Брунейн Султан Хассанал Болкиах 20 тэрбум доллараар үнэлэгддэг асар их эд хөрөнгө эзэмшигч. Гараашид нь хэдэн мянган үнэтэй машин эгнээстэй байдаг, ордон нь дэлхийн хамгийн том ордон гэдгээр Гиннесийн номонд орсон, гурван эхнэртэй байснаас нэг нь л хаан ширээнд үлдсэн гэдэг.
Түүнчлэн Султан хүүхдүүддээ хайртай. Гэрлэж хуримаа хийх үед нь асар том найр наадам хийж, дэлхийн оддыг дууддаг, сүйт залуу, бүсгүйнх нь хувцсыг бриллиантаар хучдаг гэнэ. Нэг үгээр хэлэхэд Брунейн амьдралд үлгэрт гардаг шиг тансаг бүхэн л байдаг гэхэд болно.
Үүнээс гадна султаныг 2019 онд эхнэр нөхрөөсөө урвасан, ижил хүйстний харилцааны төлөө цаазын ял оноох санал гарган үг хэлснийх нь төлөө шүүмжилж, НҮБ-аас султаныг Болкиахыг хүлээн аваагүй. Холливудын од Жорж Клуни султаны гэр бүлийн эзэмшдэг зочид буудлыг бойкотолсон, султан энэ санаачилгаасаа татгалзсан гэсэн мэдээлэл л гарч байв. Султаны гэр бүл The Dorchester Hotel тансаг зочид буудлын сүлжээ, Лос-Анжелест Beverly Hills зочид буудал, Парист Plaza Athénée эзэмшдэг. Түүнчлэн дэлхийн 12 улсад 120 байшинтай. Лондонд л гэхэд султаны гэр бүл St John’s Lodge-ийн 3 шилтгээн эзэмшдэг. Түүнчлэн тэд Лондон хотын гоё чимэглэлийн Asprey ордон зэрэг хэд хэдэн компанитай. Энэ гоёл чимэглэлийн ордонг 1995 онд 385 сая доллараар худалдан авч байв.
Тэгвэл Фокус хэвлэл Брунейн султан, түүний гэр бүлийн хэвлэлүүдэд тэр бүр гардаггүй хэр нь томоохон дуулиануудыг жагсаажээ.
Багахан түүх
Бруней бол Калимантан (Борнео) арал дээр оршдог, Малайзтай хиллэдэг улс. Энэ улс Малайзын газар нутгийг хоёр хэсэгт хуваажээ. Нутгийн иргэд нь хил давах дургүй бөгөөд улсынхаа нэг хэсгээс нөгөө рүү нь завиар явдаг.
Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Бандар-Сери-Бегаван. Үүнтэй зэрэгцээд дэлхийд хамгийн томд тооцогдох султаны ордон оршдог. Энэ ордон нь 200 мянган м.кв талбайтай. Харьцуулахад Ватиканы нийт газар нутаг 490 мянган м.кв билээ. Нурул-Иман ордон 1788 өрөөтэй, 257 угаалгын өрөө, 18 цахилгаан шат, 44 шат, 5 бассейн, 200 морьтой морины жүчээ, 1,5 мянган итгэгчтэй лалын сүм, поло тоглох талбай, газар доорх гарааштай.
Автомашин бол султаны дурладаг зүйл, 9000-гаад машинтай гэнэ. Цуглуулганд нь Rolls Royce-ийн 600 автомашин, 300 гаруй Ferrari, 134 Koenigeggs, 11 McLaren F1, 6 Dauer Porsche 962 LM болон хэд хэдэн тансаг Jaguar бий. Мөн Boeing 747-400 болон Airbus 340-200 гэсэн тансаг онгоцнуудтай, түүнийгээ өөрийгөө жолооддог байна.
Брунейн улс 437 мянган хүн амтай. Тус улс газрын тос, хийн борлуулалтаараа аж төрдөг. Тус улс 96 жилийн турш Их Британийн харьяанд байснаа 1984 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгаар тогтносон аж. Бруней нь үндсэн хуулийн хаант засаглалтай, Британийн хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд ордог улс юм байна.
