-УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ПРОТОКОЛ ХӨТЛӨГЧ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААС ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЙХ НЬ ИНЭЭДТЭЙ БИЗ ДЭЭ-
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” өвчний мөр дээр энэ жил монголчууд хүнд ачаа үүрсэн. Энэ үед бүгдээрээ бүсээ чангалж, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэтэл манай дээдсүүд өөрсдийнхөө цалин хангамжийг нэмж, эрх дархаа баталгаажуулсан байна. Энэ асуудлаар Монгол Улсын Гавьяат хуульч, “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Чадраабал Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын цалин хөлс хэтэрхий ялгавартай болж шударга ёс алдагдаад байгаа талаар зарим хүмүүс ярих боллоо. Энэ асуудлаар та ч бас анхаарал тавьж Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Хоёулаа энэ сэдвээр ярилцъя.
-Би 2007 оноос хойш “Шударга төрийн төлөө” нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Тиймээс ч төрийн ажил албатай холбогдуулан гаргасан төр засгийн бодлого шийдвэртэй үргэлж танилцаж сэтгэлээ чилээж суудаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрдсэн хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагынхан маань эрх мэдэлдээ хэтэрхий бярдаж төрд ажиллаж буй албан хаагчдаа алагчлан үзэж ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан тул би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа.
-Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлынхаа талаар тодруулж ярихгүй юу?
-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэрүүдээс нь харахад УИХ, Засгийн газар ажлын албадынхаа төрийн албан хаагчдын эрх ашгийг онцгойлон авч үзэж хэт өндөр цалин тогтоосон байна. Төрийн албанд шинэчлэл хийх шаардлагын хүрээнд 2017 онд УИХ-аас “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэн батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хүрээнд олон дүрэм журмууд шинэчлэгдсэний дотор цалин хөлстэй холбоотой асуудлууд ч багтсан байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон зохицуулалтууд болон холбогдох дүрэм журмууд нь бүрэн хэрэгжиж хэвшээгүй байхад УИХ 2020 оны тавдугаар сарын 7-нд Төрийн албаны тухай хуульд дахин нэмэлт хийж зөвхөн (УИХ-ын дарга, дэд дарга, даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудынхаа) цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын хамгийн доод тушаалын албан хаагч болох ахлах зохион байгуулагч сард 2.256.000 төгрөгийн цалинтай. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга сард 4.351.000 төгрөгийн цалинтай байх бололтой. Энэ бол зөвхөн албан тушаалын сүлжээний цалин шүү дээ. Үүн дээр нэмээд Төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, доктор цолны нэмэгдлүүд гэж Төрийн захиргааны албан хаагчид олгогддог 70 гаруй хувийн нэмэгдэл байдаг юм. Гэтэл Төрийн Яамдын газрын дарга нар хамгийн дээд шатлалаараа гэхэд л 1.611.500 төгрөгийн цалинтай байна. Энэ хоёр албан тушаал ангилал зэрэглэлээрээ тэмээ, ямаа шиг ялгаатай мөртлөө цалингаараа тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз. Улсын Их Хурлын гишүүд, зөвлөх, дарга нарынхаа цалинг Яамны Төрийн Нарийн бичгийн даргын албан тушаалын хамгийн өндөр шатлалын цалингаас жишиглэн тогтоосноор Төрийн нарийн бичгийн даргын хамгийн өндөр цалин 1.232.536 төгрөг байдаг бол УИХ-ын даргын зөвлөхийн цалин 2.588.325 төгрөг, УИХ-ын даргын цалин 3.734.584 төгрөг байх бололтой. Дээр нь улс төрийн албан тушаалтнуудад олгодог онцгой нөхцөл болон доктор цолны нэмэгдлүүдийг оруулж тооцохоор тоо нь талийж өгнө дөө. Ер нь өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төр болсныг батлах нэг баримт энэ мөн л дөө. Уг нь УИХ бол Улсын төсвийг батлах эрхтэй болохоос биш өөрсдөдөө өндөр цалин хангамж, төсөв зардал батлаад суух хүмүүс биш. Үүнийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна Төсвийн тухай хуулиар тухайн салбарын төсвийг нь Төсвийн ерөнхийлөн захирагч (сайд, аймаг нийслэлийн Засаг дарга) нарын нэр дээр батлахаар зохицуулсан байдаг юм. Хачирхалтай нь манай УИХ намд авсан суудлын тоогоор болон бие төлөөлөгч, зөвлөх, туслахын зардал гэж төсөв хуваарилуулж аваад зогсохгүй гишүүдийн үйл ажиллагааны зардал гэж өөрсдөдөө хэд хэдэн тэрбумаар нь зардал баталж төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог жишиг тогтоосон л доо. Хэрэв өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт нь хэрэгждэгсэн бол энэ нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл мөн шүү дээ.
