Хятадын түрэмгий бодлогын ээлжит жишээ яг одоо Балканд өрнөж байна. Өр зээлээ төлөөгүй учраас Черногорын хамгийн чухал тэнгисийн боомтыг Бээжин авахад бэлэн болжээ. Энэ бол хятадуудын дэлхий даяар хэрэгжүүлж буй арга технологийн зөвхөн нэг тохиолдол… Хятад ийнхүү хуулийн дагуу, шударгаар Черногорын газар нутгийн хэсгийг албадаж авах нь. Яагаад гэвэл 2014 онд Черногорын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мило Жуканович (одоо Ерөнхийлөгч, улс орноо удирдсан хэвээр) тухайн үед Хятадаас 1 тэрбум долларын зээл авсан билээ. Черногорыг Сербтэй холбох авто зам барих гэж… Зээлийн цар хүрээг харуулах жишээг дурдъя, Черногорын ДНБ бүхэлдээ 2019 онд 14 тэрбум доллар байсан, харин Хятадын зээл нь тухайн орны төсвийн нийт зардлын тал орчим хувьтай тэнцсэн.
…Харин одоо Хятадын өрийг төлөхөөс зайлсхийх гэж Черногорын эрх баригчид оролдож байна. Нэг бол европчуудаас бага хүүтэй зээл авах (Хятадын өр 2%, тэд 1%-с багыг хүсч байгаа), эсвэл дахин санхүүжилт авахыг оролдоно.
Хятадууд яагаад ийм эрсдэлтэй алхам хийв? Яагаад гэвэл тэр зам Черногороос гадна Бээжинд хэрэгтэй байсан. Хятадын экспорт өнөөдөр Европын холбоо руу очих гол хаалга бол Грекийн Пирей, мэдээж хятадуудын мэдэлд байдаг. 2010 оноос Хятад бага багаар түүний хувьцааг худалдаж авсаар 2016 онд эзэн суусан, дараа нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн билээ. Гэхдээ логистик таатай бус. “Хятадын бараа Македон, Сербээр дамжин Европын холбоо руу явдаг. Энэ их удаан, бас замдаа хэдэн Гаалиар дамжина. Иймээс Хятад бараагаа Черногорын Бар боомтоор дамжуулахыг хүссэн, цаашаа хятадуудын зээлээр барих өндөр хурдны авто замаар Серб орж шууд ЕХ-ны зах зээлд хүрнэ” гэж шинжээч О.Бондаренко тайлбарлав. Харин Бар боомт одоогоор хятадуудад захирагддаггүй, иймээс хэрэв Черногор нөгөө зам барихаар авсан зээлээ төлж чадахгүй бол (чадахгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан) Хятадын Төрийнбанк оронд нь Бар хэмээх боомтыг авч бүрэн эзэн нь болно. Бонус болгон эндхийн том наран шарлагын газар Булярицаг ч авна.
…Хэрэв Шүүхээр заргалдвал яахав? Хятадууд үүнийг ч тооцоолж баталгаатай араандаа хийж авсан. Гэрээнд зааснаар Европын холбоо биш харин Хятадын Шүүх бүх асуудлыг шийднэ… Хэрэв хятадууд энэ боомтыг шууд худалдаж авсан бол илүү үнэтэй тусах байлаа, тэгээд ч Өрнөд эсэргүүцэх тул наймаа бүтэлгүйтэх байсан.
…Черногорын эрх баригчид Европоос мөнгө гуйсаар л…. АНУ-ын 2, Францын 1 банктай тохиролцоонд хүрсэн тухай Черногорын Сангийн сайд Милойко Спаич мэдэгдлээ. Гэвч бодит байдал дээр хэрэгжихгүй байх. Нэгдүгээрт, Европа үнэндээ Жукановичид туслахгүй, түүнээс ангижрахыг хүсч байгаа. Хоёрт, нөгөө гэрээнд зааснаар Хятад улс Европын санхүүжилтыг блоклох боломжтой… Тэгээд ч эцсийн цэгийг Хятадын Шүүх тавина. Шах ба мат.
