БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургуульд сүүлийн 30 жилийн турш ажиллаж, Монголын мянга мянган хүүхдийг сурган хүмүүжүүлсэн Суяанзын Максим гэгч хүнтэй ярилцлаа. Тэрбээр нэг насны амьдралаа зориулсан сургуулийнхаа захирал Ж.Соронзон гэгчид нэг л өдөр ямар нэгэн учир шалтгаангүйгээр байж боломгүйгээр доромжлуулж, тэтгэвэрт гарахаасаа ердөө хоёрхон сарын өмнө халагдсан харамсалтай мэдээг дуулаад түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Багш мэргэжлийг хаана хэрхэн эзэмшсэн бэ?
-Намайг Суяанзын Максим гэдэг. Аав минь хятад, ээж минь орос хүн л дээ. Би УБДС-ийг 1983 онд түүх, газар зүйн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсмөгцөө БШУЯ-ны томилолтоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод түүх, газар зүйн багшаар томилогдон очиж тэндээ гурван жил багшилсан. Тэгтэл 1986 онд БСШЯ-ны шийдвэр гарч намайг Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 77-р сургууль руу татаж түүх, газар зүйн багшаар томилж байлаа. Тэр сургуульдаа мөн гурван жил ажиллатал 47-р сургууль руу шилжүүлж нэг жил ажиллуулангуутаа, улмаар 23-р сургууль руу томилж тэндээ 1995 оныг хүртэл ажиллуулсан. Би унаган орос хэлтэй учир намайг БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 1992 оноос эхлэн цагийн багшаар давхар ажиллуулдаг байлаа. Улмаар 1996 онд БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон намайг хичээлийн эрхлэгчээр томилсноор тус сургуультай амьдралаа холбож 2021 оны есдүгээр сарын шувтартал ажиллаж байгаад гэнэт ажлаасаа халагдах хүртлээ ажилласан ийм л хүн. Ам бүл гурав бага хүүхэд маань одоо оюутан. Эхнэр минь өвчний улмаас ажил хийх боломжгүй тул гэртээ суудаг ийм л айл байгаа. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гэх зүйл байхгүй Оросын алс дорнодын газрын өмчлөлд байдаг байранд маш өндөр түрээс төлж амьдардаг жирийн л нэгэн багш хүн шүү дээ би. Яагаад түрээсийн байранд ийм олон жил амьдарч, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж чадаагүй вэ гэхээр нэг хүүхэд маань хүндээр өвдөж 10 гаруй жилийн турш асар өндөр үнэтэй эмчилгээнд хамрагдсан учраас авсан цалингаа хүүхдийнхээ эмчилгээний зардалд л зориулсантай холбоотой. Хүүхдээ эмчлүүлэхийн тулд хоёр сард нэг удаа БНСУ руу авч явдаг байсан учраас эмчилгээний зардал мөнгө их гарсаан. Гэхдээ би энэ бүхний эцэст хүүхдээ эрүүл болгож чадсандаа маш их жаргалтай байдаг хүн.
-Та БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 1996 оноос хойш саяхныг хүртэл хичээлийн эрхлэгчээр тасралтгүй ажиллахдаа асар үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж надад олон хүн хэлсэн. Энэ сургуульд ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийж хэрэгжүүлсэн бэ? Энэ талаараа ярьж өгөөч?
-Товчхон хэлбэл сургалтын чанарыг сайжруулах нь миний ажлын үндсэн гол чиглэл байсан. Жил бүр 6-12 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд судалгаа авахад тэдний 80-89 хувь сургалтын чанар өндөр гэсэн үнэлгээ өгдөг байсан.
