XIY зууны үед Юань гүрэн задран унаж монголчууд хятад дахь ноёрхлоо алдсан боловч урьдын эрх мэдлээ сэргээх гэж хэдэнтээ оролдоод бүтээгүй билээ. Харьцангуй богино хугацаанд олон хаад солигдож байсан бөгөөд тэдгээр хаадын зарим нь улс орноо бүрэн дүүрэн төвлөрүүлэн захирч хараахан чадахгүй байлаа. Эл үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрийддэг ба улс төр эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлжээ. Бага хаад болон том ноёдууд их хааны төвлөрсөн засаглалаас аль болохоор зайлсхийн эрх мэдлийн төлөө бие даах гэж оролдсон тэр үеийг Монголын бутралын үе гэж түүхэнд нэрлэжээ. Улмаар 1372 онд хятадын 15 мянган цэрэг Монголд довтолж, 1380 онд Мин улсын цэрэг Хархорум хотыг шатаажээ.
Мин улсын эрх баригчид Монголын бага хаадын дунд яс хаяж хооронд нь дайтуулсаар хүчийг нь сулруулаад өөрсдөө довтолдог уран нарийн аргатай болсон байв. 1409 онд Ойрад болон Зүүн Монголын байлдаанд Мин улсын цэрэг Ойрадад туслан Зүүн Монголыг цохиж байсан бол 1413 онд Зүүн Монголд туслан Ойрадын цэргийг ухрааж байжээ. Тэр үеийн монголчууд нь Мин улстай эдийн засгийн талаар өргөн харилцаж янз бүрийн эд барааг малаас гардаг түүхий эдээр сольж авдаг байв. Харин Мин улсын тал өөрийн оронд ирэх монголын худалдаачдын тоог хязгаарлах, хилийн боомтын худалдааг хаах, монголын мал түүхий эдийн үнийг бууруулах зэргээр дарамт шахалт үзүүлдэг байсан учраас монголчууд хятадын хилд удаа дараа довтолдог байжээ. 1449 онд Эсэн тайш Мин улсын их цэргийг бүслэн бут цохиод Ин Цзун хааныг олзлон авчээ.
Олон жил үргэлжилсэн Монголын улс төрийн хямрал нь 1467-1543 он буюу Батмөнх Даян хааны үед намжиж, бүх Монголыг нэгтгэсэн юм. Батмөнх 1480 онд хаан ширээнд сууж Мандухай хатны хамт эхлээд Зүүн Монголчуудыг нэгтгэн эе эвийг олоод дараа нь Дөрвөн Ойрадыг байлдан эзэлж захиргаандаа оруулжээ. Зарим өөрчлөлтийг хийж “тайж”-ийн оронд “жонон” гэдэг тушаалыг бий болгон Зүүн Монголын Зүүн түмнийг өөрөө захиран Баруун түмнийг жонон захирдаг болгожээ. Их Монгол Улсын үед нийгмийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь мянганы тогтолцоо байсан бол XY зууны эхэн үеэс том ноёдын эзэмшил нь “отог” хэмээх шинэ зүйл бий болж, тодорхой газар нутаг, тэнд амьдрах малчин ардууд, тэдний мал хөрөнгөөс бүрдэх болжээ. Батмөнх хаан Мин улстай найрамдалт харилцааг хадгалахыг хичээж тэр завсартаа дотоод асуудлаа амжилттайгаар цэгцэлсэн юм. Түүхэнд Батмөнх Даян хаан, Мандухай сэцэн хатны үед монголчууд өвөр зуураа дайн байлдаангүй түр амсхийж ард иргэд нь хэсэг хугацаанд ч болов амар тайван амьдарсан хэмээн тэмдэглэжээ.
