МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.Одонцэцэг: Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг.
Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00 цагт унтуулсан байвал зохино. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина. Унтах ёстой цагаараа маш тайван, тухтай хэвтээд, янз бүрийн цуварсан бодол бодолгүй нойрсох нь зүйтэй. Унтаж байх үед мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүй, сэрэхүй зэрэг хийн гүйдлүүд зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдэлд хураагдсан байдалтай байдаг. Үүнтэй уялдаад унтаж буй хүнийг татаж, угзчиж сэрээдэггүй уламжлалтай байсан гэх мэтчилэн нойртой холбоотой бүхэл бүтэн онол, судлагдахуун уламжлалт анагаах ухаанд бий.
Нойргүйдсэнээр юун түрүүнд дээр дурдсан хийн бэлгэ чанарууд хямарч, энэ нь удаж архагшсанаар шар, бадгантайгаа хавсарч хямарна. Ингэснээр хийн гол эрхтэнүүд болох зүрхэнд өөрчлөлт орно. Амин судасны хий хямарч, сэтгэл санаанд нөлөөлж сэтгэл тогтворгүй, мартамхай болдог. Мөн яс, үесэд хий шунаснаар чилнэ, хатгуулна, чих шуугих, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Хоол боловсруулах үйл ажиллагаанд ч нөлөөлнө. Ялангуяа бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хямарч, гэдэс дүүрэх, цардайх зэрэг эмгэг шинжүүд илэрнэ. Ажлын чадвар муудаж, амьдралын идэвхигүй болох зэрэг маш олон сул талтай.
Түүнчлэн зарим өвчний үед хоёрдогчоор нойргүйдэл үүсдэг. Тухайлбал, зүрхний өвчлөл, үе мөч, ясны өвчин, бөөрний хүйтэн хийн өвчин, хийтэй хавсарсан халуун шар өвчин, халдварт өвчний үед нойргүйддэг тул нойргүйдлийн үед эмчид хандаж оношлуулан, тохирох эмчилгээг хийлгэх нь зүйтэй юм.
ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Discussion about this post