Арваад хоногийн өмнө УДШ Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдуулж өмгөөлөгч Б.Баасанцогтын гаргасан гомдлыг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн эцэст Б.Баасанцогтын өмгөөлөх эрхийг хоёр жилээр хассан МӨХ-ны шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, түүнийг лифтен дэх бичлэг олон нийтэд цацагдсаны дараа МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хороо “Олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл нь Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг зөрчсөн” хэмээн буруутгаж, өмгөөллийн эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Өнгөрөгч зургадугаар сард авсан шийтгэлийн арга хэмжээгч Б.Баасанцогт эсэргүүцэж, жил тойрон маргасны эцэст Дээд шүүх Б.Баасанцогтын гомдлыг хангахаас татгалзжээ.
Хэрэг явдал нэгэнт ийм болсноос хойш одоо түүнтэй хамт “оцогносон” шүүгч нарын ч гэсэн эрхийг хасаад хасаад явчихвал шударга болно. Хуульч мэргэжлийн карьерын оргил гэгддэг шүүгч нарт тавих ёс зүйн шаардлага өмгөөлөгчийнхөөс дор байж болохгүй, тийм биз дээ?!
Уг нь бол тэдгээр өмгөөлөгч, шүүгч нар чөлөөт цагаараа орон гэртээ юу хийх, биеэ үнэлнэ үү, эсвэл үнэлүүлнэ үү, тэр нь нийгэмд буюу маньд ямар ч нөлөөгүй юм. Шүүх дотор байгуулсан схем, түүгээрээ дамжуулж хэрэг захиалсан, шийдсэнийх нь дэргэд бол бараг “ариун явдал” юм. Үсрээд л өөрсдөө бэлэгсийн өвчин авна биз. Харин шүүх хуралдааны танхимд алх бариад сууж байхдаа хийсэн алдаа, хуулиас гадуур шийдвэр болгон нь нийгэмд, мань мэтэд илүү хамаатай, аюултай.
Гэтэл Б.Баасанцогтын шүүгч нарт их хэмжээний мөнгө шилжүүлсэн, шүүхийг авилгадсан нь баримтаар дэлгэгдээд байхад л энэ хэргийг шүүхээр оруулж чадахгүй байна шүү дээ. Аргаа бараад бичлэг энэ тэр цацаж /тэр нь ч бас хууль бус/, тэгээд арга хэмжээ авч байгаа нь Өмгөөлөгчдийн холбоо. Чааваас даа…
Гэсэн ч ингээд ч хамаагүй шүүхийг Б.Баасанцогтын сүлжээнээс цэвэрлэх шаардлага үүсээд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол шүүх, шүүгчид хууль үйлчлэхээ больсоор удаж байна. Захиалагчийнхаа хүсэлтээр, өөрсдийн дур зоргоор хуулийг тайлбарлаж, хэрэглэдэг боллоо. Гэтэл шүүхэд хууль тайлбарлах эрх байдаг бил үү?
Хамгийн сүүлийнхээс нь эхэлье. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэр өнгөрөгч арванхоёрдугаар 16-нд сарын гарснаас хойш 48 хонож байна. Шүүхийн тогтоолыг шүүгдэгч нарт гардуулж өгөх хуулийн хугацаа 14 хоног. Үүнээс хойш дахиад сар гаруй болчихоод байхад анхан шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчид шүүхийн тогтоолыг бичгээр гардуулж өгөөгүй. Үүнээс нь болоод шүүгдэгч шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхээ эдэлж чадахгүй сар гаруй хүлээж байна. Сонирхоод үзэхнээ ковидоор шалтаглан ажлаа цалгардуулж, шүүхийн шийдвэрийг давж заалдах шүүгдэгчийн эрхийг санаатай хясан боогдуулж байгаа этгээд нь Б.Баасанцогтын “шигшээд” багтдаг Б.Халиун юм байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, Э.Бат-Үүлийн хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч.