Хоёрдугаарт Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд хөндлөнгийн хяналт шалгалтын системийг бүрэн нэвтрүүлсэн. Гуравдугаарт ОХУ-д маш нэртэй, дээд сургуулиуд нь хэрэглэдэг индика хөндлөнгийн шалгалтын программыг нэвтрүүлж, 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Хөндлөнгийн шалгалтыг авах бүх хичээлийн тестийг өөрсдөө бие даан боловсруулж, амжилттай зохион байгуулж байлаа. Түүнчлэн сурагчдын цахим журналыг боловсруулж гурван удаа шинэчлэх ажлыг хийсэн. Гэвч цахим журналыг дэмжих хүн байгаагүй учраас эцэстээ зогсонги байдалд орсон л доо. Өөр нэг чухал ажил маань юу вэ гэхээр манай сургуулийн сурагчдаас авдаг ОХУ-ын төгсөх шалгалт ОГЭ, ЕГЭ-г Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль өөрсдөө бие даан явуулж болно гэсэн зөвшөөрлийг 2020 оны гуравдугаар сард ОХУ-ын холбогдох байгууллагаас авсан явдал мөн. ОГЭ, ЕГЭ шалгалтыг авахад шаардлагатай бүх анги танхимыг тохижуулах ажлыг би гардан гүйцэтгэсний дараа ОХУ-аас тусгай баг ирж шалгаад анх удаа магадлан итгэмжилсэн. Энэ шалгалт нь ямар учиртай вэ гэхээр ОГЭ, ЕГЭ-г амжилттай өгч байж манай сургуулийг төгссөн хүүхэд аттестатаа авдаг. Тийм ч учраас энэ шалгалтын материал нь гурван зэрэглэлийн нууцлалтай, шалгалтын бүх тест нь Оросоос ирдэг, камерын шууд хяналтан дор явдгаараа онцлогтой. Камерын хяналтыг нь Москвагаас хийдэг гэсэн үг. Ингээд шалгалтаа ямарч зөрчил дутагдалгүй явуулснаар манай сургуульд асар өндөр давуу тал бий болсон. Яагаад вэ гэхээр үүнээс өмнө төгсөх шалгалт буюу ОГЭ, ЕГЭ-г өгөхийн тулд манай сургуулийн төгсөх ангийн сурагчид ОХУ-ын Улаан-Үд рүү очиж шалгуулдаг байсан явдал дуусгавар болж эх орондоо төрөлх сургууль дээрээ төгсөлтийн шалгалтаа өгөх үүд хаалга нээгдсэн. Үүнээс өмнө би жил бүр тус шалгалтыг өгүүлэхийн тулд 100 гаруй хүүхдийг толгойгоороо хариуцаад Орос руу авч явдаг байлаа шүү дээ. Тэр олон хүүхдүүдийг хариуцаад авч явсан олон жилийн хугацаандаа би нэг ч удаагийн зөрчил гаргаж байгаагүй. Ийм л ололтыг хийсэн хүн дээ.
-Үнэхээр бахархам амжилтыг та өнгөрсөн хугацаанд гаргажээ. Гэтэл энэ мундаг хичээлийн эрхлэгчийг яагаад л гэнэт ажлаас нь халах болов? Учир шалтгаан нь юу байв?
-Би мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан. Би өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажилладаг байлаа. Хагас бүтэн сайнд шаардлагатай тохиолдолд мөн ирж ажилладаг байсан. 2021 оны есдүгээр сарын 30-нд би шинэ багш нар хичээлээ хэрхэн зааж байгааг шалгах ажлын хүрээнд таван цагийн хичээлд суугаад гарч иртэл захирал намайг дуудаж байна гэсэн. Энэ жил шинээр авсан багш нар нь үнэхээр муу байсан учраас тэднийг хэрхэн сайжруулах вэ? Сургалтын чанарыг яаж өгөөжтэй болгох вэ, шинэ багш нарыг сургах чиглэлээр хэрхэн тулж харьцах вэ гээд хуваариа гаргаад сууж байхад Ж.Соронзон захирал дуудмагцаа “Чи муу ёстой даварчихсан. Чи юу ч хийдэггүй. Новш минь чамайг ёстой хогноос би олсон шүү. Нөгөө ертөнцөд байгаа чиний хамаатан садан жаргахгүй” хэмээн учир зүггүй дайрч доромжилсон. Нөгөө ертөнцөд байгаа хамаатан садан гэгч нь миний талийгаач ижий л дээ. Би ижийгээ нас барахаас нь өмнө дөрвөн жил асарч байгаад алдсан хүн. Би гэхдээ ижийгээ асарч байна гээд ажлаа ганц удаа тасалж байгаагүй хүн. Би Монголын боловсролын салбарт 30 жилийн турш тасралтгүй ажиллахдаа яг 29 хоног л чөлөө авч байсан хүн. Нас барсан ижийг минь ямар ч шалтгаангүйгээр дайрч доромжилж, намайг зүй бусаар хэлж загнахаар нь би маш их гомдсон. Тэгээд шууд тэр хүний хэлсний дагуу өргөдлөө өгөөд л ажлаасаа халагдсан. Би тэтгэвэрт гарахад ердөө хоёрхон сар л үлдсэн байсан. 