Баруун өмнөд Английн эртний эдлэлийн зах дээр ердөө 50 фунт стерлингээр худалдан авсан чихмэл нь тасманийн барс буюу тасманийн чонын толгой болох нь тогтоогдсоны дараа 50 мянган фунт стерлингийн үнэд хүрчээ.
Үүнийг эхэндээ Викторианы үед хийсэн үнэгний толгойн чихмэл гэж үзэж байсан бөгөөд наймдугаар сарын 11-нд Бристолд болсон дуудлага худалдаагаар заржээ. Танхимд байсан нэгэн худалдан авагчаас санал болгосон үнэ нь шимтгэлийг оролцуулаад 60 мянган фунт стерлингээс давсан байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид энэ олдворыг “сүүлийн жилүүдэд зарагдсан хамгийн чухал олдворуудын нэг” гэж тодорхойлжээ.
Анх худалдан авсан хүний ярьснаар, тэрбээр энэ зүйлийг үнэндээ юу болохыг нь мэдээгүй бөгөөд зүгээр л нүд нь хөдөлж инээд хүргээд байсан тул худалдаж авсан гэжээ.
Тасманийн чоно бол Австрали, Тасмани болон Шинэ Гвинейн нутагт амьдардаг байсан махчин амьтан юм. Эх газар дахь сүрэг ойролцоогоор 2 мянган жилийн өмнө мөхөж, харин Тасманид тусгаарлагдсан сүрэг чоно өнгөрсөн зууныг хүртэл амьдарч байжээ. Европчууд суурьшиж эхэлсний дараа ан агнуур, өвчин зэргийн улмаас чонын сүрэг мөхөж үгүй болжээ. Хамгийн сүүлчийн тасманийн чоно 1936 онд Хобартын амьтны хүрээлэнд үхжээ.
Өдгөө нийтдээ 756 ширхэг тасманийн чононы үзмэр байдаг бөгөөд үүнээс 101 нь чихмэл юм. Томоохон музей, эрдэм шинжилгээний байгууллагуудаас өөр газарт толгойн чихмэл үзмэр бараг байдаггүй. Байсан ганц нь ийнхүү дуудлага худалдаагаар зарагджээ.


Discussion about this post