрмийг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна. Ингээд Ялтын бага хурлын үеэр НҮБ-ыг дэмжүүлэхэд Рузвельт хамгийн их анхаарч Сталинд онцгой дотно хандсаны (Черчиль түүнд их сандарсан) улмаас Сталины тавьсан бүх хүсэлтийг хүлээж авсан гэж судлаачид шүүмжилдэг. Сталин ар Монголын тусгаар тогтнолоос гадна Манжуурын төмөр зам, Далианы (Дальний) далайн боомт, Өмнөд Сахалин, Курилийн арлуудын асуудлыг тавьж оронд нь Японы эсрэг дайнд оролцох, Хятадын коммунистуудыг Гоминдантай хамтран ажиллахад туслахаар амалсан гэжээ (Wesley M. Bagby. America’s international relations since world war one. 1999, Oxford University Press, 121-р хуудас).
Өөрсөдтэй нь зөвлөлгүй гаргасан Монголын талаарх шийдвэрийг Гоминданы Хятад тун дурамжхан хүлээн авснаар барахгүй хожим нь ЗХУ Японоос олзолсон зэвсгээ Маод өгч гэрээгээ зөрчсөн гэж НҮБ-ын тогтоол гаргуулан 1945 оны Найрамдал холбоотны гэрээгээ 1952 онд хүчингүй болгосон байдаг. Гэхдээ тэд Рузвельттэй зөрөх боломжгүй байв. Учир нь Рузвельт Америк Английн өмнөх үеийн тусгай эрхүүдийг цуцлуулж, ямар ч нэмэргүй ядуу орон гэж Черчиль (бас Сталин) үздэгийн эсрэг Хятад бол ирээдүйн үүрэгтэй, том орон гэж аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болгож, зэвсэг техникээр тэтгэж байв. Үүний зэрэгцээ 1943 оны 11-р сард Рузвельт Черчиль нар Kайрт Чан Кай Шитай уулзахад дайны дараа ар Монголыг Хятадын хэсэг болгохыг хүссэн байсан тул 1944 оны зун хөдөө аж ахуйч мэргэжилтэй Дэд Ерөнхийлөгч Волтерыг О.Латтимортой Орос Хятад явуулахад Чан Кай Ши өгсөн зэвсгийг нь Японтой биш коммунистуудтай байлдахад зориулж, авлига газар авснаас гадна Маогийн арми Япончуудтай илүү байлдаж, илүү шударга сахилгатай байна гэсэн мэдээтэй эргэж ирсэн байв. Волтер Монголд 7-р сарын 2-нд Чойбалсантай уулзсан ба Монголчууд Хятадын хэсэг байх хүсэлгүйгээр барахгүй, өвөр Монголыг нэгтгэх хүсэлтэй байна гэж илтгэсэн байна. Үүнийг ойлгуулахад О.Латтимор Дилав хутагт нар онцгой хувь нэмэр оруулжээ (Дилав хутагт. Ариун сэтгэл авралын үндэс УБ.31-р хуудас)
Эцсийн дүнд 1945 оны 4-6-р сард Сан Францискод НҮБ-ын дүрмийг тохирч фашизмын эсрэг тэмцсэн орнууд гарын үсэг зурав. Олон улсын аюулгүй байдлыг хангах талаар НҮБ-ын тавьсан зорилго Лигийг гүйцээгүй боловч, Герман Японыг холбоотнууд эзлэж милитаризмыг үндсээр нь арилган, бүрэн ардчилал тогтоосон, эдийн засаг нийгмийн хөгжил, хүний эрхийг хангах зорилтуудыг шинээр дэвшүүлсэн байна. Үүнд 1944 оны 7-р сард АНУ-д хийсэн Нэгдсэн Үндэстний Мөнгө санхүүгийн бага хурлаас байгуулсан ОУВС ба Дэлхийн Банк чухал үүрэгтэй байв. Гэвч ЗХУ тэдгээрт ороогүй ба Улаан арми чөлөөлсөн орнуудад чөлөөт сонгуулийг хязгаарласан коммунист засаглал тогтоож социалист лагерын орнуудыг төмөр хөшгөөр тусгаарласнаар АНУ-д коммунист нөлөөллийг хязгаарлах (Truman doctrine of containment) номлол албан ёсны бодлого болов. Энэ нь дэлхий дахинд хүйтэн дайныг эхлүүлж, тэр нь Солонгос Вьетнамын зэрэг халуун дайнд хүргэжээ. Үүнд болдог бол ажлаа өгөөд НҮБ-ын анхны дарга болж дэлхий дахинд энх тайван тогтоох мөрөөдлөө биелүүлэхсэн гэж ойр дотныхондоо ярьж байсан Ерөнхийлөгч Рузвельт 1945 оны 4-р сарын 12-нд 63 настайдаа цус харваж нас барсан нь бас нөлөөлсөн гэдэг. Лигийн гашуун сургамжийг давтахгүйн тулд Америкийн төлөөлөгчдөд Конгрессийн гишүүдийг оролцуулснаар 12-р сарын 10-нд шинэ НҮБ-ыг АНУ-д байрлахыг Конгресс санал нэгтэй урьжээ. ЗХУ шинээр гишүүн элсүүлэхэд өөрийг нь дэмжих орнуудын тоотой тэнцүүлнэ гэж хориг тавих болсноор Итали Испанийг элсүүлвэл Албани, Болгар гэх зэргээр хэсэг хэсгээр нь алгуур элсүүлж (1950-1955 онд бүр нэг ч гишүүн элсүүлээгүй) байсанд Монгол бас нэрвэгджээ. Явсаар 1961 онд Монгол улс НҮБ-ын гишүүн болоход түүнийг бэтгэртлээ хүлээж байсан эх орноосоо урвагч гээд төлөөлөгчид нь ч уулздаггүй нутгийн маань лам өвгөн ганцаар уйлан харж суусан байдаг. Харамсалтай нь өнөөдөр Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд өөрсдөө дахин НҮБ-ынхаа дүрэм зарчмыг зөрчсөн үйлдэл хийж, хамгийн гол нь Ерөнхийлөгч Трамп АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг үндсээр нь эвдсэн, хүчтэй томоороо далайлгаж (bully), наймаалцах (transactional) байдлаар бусад оронд хандаж байгаа нь олон улсын хамтын ажиллагааны системийг бусниулж, хүчтэй нь зөв (might is right) үзэл, үндсэрхэг сөргөлдөөнд түлхэж байгааг мэргэжилтнүүд бараг санал нэгтэй халаглаж байна.
Ц.Батболд, Хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч
2020 оны 2-р сар
Discussion about this post