Өчигдөр би бээр “Хөөрхөн борлог морь” дуу төрсөн түүхийг постлоход маш олон хүн сонирхон хүлээж авсан тул өнөөдөр давраад дахиад нэг дууны түүх сонирхуулчихъя.
Eрээд оны үед миний бие “Ил товчоо” сонинд ажиллаж байхдаа “Дуу төрсөн түүх” хэмээх булан хөтөлж байлаа. Энэ нь надад жар, далаад оны үeд түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг зохиосон хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай уулзаж учрах сайхан боломж олгосон юм. Хожим тэр бүх дууны түүх домгуудаа нэгтгээд ном болгон баринтаглаж билээ. Ингээд маш сонин байдлаас урган гарсан “Мөнхийн рашаан” дууны тухай хүүрнэe.
Хөгжмийн зохиолч Ч.Нянгар гуайтай би 1997 онд уулзаж ярилцаж байлаа. Тэр өгүүлэхдээ:
-Миний эх биднийг маш хэцүү байдалд өсгөсөн. Намайг арван настай байх үед аав маань нас барж, 1948 оноос хойш ээж минь хоёр дүү бид гурвыг өсгөх гэж мөн ч их зовсон доо. Манайх гэдэг айл хариугүй ядуу болохоор ээж маань бид гурвыг дагуулаад айлаас айлд зарцлагдаж, хоёр идэхээсээ хоосон хонох нь их байлаа. Тэр үeд арваадхан настай надад маш их юм бодогдож, ээжийгээ би аргал түлээнд явсан ч дагаад л явна. Эцгийг маань амьд байхад орж гардаг байсан ах дүүс нь хүртэл хөндийрөөд л явчихсан. Ээж маань тэгээд гурван хүүгийнхээ хөлийг дөрөөнд хүргээд хот руу ирж манайх гэдэг айл Толгойтод суурьшлаа. Тэр үед Улсын симфони байгуулагдаж, нэрт хөгжмийн зохиолч Бирваа гуай намайг хөгжимд анх хөл алхуулж байв. Тэр цагаас хойш би ээжийнхээ тухай дуу зохиохсон гэж цаг ямагт бодож явсаар нэг л өдөр шүлэг төрж билээ.
Энэ их сонин юмаа. Толгойтод байхад манай хамар хашаанд бас л нэг хоёр гурван хүүтэй ядарсан эх хүн байх. Гэвч тэдний хүүхдүүд дандаа орон шоронд орно. Тэгтэл нэг өдөр шоронгоос дөнгөж гарсан нэг хүү нь манайхны тэнд байдаг складнаас юм хулгай хийх гэж байгаад манаачид нь буудуулчихав аа. Хавь ойрын хүмүүс бүчээд зогсчихсон, нөгөө залуу чинь цусаа гоожуулсан мөртлөө өрөөсөн гартаа урт гээчийн балиус атгачихаад “Ойртсоныг чинь ална шүү” гээд хашгичаад байх. Шархыг нь боох сэтгэлтэй өчнөөн хүн байвч нэг нь ч ойртож чадахгүй хий дэмий л халаглаад зогсож байтал сэгсийсэн үстэй эх хүн “Миний хүү” гээд орилтол хавь ойрын хүмүүс ярагдаж хөөрхий зовлонт эх шууд гүйсээр хүүгийнхээ дэргэд очив. Тэгтэл хүү нь хутгаа хаяад эхийгээ тэврээд авч билээ. Хичнээн хүйтэн сэтгэлтэй шоронгийн хоригдолд хүртэл эх хүн дулаахан байдаг байна. Энэ явдлыг хараад миний нүдэнд нулимс цийлэгнэж, өөрийн эхийн зовлон дээр өрөөлийн эхийн зовлон нэмэгдэж “Мөнхийн рашаан” дууны шүлэг төрсөн дөө. Гэвч тэр шүлэг анхандаа их хэцүүхэн шүлэг байсан. Мөнхийн рашаан олох гээд эхийгээ үүрээд Шамбалын орон руу яваад л байна, яваад л байна. Тэгээд маш хол зам туулж хөлийнх нь өсгий элэгдэж доголоод, цус нь шүүрээд л…
Зохиол бичдэг ганц нэг хүнд энэ шүлгээ үзүүлэхэд “Болох л шүлэг байна. Гэхдээ хэтэрхий зовлон агуулсан болохоор главлит батлахгүй л болов уу” гэж хэлж байсан. Гэсэн ч би энэ шүлгэндээ ая зохиогоод главлитаар оруулсан. Тэгтэл үнэхээр батлагдаагүй шүү. Нээрээ ч бодоод байхад хэтэрхий зовлон тоочсон, цус нөж шүүрсэн үг хэллэг дуунд яаж тохирох билээ. Аялгууны хувьд бол маш сайн үнэлгээтэй байгаад байдаг. Тэгээд би өөрийгөө шүлэг бичдэг хүн биш ая зохиодог л хүн байна гэдгээ мэдэрсэн.