36 сарын нэг удаагийн тэтгэмж авахад мөн хоёрхон сар үлдсэн байхад л намайг ингэж дайрч доромжилж ажлаас минь халсан. Би за яахав дээ гээд хоёр сар тэсье гэж бодовч тэр хүний доромжлол хэзээ ч зогсохгүй байх шинжтэй байсан тул би өргөдлөө өгөөд л явсан. Би Ж.Соронзон захиралтай нэг сургуульд 30 жил ажилласан хүн. Энэ олон жилийн хугацаанд жаргал, зовлонг хамтдаа үзсэн хүн маань гэнэт ингээд дайрсан учраас би өөрийн хүсэлтээр чөлөөлж өгөөч гэдэг өргөдлөө өгөөд л явсан.
-Яагаад вэ? Яалаа гэж таныг ингэж хохироож байгаа юм бэ?
-Мэдэхгүй. Ажлаа хүлээлцэх гээд байж байхад минь миний оронд Оросоос ирсэн хоёр хичээлийн эрхлэгчийг гэнэтхэн л миний эсрэг чиглүүлж, надаас хэрэгтэй хэрэггүй баахан зүйлийг шаардуулах болсон. Би 2021 оны наймдугаар сарын 16, болон есдүгээр сарын 02-нд ОХУ-аас ирсэн давтан шалгалтыг маш амжилттай давж, шинээр ажилд орсон багш нарын 40 цагийн хичээлд сууж, анализ хийж, тэднийг сургах, чадавхжуулах ажлыг хийж байгаад л гэнэтхэн халагдах болчихсон. Би ямар ч алдаа дутагдал гаргаагүй мөртлөө гэнэт халагдсан. Яагаад халагдсан учир шалтгаанаа мэдэх гээд хичээгээд ч учрыг олоогүй. Гэтэл нууц.мн сайтад Ж.Соронзон захиралтай холбоотой жижигхэн мэдээ нийтлэгдсэн юм билээ. Тэр мэдээний баримтыг намайг өгсөн хэмээн оргүй сэрдэж намайг халсан юм байна гэж би ойлгосон. Улмаар миний ажлаас халагдсан тушаалыг ч өгөхгүйгээр зовоож, энэ новшийг сургуулийн босгоор битгий давуул гэж холбогдох хүмүүстээ үүрэг өгсөн байна билээ. Би ажлаас халагдсан тушаалаа авч чадаагүй учир ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа ч бүрдүүлж чадахааргүй тийм хүнд байдалд орсон. Би тойрох хуудсаа бүрэн зураад хүлээлгэн өгсөн байхад яагаад ч юм тэр хуудас нь алга болсон гэдгээр хясан боож тушаалыг минь өгөөгүй.
Ж.Соронзон захирлын занаа зуулт ингээд зогссонгүй. Намайг халснаасаа хойш эцэг, эхийн хурал болгон дээр намайг дайрч доромжилсон гүжир гүтгэлгийг явуулах болсон. Манай сургуулийн дотоод дүрэм, журамд сургуулийн орчинд хүнийг яс үндэс угсаагаар нь доромжилж ялгаварлан гадуурхаж болохгүй ээ гээд заачихсан байхад “Максимын аав нь хятад, ээж нь орос. Цус эрлийжхээр хүн ухаан муутай болдог. Харгис хэрцгий, хүн муутай” гэхчилэнгээр янз бүрээр доромжилсоор байсан. Би энийг яаж мэдсэн бэ гэхээр тус эцэг эхийн хуралд суусан эцэг эхчүүд над руу хурлын дараа мессеж бичиж хэлэнгүүт нь л мэдсэн. /Эцэг эхчүүдээс ирүүлсэн мессежүүдийг надад үзүүлэхэд үнэхээр тэгж бичсэн байлаа/
Сурагчдын эцэг, эхчүүд над руу залгаад Максим багшаа, таны нэр хүндийг хэн ч ингэж гутааж чадахгүй. Бид танд итгэж байна. Ж.Соронзон захирал хурал болгон дээр өөрийгөө магтаад таныг дайрч доромжлох нь бидэнд хэцүү байна гэж байнга утасдаж хэлэх болсон. Та битгий санаа зов. Та битгий энэ авгайтай зууралдаарай гэж хэлж байсан.