Батмөнх Даян хаан өөрийн 11 хөвгүүндээ газар нутгаа хуваан өгчээ. 11 хөвгүүдийн 7 нь Мандухай хатны, 4 нь бага хатан Жимсгэнийнх ажээ. Ууган хүү Төрболд эцгээсээ өмнө нас барсан, удаах хүү Улсболд 1500 онд Ибрай тайшид алагдсан, гутгаар хүү Барсболд жононд өргөмжлөгдсөн, дөтгөөр хүү Арсболд Түмэдийн 7 отгийг захирдаг, тавдугаар хүү Очирболд нь Цахарын 8 отгийг, зургадугаар хүү Алчуболд нь Халхын өвөр 5 отгийг, долдугаар хүү Арболд нь Цахар болон Хуучидын 2 отгийг, наймдугаар хүү Гаруудай нас барсан бол, есдүгээр хүү Гэрболд нь Ахан болон Найманы отгийг, аравдугаар хүү Увсанз нь Юншөөбү отгийг, отгон хүү Гэрсэнз нь Халхын 7 отгийг тус тус захиран суужээ. Ууган хүү Төрболдын хөвгүүн Боди Алаг нь Их Монгол Улсын хаан ширээнд суухдаа Цахаруудын нутагт төвлөн сууснаар хаан ширээ, төрийн тамга нь Монголын өмнөд хэсэгт шилжсэн байна. Эл үеэс өвөрлөгч хэмээх нэр томъёо үүсчээ.
1640 онд Ойрадын Эрдэнэбаатар хунтайж Тарвагатайн нурууны Улаан бураа хэмээх газарт Монгол ноёдын чуулган хийхийг санаачилснаар Халх болон Ойрадын 28 томоохон ноёд оролцсоны дотор Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж, Увш гүүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгууд нарын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцжээ. Чуулганаар “Дөчин дөрөв хоёрын их цааз” гэдэг 120 зүйл бүхий хуулийг баталж, Манжийн эзлэн түрэмгийллийн эсрэг бүх нийтээрээ тэмцэх, буддын шашны шарын урсгалыг улсын шашин болгож түүний дэмжлэгээр Монгол овогтныг нэгтгэх, том ноёдын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ төвлөрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. Эл хуулийн үзэл санааг Эрдэнэбаатар хунтайж, Зая бандидаа Намхайжамц нар идэвхтэй хэрэгжүүлэн Ойрадын дотоод зөрчлийг зогсоож, аж ахуйгаа сайжруулж, Орос, Казах зэрэг улстай харилцаа тогтоожээ.
Дундад зууны хоёрдугаар хагасын үед Халх, Ойрад, Цахар буюу Ар Монгол, Баруун Монгол, Өвөрлөгч Монгол гэж хуваагдсан байжээ. Ар Монгол буюу Халх нь 3 хантай, Чингис хааны цагаан сүлдтэй голомт нутаг боловч аль нэг нь товойн гарч чадахгүй байсан учраас шашнаар дамжуулан нэгтгэхийг оролдон 1639 онд Анхдугаар Богд нэрээр хаан тодруулан залсан бол Өвөрлөгч нар угсаа залгамжилсан Лигдэн хаанаас хойш тэргүүлэх удирдагчтай, харин Баруун Монгол нь Эрдэнэбаатар хунтайжийн захиргаанд байв.
Ар Монголд Түшээт хан Гомбодоржоос хойш Галдан, Занабазар нарын тэмцэл хурцдаж, Халхын ноёдоос хамгийн түрүүнд Түшээт хан Гомбодоржийн хүү Бундар 1673 онд эцгийгээ нас барахаас 2 жилийн өмнө харъяат ардаа авч Манжид урваж “Засаг чин ван” цол хүртсэн түүхтэй ажээ. Ийнхүү манж нар ямар ч гарз хохиролгүйгээр хэдэн хоосон цол хэргэм, чулуун шигтгээ, шувууны өд, торго даавуугаар монголын ноёдыг өөр хооронд нь өрсөлдүүлж, эд хөрөнгөөр уралдах, атаархаж жөтөөрхөх үзлийг дэгдээж түүнийхээ үр дүнд ямар ч төвөггүйгээр Халхыг өөртөө урвуулан авч эзэлсэн гашуун түүхтэй юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Discussion about this post