Шүүхийн тухай хуулийн 50-р зүйлд заасан “шүүгчид хориглох зүйл” дотор “Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна”, 57-р зүйлд сахилгын шийтгэл нь нээлттэй болон хаалттай сануулах, цалингийн хувиар торгохоос эхлээд шүүгчээс огцруулах шийтгэл оногдуулна гэсэн байна. Б.Халиун шүүгчид энэ хууль хамаагүй гэж үү?
Бас нэг жишээ. Өнгөрсөн сарын 22-нд /2021.12.22/ Шүүхийн сахилгын хорооны гишүүний Д.Эрдэнэчулууны гарын үсэгтэй 63 тоот захирамж гарчээ. 2020 оны зургадугаар сард Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг үндэслэлгүйгээр цагдан хорьсон асуудлаар шүүгч Ё.Цогзандангийн өмгөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг хянасан тухай…
Болсон явдлыг сануулахад, Да.Ганболд, С.Баярцогт нар нь 2020 оны зургадугаар сард УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ажиллаж байлаа, хөөрхий. Тиймээс Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нь 2020 оны зургадугаар сарын 15-нд зарлагдсан шүүх хурлыг хойшлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм байна. Хүсэлт гаргасны дараа буюу 04-ний өдөр шүүх хуралдааны даргалагч шүүгч Ё.Цогтзандан өмгөөлөгч рүү залгаж “Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг чинь харлаа. Шүүх хурлаар шийдэх байх. Танай нэр дэвшигч хөдөө яваа биздээ. Шүүх хүсэлтийг чинь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Да.Ганболдыг ирүүлээд яах вэ” гэж.
Тэгээд явж өмгөөлөгчийн хүсэлтийг 15-нд шүүх хурлаар хэлэлцэж, Ё.Цогтзандан шүүх хурлыг хойшлуулах тухай захирамж гаргахдаа “Шүүгдэгч нар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх арга хэмжээнд саад учруулж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах нь зүйтэй” гээд гурав хоногийн дотор тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шаардсан байна.
Гурав хоногийн дотор Да.Ганболд 50 сая, С.Баярцогт 100 сая, Б.Бямбасайхан таван сая, С.Баяр хамгийн их буюу 500 сая төгрөгийн барьцаа байршуулсан байгаа юм. 18-ны өдөр С.Баяраас бусдыг нь “Таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн” гэдэг үндэслэлээр цагдан хорьсон. 2020 оны УИХ-ын сонгуулиар зургаан нэр дэвшигч шоронгийн өрөөнөөс өрсөлдсөний гурав нь АН, хоёр нь бие даагч /Н.Номтойбаяр, Бат-Ялалт/, нэг нь МАН байв даа.
Сонгууль дууссаны дараа буюу долдугаар сард Да.Ганболдын өмгөөлөгч дээрх гомдлыг Шүүхийн сахилгын хороонд гаргасан байгаа юм. Нэгдүгээрт, С.Баярыг үлдээгээд Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсон нь шүүгч ялгавартай хандсан байна. Хоёрдугаарт, угаасаа биелүүлэх боломжгүй барьцаа нэхсэн нь шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг санаатай бүрдүүлсэн хэмээн үзэж, Ё.Цогтзандангийн эсрэг гомдол гаргажээ. Гомдол гаргасан нь 2020 оны долдугаар сар, Сахилгын хороо гомдлыг хэлэлцсэн нь 2021 оны арванхоёрдугаар сар. Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун гомдлыг хэлэлцсэн тухай захирамждаа “Гомдлыг 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээж авсан” гэж бичсэн байгаа юм.
Жил зургаан сар мартсан, дарсан гомдлыг гэнэт нэг өдөр ухаж гаргаж ирээд, хүлээж авсан бүртгэл хийгээд, хэлэлцээд шийдвэр гаргасан нь сонин биз. Судлаад үзэхнээ Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүгч Ё.Цогтзандан хоёр шүүхийн системд 30 гаруй жил хамт ажилласан гэр бүлийн найзууд юм байна. Төсөөлөхөд Ё.Цогтзандан нь “миний талаарх гомдлыг хаагаад өг” гэсэн, тэгээд хоёулаа шил юмны ард сууж байгаад шийдчихсэн. Нэг тиймэрхүү л юм болсон байх.