Султан Хассанал Болкиах
Султан өдгөө 75 настай бөгөөд түүний нэр нэрийн хуудсанд ч багтахааргүй урт. Султан Хажи Хассанал Болкиах Муизз уд-Дин Ваддаулах ибни аль-Мархум Султан Хажи Омар Али Саиф уд-Дин Саад уль-Хаир уа уд-Дин гэдэг.
Тэрбээр Малайзын Куала-Лампурт “Виктория” дээд сургууль, Британийн Сандхерстэд Хааны цэргийн академийг дүүргэсэн. 1968 онд хаан титмээ авсан. Болкиах нь султанаас гадна Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Сангийн болон Эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайд, шашны удирдагчаа давхар хийдэг.
Автомашин цуглуулах дуртай бөгөөд тэдгээрээсээ хэдэн зууг нь унадаг. Үлдсэн хэсэг нь тоноглогдсон гараашид маркаар нь ангилан байршуулсан байдаг. Түүнчлэн поло тоглох дуртай. Энэ тоглоомд зориулан Аргентины одой морьдыг онгоцоор зөөвөрлөн авчирчээ.
Болкиах 3 эхнэртэй байжээ. Хуулиар бол үүнийг хориглодоггүй. Гэхдээ хаан ширээнд цорын ганц нь буюу анхны эхнэр нь тогтон үлджээ. Анак Салеха нь султаны холын хамаатан бөгөөд 4 гүнж, 2 ханхүү гээд дундаасаа 6 хүүхэдтэй.
Султан 1981 онд онгоцны үйлчлэгч Мариам Абдул-Азизтай, 2005 онд теле сэтгүүлч Азриназ Мазхар Хакимтай гэрлэжээ. Гэвч энэ хоёроосоо салж, 2, 3 дахь эхнэрнүүд нь бүх цол хэргэмээ хураалгасан байна. Султан нийтдээ 12 хүүхэдтэй гэнэ.
Султан үрэлгэн, тансаг амьдралд умбах дуртай гэдгээрээ алдартай. Хунтайж Чарльзтай поло тоглох үеэрээ тэрбээр шинэ гуталны төлөө нисдэг тэрэг явуулж байсан түүхтэй. Европт шоппинг хийх үеэрээ хэдэн зуун хамгаалагч, бараа бологчоо дагуулж яваад дизайнерын хувцсыг хэдэн зуугаар нь худалдан авдаг байна.
Жефри Болкиах
Султаны дүү тэрбээр олон олон тооны секс дуулианаараа алдаршсан. Ханхүү 5 эхнэртэйгээс 2-оос нь салжээ. Түүнчлэн тэрбээр 18 хүүхэдтэй. Хэдхэн жилийн өмнө Жефри татвар эмс бүхий гаремтай гэдэг нь тодорхой болсон юм.
1997 онд АНУ-ын 1992 оны мисс Шеннон Маркетик султан болон түүний дүүг бэлгийн боолчлолд байлгасан хэмээн буруутгаж, 90 сая доллар нэхэмжлэн шүүхэд хандсан юм. Ажилд зуучлах агентлаг түүнд Брунейд өдрийн 3000 долларын цалинтай албан ёсны арга хэмжээнд оролцох санал тавьсан гэжээ. Гэтэл үүний оронд тэрбээр үдэшлэгт хэдэн цагаар бүжиглэж, хар тамхи хэрэглэж, зарлиг болгосон хүмүүстэй нь унтахаас өөр аргагүй болсон гэж мэдүүлжээ.
Шүүх ямар ч шийдвэр гаргалгүй, энэ хэрэг замхарсан байна. Бас нэг модель бүсгүй Жиллиан Лорен ч бас Жефригийн гаремд байсан бөгөөд үүгээрээ “Зарим охид: Гаремд өнгөрүүлсэн миний амьдрал” нэртэй ном бичиж, 2010 онд хэвлүүлжээ. Жиллиан романдаа гаремын бүх охинд сайн дураараа тэнд байсан бөгөөд түүнийхээ төлөө өгөөмөр цалин хөлс авдаг байсан гэжээ. Тэнд АНУ, Европоос ирсэн моделиуд, жүжигчид дүүрэн байсан гэнэ. Тэд доод тал нь 3 долоо хоногийн хугацаатай гэрээ байгуулж, хугацаа нь дуусмагц гэртээ харих юм уу гаремдаа үлддэг байжээ.