-Төрийн эрх барих дээд байгууллага болохын зэрэгцээ хууль батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг юм бол энэ шийдвэрийг буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг хүлээж тухайн албан тушаалд очсон, тодорхой хугацаанд тэр албыг хаших хүмүүс биз дээ. Тэгэхээр ард түмэн тэднийг өөрсдөдөө эрх дарх тогтоох бус, бидний төлөө зүтгээрэй гэж сонгосны гадна ямар үйл ажиллагаа явуулахыг нь хуульчлан тогтоосон байдаг. Ерөөс Монголын төр ард түмэнд үйлчлэхдээ ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл болон хуулийг дээдлэх нь үндсэн зарчим нь мөн гээд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн хуулийн 70 дугаар зүйлд “хууль, зарлиг, төрийн байгууллага, албан тушаалтны бүх шийдвэр гагцхүү Үндсэн хуультай нийцсэн байх ёстой” гэж хуульчилж тогтоосон байдаг. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “…хэнийг ч үл ялгаварлан гадуурхаж болно гээд 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол….нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэдгийг заагаад өгчихсөн юм. Хууль батлах эрхтэй ч үйл ажиллагаагаа яаж явуулахыг нь ийнхүү хуульчилсан байхад хууль нэртэй шийдвэр л баталж байвал хамаагүй гэж үзэх аргагүй биш үү. Өнөөдөр Монголын төрд 190.000 гаруй албан хаагч ажилладаг гэх судалгаа бий. Хэрэв энэ хүмүүсийг нийтэд нь хамааруулаад цалин хангамжийг нь нэмэгдүүлсэн бол түмэн олон магнай хагартал баярлаж төр засгаа хүрээлнэ л дээ.
–Ер нь цалин хөлсийг ямар шалгуураар олгох ёстой юм бэ?
-Төрийн албаны тухай хууль 1995 оны зургадугаар сараас хойш мөрдөгдөж байгаа юм. Энэ хугацаанд дөрөв дэх удаагийнхаа өөрчлөлтийг хийж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар бол төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тав ангилаад ангилал тус бүрт хамаарах албан тушаалыг нь заачихсан байдаг. Жишээлбэл, Төрийн яамдад хамгийн доод буюу туслах түшмэлийн албан тушаалд зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан хамаарч байгаа бол тэргүүн түшмэлийн буюу хамгийн дээд ангилалд нь Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтнууд багтдаг. Түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон УИХ-ын харьяа агентлагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын ангилал зэрэглэлийг тогтоохдоо “Төрийн албаны зөвлөл”-ийн саналыг үндэслэн УИХ шийдэх учиртай. Ийнхүү Төрийн захиргааны түшмэлийн таван ангилалд хамаарах албан тушаалыг тодорхойлж заасан УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд байдаг. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлээр Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, шүүх, прокурор, УИХ-ын харьяа агентлагуудын албан тушаалтнуудыг ангилсан байгаа. Үүгээр бол УИХ-ын Тамгын газрын ахлах зохион байгуулагчийг бусад байгууллагын ахлах зохион байгуулагчтай адилтган дэс түшмэл ангилалд буюу АА11 (Ажлын албаны хамгийн бага албан тушаалтан)-ээр тогтоосон байсныг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ахлах түшмэлийн буюу АА8 ангилал (бусад байгууллагуудын шинжээчийн ангилалд )-тай адилтган үзжээ. Ийнхүү УИХ бүх албан хаагчдынхаа албан тушаал цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь хууль тогтоох эрх мэдлээ ашиглан давуу эрх эдэлсэн хэрэг юм.
–УИХ-ын баталсан энэ хууль тогтоомжууд олон улсад мөрдөгддөг дүрэм журмуудтай зөрчилдөх тал байгаа юм уу ?
