– Балетыг квадрат гэж үзье. Сонгодог балет тэр квадратаас гарах ёсгүй, өөрийн гэсэн хууль, дэг жаягтай байдаг. “Хунт нуур” хэзээ ч , хаана ч, хэн ч бүжиглэсэн нэг л янзаараа байх ёстой. Энэ бол хууль. Гэхдээ үеийн үед балетмейстерүүдийн оюун санаанд тэр дөрвөлжинд баригдалгүй зоргоороо балет, бүжиг дэглэх хүсэл байсаар л ирсэн. Үүний нэг бол Б.Жаргал. “Ирэх жил би залуу биш. Дунд үедээ ороод явчихна шүү дээ. Би залуу үедээ сайхан амьдармаар байна. Эрх чөлөөтэй баймаар байна. Түүнийг жинхэнэ утгаар нь мэдэрмээр байна” гэж “адгах” түүнтэй ч цөөн хором ярилцсан бөгөөд дараагийн удаад “дотоод ертөнц”-өөр нь аялаад нэг үзэхээр “онилсон” юм.
БАЛЕТЫГ ХҮМҮҮС ЯАГААД ҮЗДЭГ ВЭ?
—Өнөөдөр манай театрын 90 хувь залуужсан. Ирэх таван сард Пермээс 11 хүүхэд төгсөж ирнэ. Энэ бол асар том шинэчлэлт юм.
Манайхныг социализмын үед сайн байсан, Сэргэлэн даргын үед мундаг байсан гэхчилэн хүн бүр янз бүрээр л ярьдаг юм. Яахав соц үед хүчээр авчраад суулгачихдаг байлаа. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө хүсэл сонирхлоор ирж үзэх нь бага байсан. Тэгэхээр өнөөдөр зритель хуучин цаг шиг дүүрэхгүй ч ирж байгаа тоо нь хангалттай. Одоо бол үзэгчид өөрсдийн хүсэлтээр ирээд, үзмээр байгаа бүжигчнээ сонгодог болсон нь маш том дэвшил. Бид сонгодог урлагийг массын урлаг болгоно гэж хичээж байгаа ч яг үндсэн чиг шугам нь дээдсийн урлаг байсныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тухайн үедээ хаад ноёд, язгууртнууд л үздэг байсан. Тэрнээс хуучин шиг цэргийн ангийнхан юм уу аль нэг сургуулийнхныг хүчээр авчраад үзүүлдэггүй.
ДУУРИЙН ТЕАТРЫН ЖИЖИГХЭН ЭНЭ ЯГААН БАЙШИНД “ТОМ” УРАН БҮТЭЭЛЧИД ЧИМЭЭГҮЙ Л АМЬДАРСААР ИРСЭН САНАГДДАГ ЮМ.
—Тийм ээ, театр дотроо л амьдарсаар өнөө хүрсэн нь бидний том алдаа санагддаг. Бүүр театрын хаалганаас цааш гарахдаа айдаг болчихсон. Энийг зарим нэг улс нь сонгодог урлагийн суурь хүмүүжил гэж ярьдаг. Гэхдээ одоо ингэхгүй ээ. Хүн гэдэг утгаараа эрх чөлөөг эдлэх ёстой. Уран бүтээлчдээ ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол 50 жил сонгодог урлагийнхан ийм л байх ёстой мэтээр явж ирлээ. Дал, наяад онд театр Орос, Европт өндөр хөгжилтэй байсан ч Азид тийм сайн байгаагүй. Гэхдээ Азидаа монгол мундаг байлаа. Тэр нь одоо ч бидний аманд яригдаж, тархинд нь л үлдчихэж. Яах юм бэ, ахмадууд тэр үеэ л ярьж байна. Гэхдээ өнөөдөр цаг өөр болсон. Бүгдээрээ даяаршсан нийгэмд амьдарч байна. Бид тэдний үеэр амьдраагүй. Одоо дэлхийг дагах хэрэгтэй. Энэ бол ганцхан Италийнх биш Монголын урлаг биш. Тэгэхээр хуучинтайгаа зууралдаад байгаа нь эмзэглүүлдэг.
Өнөөдөр манай гоцлол бүжигчид гадагшаа явж, өөрсдийгөө үнэлүүлж байна. Тэгэхэд дал, наяад онд хэн гадагшаа явж байсан юм бэ. Зүүний үзүүр дээр будаа тогтдог шиг ганцхан олдох энэ амьдрад ингэж амьдармааргүй байгаа юм. Хэрвээ өнгөрснөө яриад л явбал уучлаарай, энэ байрнаасаа холдохгүй. 100 жилийн дараа ч ингээд яриад сууна. Өөрөөр хэлбэл өнөө л “Учиртай гурав”-тайгаа, “Ламбугайн нулимс”-тайгаа, “Хунт нуур”, “Жизель”-тэйгээ дуусна. Яахав өнөөдөр хөгжлийн шатлалаараа явна гэж зөөлрүүлж бодож болох ч арай удаан байна. Бид бусдаас хожигдож явна.
Үнэндээ аль ч салбарт залуусыг дэмжихгүй байна. Шинэ балетмейстрүүдийг юм хийлгэдэггүй. Энэ нь нөгөө л нэгнээ дээшээ гаргахыг хүсдэггүй монгол хүний муухай зангаас үүдэлтэй. Ер нь энэ зангаас болоод монголчууд ядуу амьдарч байгаагаа хэн ч ойлгодоггүй. Урлаг, улс төр аль аль нь ялгаагүй. Бүүр сэтгэхүйн доройтолд орчихсон байгаа биз. Ахиад 10 жил ажиллахад ийм л байна. Өнөөдөр миний ирээдүй, маргааш харагдахгүй. Би зөвхөн тав, зургаан зуун мянган төгрөгийн төлөө амьдраад, тав, зургаан сая төгрөгийг харахгүй болчихож, харамсалтай.
