Турк улсад шатаж буй ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын Бериев Бе-200 загварын нисэх онгоц өчигдөр Туркийн өмнөд хязгаарын Мараш мужийн уулархаг бүсэд осолдож, онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгджээ.
Уг онгоц нь байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж, түймрийг агаараас унтраах зориулалттай юм.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоцонд Оросын таван нисгэгч мэргэжилтэн, Туркийн онцгой байдлын албаны гурван албан тушаалтан зорчиж явсан байна.
Онгоц тээвэрлэж явсан усаа түймрийн бүсэд асгаж дууссаны дараа хангалттай өндөр авч чадаагүйн улмаас уул мөргөж сүйрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.
Газрын дундад тэнгисийн Турк, Грек зэрэг улсуудад сүүлийн өдрүүдэд хэт халж, агаар хуурайшсаны улмаас өргөн хэмжээний ой хээрийн түймэр шатаж байгаа. ОХУ эдгээр улсуудад туслахаар гал унтраагч нисэх онгоцнуудаа илгээсэн юм.
Discussion about this post