-“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэж 1948 онд батлагдаад уг тунхаг бичгийг хүлээн зөвшөөрсөн улс болгон дотоодынхоо хууль тогтоомжид агуулгыг нь суулгаж өгөх ёстой НҮБ-ын шийдвэр байдаг юм. Энэ тунхаглалд манай улс нэгдэж орсон учраас үзэл санааг нь дагах ёстой. Тэр тунхгийн 23 дугаар зүйлийн 2-т “Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй” гэж заасан байдаг юм. Энэ тунхгийн үзэл санааг дэлгэрүүлж Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан 190 конвенц, 6 протокол, 206 зөвлөмж байдаг юм гэсэн. Үүнээс манай улс 20 конвенцыг нь соёрхон баталсан гэдэг байх шүү. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн байдаг юм. Уг нь өмнөх “Төрийн албаны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 4-т “Төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс олгоно” гэсэн зохицуулалт байсныг 2017 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан байна билээ. Би Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа энэ заалтыг сэргээх нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан. Ер нь аль ч албан тушаалыг хүлээх хариуцлага, үүрэх ачаа, хувь хүний мэдлэг чадвар, туршлага, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг шалгуураар нь ангилдаг болохоор Төрийн Яамны газрын даргаас УИХ-ын Тамгын газрын протокол хөтлөгч өндөр цалинтай байх нь инээдэмтэй биз дээ. Харин цалин хөлстэй холбоотой асуудлаар хариуцан ажиллаж судалгаа гарган төр засгийн шийдвэрт албан ёсны байр сууриа илэрхийлэх чиг үүрэгтэй байгууллага гэвэл Төрийн албаны зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам зэрэг байгууллагууд байх учиртай. Гэтэл Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөө шоовдорлогдож цалин хөлсөөрөө алагчлуулаад яваа байхгүй юу. Тэгээд ч өнөөдөр манай дээдсүүд өөдөөс нь дуугарсан л бол хүчээ үзүүлдэг болохоор хэцүү л дээ. Төрийн албаны тухай хуулиар бол төсөв хөрөнгө, цалин хөлстэй холбоотой төрийн шийдвэр гарахад Төрийн албаны зөвлөл гол үүрэгтэй байхаар зохицуулагдсан юм.
-Засгийн газар бас өөрсдийнхөө албан хаагчдын цалинг тусгайлан өндөр тогтоосон гэсэн?
-УИХ шийдвэр гаргахаас өмнө Засгийн газар ХЭГ(Хэрэг эрхлэх газар)-ынхаа албан хаагчдын цалинг нэмээд авсан байдаг юм. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээ тогтоох тухай” гэсэн 3 хавсралт бүхий тогтоолын 1 дүгээр хавсралтад ажлын албаныхаа хүмүүсийн цалинг адил түвшингийн албан тушаалтнуудын цалингаас хэт өндөр тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д зааснаар бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо … зэрэг байгууллагуудын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлийг УИХ тогтооно гэсэн зохицуулалтын хүрээнд эдгээр байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтнуудыг АА1-АА11 хүртэл шатлалаар ангилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн доод албан тушаалтан АА(ажлын алба) 11 ангилалд багтдаг бол ажлын албаны дарга АА1 ангилалд хамаарч албан тушаал цалин хангамж нь ялгаатай байхаас гадна ижил ангиллын албан тушаал адил цалин авч байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл дээрх 75 дугаар тогтоол 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд бусад байгууллагын адил түвшний албан хаагчдаас 130-500 мянга гаруй төгрөгийн цалин илүү авч нэмэгдлүүдийг оруулаад тооцвол бүр ялгаа гарах боломжтой юм билээ.
-Төрийн ажил алба ч үнэхээр нарийн шалгуур зохион байгуулалттай бололтой. Тэгэхээр энэ тэгш бус байдлын ялгааг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нь засч болдоггүй юм уу?
-Уг нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргана. Хэрэв хуультай нийцээгүй байвал Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэсэн байдаг юм. Гэтэл манай УИХ хууль тогтоомж зөрчиж байгааг нь зөвтгөж засахын оронд өөрсдөө олзуурхан шүүрч аваад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар цалин хөлсөө ахиулаад авлаа даа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр замгүй.
-Үндсэн хуулийн Цэц энэ мэдээллийг нь шалгаад шударгаар шийдвэрлэж чадах болов уу. Ер нь яаж шалгах ёстой юм бэ?
