ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров 2022.5.1-нд Италийн “Медиасет” телевизэд ярилцлага өгөв.
Асуулт: Цөмийн, Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй гэсэн таны мэдэгдлийн дараа “Энэ үнэхээр бодит аюул уу?” гэсэн асуултыг даян дэлхий өөртөө тавьсаар байна?
Та даян дэлхий гэхдээ мэдээж Өрнөдийн ХМХ, улстөрчдийг хэлж байгаа байх. Оросын хэлсэн үг, мэдэгдлийг Өрнөд чадварлагаар гуйвуулдаг тухай би нэг бус удаа анхааруулсан. Дэлхийн III дайн дэгдэж болзошгүй тухай надаас асуухад ингэж хариулсан: Цөмийн дайныг үл дэгдээх баталгааны хэлэлцээр хийхийн тулд Орос орон хэзээд хүчин чармайлтаа зориулсаар ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд чухам бид л аль 1987 онд М.С.Горбачев ба Р.Рейган нарын хийснийг давтая, “Цөмийн дайнд Ялагчид гэж байхгүй, иймээс ийм дайн хэзээ ч дэгдэх ёсгүй” гэсэн Мэдэгдэл гаргая гэж Америкийн түншүүддээ шаргуухан санал болгосоор байгаа.
…Украины Ерөнхийлөгч В.А.Зеленский 2-р сард “Украин улс цөмийн зэвсгээс татгалзсан нь алдаа байж, одоо дахин ийм зэвсэгтэй болно” гэж мэдэгдсэн, бас Польшийн эрх баригчид өөрийн нутаг дээр АНУ-ын цөмийн зэвсэг байрлуулахад бэлэн гэсэн. Өөр олон үйл явдлыг дурдаж болно. Энэ бүхний дараа “Дээд зэргээр болгоомжтой байж өнөөгийн эрсдэлийг ихэсгэх хэрэггүй” хэмээн би уриалсан юм. Яагаад ч юм Зеленский болон Польшийн мэдэгдэлтэй холбоотой асуулт Өрнөдийн ХМХ-д алга. Түүнчлэн Францын Гадаад харилцааны сайд Ж.И.Ле Дрианд ч гэсэн, тэр гэнэт “Францад ч бас цөмийн зэвсэг байгааг бүү март” гэж мэдэгдсэн. Гэтэл миний хэлснийг мэдэгдлээс сугалж аваад гуйвуулах нь Өрнөдийн сэтгүүл зүйг гутааж байна.
Асуулт: Оросын Ерөнхийлөгч В.В.Путин хэд хоногийн өмнө “гайхалтай зэвсэг”-тэй тухай ярьсан. Тэр ямар учиртай вэ?
С.В.Лавров: Энэ талаар бүгд мэднэ. Бүр 3 жилийн өмнө Ерөнхийлөгч В.В.Путин анх хэлсэн дээ. Энэ бол юуны өмнө гипер дууны зэвсэг…. АНУ-ын Пуужин эсэргүүцэн хамгаалах зэвсгийн систем нь Умард Солонгос, Иран руу чиглээгүй, харин ОХУ ба дараа нь Хятад руу чиглэснийг сайн мэдэж байсан учраас бид гипер дууны зэвсэглэлээ хөгжүүлсэн.
Асуулт: НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг А.Гутеррешийг Киевт айлчилж байхад пуужингаар харвасан. Энэ НҮБ-ын эсрэг өдөөн хатгалга уу?
