Өмнөх дөрвөн жилд хөрөнгө орлого нь эрс өссөн гишүүний нэг гэгдэг М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Цэцгээ дүүгийнхээ сонгогдсон тойрог болох Чингэлтэйн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар сүр дуулиантай ажилласан. Гишүүн хатагтайн эгчийг даргаар томилсон хүн нь тухайн үеийн НХХ-ийн сайд Н.Номтойбаяр. Хотын хэмжээнд улирал тутамд хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, ар гэрт нь эргэн нэгтгэх, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, асрамж халамж, ЭМТ-д хүлээлгэн өгөх “Илрүүлэлт” арга хэмжээг явуулдаг. Ялангуяа хүйтний улирал нь дээрхи бүлгийн хүүхдүүд эрсдэлд орох эмзэг үе тул заавал хэрэгжүүлэх ёстой. Харин энэ ажлыг эрхэм гишүүний дарга эгч дүүргийнхээ хэмжээнд бүрэн унагасан аж.
Анх 2019 оны 2-р улирлын эхээр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт дүүргүүд “Илрүүлэлт-2019” ажлынхаа тайланг ирүүлжээ. Ганцхан Чингэлтэй дүүрэг явуулсангүй. Нэхээд ч өгсөнгүй. Гишүүний дарга эгч хариуцах ажилтан нь өвчтэй тул арга хэмжээг зохион байгуулаагүй, эсвэл тайлангаа бичиж дуусаагүй гэх мэтээр аргацаагаад байсан тул нийслэлийн ХГХГ-ын хуульч очжээ. Ингээд адал явдалт кино шиг үйл явдал эхэлсэн аж. Гишүүний дарга эгч өнөөх л тайлангаа гаргаж дуусаагүй гэж шалтаг тоочиж байх зуурт хуульч ширээн дээр ил тавьсан “Илрүүлэлт-2019”-ийг зохион байгуулах тушаалыг олж харжээ. Улмаар өөртөө аваад даргын өрөөнөөс гарч хэлтсийн ажилтнуудад үзүүлэхэд бүгд мэл гайхаж цэл хөхөрчээ. Үнэндээ тэд тушаал гарсаныг ч мэдээгүй байсан гэнэ. Хуульч тэднийг тушаал гарсаар байхад ажлаа хийгээгүй гэж зэмлээд явахад араас нь гишүүний эгч утас цохиж “би танд гарын бэлэг өгөх гэсэн юм” гэхэд нь татгалзсан байна. Удалгүй ахиад залгаж “нуусан тушаалыг яагаад ажилтнуудад үзүүлж байгаа юм бэ” гэж бараг загнах шахжээ. Уг тушаал, тушаалаар баталсан удирдамж дээр хариуцах ёстой ажилтнуудых нь гарын үсэг хүртэл зурагдсан байв. Тэднийг нийслэл дээр дуудаж тайлбар авахад гарын үсэг зураагүй гэдгээ хэлснээр гишүүний дарга эгчийн хэрэг эхнээсээ илэрсэн. Үнэндээ ажилтнууд нь “Илрүүлэлт-2019” ажиллагааг явуулах удирдамж, төсөв боловсруулсан ч гишүүний дарга эгч баталж өгөөгүй аж. Арга хэмжээгээр илэрсэн хүүхдүүдэд өгөх цэвэр ус, жигнэмэг зэргийг төсөвлөхөд “Та нар өөрсдийнхөө идэх юмыг орууллаа” гэж загнаад гаргажээ. Тийн атлаа Төрийн сангаас гарсан 7,9 сая төгрөгөөр их хэмжээний хоолны талон авчээ. Гишүүний дарга эгч архины хамааралтай хүмүүсийг сургалтанд сургана хэмээн “Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэн”-д 3,5 саяыг, “Актив пресс”-д 2,1 саяыг, “Магнайтрейд”-ээс 600 мянган төгрөгний шатахууны талон, “Номадс”-аас 700 мянгаар хоолны талон авах зэргээр зарцуулсан. “Илрүүлэлт-2019” ажиллагааг явуулаагүй нь илэрмэгц гишүүний дарга эгч хийгээгүй ажлыг хийсэн болгож харуулахаар дайрчээ. Хамтран ажилладаг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ажилтанд дээрхи хоол, шатахууны талон зэргээ өгсөн ч аваагүй байна. Харин дүүргийн 18-р хорооны ИНХ-ын дарга Ч.Ариунчимэг, 12-р хорооны Засаг дарга Р.Ганболд нар гишүүний дарга эгчийн бэлдэж ирсэн хуурамч тайланд гарын үсэг зураад явуулжээ. УИХ-ын гишүүдийн хамаатан саднууд төрийн дунд шатанд даргаар очоод улсын ажлыг ийнхүү унагадаг нь нийтлэг үзэгдэл болсон. Ажилтнууд нь гишүүний дарга эгчийн үйл ажиллагаа, зан харьцааны талаар ТАЗ, харьяа яам газарт олонтоо хандсан ч хөдлөөгүй. Хэлтэст нь хүн тогтдоггүй, 50 гаруй хүн халагдаж солигдсон. М.Оюунчимэг гишүүн тойрогтоо ажиллах үед ажилтнуудаараа иргэдээс гарсан санал хүсэл хүсэлтийн биелэлт гаргуулах гэж шахдаг гэнэ. Тус хэлтэс нь дүүргийн 17-р хороонд уулын мухарт байрладаг тул албаны “приус” машин өгсөн ч гишүүний дарга эгч унаж иржээ. Хүүхдийн хамгаалал болон эрсдэлтэй гэр бүлд хүрч ажиллахад зориулагдсан машиныг унаад байгаагийн учрыг асуухад “зөвхөн би захиран зарцуулах эрхтэй” гэжээ. Гэхдээ энэ хэргээс хамгийн их хохирсон нь хараа хяналтгүй гэх хүүхдүүд юм. Хүйтний улиралд “Илрүүлэлт” арга хэмжээг аваагүйн улмаас тэднийг маш эрсдэлд байдалд оруулсан байна.
Discussion about this post