Сэлэнгэд төөрсөн 4 иргэнийг 2 цаг гаруй хайж, олсон

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон. Эдгээр иргэдийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэгтэй баг сураггүй болсон дөрвөн иргэнийг өчигдөр /2021.07.22/ эсэн мэнд олсон талаар бид мэдээлсэн.   Дээрх иргэдийг хайхад зориулж иргэдээс 23 сая төгрөгийн хандив цугларсан юм байна. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус мөнгө нь одоогоор ОБЕГ-т орж ирээгүй бөгөөд улсын зардлаар эрэн хайх ажиллагааг явуулсан гэв.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодрууллаа.


-Сэлэнгэ аймагт төөрсөн дөрвөн иргэнийг өчигдөр эсэн мэнд оллоо. Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэд төөрсөн дөрвөн иргэнийг хайх, аврах талаар бидэнд үүрэг өгсөн. Нисэх багтайгаа нийлээд 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотоос ниссэн. Онгоц нисэхийн өмнө эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Тухайлбал, эрлээ хаанаас эхлэх үү, хаанаас хайх уу гэдгийг маш сайн судалсан. Ерөнхийдөө дээрх хүмүүсийн нөхцөл байдал, газар орны байдал, иргэдийн өгсөн мэдээлэлтэй уялдуулаад эхлэх цэгээ гаргасан. Урьд нь бид ой хээрийн түймэртэй үед  тухайн бүс нутагт онгоцоор хоёр гурван удаа явж байсан учраас эхлэлийн цэгээ нарийн тооцоолсон. Тиймээс зөв газраа бууж, иргэдийг явж байхад нь эсэн мэнд олсон. Мөн миний хувьд энэ салбарт 30 жил ажилласны хувьд туршлага бас нөлөөлсөн байх гэж бодож байна.

-Дээрх иргэдийг олоход нийт хэчнээн цаг зарцуулсан бэ?

-Бэлтгэл ажил өглөө эхэлсэн. Өглөө “агаараа хүлээсэн”. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл нислэгээ манан суусан, үүлтэй үед нислэгээ үр дүнтэй болгохын тулд агаараа хүлээнэ гэж ярьдаг. Хоёрдугаарт, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөг нарийн боловсруулсан нь үр дүнд хүрсэн. Бид хоёр цаг 32 минутын хугацаанд олоод авчирсан.

-Эрэн хайх ажиллагаанд хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Бидний хувьд ойн хээрийн түймэртэй тэмцэх ажилд нэлээд явж байсан туршлагатай болохоор газар усны байрлалыг сайн мэдэж байсан. Тэр утгаараа хамт явж байсан хүмүүсээс самарчдын мэдээллийг тодорхой өгсөн нь эрлийн ажилд үр дүнгээ өгсөн. Мэдээж мэргэжлийн аврагч нар явж буй учраас эрлийн ажиллагааг амжилттай  явуулсан гэж үзэж байна.

-Тухайн иргэдийг олоход биеийн байдал нь хэр байв. Арваад хоног төөрчихсөн хүмүүс айж, туйлдсан байх?

-Биднийг очиход тухайн иргэд айсан байсан. Тэр дунд ахимаг настай иргэний бие ядруу байсан. Бид тухайн хүнд анхны тусламж үзүүлж, тариа хийн тайвшруулсан. Бусад иргэний хувьд ерөнхийдөө шоконд орсон, санаа зовсон байдалтай байсан. Тиймээс тухайн үед нь тайвшруулан хоол хүнсээр хангаж, Улаанбаатар хотод авчирсан.

-Эдгээр хүмүүсийг хайхтай холбоотой тодорхой мөнгөн хандив цугларсан шүү дээ. Онцгой байдлын газар хандивын мөнгөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тэр асуудлыг бид мэдэхгүй. Мөнгө төгрөгийн асуудалд огт оролцоогүй. Зөвхөн эрэн хайх ажиллагааг богино хугацаанд явуулж, иргэдийнхээ амь насыг хамгаалах асуудалд анхаарч байсан. Иргэдээ анхааруулж хэлэхэд техник технологи хөгжсөн өнөө үед ууланд явахдаа аюулгүй байдлаа хангаж, ард үлдэж буй хүмүүсийнхээ санааг зовоохгүй байдлаар явах ёстой.

эх сурвалж: news.mn

Next Post

Discussion about this post