С.В.Лавров: Бид байнга сэрэмжлүүлдэг. Ерөнхийлөгч В.В.Путин цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлахдаа “Гол зорилго бол Украины цэргийн дэд бүтэц, тэд үүнийгээ дорно нутгийн энгийн хүн амыг дарахад ашиглаж улмаар ОХУ-д аюул учруулж байна” гэсэн. Украины радикалууд, Киевийн дэглэм нэмэлт зэвсэглэл, сум зэргийг гаднаас авахаас сэргийлэн бид зөвхөн цэргийн объектууд руу довтолдог гэдгийг Украин сайн мэдэж байгаа. Нөгөө талаас авч үзвэл, Ерөнхийлөгч В.А.Зеленский цэргийн завод, дэд бүтэцтэй холбоогүй объектуудад яагаад халдсанаа огт тайлбарладаггүй. Сүүлийн хэдэн долоо хоногт Донецкийн төв, Краматорск хотын төмөр замын буудал, Херсон хот…. зэрэг олон хот суурин руу “Точка У” пуужинг харвасан. Эдгээр цохилт бол энгийн иргэдийг айлгаж сүрдүүлэхэд л чиглэсэн, эдгээр нутгийн иргэд хувь заяагаа өөрсдөө тодорхойлох боломжгүй болгох гэж тэр…. Үндсэн хуулийн эсрэг цуст төрийн эргэлтийн дүнд төрийн эрхэнд гарсан хүмүүс өөрийн ард түмний эсрэг, орос гэсэн бүхний эсрэг дайныг дэгдээсэн билээ. Тэд нацист онол, дадлагыг өөгшүүлэн дэмжсэн хуулиудыг баталсан. Бид сэрэмжлүүлдэг байсан…. 2021 оны 11, 12 сард хийсэн манай анхааруулгыг АНУ үл тоосон… “Та нарт хамаагүй… НАТО-г хүссэнээрээ тэлсээр байх болно. Та нараас зөвшөөрөл авахгүй” гэж эелдэг бус хариулсан юм. Украины дэглэм энэ үеэр Минскийн гэрээ болон гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж 100 мянган цэргээ Донбассын хил дээр аваачиж өдөөн хатгалгаа идэвхжүүлж байлаа. Энэ 2 БНУ тусламж хүссэний хариуд Орос тэднийг хүлээн зөвшөөрч тэдэнтэй харилцан туслалцах гэрээ байгуулж милитаристууд, нацистуудаас хамгаалахаас өөр арга бидэнд үлдээгүй.
Асуулт: Харин В.А.Зеленский таны яриаг няцааж огт өөр зүйл ярьдаг, түүнийхээр бол нацистуудаас цэвэрлэх гэх нь утгагүй. Тэр чинь еврей шүү дээ. Нацистууд, “Азов” их цөөхөн, хэдхэн мянга гэсэн. Таныхаар энх тайвныг тогтооход В.А.Зеленский саад болох уу?
С.В.Лавров: Ерөнхийлөгч В.А.Зеленский юу няцаах, няцаахгүй нь надад огт хамаагүй. Тэр туйлбаргүй, ямар ч чиг баримжаагүй. Тэр 1 өдөрт байр сууриа хэд ч сольчихдог…. Нацистууд Украинд бий. “Азов”, “Айдар” зэрэг батальон, бусад анги нэгтгэлийн олзлогдсон цэргүүдийн хувцсан дээр хас тэмдэг, Ваффен СС нацис батальоны билэгдэл зэрэг байдаг, бас тэдний биен дээр ийм шивээс бий. Тэд “Майн кампф”-г ил уншиж сурталчидаг. Би еврей, иймээс ямар юмных нь нацистууд байхын гэж Зеленский ярьдаг. Гэхдээ А.Гитлер ч еврей цустай байсан. “Хамгийн хурц антисемитүүд дандаа еврей” гэж еврейн мэргэн ардууд ярьдаг. “Олон хүн сайнтай, муутай” гэдэг дээ. Америкчууд, ялангуяа канадчууд л Украинд ультра радикал, неонацист анги нэгтгэлүүдийг бэлдэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүх он жилүүдийн турш неонацистуудыг Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэл бүрд оруулах зорилго хэрэгжүүлсэн. Тиймээс батальон, хороо… бүрд “Азов”-ын хүмүүс манлайлах үүрэг гүйцэтгэхээр зохион байгуулсан. Иймэрхүү материалыг одоо Өрнөдийн ХМХ-ээс уншиж болно. “Азов” бол неонацист ил тод нэгдэл гэдгийг бүгд мэднэ, гэтэл 2022 оны эхээр гэнэт Өрнөд байр сууриа өөрчилж эхэлсэн. Япон хэдэн жилийн өмнө “Азов”-ыг неонацист хандлагатай гээд террорист байгууллагын жагсаалтад оруулсан байснаа саяхан бүр уучлал гуйсан.
