МАН-ын тухайд М.Энхболдын, Д.Сумъяабазарын, Д.Амарбаясгалангийн, У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын гэх тодотголтой төлөөллүүд бий. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнийн гэх фракци байхгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын сэлэмний ир, жадны үзүүр явсан нэгэн. Тэр утгаараа М.Энхболд болон бусад фракциудтай илэрхий дайсагнаж У.Хүрэлсүхийн замын зассан түүхтэй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яг түүний гэх гишүүн байхгүй. Ихэнх сайдууд нь МАН-д хандив өгсөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон У.Хүрэлсүхийн тавиулууд юм. “Үхрийн бөөр шиг алаг” Засгийн газрын тухайд бүх фракциудаас хүн шингээх гэж оролдсон нь чадваргүй танхим бүрдүүлсэн гэх шүүмжийг бий болгосон байдаг.
Одоогийн Засгийн газрын хувь тавилан, Л.Оюун-Эрдэнийн хүчирхэгжих алхам бүр МАН-ын 65 гишүүдээс гадна фракциудаас хамаатай. Тэрээр Ц.Нямдоржийг өөрийн багтаа хамгаалагч маягаар авсан ч одоо түүнээс айх улс төрч байх болов уу даа. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ураг садны холбоотой шахуу хүн авч Д.Сумъяабазарын итгэлт хамтрагч билээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг хэн хамгаалах вэ?
МАН-ын генсек Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн сууринд суулгах бүх ажлыг хийсэн хүн. Харвардадын төлбөр сая ам.долларыг ч төлсөн ч байх магадлалтай найзууд. Д.Амарбаягалангийн хувьд “Монгол шуудан”-д байхаасаа илүү санхүүгийн эрх чөлөөнд хүрч өдгөө МАН-ын тэргүүн баян болсон гэхэд болно. Тэрээр итгэлт анд Л.Оюун-Эрдэнийг хотын намын хорооны фракци буюу Д.Сумъяабазартай сүжрэх болсон илэрхий дургүйцэх болсон. Иймээс Л.Оюун-Эрдэнийг хамгаалахгүй нь тодорхой болсон.
У.Хүрэлсүхийн хувьд харахад хурдан шийдвэр гаргадаг мэт боловч маш хашир нэгэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг улаан цайм хамгаалах нь юу бол. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар АНУ-гаас буцан ирцгээж Н.Номтойбаяр тэргүүтэй хунтайж нартай НАМЗХ-ны төлөө “алалцаж” байхад тулааны талбарт дүү нараа орхиж байсан түүхтэй. Маш тэвчээртэй хоёр удаа Шадар сайд болж ирэх цагаа хүлээсэн тэрээр Л.Оюун-Эрдэнийг өмөөрөх эсэх нь эргэлзээтэй.
М.Энхболдыг сонгуульд дэвшүүлээгүй, хөөж явуулсан мэт боловч тэр эргэн ирэлтээ хийхийн тулд Л.Оюун-Эрдэнийн эсрэг бүхий л дайчдаа ашиглана. Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Ц.Сандуй, Д.Хаянхярваа гээд шүд зуусан залуус их бий. Мөнгө санхүүгийн хувьд торохоо байсан М.Энхболдын бүлэглэл дээр МАН-ын хуучин кадрууд хүч нэмэх сураг бий. Хууль хүчний хуучин кадрууд, Ц.Элбэгдорж, Б.Хурц, Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай гэх мэт нөхдүүд алга таших нь тодорхой.
Сү.Батболдын хувьд Л.Оюун-Эрдэнэтэй албан тушаалын төлөө ч юм уу, улс төрийн хувьд үзэлцэх сонирхол бага байх учиртай. Хувийн асуудал, оффшор бүсээс гадна Монголын хууль хүчин, хэвлэл мэдээлэл түүнийг зогсоо зайгүй оролдож буйд Л.Оюун-Эрдэнэ хамааралгүй мэт боловч энэ тогтолцоог өөрчлөхгүй бол хормойд ноцсон түймэр хонгонд хүрэх аюултай гэдгийг Сү.Батболд мэдэж байгаа учир М.Энхболдтой нэгдэж л таарна.
Д.Сумъяабазарын хувьд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хийгээд бусад фракциудын хүчийг сарниулах нууцхан хүсэл бий. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэд үнэнч холбоотон болж чадахгүй. Харин ч энэ зодооныг ашиглан хүлээн зөвшөөрөгдөх, үргэлж дайсагнагч Д.Амарбаясгаланг дагуулан тонгорох тактик барьж болох юм. Түүнийг хувьд бар арслангийн зодооныг уулан дээрээс ажиглан суухыг илүүд үзэж болох талтай.
МАН-ын үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг арыг хэн хамгаалах вэ гэсэн асуултад хариулахад ийм байна. Ард түмэн хамгаална гэсэн ойлголт байхгүй. Сайндаа л сэтгэцийн өөрчлөлттэй хэдэн троллууд нь сошиалд ам хуурайгүй хашгична биз. МАНАН дэглэм нураана энэ тэрд ард түмний сэтгэл хөдлөхөө байсан. Тэр хөөрөл Ж.Батзандан, Лу.Болд нарын албан тушаалтай хамт сарнисан юм.
Шанаа нь өөхөлсөн Л.Оюун-Эрдэнийг сүүлийн үеийн томилгоог харж байхад М.Энхболдын фракцитай ойлголцох гэсэн хандлага ажиглагдах болов. Ерөнхийдөө ая тал засаад эхлэв үү гэлтэй. Гэхдээ М.Энхболд дутуу цохиулсан бух шиг нүд гаргачихаад хонзогнуур, зөрүүд, мугуйд нэгэн билээ. АН-ын хувьд МАН бужигналдаж, өөрсдийнхөө унах нүхийг бэлдэж буйг харан баясах л үлдэв шүү. Их эрх мэдэл их уналтыг авчирдаг хойно доо…
Б.ЖАРГАЛСАЙХАН
Discussion about this post