Тэрбумтнуудад 99 хувийн татвар ногдуулахыг санал болгов

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

“Цар тахлын үеэр тэрбумтнуудын хэт ашигт нэг удаагийн 99%-ийн татвар ногдуулах санал дэвшүүлж байна. Үүний дүнд хүн төрөлхтнийг бүхэлд нь вакцинжуулж улмаар ажилгүй хүн бүрд 20 мянган доллар өгөх боломжтой” хэмээн “Oxfam”,  Тэгш бус байдлын эсрэг тэмцэгч эвсэл, Улстөрийн судалгааны хүрээлэн,  “Patriotic Millionaires” байгууллагын эрдэмтэд судлаачид мэдэгдлээ.
  Тэд дэлхийн хүн амын вакцинжуулалтын үнэ төлбөрийг ингэж тооцоолжээ. 2 тун вакциныг нийт 5 тэрбум хүнд тарих ба 1 тун вакцины үнэ 7 доллар, ингээд нийт үнэ 70 тэрбум доллар болно. Олон улсын хөдөлмөрчдийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 220 сая хүн ажилгүй байгаа, үүний 114 сая нь Цар тахлын улмаас ажлаа алджээ. Манай гарагийн бүх ажилгүйчүүдэд нэг удаад 20 мянган доллар тарааж өгөхөд 4,4 триллион доллар болно.
Харин дэлхийн тэрбумтнуудын капитал нийлээд 13,5 триллион доллар хүрдэг. Цар тахлын өмнө тэдний хөрөнгө 8 триллион байсан, тэгэхээр баячууд хөрөнгөө бараг 69 хувь өсгөсөн гэсэн үг. Хэрэв манай гарагийн тэрбумтнуудад нэг удаад онцгой татвар ногдуулбал 5,4 триллион цугларна. Тэгсэн ч гэсэн дэлхийн 2690 тэрбумтан Цар тахлын өмнөхөөс 55 тэрбум доллараар баян үлдэнэ гэж судлаачид үзэж байна.
Сүүлийн 17 сард тэрбумтнуудын эд баялаг нь сүүлийн 15 жилийнхээс ч ихээр нэмэгдсэн. Цар тахал дэгдсэнээс хойш 325 хүн нэмж тэрбумтнуудын жагсаалтад багтав. “Энэ бол өдөрт 1 шинэ тэрбумтныг үйлдвэрлэж буйтай адил” хэмээн судлаачид онцлон тэмдэглэв. Ямартай ч эм зүйн компаниудыг эзэмшдэг 9 хүн ковидын вакцины монополь үйлдвэрлэлийн ачаар тэрбумтан болсон. Гэтэл Дэлхийн банкны мэдээгээр “COVID 19”-өөс болж 200 сая гаруй хүн ядуурал гуйранчлалд өртжээ.
“Patriotic Millionaires”-н тэргүүлэгч Моррис Перл “Сая сая хүмүүс амь насаа алдаж амьдрах хөрөнгийн эх үүсвэргүй болж байхад тэрбумтнуудын даяаршсан баялаг улам нэмэгдсээр байгаа нь нэг ёсны өвчин, үүнийг улс орнууд цаашид тэвчиж чадахгүй. Баячууд эцэс төгсгөлгүй баяжсаар байх нь хэнд ч ашиггүй. Манай эдийн засгууд энэ хуримтлагдсан хөрөнгө баялгаас болж бахардах шахаж байна, уг нь тэр их хөрөнгийг илүү том зорилгод зориулж болох юм. Тэрбумтнууд мөнгөө гаргах хэрэгтэй, Засгийн газрууд эд баялгийн татвар ногдуулах замаар үүнийг хүчилж хийлгэх ёстой” хэмээн мэдэгдлээ.
   Дэлхийн I ба II дайны дараа Европын орнууд, мөн Япон улс эд баялгийн, нэг удаагийн татвар ногдуулж улс орны сэргээн босголтоо санхүүжүүлэх мөнгө олж байсан тухай судлаачид сануулав. Франц улс тэгэхэд 100 хувь татвар ногдуулсан юм. Мөн 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа Исланд зэрэг орнууд эд баялгийн түр татвар санаачилж төрийн сан хөмрөгөө дүүргэсэн билээ. Улстөрчид, тэргүүлэгч эдийн засагчид, Иргэний нийгэмлэгийн байгууллагууд, НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага одоо Цар тахлын эдийн засгийн хор уршгийг зөөлрүүлэх, тэгш бус байдлыг багасгахын тулд нэг удаагийн “Эв нэгдлийн татвар”, эд баялгийн урт хугацааны татварыг санаачилж хэт баячуудад ногдуулахыг уриалж байна. Сонирхуулахад, Аргентин улс 2020 оны 12-р сард “саятны татвар” хэмээх тусгай татвар санаачилсан ба үүний дүнд 2,4 тэрбум доллар олж Цар тахлын үеэр ашиглаж байгаа билээ.
Next Post

Discussion about this post