Жиллиан охидын амьдардаг цэцэрлэгийн гантиг ордныг дүрсэлсэн байдаг. Энэ ордны газар нутаг маш өргөн болохоор гольфын машинаар нэг талаас нь нөгөө рүү нь явдаг. Олон охин гаремд хэдэн жил амьдарчихаад ханхүүтэй нэг ч уулзаж үзээгүй байдаг гэнэ. Тэдэнд гоо сайхны салон, фитнессийн заал, тансаг СПА үйлчилнэ. Тэд зүгээр л үдэшлэгт оролцох үүрэгтэй. Энэхүү амаргүй хөдөлмөрийнхөө төлөө долоо хоногт 20 мянган доллар, тааламжтай бэлэг, үнэт эдлэл авдаг байжээ.
Жефри ханхүү нь 1986-1997 онд Брунейн Сангийн сайдаар ажиллаж, Брунейн хөрөнгө оруулалтын агентлагийг удирдан, газрын тос, хийн орлогыг хариуцан ажилладаг байв. Харин 1998 онд түүний хөрөнгө оруулалтын Amadeo фирм АНУ-д 10 тэрбум долларын өртэйгөөсөө болоод дампуурчээ. Үрэлгэн ханхүүг улсын мөнгө хулгайлсанд буруутгаж, бүхий л албан тушаалыг нь хураан авчээ. Ингээд шүүхээр нэлээд удаан явсны эцэст султан дүүгээ өршөөж, 2010 онд Брунейдээ ирэхийг зөвшөөрчээ. Тэр цагаас хойш ханхүүгийн талаарх мэдээлэл гарахаа больжээ.
Угсаа залгамжлагч хунтайж Аль-Мухтади Билла Болкиах
1974 онд төрсөн. Ууган хүүхэд нь биш бөгөөд түүнээс өмнө дан охид төрсөн болохоор угсаа залгамжлах эрх түүнд иржээ. Аль-Мухтади угсаа залгамжлах азтайгаас гадна хэдэн тэрбумын хөрөнгө өвлөн авна.
Одоогоор хунтайж Ерөнхий сайдын албаны дэргэдэх ахлах сайд, зэвсэгт хүчний генерал зэрэг хэд хэдэн албан тушаал хашиж байна. Тэрбээр сайн боловсролын эзэмшсэн бөгөөд поло тоглох дуртай, амжилттай гэр бүл зохиосон нэгэн юм.
Түүний хурим нь 2004 оны тансаг үйл явдал, Брунейн талаарх цөөхөн мэдээллийн нэг хэсэг болж байлаа.
Түүний сонгосон бүсгүй нь 17 настай Пенгиран Анак Сара хэмээх хунтайжийн дунд сургуулиасаа мэддэг охин болжээ. Хурим найр нүсэр дуулиантай болж, залуу хос алтан машинаар аялахад араас нь 100 лимузинтэй цувуу дагаж байв. Сүйт бүсгүй гоёлоо хэд хэдэн удаа сольж, туфлийг нь л гэхэд бриллиантаар чимж, хуримын цэцгийг нь цэвэр алтаар урласан байв.
Хуриманд Малайз, Сингапурын ерөнхий сайд, Индонез, Филиппиний ерөнхийлөгч, Азийн хааны гэр бүлийн төлөөлөгчид оролцжээ. Британийн хатан хааныг л гэхэд Глотерын гүн төлөөлж байсан гэдэг.
Харин одоо бол хунтайжийн талаарх мэдээлэл тун бага. Тэднийх хоёр охин, хоёр хүүтэй гэсэн мэдээлэл байдаг. Мэдээж хөвгүүдийн нэг нь угсаа залгамжилна. Хунтайжийн эхнэр Пенгиран Анак нь хөгжим, театрт сонирхолтой, спортод дурладаг, Брунейн армид алба хаасан гэдэг.
