Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нүүрсний гэрээнүүд бүгд доллароор хийгдэж байгаа. Өмнө нь нүүрсээ нүхэн дээрээс нь зардаг байсан бол цаашид хийгдэх гэрээнүүд бүгд хил нөхцөлөөр, доллароор хийгдэнэ. Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг захирлын өгсөн мэдээллээр “Чалко” компанийн урьдчилгаа орж ирж байгаа гэсэн. Нийт 280 сая ам.доллар орж ирэх ёстойгоор эхний ээлжид 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс нэг ч цент дутаалгүй Монголбанканд тушаасан.
Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төвбанкинд бүгд тушаагдана. Түүнчлэн бид Оюутолгой компанитай хэлцэл хийж байгаа. Ялангуяа алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Энэ дээр Оюутолгойнхон нааштай хандаж байгаа. Энэ жил 280-аад сая ам.долларын алт салгаж байгаа юм байна. Үүнийг төв банканд худалдах асуудлыг Монгол дахь компанийнхаа удирдлагын түвшинд нааштай авч үзэж байгаа. Мэдээж энэ асуудлыг ТУЗ-ийнхөө хэмжээнд шийдэх байх.
Ингэх юм бол бид алтыг төгрөгөөр худалдаж аваад төв банкан дээр 200-гаад сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой болох юм.
Мөн төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр байгаа. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд оруулахын тулд төв банканд тусалж ажиллаж байгаа.
Ингээд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд төв банканд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкан дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой” гэлээ.
Discussion about this post