Нүүдэлчид нэн эртнээс урлагийн онцгой нүдтэй байжээ. Эртний булш бунхнаас олдсон эд өлгийн зүйлийн ур хийц нэн адтай. Уран зургийн ангиллаар “амьтны стиль” гэх нэршилтэй төрөл зүйл маш алдартай. Тэнд зурагдсан, сийлсэн, мод төмрөөр уралсан буга чоно үхэр мал, янгир, шувуу зэрэг нь үнэхээр шүтмээр. Орчин үеийн модерн урлагийн төрөлд ч багтааж болмоор сэтгэлгээ, уран хийц, хийсвэрлэл зэрэг нь гайхамшигтай. Ноён уулаас олдсон шилээвэр бүтээлүүдийн тасархай нь Монголын мүзэйд үлдсэн, гол үзмэрүүд Эрмитажид хадгалагдаж байгаа.
“Яг энэ л урлаг мөн гэсэн тодорхойлолт, шалгуур, хэмжил байхгүй, гэхдээ уран бүтээлчид үргэлж байсаар ирсэн” гэж нэрт урлаг судлаач Эрих Гомбрих бичжээ. Хүн төрлөхтөн хэдэн арван мянганы өмнөөс хадан дээр зураг зуран уран бүтээлээ үлдээсэн. Төсөөлөх чадвартай учраас л хомо сапиэнсүүд бусад хүн дүрстнүүдээс ялгагдаж байсан, чухам энэ чадвар нь тэднийг өнөөгийн манай гаригийн эзэн болгожээ. Маслоугийн пирамид гэсэн ойлголт байдаг, хүмүүнд адгуус амьтны нэгэн адил юун түрүүн хоол, хоргодох газар, үржил гэсэн гурван шаардлага зайлшгүй хэрэгтэй, энэ нь амьд орших тэргүүн хэрэгцээ, харин хүний бусдаас ялгаатай нь аюулгүй байдал, хайр сэтгэл, хүндэтгэл, танин мэдэхүй гэсэн хэрэгцээг шаарддаг аж. Пирамидийн бараг хамгийн дээр нь гоо сайхныг мэдрэмж гэж тэрээр ангилжээ. Энэхүү урлаг, уран сайхан, гоо сайхны мэдрэмж нь урлаг уран сайхны хэрэгцээ шаарддаг. Харин гоо сайхны мэдрэмж хүн хүнийх өөрөөс гадна үндэстэн угсаатнуудын хооронд ч ялгаа бий. Хүн төрлөхтөн иргэнших тутам энэ талын мэдрэмж өвөр хоорондоо ижилсэх хандлагатай аж. Гэхдээ л хүн болгоны таашаал өөр өөр. “О вкусах не спорят” гээд Высоцкийн хөөрхөн дуу байдаг:
Үзээд алдасныхаа хувьд хэлэхэд
Үнэлэмж таашаалыг цэгнэхийн аргагүй
Үлэмжийн суутан Эйнштэйн авгай ч
Үнэндээ мухардаад “харьцангуй ээ” гэжээ
Цагийн аяст өмссөнөө тааруулсныг минь
-Цаанаасаа л нэг өөр гэж та хэлэх байх
Харин би тан руу хараад
-Хамгийн өөр нь би шүү дээ л гэнэ
Харьцангуй гэдэг үнэн байх нь.*
Урлаг хөгжихийн хэрээр мэдрэмж таашаал ч өргөжсөн хэрэг. Ингээд Дундад зууны үеэс урлагийн бүтээл цуглуулагч гэсэн “мэргэжил” бий болжээ. Эхэндээ мэдээж хаад ноёд гэрээ гоёх гэж цуглуулгад шохоорхож эхэлсэн байх. Харамсалтай нь нийтийн таашаалд очиж байсангүй. Францын хааны шигтгээний хананд өлгөөтэй Леонарда да Винчигийн Мона Лизаг харсан хүн тун цөөн байсан гэсэн, Луврын мүзэйд очиж байж л олны нүд хужирлажээ.
Цуглуулагчдын урлагийн бүтээлүүд ихэнхдээ цагийн элээнд мүзэйд очин олны хүртээл болох нь элбэг. Том цуглуулагчид цуглуулгаараа тусгайлан хувийн мүзэй байгуулдаг бол арай даруухан нь алдартай мүзэйн хэсэгт өөрийн нэрэмжит булан, тасаг нээсэн байдаг. Эдгээр цуглуулга заавал төрийнх байх албатай ч юм биш, олон нийтийн, хувийн, компаниы өмч болон хадгалагддаг. Мүзэй бол олон түмний гоо сайхны шаардлагыг ханган үйлчлэх хамгийн тохиромжтой, хамгийн шалгарсан үйлчилгээ билээ.