Гүнж Мажида Болкиах
Мажида бол угсаа залгамжлагч хунтайж Аль-Мухтадийн эгч нарын нэг. Нүсэр том хуримын дараа л түүний тухай мэдээлэл ил болж ирсэн. Гүнж болон гэр бүлийн бусад гишүүд нь олны өмнө тэр бүр гараад байдаггүй. Гэхдээ энэ гүнж 1976 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн, Бруней-Даруссалам их сургуульд дээд боловсрол эзэмшиж, Лондонгийн хааны коллежид мастерын зэрэг хамгаалсан гэдэг.
Брунейдээ тэрбээр экологийн төслүүдэд ажилладаг бөгөөд 2007 онд төрийн албан хаагч Хайрул Халилтай гэрлэсэн юм. Нөхөр нь эхнэрээсээ 2 насаар дүү бөгөөд өдгөө тэд 2 хүүхэдтэй.
Гүнж хуримандаа алтан Rolls-Royce-той ирж, үндэсний хувцсаараа гоёжээ. Дээр нь алтан титэм зүүж, бриллиантан туфль хөлдөө угласан байна. Ерөнхийдөө энэ бол Брунейн султаны гэр бүлийн гишүүдийн хувьд байдаг л хуримд тооцогддог аж.
Ханхүү Хажи Абдул Азим
Султан Болкиахын хоёр дахь эхнэрийн хүү, Брунейдээ хамгийн алдартай хүнд тооцогддог. Азим ханхүү 2020 онд таалал төгсчээ. Тэрээр 38 настай байсан бөгөөд нас барсан шалтгааныг нь зарлаагүй юм. Тэрээр ах, дүү нараасаа ялгаатай нь үдэшлэг, зугаа цэнгээнд их дуртай, хэмжээгүй их үрэлгэн, кино продюсерлэдэг гэдгээрээ алдартай байжээ. Түүний нэр Руперт Эверттийн “Аз жаргалтай ханхүү”, Хиллари Суонкийн “Чи бол чи биш” зэрэг кинонуудын титрт явдаг.
Азим ханхүү угсаа залгамжлах дарааллаараа 4-т явдаг байсан ч Брунейд биш, АНУ-д байхыг илүүд үздэг байв. Тэрээр Памела Андерсон, Жоан Коллинз, Мариан Кэри нартай найзалдаг байсан бөгөөд ижил хүйстэн байсан гэсэн яриа байдаг. Тэрээр гэрлэж байгаагүй, хэнтэй ч дотносож байгаагүй юм.
Ханхүүгийн цогцсыг нас барсан өдөр нь эх орон руу нь буцааж, салах ёс гүйцэтгэх ажиллагааны дараа Бандар-Сери-Бегаван бунханд нутаглуулжээ. Таалал төгссөний дараа вант улсад 7 хоногийн гашуудал зарлаж байв.
Ханхүү Абдул Матин
Таалал төгссөн ханхүү Азимын дүү, султан Болкиахын хоёр дахь эхнэрийн хүү. Абдул ханхүү бол эх орондоо төдийгүй хилийн чанадад жинхэнээсээ алдартай нэгэн. 2016 онд түүнийг дэлхийн хамгийн атаархам сүйт залуу, 2017 онд хамгийн царайлаг ханхүүгээр нэрлэж байлаа.
Брунейн ханхүү 2011 онд Сандхерстэд цэргийн академи дүүргэж, Лондонгийн хааны коллежийн бакалавр, Лондонгийн их сургуулийн салбар Дорно, африк судалгааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Ханхүү өдгөө нийгмийн сүлжээнд идэвхтэй, поло тоглох сонирхолтой бөгөөд Jab Gym хэмээн спорт хувцасны брэнд хүртэл гаргажээ. Тэрбээр франц, итали, англи, араб хэлтэй. Абдул ханхүү гэрлээгүй бөгөөд нэг ярилцлагандаа “Энгийн охид таалагддаг” гэжээ.
Discussion about this post