Ялалтын талбай дээр өчигдрөөс шинэ ногооны худалдаа гарч эхэлсэн. Гүйгээд очихоор монгол, хятад нь танигдахгүй улаан лооль, сонгино, байцаатай. Бүр яах аргагүй цамцаа гандтал ногооны талбай дээр ажиллаж, царайгаа гандтал усалгаанд зогсож, гараа сайрттал зэрлэг түүсэн Оюунчимэг гэдэг эгч байна. Хүүхдүүд нь хотод ажилтай, өөрөө Сэлэнгийн Зүүнбүрэнд ногоо тарьдаг. Талбай дээр нөхөр, 70 нас шахсан ээж хоёр нь ургацаа хариуцаад үлдсэн аж. За тэгсэн би гэдэг хүн Оюунчимэгээс энэ асраа хоногт 60 мянга, сардаа 1.8 сая төгрөгөөр түрээсэлж байгааг нь сонсоод арай л ухаан алдаад уначихсангүй. Ногоочдыг ингэж мөлжинө, хамжлага ард шиг дарлана гэж тохироогүй шүү дээ, Сумъяабазар аа. Энэ эгч сарын 1.8 саяын төлбөртэй асартаа, шөнө хүйтэн цементэн дээр шуудайтай ногоондоо шургаж унтчихаад, өглөө эндээ хамгийн эрт онгойсон зогсож байна. Түрээсийн үнэ хэт өндөр байгаа учраас ногооныхоо үнийг буулгахад хэцүү гэж ярьж байна. Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Булган гэж байх үед Сэлэнгийн ногоочидтой хамтран ажилладаг, байнга харилцаатай байсан, өөрөө ирж монгол ногоо зарж байна уу, хятадыг шургуулж байна уу гэдгийг шалгадаг байсан гэж бас учирлалаа. Одооны дарга нь хамраа өрөөнөөсөө шагайлгадаггүй гээд гомдоллох юм. Дүүргүүдэд шигдсэн түрийний бөөснүүд том том агуулахуудыг түрээслээд авчихдаг, өөрийн болгоод өмчилчихдөг, тэгээд монгол ногоочдод шахалт үзүүлж байгаад шантраад хямдруулахаар нь 00-ын цааснаас хямд аваад зоориндоо нам дараад, өвөлдөө тас ашиг хийдэг тухай ч сонслоо. Энэ түрээсийн асруудаа танил тал, ченжүүдэд өгдөг, тэд нь ногоочдын гар дээрээс сонгиныг гэхэд кг-г нь 800 төгрөгөөр аваад, эндээ 2500-р зардаг аж. Монгол ногоо зарж байгаа хүн цөөхөн, шөнөдөө Барилгачдын талбай, Ялалтын талбай руу Барсаас хужаа ногоо зөөсөн машинууд ачаагаа оруулдаг тухай чихээ алт болтол эндхийн цөөн ногоочноос сонслоо. Энэ мэтээр ил тод үнэнийг ярьсныг нь дүүргээс дуудаж дарамталдаг гэнэ. Монгол ногоочид дүүрэг, нийслэлд шигдсэн хувалзнуудаас болоод шантраад, шар махтайгаа хатаж хураасан ургацаа хятад ногооноос хямдхан өгөөд салахаа боддог юм байна. Төр нь эндээс иргэдээ ингэж дарамтлаад шахалт үзүүлэх зуур ардуур нь хятадууд ногооны талбайг нь худалдаж аваад яралзуулдаг, хуйвалдсан юм шиг гар нийлж ажиллаад газар ч, ногоо ч, ашиг ч өмнөд хөршийн гарт ордог нэг ийм аргачлал байдаг юм байна. Нийслэл бол олон арван жил МАН-ыг тэжээсэн. Сая өчнөөн төсөв, бие даасан эрх, удирдлагатай байхаар бүрэн байдлаа хангасан. Одоо үндэсний бодлого явуулаад өг дөө. Үндэсний байж чадахгүй бол үүрийг чинь эвдэхэд элгээрээ мөлхөж байгаа энэ ард түмэн бэлэн болсон шүү. Тэр цагт хувцсаа чемодандаа чихээд хаашаа цагаачлах гэж байна, дарга нар аа? Энэ постыг би ногоочдын эрх ашгийн үүднээс хэлж байгаад хэдэн кг улаан лоолийн үнээр бүүстэллээ. Энэ луйвар, мөлжлөгөө зогсооно уу, эх орон чинь энэ талбай дээр л гэхэд алдагдаж, үгүйрч, хүнийх болж, хөлсөнд гүйж, хэтэвчинд дарлуулж байгааг өөрсдөө очиж харцгаа.
Сэтгүүлч Р.ЭМҮЖИН
Discussion about this post