“Стандарт” банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавиад, их хэмжээний зээл авсан асуудалд “Жаст”-ын Батхүүгээс гадна тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг нар буруутай гэдэг. ГОК-ийн захирал асан Ч.Ганзориг баригдаж хоригдсон удаатай. Харин ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Сугарыг шалгаж, хэрэгт ахиц гарна гэж байсан ч энэ хэрэгт ахиц гарсангүй, нам гүм болжээ.
ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн асан Д.Сугар “Стандарт” банк руу захидал бичээгүй гэж гүрийж байсан ч “Стандарт” банкинд илгээсэн захидал нь гарч ирсэн. Хуурамч гарын үсэг, би оролцоогүй, оролцсон бол 461 дүгээр ангид өөрөө гүйгээд очно гэж мэдэгдэж байсан Д.Сугар яасан нь мэдэхгүй таг боллоо. Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс буусных нь дараа “оймсоо гозолзуулан” ачигдана гэсэн ч байдаггүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг барьж хорьсон мөртлөө Д.Сугарыг хорьж чадсангүй. Удаа дараа нэр холбогдсон их хэмжээний хөрөнгө, түүнээсээ уснаас хуурай гарч чаддаг болохоор “Суйлдаг” Сугар, “Сугардаггүй” Сугар” гэж яригдах болсон. Манай нэртэй хуульчийн хүү Д.Сугарын хүү С.Цог хар тамхины хэргээр ял сонссоныг хүмүүс санаж байгаа.
Сугарын урьд өмнө “сугарч” үлдсэн хэргээс танилцуулж байна. Д.Сугар Өвөрхангайд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж, дараа нь Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан. Түүнийг АТГ шалгаж, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон ч ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй гацчихсан удаатай. Д.Сугар БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлогоо мэдүүлээгүй үлдээсэн гэнэ. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлэг өгсөн. Д.Сугарынх БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байдаг. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаараа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан” гэж мэдүүлжээ. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, офшор данснаасаа дөрвөн зуун мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн энэ эрд хариуцлага тооцуулахаар АТГ-ынхан тухайн үедээ Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадаагүй. Эцэст нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас тухайн үед Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн ч Д.Сугар Үндсэн хуулийн цэц хэмжээлшгүй баян энэ эрийн цалинг нь 3 сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан нэр зүүгээд таг чиг болжээ.
Discussion about this post