Дэлхийн аль мүзэйн тасалбар маш хямдхан, огт төлбөргүй чөлөөтэй нь ч олон. Гэтэл тэд орлого зарлагаа яаж зохицуулдаг вэ? Гол нь үзмэрийн солилцоо, худалдаа, аукционд оролцох зэргээр мүзэй, галерейгээ улам бэхжүүлэх баяжуулдаг. Лондоны Бритиш мүзэйд Египтээс авчирсан ганц муми байдгийг асар өндөр өртгөөр хамгаалж хадгалах горим, өрөөний дулаан чийгшил гэрлийг нь тогтмол барьж байдаг. Гэтэл Каирын Үндэсний мүзэй маш олон мумитэй, оршуулгын газар шиг баахан авс овоолоод тавьчихсан байх юм билээ. Хадгалж хамгаалж чадахгүй байж динозаврын баахан яс олдвор цуглуулсан манай мүзэй тэндээсээ заримыг нь үнэ дуудах худалдаагаар борлуулан байшин саваа тохижуулан шаардлага хангасан үзмэрүүдтэй болмоор юм. Дүрслэх урлагийн мүзэй, галарей ч мэнэжмэнт марктинг хийж солилцоо, худалдаа, аукционоор царай зүсээ засмаар. Хармалж хадгалж хэвтсээр хэнд ч үгүй юм болбол даанч хайран.
Урлагийн цуглуулга бол мөнгөн утгаараа ч, уламжлал зан заншлийн хувьд ч, түүхийн утгаараа ч үнэ цэн. Да Винчигийн Салвадор Мүнди бүтээл саяхан олдож хагас тэрбум шахам доллароор зарагдсан гэхээр аугаа хүмүүсийн суут бүтээл өнөөр ямар үнэ хүрч болдог нь харагдана.
Нүүдэлчид нэн эртнээс урлагийн онцгой нүдтэй байжээ. Эртний булш бунхнаас олдсон эд өлгийн зүйлийн ур хийц нэн адтай. Уран зургийн ангиллаар “амьтны стиль” гэх нэршилтэй төрөл зүйл маш алдартай. Тэнд зурагдсан, сийлсэн, мод төмрөөр уралсан буга чоно үхэр мал, янгир, шувуу зэрэг нь үнэхээр шүтмээр. Орчин үеийн модерн урлагийн төрөлд ч багтааж болмоор сэтгэлгээ, уран хийц, хийсвэрлэл зэрэг нь гайхамшигтай. Ноён уулаас олдсон шилээвэр бүтээлүүдийн тасархай нь Монголын мүзэйд үлдсэн, гол үзмэрүүд Эрмитажид хадгалагдаж байгаа.
Бурхан шажинтай холбоотой дундад зууны урлал хувьсгалчдын гараар орж шатаад үнс болсон. Цөөн зүйл үлдсээн, хамгийн шилээврүүд Москвагийн Дорно дахины мүзэй болон Петербург, Казаньд байдаг юм билээ. Тэнд Занабазарын хамгийн үнэт барималууд ч бий. Хорь гаруй жилийн өмнө Сан Францискод Занабазарын бүтээлийн үзэсгэлэн нээгдэхэд ихэнх үзмэр хувийн цуглуулагчдаас түр түрээсэлж авсан бүтээл байлаа.
Мүзэйн туршлага ядмаг, нийтийн урлагийн мэдрэмж ойлголт хангалтгүй, үзэл суртлын дэндүү олон хувьсгалчтай манай нөхцөлд урлагийн үнэт бүтээлийг зөв хадгалж ариглах тал дээр туйлын дутагдалтай явж ирлээ. Монголын нэг өдөр шилээвэр бүтээлийг хүүхдийн хүмүүжилд муу гэсэн бололтой секстэй хэсгийг нь хуруугаа норгож байгаад зүлгэн арилгасан ч байх шиг, сайн хадгалж байгаа нь энэ гээд зургийг битүү чийдсэн ч байх шиг! Аль үнэ цэнтэй бүтээлүүдээ подволд хадгалж байгаад усанд авахуулсан ч байх шиг.
Үндэсний үзлийн эсрэг, хөрөнгөтний урлагтай тэмцэх, шашны ёс заншлыг устгах зэрэг урианаас болоод сонирхогч хүмүүс урлагийн цуглуулга хийхээс дөлдөг байлаа. Тэгээд ч нэн ядуу нийгэмд хэн л ийм үнэт цуглуулга хийх билээ. Урлагийн мэдрэмжтэй, эх оронч сэтгэлгээтэй, дээр нь санхүүгийн бололцоотой тун цөөн сэхээтэн урлагийн бүтээлийн цуглуулгад зориглосон байдаг. Нэрт зураач Ядамсүрэн, Цүлтэм нарын цуглуулга Монголын түүхийн үнэт бүтээлүүдийг авран хамгаалахад их үүрэг гүйцэтгэсэн.
