Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд сэтгэлийг нь татаж, өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна…2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо орхи оо, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд ч бас автсан байх.
За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна. Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд, наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай Төр хурахын амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг… 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн, 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан…Тэр жил бороо их оройтож, нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ…Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007- 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ.Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.
За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юм даг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн… Өөрөө ч залхсан байх надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан даа …тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд гээд л …юун ДОПИНГ. Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гарч билээ. Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг . Гэвч санаснаар арай болоогүй, Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа нэг сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юмдаг…Наймдугаар сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж, тэнгэр ниргэх шиг цочирдож билээ…Хүй 7 худагт болсон барилдаан дээр уулзаад, ахиж хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван л удаа тааралдсан байна бид хоёр. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо. Budeebazar Adiyakhuu.
Discussion about this post