Тэр ч битгий хэл сургуулийн бүх багш ажилтныг надтай холбогдохыг хориглож, намайг бүх юмны буруутан болгох ажлыг тасралтгүй хийж байна даа. Түүгээр ч зогсохгүй бусад сургуулиуд руу холбогдож “Энэ хулгайчийг ажилд битгий аваарай” гэж хэлсэн байна лээ. Үүгээр ч зогсохгүй Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд багшилдаг миний охиныг хүртэл ажлаас нь халсан.
-Нэг сайтад мэдээ гарсны төлөө таныг төдийгүй охиныг чинь хүртэл хэлмэгдүүлэх үнэхээр шударга бус санагдаж байна?
-Энэ юу ч биш. Хэд хоногийн өмнө эргэлт.мн сайтад “Ж.Соронзон захирлыг АТГ-аас шалгаж байна” гэдэг бас нэг мэдээ гарсан юм билээ. Тэрийг бас намайг хийлээ гэж сэрдэж намайг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өгчихсөн байгаа. Тус цагдаагийн газраас надтай холбогдож ирж мэдүүлэг тайлбар өг гэж дуудсан. Мэдээллийн сайтад гарсан мэдээний төлөө намайг Монголын цагдаа дуудаж шалгаж байна гээд бод доо. Би тэгэхээр нь тэр мэдээг бичсэн Чанцалдулам сэтгүүлчийн дугаарыг олж холбогдоод “Чиний бичсэн мэдээг намайг бичсэн хэмээн Ж.Соронзон захирал сэрдэж байна. Чи тийм биш гэдгийг тэр хүнд хэл. Би чамайг таних ч үгүй мөртлөө цагдаад шалгагдаж байна” хэмээн аргаа барахдаа хэлсэн. Эргэлт.мн сайтад нэг мэдээ гарсны төлөө би яахаараа Эрүүгийн цагдаад шалгагддаг юм. Ингэж болохгүй биз дээ.
-Та хилс хэрэгт гүтгэгдэж, амьдралаараа хохирч яваа хүн байна шүү дээ?
-Тийм. Би нууц.мн гэдэг сайтад нэг мэдээ гарсны төлөө ажлаасаа халагдаж, эргэлт.мн сайтад гарсан мэдээний төлөө цагдаад шалгагдаж байна. Би үндэс угсаагаараа доромжлуулаад зогсохгүй хамгийн аймшигтай нь Монгол Улсын эсрэг ажилласан хэмээн буруутгагдаж байгаа. Би энэ улсын эсрэг ямар ч буруу зүйл хийгээгүй. Би хэдийгээр орос улсын иргэн гэдэг иргэний харьяалалтай боловч Монголын хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд энэ амьдралаа зориулсан. Би Монгол Улсын эсрэг үзэл бодолтой хүн байсансан бол монголын мянга мянган хүүхдийг толгойгоороо хариуцаад Улаан-Үдэд төгсөх шалгалтыг нь өгүүлэх гээд явах байсан гэж үү? Үнэхээр гомдолтой байгаа.
-Таны маш олон шавь Монголын төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байгаа. Одоогийн УИХ-д л гэхэд хэд хэд ч байгаа. Та тэр шавь нар руугаа ярьж багшийг нь ингэж хэлмэгдүүлэн хохироож байна. Туслаач гэж хэлж үзээгүй юу?