Дараа нь би энэ хэцүүхэн шүлгээ яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнд үзүүлэв. Тэгтэл Пүрэвсүрэн маань энэ шүлгийн хэмнэл дээр түшиглээд үгийг нь зуун хувь өөрчилсөн. Ингээд шүлэг нь надад таалагдаж, би өмнө нь зохиосон нөгөө аяндаа тохируулаад, дуучин Зангад анх дуулж “Мөнхийн рашаан” дуу тэгж л бүтсэн дээ… гэж өгүүлж билээ.
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санаад
Өрөвдөж явлуу ээжийгээ
Мөнхийн рашаан байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэхгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ…
Энэ сайхан дууг зохиосон Нянгар гуай Монголын урлагт анх угалзан бүрээ үлээж хөл тавьжээ. Вальфорн буюу угалзан бүрээ нь утсан хөгжим, үлээвэр хөгжим хоёрыг холбож өгдөг уран нарийн бүрээ юмсанж. Тиймээс хөгжмийн зохиолч маань “Нянгар нь ч тоглоно уу? мангар нь ч тоглоно уу? хөгжмийн зэмсгийн хүнд төрөлд тооцогддог вальфорн бол дэлхийд алдартай хөгжим шүү” гэж ярих дуртай байв.
1952 оноос 1985 он хүртэл тасралтгүй 33 жил энэ хөгжмөөр тоглохдоо Нянгар гуай монгол аялгуунд байхуйц зохих ёсны шинэчлэл хийснийг алдар цуутай цөөхөн хэдэн хөгжмийн зохиолч тэрүүхэндээ маш их үнэлдэг байсан ч олон түмэнд алдаршуулж байсангүй. Нөгөө л “Би” гэдэг үзэлдээ баригдчихсан, хэн нэгнийг магтчихвал өөрөөс нь илүү гарчих гээд байгаа юм шиг санагддаг “Оддын өвчин” энд нөлөөлснөөр хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн Нянгар гуай мартагдах тийшээ ханджээ.
Тэрбээр онгод авъяас ид оргилж явахдаа хөгжмийн зохиолч Намсрайжав гуайн “Говь гурван сайхан” симфони зураглалд угалзан бүрээгээр гоцлол хийснээ “Би ийм гайхалтай сайн тоглосон билүү” гэж өөрөө өөртөө асуулт тавьсаар иржээ.
-Оросын бага ястнууд баллайк хөгжмөө ямар сайхан эзэмшив ээ. Өчнөөн өндөрт шидчихээд эргэлдээд орж ирэнгүүт нь шүүрч аваад яг л нөгөө тоглож байсан аяаа залгуулаад тоглох юм. Гэтэл манай хөгжимчид морин хуурныхаа ард талд бээвийтэл сууж байх юм гэж Нянгар гуай ярих дуртай байв.
Мөн тэрбээр “Уг нь ардынхаа язгуур урлаг, үндэсний дуу хөгжим, яруу найргаа дээд цэгт нь хөгжүүлсэн тэр цагт л хүнд хөнгөн “рок”, хөгшин залуу “реп”, зэмтэй зэмгүй “Гайтав”, зэгсэн сайн “Хайдав” төрдөг байлтай. Гэтэл гадаадын ямар нэгэн урсгалыг өчүүхэн ч сэтгэлгүй цээжнийхээ бангаар хуулбарлаад, тэр нь тэгээд рок нь ч юмуу, дурак нь ч юмуу, Хайдав нь ч юмуу, Гайтав нь ч юмуу бүү мэд дээ” гэж өгүүлж билээ.
Тэмдэглэсэн Б.Ойдов
Discussion about this post