Сургуулийн охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэсэн асуудал өчигдрөөс яригдаж, цахим сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Зарим хүмүүс уг асуудлыг дэмжиж “Хүн хүйсээ сонгож төрдөггүй, эмэгтэй болж төрснийхөө төлөө эрэгтэй хүнээс илүү зардал гаргах ёсгүй, энэ бол тэгш байдлыг зарчим” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа бол зарим иргэд “Төрийн дахин нэг шахаа, хяналт байхгүй, хяналт нь ариун цэврийн хэрэглэл /АЦХ/-ээсээ илүү зардал үүсгэнэ” гэж эсэргүүцэж байна.
Тэгвэл энэ асуудлыг хөндөж, анх цахим орчинд бичсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тодруулга өгчээ.
Тэрбээр “Цахим орчинд наймдугаар ангийн охин АЦХ байхгүйн улмаас ор хөнжлийн даавуугаа хэрэглэсэн, үүнийг мэдсэн дотуур байрны камидат нь гарын хугартал зодсон асуудал үүссэн мэдээлэл цацагдсан байсан. Энэ асуудал дээр эмэгтэй гишүүдийн байр суурь ямар байгаа талаар иргэдийн зүгээс асуусан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг болон миний бие өөрсдийн байр сууриа илэрхийлээд явж байгаа. Дэлхий даяар охидын сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг нэг том асуудал бол “сарын тэмдэг” байдаг. Ядуу бүс нутагт үүнээс улбаатайгаар олон олон охид сургууль завсардах асуудал үүсдэг. Тухайн хүүхэд хичээл дээр нь “сарын тэмдэг” нь ирэхэд бэлтгэл байхгүйн улмаас “ичих” байдалд ордог. Дэлхий дахинд өсвөр насны охидод зориулан “тампон такс” гэх хөдөлгөөн өрнүүлж олон нийтийн газарт АЦХ байрлуулж эхэлж, энэ үр дүнд хүрч байгаа. Энэ ажил улс орны хөгжлийн түвшнээс үл хамааран өрнөж байна. Монгол улсын хувьд хүний эрхийн шинэ орчин бүрдүүлэх энэ асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байгаа” гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн “Одоо судалгаа тооцоо хийгдээд эхэлсэн. 2021 оны байдлаар 10-18 насны 220 мянга гаруй өсвөр насны охид байгаа. Энэ охидуудад сард нэг удаа АЦХ олгох төсвийг шийдэхэд 2 тэрбум 200 орчим сая төгрөг шаардлагатай тооцоо гарсан. Хэрэвзээ төсөвд хүндрэлтэй гэж үзэх юм бол эхний ээлжинд хөдөө орон нутгийн отуур байртай сургуулиуд, мөн хотын гэр хорооллын сургуулиудад олгох юм. Төсөвт суулгаад шийдэхэд болохгүй гэсэн асуудал байхгүй.
2020 намар нүхэн жорлонтой 819 сургуулийг орчин үеийн жорлонтой болгох санал, санаачлагыг гаргаад Эрдэнэт үйлдвэр дэмжин ажиллаж байгаа. Энэ ажил хурдацтай яваад нүхэн жорлонгийн асуудал шийдэгдээд явчих юм бол, дараагийн ээлжинд охидын эрүүл мэндийн төлөө улсын түвшинд шийдэх боломжтой гэж үзэж байгаа” гэсэн юм.
Discussion about this post