Григорий Семенов бол буриад монгол ээжтэй хүн байсан тул Монгол улсад их ээлтэй, буриад монголоор сайн ярьдаг байв. Григорий Семенов, Барон Унгерн хоёр азид Их Монгол улсыг байгуулах тухай ярилцдаг байв.
1917 оны зургадугаар сараас эхлэн есаул Григорий Семенов Оросын түр засгийн газрын комиссараар томилогдож өвөр Байгальд Буриад монголын казак отрядыг байгуулж эхлэв.Энэ отряд алсдаа оросын большевикуудтай тэмцэж Монгол орныг хятадын гамин цэргээс чөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн.1918-1920 оны оросын иргэний дайны үед буриад монголын ихэнхи офицер цэргүүд цагаан гвардын талд байлдаж байв.1919 оны зун Буриад монголын морьт дивизийг Петр Левицкий удирдаж дивизийн бүрэлдэхүүнд Банзаровын нэрэмжит 1-р хороо, Чингис хааны нэрэмжит 2-р хороо, Зоригт баатарын нэрэмжит тусгай морьт бригад орж байв. Григорий Семенов бол буриад монгол ээжтэй хүн байсан тул Монгол улсад их ээлтэй, буриад монголоор сайн ярьдаг байв. Григорий Семенов, Барон Унгерн хоёр азид Их Монгол улсыг байгуулах тухай ярилцдаг байв. Буриад казакууд 1920 оны намараас 1921 оны хавар хүртэл Барон Унгерний азийн морин дивизийн удирдлага дор 1500 морьт цэрэгМонгол улсыг хятадын гамин цэргээс чөлөөлөхөөр Монголд орж ирж байв. Тэр үед Орос орны Сибирьтиргэний дайн 1920 оны гуравдугаар сард тавдугаар улаан арми, партизанууд Дээд Үдийг эзэлж алс дорнодын бүгд найрамдах улс байгуулснаар улаантнуудын ялалтаар дуусаж байв. Хятадууд 1919 оны зун Уралд Колчакийн цэрэг улаан армид ялагдсан үеийг ашиглаж Гадаад Монголын Өргөө нийслэл хотыг эзлэв. Хятадууд Богд гэгээнийг гэрийн хоринд оруулж автономит монгол төрийг устгаж, 1915 оны орос, монгол, хятадын гэрээг хүчингүй болгож, Монголыг Хятад улсын харьяанд авлаа. Нийслэл Өргөө хотод хятадын сайн зэвсэглэсэн 15 000 цэрэг байрлуулав. Энэ хүнд цагт Роман фон Унгерн нийслэл Хүрээг 1920 оны намар, 1921 оны хавар хоёр удаа дайрлаа. Сүүлийн хаврын дайралтын өмнө Унгерн Богд хааныг урьдчилан чөлөөлж авах шуурхай десант буулгахаар төлөвлөж 1921 оны 2-р сарын 1-ний шөнө буриадын казах цэргүүдийг монгол лам хувцас өмсгөж энэ тусгай отрядыг Цэрэндаш Тубановоор удирдуулж Богд гэгээний ордонд нэвтэрч харуулд байсан хятадын цэргийн зэвсгийг хурааж Богд хааныг Богд ууланд авчрав. 1921 оны 2-р сарын 4 ний өдөр Унгерний азийн морин дивиз хүчээр арав дахин илүү хятадын гамин цэргийг ялж нийслэл Хүрээг чөлөөлөв. Богд хаант Монгол улсыг 2-р сарын 22-ны өдөр сэргээж Богд гэгээнийг хаан ширээнд нь залав. Удалгүй 1921 оны зун Барон Унгерн Алс Дорнодын бүгд найрамдах улсын эсрэг Монголын нутаг дэвсгэрээс зургаан чиглэлээр довтолгоохийх төлөвлөгөө зохиов. Үүнд:
1.Дэслэгч генерал Семеновын өвөр байгалийн корпус хятадын хилийн Манжуур төмөр замын станцаас улаан Орос руу довтлох.
2.Дугар Талхаевын 800 морьт цэрэг хилийн Мензений төмөр замын станцаас Петровын станц руу довтлох.
3.Азийн морин дивизийн дэслэгч генерал Роман фон Унгерний 3.5 мянган морьт цэрэг монголын Сэлэнгэ мөрний баруун эргээс Хиагтыг дамжин Дээд Үд рүү довтлох, Хошууч генерал Борис Резухины бригад Сэлэнгэ мөрний зүүн эргээс Желтурины станц, Тамчиний дацанг дайрч Мысовск хотыг довтлох.