-Уг нь Үндсэн хуулийн Цэц хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж шударгаар шалгадаг байсан бол төрийн дээд байгууллагууд ийм хандлага, арга барилтай болох ёсгүй юм л даа. Тэгэхээр Цэц яаж шийдэхийг нь ард түмэн хараг ээ. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм. Тэр хүрээндээ авч үзэх байлгүй. Би Цэцэд мэдээлэл бичихдээ холбогдох бүх хууль тогтоомжуудыг бүрдүүлж өгсөн. Бодит жишээ үзье гэвэл, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын ажилтнуудын мөн Цэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Санхүүгийн Зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаныхан цалин нэмэгдлүүдийг УИХ, Засгийн газрынхны цалинтай харьцуулахад л хангалттай. Энэ албаны хүмүүс нэг л ангилал шалгуураар цалинжих ёстой. Сэтгүүлчид та нар төрийн албан хаагчдын авч буй цалин хангамжийг сонирхоод мэдээллийг нь ил тавиад үзэхэд гэмгүй дээ. Тэгвэл их юм ойлгоно. Харин байгууллагын нууц гээд үзүүлэхгүй байж магадгүй шүү. Тэд нарт ийм эрх байхгүй.
–УИХ, Засгийн газар гэдэг манай төр засгийн эрх барих дээд байгууллагууд яагаад албат иргэдээ алагчлан үзэж байна вэ. Та үүнийг яаж харж байна?
-Өөрсдийгөө хууль гээд бодчихоод бяр нь амтагдаад хуулиас дээгүүр гишгээд байгаа юм. Тэгсэн атлаа бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярьцгаадаг чи бишгүй л сонсоо байлгүй. Гагцхүү өнөөдөр ч биш өмнөх бүх УИХ, Засгийн газрын үеүдэд ийм л байсан. Нарийн хэлбэл шударга ёс хууль хоёр нь зөрчилдөөд бараг гучаад жил өнгөрлөө. Би түрүүн хэлсэндээ энэ ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд шударга ёс хууль дээдлэх гэж. Энэ үүднээс шударга ёсондоо захирагдаж хууль нь гарах ёстой байтал шударга бус явдлыг нь хууль болгон баталчихаад өнөөхөөрөө түрий барьж өөрсдийгөө бурханчлуулан ард түмнээ басамжлан тохуурхаад байгаа юм. Бас дээр нь дээдсүүдэд тусалж, зөвлөж байгаа мэргэжилтнүүд нь мэдлэг чадваргүй хүмүүс, цүнх баригчид, албан тушаал худалдаж авсан хүмүүс зонхилсон учраас Төрийн бодлого шийдвэр алдаа ихтэй, шударга бус болоод байна. Магадгүй тэд дарга нартаа нөлөөлж ийм шийдвэр гаргуулж байгаа байж ч болзошгүй. Энд яригдаж буй сэдвийн хүрээнд ганц жишээ хэлэхэд л УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалтан гэж тогтоосон атлаа сонгон шалгаруулалтгүйгээр томилно. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхчлэн онцгойлон авч үзсэнээр барахгүй сайд дарга нараас өндөр цалин олгохоор тогтоосон байх юм. Мөн Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн нарийн бичгийн даргын цалинг Яамны газрын даргын цалингаас 400.000 гаруй төгрөгөөр доогуур тогтоосон атлаа 75 дугаар тогтоолын 3 дахь заалтад ажлын үр дүнг нь харгалзаж улирал тутмын урамшуулал олгоно гэсэн байх юм. Гэтэл цалин, урамшуулал хоёр ялгаатай шүү дээ. Албан тушаалын цалинг сүлжээгээр тогтоож урамшууллыг ажлын үр дүнгээр олгодог болохоор (сайдын таалалд нийцээгүй) Төрийн нарийн бичгийн даргад энэ урамшуулал олдохгүй. Газрын даргаас бага цалинтай Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцоход хэцүүгээс гадна, дэвшин ажиллахад сөргөөр нөлөөлнө. Мөн энэ 75 дугаар тогтоолоор зөвхөн Төрийн төв байгууллагуудын албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй хүмүүсийг орхигдуулсан нь ч алагчлан үзсэн асуудал юм. Эцэст нь хэлэхэд, төрийн бодлого шийдвэрийн нэг чухал агуулга бол дээдсийг хазаарлаж, доодсыг халамжилдаг байхад чиглэгдэх ёстой.
ЭХ СУРВАЛЖ: DNN.MN Оюунхүүгийн Дашням
Discussion about this post