ЗАЛУУС Л ӨӨРЧЛӨХ БАЙХ ДАА?
—Тийм ээ, бид л өөрчилнө. Тэрнээс одоо сайхан ярьж байгаа улс хэзээ ч хийж чадахгүй. Гэхдээ тухайн цагтаа хийж чадаагүй бол өнөөдөр залуус биднийг битгий хааж боо. Боломжийг нь олгоод, зоригтойгоор зайгаа тавьж өгөх хэрэгтэй шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг хар л даа. Английн нэг том албан тушаалтан улсын мөнгөөр таксидсаныхаа төлөө, Японд улсын мөнгөөр эхнэртээ бэлэг авсныхаа төлөө уучлал гуйлаа. Тэд дахиад улс төрд гарахгүй. Харин манайд өөр. Шоронд ороогүй бол их хурлын гишүүн биш. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Жилийн дараа залуу хүний тооноос гарлаа. Одоо би 37 настай. Ирэх жил би залуу биш дунд үедээ орно. Тэгэхээр одоо л амжиж эрх чөлөөг жинхэнэ утгаар мэдэрмээр байна.
БАЛЕТААР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ЯМАР ҮР ДҮНД ХҮРЧ БОЛОХ ВЭ?
—Нэгдүгээр тэсвэртэй болгоно. Хоёрт эрүүл мэнд маш тустай. Заавал мэргэжлийн түвшинд биш ч сонирхогчдын журмаар хичээллэснээр адаглаад сунгалт хийхэд цусны эргэлт сайжирна. Улмаар гоё биетэй болдог. Өнөөдөр Улаанбаатараар дүүрэн балетийн сургууль байна. Энэ бол өнөө үед давуу тал. Ингэж байж энэ урлаг хөгжлийн хувьд нэг шат ахина. Яваандаа өөр театр байгуулагдах ч юм бил үү. Ингэж өрсөлдөөн гарснаар бидний ажил сайжирна. Түүнээс ганц монополь театртай дэлхийтэй өрсөлдөнө гэдэг хэцүү.
СҮҮЛИЙН ҮЕД СОНИРХОГЧДЫН ДУНД СПОРТЫН ГЭМТЭЛ ИХ БОЛСОН ТУХАЙ МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ИХ ЯРИХ БОЛСОН. ҮҮНТЭЙ АДИЛ БЭРТЭЛ ГЭМТЭЛ ГАРАХ ТОХИОЛДОЛ БАЙНА УУ?
—Нэг гэмтвэл хамгийн осолтой. Багш нь мэргэжлийн бус байхаас эхлээд буруу сунгалт хийснээс үүдээд гэмтлээ гэхэд энэ төрлийн мэргэжлийн эмч Монголд байхгүй. Цөөхөн тоотой спортын эмч л байна. Тэгэхээр энэ тал дээр ээж аавууд маш болгоомжтой хандах хэрэгтэй юм. Хэрвээ мэргэжлийн балетчин болгохыг хүсвэл мэргэжлийн сургуульд, мэргэжлийн багшид хандах хэрэгтэй. Сонирхогчийн хэмжээнд явуулах байсан ч мэргэжлийн багшид очихыг зөвлөх байна.
Өнөөдөр монголчууд хөдөлгөөний асар их дутагдалд орчихсон. Бүгд алхахаа больсон. Ойрхон газарт ч машин унана. Тэгээд компьютерийн ард их сууна. Үүнээс болоод хөдөлгөөний асар их дутагдалд орчихоод байгаагаа мэдэхгүй сэтгэл хөөрлөөрөө яваад гэмтдэг. Анзаарч байхад насанд хүрэгчид сэтгэл хөөрлөөр жишээ нь хөлөө гэнэт өндөр өргөөд багшаас хамаарахгүй гэмтэх нь бий. Уг нь хичээл эхлэхийн өмнө хөлийн чигчий хуруунаасаа эхлээд халааж, хагас хөлс гарахад бэлтгэлдээ ордог. Магадгүй багш нь зөв тайлбарлаж өгөөгүйгээс гэмтдэг. Хүүхдэд ч ялгаагүй түнх, өвдгийг нь гэмтээдэг. Ийм тохиолдолд эмнэлэгт очиход мэргэжлийн хүн нь байхгүй. Тэгээд Монголд чинь их юм мэддэг, дураараа улс нь ч олон болчихсон. Өөр нэг зүйл нь ээж нар мөрөөдлөө биелүүлж хүүхдээ балетчин болгоно гэдэг. Хүүхэд таны золиос биш шүү дээ. Хэрвээ хүүхэд чинь дуртай бол сайн багшид сайн сургалтын төвийг судалж байгаад өгөх хэрэгтэй. Балетын сургууль гэхээр зөвхөн мэргэжлийн хүмүүсийг бэлдэнэ гэсэн үг биш. Төрөлхийн авьяастай заримыг нь улам тордож, мэргэжлийн бүжигчин болгох нь ойлгомжтой зүйл.
БАЛЕТААР ТУРНА ГЭЖ БАЙХ УУ?
—Турна гэдэг бол олон талтай асуудал. Яахав 18:00 цагаас хойш хоол идэхээ больчих л доо.
Үнэндээ хөгжим, бүжиг, үггүй жүжиглэлт гурвын цогц нийлбэрээс бүтдэг балетын урлаг зөвхөн тайз, үзэгч хоёрын дунд үүсэх амьд холбоон дээр тогтдог учраас “АМТТАЙ”. П.УНДРАА
Discussion about this post