За тэгээд өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлыг Сахилгын хороо бүртгэж авсны дараа Шүүгчийн ёс зүйн хороонд ирүүлсэн тайлбартаа Ё.Цогтзандан нь “Өмгөөлөгч Б.Баяраад би “Хөвсгөл аймагт ажиллаж байгаа нэр дэвшигч Да.Ганболдыг шүүх хуралдаанд ирүүлээд хэрэггүй. Хаашдаа шүүх хурал хойшилно” гэж хэлсэн нь үнэн. Гэтэл МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэвлэл мэдээлэл болон ард иргэдийн дунд “МАН-аас нэр дэвшигчийг хорьчихлоо, АН-аас нэр дэвшигчид сул чөлөөтэй явж байна” гэдэг хэл ам гарсны дагуу Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсон” гэсэн байна.
Хэзээнээс шүүх хэвлэл мэдээлэл болон ард иргэдийн гаргасан “хэл аман” дээр түшиглэж шийдвэрээ гаргадаг болчихов оо? Шүүх зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрээ гаргах ёстой биш бил үү?
Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл журмыг бичихдээ “оргон зайлахыг завдсан”, “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл олдсон” ийм гурван тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн байгаа. Энд “ард иргэдийн хэл ам” болон “улс төрийн тэнцвэрийг хангах” үүднээс цагдан хорино гэж байхгүй.
Тиймээс шүүгч “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэдэг дараачийн үндэслэлийг бий болгохын тулд шүүгдэгчийг оролцуулалгүй шүүх хурал хийж, биелүүлэх боломжгүй барьцаа шаардсан. Ж.Эрдэнэбатаас ч гэсэн 10 тэрбумын барьцаа шаардсан, биелүүлж чадаагүйн улмаас цагдан хорьсон байдаг. Ерөнхийдөө л нэг загвараар шийдээд шийдээд явчихсан гэсэн үг.
Тэгэхээр өмгөөлөгч Б.Баяраагийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах /цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах/ нөхцөл байдлыг шүүгч санаатай буюу зориудаар бүрдүүлсэн” гэсэн нь үндэслэлтэй байгаа биз.
Гэтэл Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун “Шүүгч Ё.Цогтзандан өмгөөлөгч Б.Баяраатай утсаар ярьсан нь баримтаар нотлогдох боломжгүй нөхцөл байдал бий болсон” /бараг шүүгчийг өөрийг нь эрх зүйн чадамжгүй этгээд гээд хэлчихлээ/, мөн “ЭХХШТ хуулийн холбогох заалтыг удирдлага болгон Да.Ганболдод таслан сэргийлэх хэмжээ авсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна” гээд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа юм. Сахилгын хорооны гишүүн хэрвээ эрүүл ухаантай, өөрийгөө хянах чадвартай үедээ дээрх захирамжийг гаргасан бол ядахдаа шүүгчийн “хэвлэл мэдээлэл, ард иргэд хэл ам гаргаад байхаар нь хорьсон” гэдэг эрүүл бус, хуулийн үндэслэлгүй тайлбарыг захирамжиндаа оруулахгүй байлаа. Хэрэв нотлох баримт гэж үзэхгүй л юм бол шүүгчийн өөрөө өөрийнхөө эсрэг өгсөн “Би Баяраатай утсаар ярьсан, Д.Ганболдыг ирүүлэх хэрэггүй гэж хэлсэн” гэдэг тайлбарыг ч гэсэн захирамждаа тусгах ёсгүй байсан юм.
Тэгэхээр гомдлыг хянасан, хянуулсан хоёр найз хоёулаа эрүүл ухаангүй байжээ гэдэг нь үүгээр нотлогдож байна даа.
Үргэлжлэл бий
Б.СЭМҮҮН
Discussion about this post