Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “РЖД” НХН-ээс ирүүлсэн захиа юу өгүүлэв?

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

-УБТЗ ХНН-ийн дараагийн даргаар орос хүн томилох сэдэл олон удаагийн алдаатай холбоотой юу-


Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд тангараг өргөхөөс нь өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Оросын төмөр замууд” /РЖД/ НХН-ийн ТУЗ-ийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Олег Белозеровоос захидал иржээ.

Үүнд юуны өмнө “Оросын төмөр замууд” /РЖД/ НХН-ийн ТУЗ-өөс болон хувиасаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд халуун баяр хүргэжээ. Захидалд “Орос, Монгол хоёр орны найрсаг хөршийн харилцаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж транзит тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн, 70-аад жилийн түүхтэй “УБТЗ” ХНН их хувь нэмэр оруулдаг”-ийг дурдсан байна.

Хамгийн “ноцтой” нь уг захидалдаа “Бид ойрын үед Монголын нөхөдтэйгээ хамтран, паритет менежментийн зарчмаар “УБТЗ” ХНН-ын даргыг томилж дунд хугацаанд тарифийн бодлогыг хэрэгжүүлснээр тээвэрлэлтийн хэмжээ болон бизнесийн үр ашгийг дээшлүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.

1949 оны 6 дугаар сарын 6-нд “УБТЗ” ХНН байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүний салшгүй хэсэг болох 1968 онд баталсан тус байгууллагын дүрэмд УБТЗ-ын даргыг гурван жилийн хугацаатайгаар Оросын тал, Монголын талаас ээлжээр томилох учиртай. Гэвч 2006 оноос хойш зөвхөн Монголын тал л Замын даргыг томилсоор ирсэн. Монголын талын томилсон зургаа дахь дарга, саяхан Гавьяат тээвэрчин цол хүртсэн Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг АТГ-т шалгагдсан хэвээр боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж энэ талаар хаанахын хэн ч дуугарахаа больсон. Түүнийг ажлаа хүлээн авснаас хойшхи осол, зөрчлийн мэдээллүүд тоолж баршгүй болоод байгаа ч энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон, “УБТЗ”-аар овоглосон Л.Халтар дорвитой ажил хийгээгүйд Ерөнхий хорооныхон сэтгэл дундуур байна. Гэтэл сүүлийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгаагийн улмаас огцорч мэдэх, тэр ч байтугай “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдож магадгүй гэсэн яриа газар авах болсон. Салбараа удирдаж чадаагүй хүний “шийтгэл” нь “УБТЗ”-ын даргын суудал гэж ойлгогдвол хоёр улсын харилцаанд ч нөлөөлөх томоохон доромжлол тэр болох биз ээ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн л “Оросын төмөр замууд” /РЖД/ НХН-ийн ТУЗ-ийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Олег Белозеровоос захидал ирж байсан. Үүнд УБТЗ” ХНН-ийн 2000-аад оны эхээр авсан “Японы зээл” /MONP-1,2/ төслийн өрийн талаар дурдаж энэ өр УБТЗ ХНН-ийг техникийн дефольтод хүргэж улмаар зах зээлийн нөхцөлд дахин зээл авах боломжгүйд хүргэлээ. Энэ өрийг барагдуулах талаар УБТЗ ХНН-аас хууль бусаар суутган тооцсон онцгой албан татварын хэмжээг бууруулах тухай буулт хийх саналыг Монголын талд өнгөрсөн оны 9 дүгээр сард илгээсэн боловч хариу өгөөгүй байгааг анхааруулжээ. Мөн УБТЗ ХНН-ийн орлогын баазыг инфляциас хамгаалах, 2025 он хүртэлх дунд хугацааны тарифын бодлогыг хэрэгжүүлж уг тарифыг Монгол Улсын хэрэглээний үнийн индекстэй уялдуулахыг шаардсан боловч УБТЗ ХНН-ийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдээгүй. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан захианд дурдсаны нэгэн адилаар “УБТЗ” ХНН-ийн дүрмээр тогтоосон боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зарчмаар санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэхгүй бол Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй”-г анхааруулж “Шаардлагатай бол эдгээр тулгамдсан асуудлаар хоёр тал Ажлын хэсэг байгуулах асуудлыг боловсруулж холбогдох хүмүүст даалгахыг О.Белозеровоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн эхний захианд өгүүлжээ.

Ямартай ч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад болон Ерөнхийлөгчөөр сонгогдоод, тангарагаа өргөөгүй байхад ирүүлсэн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн эдгээр захидалд “Одоо орос дарга томилох ээлж” гэдгийг соёлтойгоор “сануулжээ”. Энэ тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлаа нэр хүндтэй гүйцэтгэж салбараа амжилттай удирдаж чадахгүй байгаа Л.Халтарыг “УБТЗ”-ын даргаар томилох сураг ажиг биеллээ олбол Оросын талаас хатуу эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой төдийгүй 2006 оноос хойшхи УБТЗ-ын орос даргыг хүлээн авахад бэлтгэх хэрэгтэй болох нь. Одоогоор Оросын талаас “УБТЗ”-ын даргаар томилж мэдэх кандидатаар гурван хүний нэр дуулдаж байгаа бөгөөд энэ талаар дараагийн нийтлэлд өгүүлнэ.

Next Post

Discussion about this post