…Их гүрэн бүр бусад орныг өөрт захируулахад ашигладаг хэрэгсэлтэй. Нэг нь онгоц тээвэрлэгч, нөгөө нь үзэл суртал ашигладаг бол Хятад харин мөнгөөр бүхнийг амжуулдаг. Нэг бол шууд худалдан авна, эсвэл зээл. Чухам зээлийн зэвсгийг тэд Черногорт хэрэглэсэн юм.
Хятадын энэ зэвсэг маш онцлогтой. Тэд өр төлөх үеийн онцгой нөхцлүүдийг зааж өгсөн байдаг, иймээс 3-дагч орон нөлөөлөх бараг боломжгүй. Хятадууд түүнчлэн зээл өгсөн улс орнуудад нэмэлт олон үүрэг ногдуулдаг билээ. Үүний зэрэгцээ хятад зээл “тунгалаг бус”. Хятад өөрийн мөнгийг авсан улс орнуудын элитүүдэд хангалттай боломж олгочихдог юм. Хятадуудын хувьд тухайн орон зээлийг зориулалтаар ашиглах эсэх чухал биш, гол нь ашиг гаргах, тэгэхдээ мөнгөөр биш биетээр буцааж авах. Жишээ: Тажикистаны алтны орд газрууд, Африкийн орд газрууд. Удахгүй Камеруны Кириби боомтыг ч хятадууд авах шинжтэй.
… Хятад зөвхөн Пирей, Бар боомтыг сонирхоогүй, Европын арваад томоохон боомтын хувьцааг тэд эзэмшдэг: Марсель, Генуи, Роттердам, Брюгге, Валенси, Стамбул…. гэх мэм. Үүнээс гадна хятадууд бас Африкийн боомтуудыг, Пакистаны Гвадар, Шри-Ланкийн Хамбантоту боомтыг ч хянадаг.
“Боомтуудын асуудлыг Хятадын 2 том компани хариуцдаг, Cosco Shipping Ports ба China Merchants Port Holdings. Эдгээр объект маш их ашиг орлогыг хятадуудад авч ирдэг төдийгүй элдэв “Бүс ба зам” зэрэг бодлогоо хэрэгжүүлэхэд нь тусалдаг” хэмээн ОХУ-ын ШУА-ийн эрдэмтэн А.Куприянов ярилаа. Энгийнээр хэлбэл, ЕХ ба бусад орны газар нутаг дээр Хятадын ачаа барааг хятадуудын боомт л ачиж буулгах нь аюулгүй гэж тэд үздэг. Хэн ч Хятадын худалдаа наймааг зогсоож чадахгүй.
…Хятад улс дэлхийн гуравдагч орнуудад зээл олгохоо үргэлжлүүлсээр, эдгээр орны төсөвт өөрийн эзэмших хувийг 60-70% болгож байна… Тэдгээр орнуудад шийдвэр гаргах явцыг Хятад хянадаг болж байна….
“Тосож захирагдах гэсэн ойлголт бий, ялангуяа хятадуудтай харилцах үед. Энэ бол ямар ч шийдвэр гаргахдаа Хятадыг гомдоохгүй байхыг хичээх гэсэн ойлголт. Мөн чанартаа энэ бол дипломатч анаконда, Хятад хэнийг ч байлдан эзэлдэггүй, албадаж дарамталдаггүй. Гэхдээ Хятадын хөрөнгө оруулагчдыг алдахаас айх айдас л үйл хөдлөлийн хувилбаруудыг хязгаарлаж дур зоригийг боомилж маневр хийх орон зайг хумьдаг. Үүний дүнд Хятадын “санхүүгийн зүү”-н дээр суугсдыг хүссэнээр өөрт маш ашигтайгаар захирна гэсэн үг” хэмээн Бельгийн шинжээч Тереза Фэллон анхааруулав.
Орчуулсан М.Цогзолмаа. vz.ru сайтын нийтлэлийг товчлон орчуулав.
Discussion about this post