-Би тийм муухай танил тал, арын хаалганы ажилд шавь нарыгаа хэзээ ч шахахгүй. Хэзээ ч гуйхгүй. Надад тийм муухай ёс зүй байхгүй. Миний шавь нар олон газарт гялалзаж яваа. Хэзээ ч тэдэн рүүгээ хандахгүй. Шавь нар минь сайн л яваа бол болоо. Би хэдийгээр орос хүн боловч энэ нутагт Монгол хүн болтлоо ажиллаж амьдраад адаг сүүлд нь гадуурхагдаж дууслаа. Би БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд захидал бичиж энэ тухайгаа хэлсэн боловч намайг огт тоогоогүй. Хариу ч өгөөгүй.
Би хэлмэгдэн хохирсон асуудлаа ОХУ-ын Гэгээрлийн яаманд хандахад маш нааштай хариу ирсэн. Тэр хариуны талаар би энд ярихгүй. БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль сайхан сургууль. Энэ сургууль цаашид байх ёстой. Энэ сургууль маань хүүхдүүдийг сургаж чаддаг сургууль. Гэхдээ цаашид ийм байдлаар үргэлжлээд байж болохгүй.
-Ж.Соронзон захирал сургуулийнхаа багш ажилтнуудыг зэрлэгээр зоддог, бие махбодод нь халддаг гэж олон эцэг эхчүүд надад батлан хэлсэн. Энэ үнэн үү?
-Тэр үнэн. Багш нарыгаа мал, тэнэг, новш зэрэг үгээр доромжлох явдал наад зах нь. Энэ сургуульд олон жил багшилсан багш нар ингэхийг нь ч тоохоо байж дөжирсөн.
-Захиралдаа зодуулж, доромжлуулсан багш нар холбогдох эрх бүхий байгууллагад тэр талаар нь гомдол гаргаж болдоггүй юм байхдаа?
-Тэрийг би мэдэхгүй л дээ. Орос багш нарыг бол зодохоо харин больсон шүү. Өмнө нь бол зоддог байсан. Сүүлийн 10 гаруй жил орос багшид гар хүрч байхыг нь би хараагүй. Монгол ажилчдыг л зоддог.
-Бас Ж.Соронзон захирал өөрийнхөө нөхөр Н.Лүндэндоржийг ШЕЗ-ийн даргын албан тушаалаа өгсөн даруйд нь сургуульдаа багшаар ажиллуулаад сард 5,000,000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?
-Хэдэн төгрөгийн цалин өгдгийг нь бол би мэдэхгүй. Н.Лүндэндорж гэдэг хүн надад гэм хийгээгүй учраас тэр хүний талаар яриад баймааргүй байна. Яахав Н.Лүндэндорж гэдэг хүн энэ сургуульд хоёр жил гаруйн өмнөөс түүхийн багшаар ажиллаж байгаа нь бол үнэн.
-Н.Лүндэндорж гэдэг хүн тэгээд хүүхдүүдэд түүх зааж яг чадаж байгаа юу?
-Тэрийг хүүхдүүдээс асуу /Инээв/. Тэр хүний хувьд ярихад өмнө нь дээд сургуульд багшилж байсан хүн дунд сургуулийн сурагчдад хичээл хэрхэн заах вэ гэдгийг чи өөрөө бод. Хүнийг муулаад яахав дээ. Тэр хүнд ч хэцүү, хүүхдэд ч хэцүү шүү дээ.
-Та Монголын хүүхдүүдийн соёл боловсролын төлөө нэг насны амьдралаа зориулчихаад хилсээр халагдсанд үнэхээр харамсаж байна. Та ярилцлагын төгсгөлд юу гэж хэлмээр байна?
-Би сүүлийн 30 жил Ж.Соронзон гэдэг хүнтэй хамт ажилласандаа харамсаж байна. Намайг ид үед минь олон газруудаас ирж ажиллаач гэдэг санал ирж байсан. Би муу мэргэжилтэн байгаагүй. Тухайлбал Москвад байрлалтай Плехановын их сургуулийн лицейгээс надад ажлын санал ирэхэд нь би татгалзаж байсан. Би энэ сургуультай нэгэнт хувь заяагаа холбосон эндээ ажилланаа гээд л өндөр цалинтай тэр сайхан саналаас татгалзаж байсандаа харамсаж байна.
Discussion about this post