“Баян” Базараа хэмээх цуутай эр уул уурхйан бизнесээр хөлжсөн манай шинэ баячуудын нэг. Түүний хамааралтай “Алтайн хүдэр” ХХК 2008 оноос эхлэн Говь-Алтай аймгийн Цээл сумын Таян нуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх 168.8 км замаар БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэжээ. Шороон замаар хүдэр тээвэрлэсний улмаас байгаль орчинд хохирол учруулсан байна. Энэ тухай нутгийн иргэд амаа цангатал яривч, ёстой л “оготны дуу тэнгэрт хүрдэггүй” гэдэг болоод дууссан.
Иймээс Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, нутгийн иргэдтэй хамтран байгаль орчинд учруулсан экологийн хохирол 10.8 тэрбум төгрөгийг “Алтайн хүдэр” ХХК-аас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын төрийн санд оруулах маргааныг 2016 онд эхлүүлжээ. Бүтэн 5 жил шүүхэдсний эцэст 2021.03.16-ны өдөр “Алтайн хүдэр” ХХК-иас 10.8 тэрбум төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан билээ. Уг шийдвэрийг Давж заалдах гомдол гаргах хуулиар олгогдсон эрхээ “Алтайн хүдэр“ компани алдсан тул 2021 оны 10 -р сараас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажил эхэлсэн тухай ярьж байлаа. Гэтэл энэ ажиллагаа эхэлснээс хойш 2 сар өнгөрсний дараа “Алтайн хүдэр” ХХК СБД-ийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэгт ханджээ. Уг шүүгч өөрийн болон бусад шүүгчдийнхээ гаргасан өмнөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулахаар хэргийн харъяаллыг өөрчлөн Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх захирамж гаргажээ. Энэ захирамжийг нь Чингэлтэй дүүргийн шүүгч Б.Цолмон хүлээн авч Сүхбаатар дүүргийн шүүгч Ө.Уянгын ЗАХИРАМЖ, 2021-07-22-ны өдөр Д.Уранчимэг, Г.Энхцэцэг, Ч.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн ТОГТООЛ, 2021-09-02-ны өдөр Б.Түмэнцэцэг, Н.Гантуяа, С.Хишигбат нарын шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн 181/ШТ2021/00254 ТОГТООЛыг тус тус хүчингүй болгож Алтайн хүдэр ХХК-ийн талд шийдвэрлэсэн байна.
Үүнийг эс зөвшөөрсөн иргэний гомдлыг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээн авах боломжгүй хэмээн хариу өгөхдөө “шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр учир шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Хууль дахь шүүхийн “тогтоол нь эцсийн шийдвэр байна” гэсэн заалтыг Сүхбаатар дүүргийн шүүх хэрэгжүүлдэггүй. Харин Чингэлтэй дүүргийн шүүх хэрэгжүүлжээ.
Ийнхүү иргэний нийгмийн төлөөлөл болсон иргэдийн 5 жилийн хөдөлмөр талаар болж, иргэд ч шүүхэд үл итгэх нэг таагүй жишээ болон үлдэж байна.
Баян Базараад “үйлчилсэн” шүүгч Сахилгын хорооны хуралдаа ирсэнгүй!
Говь-Алтай аймгийн Цээл суманд хүдэр олборлогч “Алтайн хүдэр ” компани шороон замаар тээвэрлэлт хийж байгаль орчинд 10 тэрбумын хохирол учруулсан болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон. Тус компани давж заалдах хугацаанд гомдлоо гаргаж чадаагүйгээс хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү шилжээд байсан. Гэтэл СБД-ийн Ерөнхий шүүгч Д. Уранчимэг захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Шүүхийн шийдвэр эцсийн байхаас гадна нэг шүүгчийнхээ гаргасан шийдвэрт өөр шүүгч хөндлөнгөөс оролцох нь шүүгчийн ёс зүйд хориглосон байдаг. Иймээс Ерөнхий шүүгч Д.Уранчимэг болон Чингэлтэй дүүргийн шүүгчийг нэхэмжлэгч тал буюу Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Шүүхийн сахилгын хороонд өгсөн. Гэвч дээрхи шүүгчид “өвчтэй ” гэх шалтгаанаар сахилгын хорооны хуралдаа ирсэнгүй. Улмаар шүүгч Д.Уранчимэг ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн мэдээлэл байна. Тэтгэвэртээ гараад авах 120 сая төгрөгнөөсөө татгалзан “Алтайн хүдэр” түүний захирал Баян Базараад үйлчилсний учир юу вэ?
Discussion about this post