AirCar нисдэг автомашин Словак улсын Нитра болон Братислава хотуудын нисэх онгоцны буудлууд хооронд 35 минутын туршилтын нислэг хийжээ. Уг автомашины эх загварыг бүтээсэн Стефан Клейн жолооны ард суусан болохыг ВВС мэдээлсэн юм.
Энэхүү далавчтай автомашин нь BMW хөдөлгүүртэй бөгөөд жирийн бензин түлшээр ажилладаг байна. Профессор Клейны хэлж буйгаар AirCar нь 2,500 метрийн өндөрт ойролцоогоор 1000 километрийн зайг туулах чадвартай бөгөөд саяын туршилтын нислэгийн үеэрээ 170 км/ц хүртэл хурдалсан байна.
AirCar-ийг жирийн автомашинаас онгоцны горимд шилжүүлэхэд ердөө хоёр минут 15 секунд зарцуулагдах гэнэ. Горим солигдох үед автомашины хоёр хажуу талаас далавчнууд нь дэлгэгдэж, спойлер нь онгоцны сүүл болон сунадаг байна.
Нисдэг машиныг бүтээх үйл явц хоёр жил орчим үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор хоёр сая евро зарцуулагдсан байна. AirCar автомашиныг бүтээсэн Klein Vision компани дэлхийн хувийн жижиг оврын онгоц болон агаарын таксины зах зээлийг эзлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. Тус байгууллагын тооцоолсноор зөвхөн АНУ-д AirCar нисдэг автомашины эрэлт жилд 40 мянга хүрэх байна.
Сонирхуулахад, ихэнх улс орнууд нисдэг такси үйлдвэрлэх чиглэлээр аль эртнээс ажиллаж эхэлсэн билээ. Тухайлбал, United Airlines компани АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас гэрчилгээ авч, 2023 оноос агаарын такси үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.
Испани улс 2022 онд, Япон улс 2023 онд харин Их Британи улс 2024 онд агаарын таксиг зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Discussion about this post