4.Азийн морин дивизийн тусай бригадын хурандаа Николай Казаграндийн мянган морьт цэрэг монголын Хөвсгөл нуурнаас Турины хөндийг дамжин Эрхүү хот руу довтлох.
5.Иван Казанцевийн Енисейн морьт цэрэг Урианхайн хязгаараас Атамановка болон Абаканыг довтлох.
6.Александр КайгородовынАлтайн мужийн партизаны отряд монголын Ховдын хязгаараас Кош – Агашаар дамжиж Омск хот руу довтлох.
Энэ довтолгоонийг хийх үед хил орчмын оросын казак болон буриад монголчууд бослого гаргаж цагаан гвардийн талд орно хэмээн тооцоолж байв. Гэвч хүч тэнцвэргүй тулаан болж Барон Унгерн 60000 цэрэгтэй улаан армийг ялж чадсангүй. Цагаан гвардийн цэрэг тоогоор цөөхөн, зэр зэвсэг хангамж байхгүй, хил орчмын орон нутгийн казак, буриад монголчууд бослого гаргасангүй зэрэг байдлаас болж Унгерний цэргүүд ялагдав. 1921 оны сүүлчээр хошууч генерал Андрей Бакичийн цагаан цэргүүд Улаангомд улаан цэргүүдэд бүслэгдэж генерал олзлогдож, Новониколаевскад хүргэгдэн цаазлуулав.
Харин Их Монголын цэргүүдийн түүх миний сонирхлыг ихэд татав. 1919 онд Зоригтбаатарын нэрэмжит морьт цэргийн бригад Өвөр Байгалд Семеновын дэмжлэгээр байгуулагдав. Энэ дайчдыг Их Монгол улсын зэвсэгт хүчин гэдэг байлаа. Энэ үед Их Монгол улс байгуулах хөдөлгөөн Өвөр Монгол, Буриад Монголд өрнөв. Их Монгол улсыг байгуулахыг Семенов, Унгерн нар мөрөөддөг байв. Их Монголын Тэргүүнээр Өвөр Монголын алтан ургийн ноён Нэйс гэгээн буюу Мэндбаяр сонгогдов. 1919 оны зун Даурия станцад Барон Унгерний Азийн морин дивизээс тусгай анги гаргаж Чөлөөт буриад монголын дивиз байгуулагдаж захирагчаар нь генерал Петр Левицкийг томилов. Энэ морьт дивиз 2 хороо буриад цэргүүд, 2 хороо цахар монгол цэргүүдээс бүрдэж байв. Энэ Их Монголын дивиз Гадаад Монголын Өргөө нийслэлд очиж наймдугаар Богд хаантай уулзаж Их Монгол улсыг байгуулахаар нэгдэх зорилготой байв. 1921 оны 9-р сард энэ Чөлөөт Буриад монголын дивизийг татан буулгаж Левицкийн Монгол явах аялалыг хүчингүй болгов.1921 оны 9-р сарын 3-ны өдөр Даурия станцад буриадын казакууд Семеновт алба хааж байсан харчин монголчуудын бослогыг дарав. Үүний дараа Нэйс гэгээний толгойлсон Их Монголын Засгийн газар Дауриягаас нүүж Дээд Үд хотод шилжин ирэв. Мөн Дээд Үд хот руу Зоригтбаатарын нэрэмжит морьт бригад, Дорж Банзаровын нэрэмжит морьт хороо, Чингис хааны нэрэмжит морьт хороо шилжин ирж Их Монголын зэвсэгт хүчний мэдэлд шилжиж очив. 1919 оны намраас эхэлж Зоригт баатарын нэрэмжит бригад болон буриадын казак цэргүүд болон өвөр монголын морьт цэргүүд харуулын ажил, Дээд Үд хотын байгууллага, үйлдвэр заводыг хамгаалж, Дээд Үд хотын орчим бугшсан улаан партизануудыг устгах ажиллагаанд оролцож байв. Тэд интервентийн түрэмгийлэгчид болох Чарльз Морроугийн удирдсан америкийн 27 дугаар хорооноос өвөр Байгалийг хамгаалж байв. 1921 оны нэгдүгээр сард Нэйс гэгээний цэргүүд хоёр дахь удаагаа Монголын Өргөө хот руу явах оролдлого хийв. Хошууч генерал Петр Левицкий болон Нэйс гэгээнийудирдсан бригад 1921 оны 1-р сарын 8-ны өдөр Дээд Үдээс гарч Хиагтын зүг явсан боловч замд нь 6 мянган улаан партизан нар тээглэж байлаа. Их Монгол улсын арми 800 морьт цэрэгтэй байлаа.