Өмнөд Африкийн БНУ-ын Баруун Капс мужийн нэгэн овгийн тэргүүн, “Нэгдсэн ардчилал” хөдөлгөөнийг олон жил тэргүүлсэн Чекеде Питсо нь нэрт улстөрчийн хажуугаар том бизнесмэн агаад сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ. Мөнгөтэй бизнесмэний хувьд тэрээр муждаа бараг л анхны “Мерседес Бенц” машиныг унасан аж. Нас барахаасаа өмнө Германы алдарт машины бүхэл бүтэн цуглуулагатай болсон ч 1980 оны үед худалдаж авсан “Mercedes E500”-даа хамгийн хайртай байжээ. Энэ он цагууд нь улстөрчийн болон бизнесмэн хүний хувьд хамгийн оргил үе нь байсан гэнэ. Гайхалтай нь энэ машинаа бараг унаагүй. Худалдаж авсанаас хойш ердөө 2-хон долоо хоногийн дараа эвдэрч таг зогсжээ. Бүхэл бүтэн муж даяар түүнийг засаж чадах засварчин гарсангүй. Ингээд машин нь гараашдаа зогссоор иржээ.
Гэхдээ эзэн нь салаагүй агаад хэдий явдаггүй ч гэсэн дотор нь суугаад амарч тайвширдаг байсан гэнэ. Охиных нь хэлсэнээр энэ машинтайгаа хамт бурханы оронд очно гэж ярьдаг байжээ. Улстөрийн талбараас буусны дараа бизнес нь мөн хумигджээ. Сүүлдээ өр зээлэнд орж үнэтэй машинуудаа зарсан ч хайртай машинаа авч үлдсэн байна. Саяхан насан өндөр болсон улстөрч өөрийн жамаар хорвоог орхисон. Тэрээр хайртай машин дотроо амьсгал хураасан байжээ. Ингээд талийгаачийн сүүлчийн хүслийг биелүүлж, бүр тодруулбал хайртай Mercedes E500 1980-д нь суулгаад хамт оршуулжээ.
Discussion about this post