Зөвлөлтийн перестройкагийн үеэс намзасгийн хүлээс зуулт бага зэрэг суларч эхэлснээр урлагийн цуглуулагчид төрж эхэлжээ. Зоос, марк цуглуулагч Энхбат, бүх юм цуглуулагч Жанцан, хуучны хөөрөг цуглуулагч Ганболд, монгол шаазан цуглуулагч Хангай, бас монгол тэмдэг цуглуулагч нэг хүн зурагтаар ярьсан. Энэ нь зөвхөн хобби төдий биш, үндэстний түүх цуглуулж хойч үедээ үлдээж буй ач буян юм. Их Монгол улстай холбоотой дэлхийн хэл болгоноор хэвлэгдсэн ном, эх сурвалжийг бараг бүрэн цуглуулж гүйцээсэн нэгэн өвөрлөгчийн тухай зурагтын нэвтрүүлэг гарсан нь өөрийн эрхгүй бахдал төрүүлэм.
Мөнөөх перестройкагийн үеэс Монголд уран зураг цуглуулагчид бараг анх удаа төрлөө. Үүний ачаар зургийн үнэ ч өссөн, энэ нь зураачдын урам зоригийг ч сэргээсэн. Батжаргалын Батбаяр цуглуулсан зургуудаараа байнгын ажиллагаатай мүзэй босгосон. Түүнд олон жилийн хүч хөдөлмөр шургуу зүтгэлийн хүчээр бий болгосон тун ховор үнэт зурагтай анхны хувийн мүзэй бий. Дэлхийн зах зээлд асар үнэ хүрэх Ци Байшигийн алдарт Далайн амтьтад бүтээл түүнд хадгалагдаж байгаа. Ци зураачийн өөр ховор зургийг ч тэрээр олон улсын дуудлага худалдаанаас олж авчээ. Юутай ч энэ мүзэйг гадны зочид төлөөлөгчид ихэд сонирхон үздэг. Мүзэйнхээ зургуудаар тэрээр хэд хэдэн альбам, цомог хэвлүүлсэн нь олонд таржээ. Одоо Ажнай Бат-Эрдэнэ, Голомтын Баясгалан, Намтайшир, АПУ Батсайхан нарын цуглуулагч нар шилээвэр бүтээлүүдээрээ мүзэй байгуулахаар бэлдэж байна, түрүүчээсээ удахгүй ашиглалтад орно. Эдгээр нь нийтийн боловсрол, соёл, гоо сайхан, танин мэдэхүйн үлэмж буян юм.
Цуглуулагч Батболд, Элбэгдорж, Од, Батжав гээд Монголын дүрслэх урлагт хайртай, түүнээ нандигнан хадгалж хойд үедээ үлдээх хүсэлтэй цуглуулагч нар ч байна. Талийгч Оюунгэрэл, америк мэнэжэр асан Питэр Морроу нар мундаг цуглуулагч байсан, үлдээсэн өв нь ч түмний хүртээл болно гэж найдаж байна.
Эдэн дунд тэргүүлэх цуглуулагч нарын нэг Цагаандарийн Энхтөвшинг онцолж үзэх шалтгаан байна. Монголын шилдэг, ховор уран зураг цуглуулах сонирхолоо олон жилийн өмнө эхэлсэн, магадгүй энэ төрөлдөө анхдагчийн нэг байх. Тэрээр бараг бүх монгол зураачдыг аль эртнээс танина, зураачид түүнийг сайн үйлчлүүлэгч гэж ам сайтай. Аль ч зураач Энхтөвшингийн уран зургийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрдөг. Өнгө будаг, композиц, цаг үе зэргийг мэргэжлийн төвшинд үнэлж чаддаг нь зургийн үнэ цэнийг дээш өргөх, жинхэнэ шилээврийг ялгаж таниулахад их тусалдаг. Тэрээр өөрийн цуглуулгаар хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан нь олны анхаарал татсан. “Цагандариум арт галарей” хэмээх Энхтөвшин, Од нарын хамтран байгуулсан галарей одоо ч интернэт дээр ажиллагаатай байгаа.
Ц.Энхтөвшин цуглуулгын дээж 200 гаруй шилдэг зургаараа анхны альбомоо хэвлүүлж олон түмэнд сонирхуулахаар боллоо. Альбом номыг НЭПКО хэвлэлийн газар эхийг бэлдэж, “Мөнхийн үсэг” хэвлэлийн газар хэвлэж байна.
Монгол орныхоо түүхийг цуглуулж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлж буй бүх цуглуулагч нартаа амжилт хүсэн ерөөе.
2022.6.13