Асуулт: Хэдэн мянга, бүр хэдэн арван мянган неонацистууд. Гэтэл 40 сая хүн амтай орныг нацизмаас цэвэрлэх гэж байж болох уу? Орост ч бас неонацист хандлагатай “Вагнер” зэрэг батальон байдаг байх аа?
С.В.Лавров: “Вагнер” бол цэргийн, хувийн компани бөгөөд Оросын төртэй огт холбоогүй… Хэдэн арав, мянган неонацистуудаас болж 40 сая хүнтэй орныг эрсдэлд оруулж болох уу гэж та асуулаа. Энэ бол Оросын Холбооны Улсын аюулгүй байдалд хамаатай. Энэ тухай хэдэн арван жилийн турш ярих байх…
Асуулт: АНУ-ын Ерөнхийлөгч Байден ил тодоор Украиныг дэмжин мөнгө ба зэр зэвсэг нийлүүлж Түрэмгийлэгч гэж нэрлэж байгаа?
С.В.Лавров: Жо Байдений гэр бүлийг Украинтай юу холбодог тухай олон материалыг Америк, Европын хэвлэлээс уншсан болохоор тэр өнөөгийн нөхцөл байдалд ингэж хандаж байгаад би гайхахгүй байна. Хувийн ашиг сонирхлоос гадна Украиныг ОХУ-ын бодит аюул болгон хувиргах гэсэн тус орны олон жилийн стратеги нуран унаж байгааг Вашингтон ойлгож байгааг үгүйсгэхгүй…
Асуулт: Мариуполь, Бучаны үйл явдал тэдний үйлдэлд нөлөөлсөн байх,?
С.В.Лавров: Энд ганцхан үнэн бий. Оросын цэргүүд 3 сарын 30-нд Бучанаас гарч явсан. Маргааш нь буюу 3 сарын 31-ний өдөр Бучаны мэр А.П.Федорук хот хэвийн амьдралдаа орсныг телевизийн шууд эфирийн үеэр зарласан билээ. Үүнээс 3 хоногийн дараа гэнэт энэ олон хүүртэй гэрэл зургуудыг үзүүлж эхэлсэн. Илт фэйк мэдээг тайлбарлахыг хүсэхгүй байна. Буурь суурьтай ажиглагч эхний харцаар л бүхнийг ойлгочихно. АНУ-д юу нөлөөлснийг мэдэхгүй. Тэд “Энэ бүхнийг тэвчихгүй” гэж ёслол төгөлдөр, өндөр дуугаар мэдэгдэж байна, гэтэл АНУ өмнө нь өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн шийдвэр гаргаж эх орноосоо 10 мянган км явж Ирак, Афганистан, Ливи, Югославт ирсэн тухай хэн ч дурсахгүй байх юм. Тэр бүү хэл Америк ингэж оргүй худал аюулыг санаанаасаа зохиож улмаар тэрхүү аюулаа өөрийн хүссэнээр үгүй хийх эрхтэй гэдэгт хэн ч эргэлздэггүй. Та нар ОХУ-ын хил дээр аюул занал учруулж байна гэж бид олон жил сэрэмжлүүлсэн, энэ бол улаан шугам гэж олон ч жил ярилаа. Бүгд толгой дохиж байсан ч дэлхий зөвхөн АНУ-ын үгийг дагах ёстой гэж тэд үздэг. Иймээс НАТО ч тэр, Европын холбоо ч тэр ялгаагүй Вашингтон бол өөрийн эзэн гэдэгтэй эвлэрчээ. Тэгээд Вашингтон л энэ дэлхий ганцхан туйлтай байх ёстой гэдэг.
Асуулт: Хэн энх тайвныг тогтоох вэ? Тийм хүн эсвэл институт, улс орон бий юү? Туркийн эсвэл Францын Ерөнхийлөгч үүү? Эсвэл Италийн Ерөнхий сайд М.Драги юү? Орос ба Өрнөд, Украины гэрээ байгуулах энхийн процессийг хэн эхлүүлэх вэ?