Тэднийг маш олон улаан цэргүүд тал талаас нь дайрч байлаа. Их Монголын цөөхөн цэрэг монголын хил рүү дөхөж очив. Гэтэл Галуут нуурын орчим цахар монгол цэргүүд орос цэргүүдийн эсрэг бослого гаргаж орос цэргийн офицерууд болон генерал Левицкийг хөнөөв.Үүний дараа үлдсэн харчин цэргүүд Өвөр Монголын Хайлаар хот руу явав. Харин үлдсэн цахар цэргүүд болон Нэйс гэгээний удирдсан харчин цэргүүд монголын хилийн Маймаачин хотын орчим хятад цэргүүдэд баригдаж буудан алуулав. Энэ аялалд явж байсан Семеновын цэргүүд улаан цэргүүдэд баригдаж Галуут нуурын мөсөн дээр буудуулан хөнөөгдөв. Үлдсэн цөөхөн цэрэг офицерууд зугтаж явсаар Унгерний удирдсан азийн морьт дивизэд очиж алба хаав. Барон Унгерний Азийн морьт дивизид алба хааж байсан цагаан гвардийн офицер болох Михайл Торновский, Фердинанд Оссендовский, Николай Князев нар хожим нь Хятадын Харбин, Америкад дүрвэн гарч 1921 онд Монголд болсон үйл явдлын талаар үнэн бодитой түүхэн дурсамжийн номоо бичиж гаргасан байдаг юм. Михайл Торновский бол Азийн морин дивизийн Штабын даргаар ажиллаж байсан цагаан гвардийн офицер. Хожим нь Хятадын Харбин,Шанхай хотод дүрвэж амьдарсан. 1949 онд Зөвлөлт улсад аваачиж 25 жилийн ял өгч шоронд орсон. 1962 онд суллагдсан. Шоронгоос суллагдаж 82 настайдаа таалал төгссөн. Ф.Оссендовскийн номуудыг монголчууд сайн мэднэ. Харин Н.Князевийн “Легендарный Барон” ном, Григорий Семеновын“Воспоминание” номыг монголчууд сайн мэдэхгүй. Н.Князев 1921 оны 10-р сард хятадын Харбинд дүрвэж гарсан. Григорий Семенов хятадын Харбинд дүрвэж гарсан. Хожим нь 1945 онд зөвлөлтийн улаан цэрэг Манжуурт десант буулгаж 54 настай Семеновыг барьж аваад цаазалсан. Би тэдгээр цагаан гвардын офицеруудын дурсамжийн номуудыг олж уншсан. Тэдгээр өндөр боловсролтой, цагаан гвардийн офицерууд дурсамжийн номондоо 1921 оны зун Монголын Бишрэлт гүн, Хатанбаатар Магсаржав нарын Богд хаант Монгол улсын төрийн зүтгэлтнүүд хэрхэн улаан оросын талд урваж Богд хаант монгол төрөө устгаж байсан тухай тодорхой өгүүлсэн байдаг юм. Монголчууд бид зөвхөн улаан орос цэргүүд Монголыг хятадын гамин цэргээс чөлөөлсөн мэтээр буруу ташаа ойлгосон байдаг. Үгүй шүү. Монголын нийслэл Хүрээг 1921 оны 2-р сарын 4-ний өдөр Барон Унгерний удирдсан азийн морин дивизийн цагаан гвардын цэргүүд хятадын гамин цэргээс чөлөөлсөн байдаг. 1921 оны 4-р сар гэхэд Барон Унгерний цэргүүд Монголын бүх газар нутгийг хятадын гамин цэргээс бүрмөсөн чөлөөлсөн байдаг юм шүү. Барон Унгерний цэргийн бүрэлдэхүүнд орос, казак, буриад монгол, цахар монгол, харчин монгол, япон үндэстэн орж байсан даа. Үнэн түүхийг яаж ч гуйвуулах гэж оролдсон ч үнэнээрээ үлддэг юм. 1921 оны 2-р сарын эхэнд өвлийн дүн хүйтэнд ганц мянган цэрэгтэй Барон Унгерний азийн морьт дивиз сайтар зэвсэглэсэн 15 мянган хятадын гамин цэрэгтэй эрэлхэг баатарлагаар тулалдаж ялсан гавьяаг үнэлж баршгүй юм. Гэвч гаминг ялсан ачтанаа дайсан болгож, улаан оростой хамтарч Хүрээг эзэлж, Монгол төрөө устгаад “цагаан оросоор гаминг хөөв, улаан оросоор цагаантныг хөөв, бид мөн ч ухаантай улс даа” хэмээн хөөрцөглөдөг урвагч монголчуудыг яалтай билээ.
Доржийн СҮХБААТАР
2021.06.21
Багануур
Discussion about this post