С.В.Лавров: Их хожимдсон ч гэсэн сайн асуулт байна. “Донбасст энх амьдрал” гэсэн уриатай 2014 онд сонгогдсон П.А.Порошенко бүх асуудлыг энх тайвнаар шийдэж болох байлаа. Гэвч дараа нь дайн эхлүүлсэн. В.А.Зеленский шийдэж чадах байсан. Тэр сонгуулийн үеэр өөрийгөө “энх тайвны Ерөнхийлөгч” гэж байв. Тэр 2019 оны 12 сард Парист гарын үсэг зурж, Минскийн гэрээг хэрэгжүүлнэ мөн Украины бүрэлдэхүүн дэх Донбасст онцгой статус олгоно гэсэн үүрэг хүлээсэн. Түүнд бүх шанс байв. Түүний гарт бүх хөзөр, тамга байлаа. Гэвч В.А.Зеленский олны өмнө Минскийн гэрээг хэзээ ч биелүүлэхгүй гэж зарлахыг илүүд үзэв… Тэд энх тайвныг авч ирж чадах байлаа. В.А.Зеленский хэрэв өөрийн неонацист батальонуудад өгсөн гэмт хэргийн шинжтэй тушаалуудаа цуцалбал, энгийн иргэдийг тавьж явуулан эсэргүүцлээ зогсоо гэж тэдэнд шахалт үзүүлж чадвал одоо ч энх тайвныг тогтоож чадна.
Асуулт: В.А.Зеленскийг бууж өгөөсэй гэж та хүсч байна уу? Энэ энхийн гэрээний болзол уу?
С.В.Лавров: Түүнийг бууж өг гэж бид шаардаагүй. Энгийн бүх иргэнийг тавьж явуулан эсэргүүцлээ зогсоо гэсэн тушаалыг өг гэж Зеленскийгээс шаарддаг. Украины дэглэмийг өөрчлөх зорилго бидэнд байхгүй. Үүгээр Америк л дагнадаг, тэд дэлхийн өнцөг булан бүрд энийг л хийдэг. Бид Украины дорно нутагт хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг. Цэрэгжүүлэлт, нацистуудын аль нь ч тэдэнд аюул бүү учруулаасай, Украины нутгаас Орост аюул бүү заналхийлээсэй гэж хүсч байна.
Асуулт: Орос байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох вий гэж Итали түгшиж байна. Ер нь юу болоод байнаа?
С.В.Лавров: Энэ их энгийн. Манай мөнгийг хулгайлчихлаа, 300 тэрбум гаруй долларыг маань. Үүний ихэнх нь байгалийн хий ба нефть зарсан мөнгө. Өрнөдийн дүрмийн дагуу “Газпром” корпораци энэ мөнгөө Өрнөдийн орнууд дахь банкинд өөрийн дансандаа хадгалах ёстой. Ингээд тэд Оросыг шийтгэх гээд хулгайлчихсан. Одоо тэд биднийг өмнөх шигээ худалдаа наймаагаа хийн мөнгөө тэдгээр улс орнуудад үлдээ гэж байна. Хүссэн үедээ ахиад хулгайлах гэж тэр. Ийм л шалтгаантай, гэтэл хэн ч энэ тухай огт ярихгүй байна. Үнэн шударга сэтгүүл зүй хаа байна? Одоо рублиэр төлбөл, хулгайлах боломжгүй тохиолдолд байгалийн хийн төлбөр хийгдсэн гэж үзнэ хэмээн бид санал болгосон. Ингээд л болоо. Манай түншүүд энэ тухай сайн мэдэж байгаа. Худалдан авагчдын хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Тэд урьдын адил гэрээнд заасны дагуу евро, доллараар төлнө. Харин үүний дараа рубль рүү хөрвүүлнэ.
Асуулт: Удахгүй 5 сарын 9 болно. Нацизмаас чөлөөлөгдсөний баяраа тэмдэглэж Москвад парад хийхдээ “дайныг дуусгах” уу?
С.В.Лавров: Манай цэргийнхэн үйл хөдлөлөө зориуд ямар нэг өдөрт зориулж өөрчлөхгүй. Ялалтын баяраа үргэлж хийдэг шигээ сүрлэг, ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Орос болон ЗХУ-ын бусад БНУ-ыг, мөн Европыг нацист тахлаас чөлөөлөхийн төлөө амь үрэгдсэн хүмүүсээ дурсана даа.
Хэсэгчлэн орчуулсан М.Цогзолмаа
Discussion about this post