УДЭТ-ын жүжигчин, театрын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Б.Болормааг манай үзэгчид “Шинэ үсгийн багш”, ”Алтан шонхор”, ”Нүцгэн уулын бэлд”, ”Газар шороо”, ”Хүслээр болдоггүй хорвоо”, ”Зүрхэнд шивнэсэн үг”, “Цуст хурим”, ”Галуу эргэж ирсэн нь” зэрэг олон сайхан кино, жүжгийн дүрүүдээр нь сайн мэднэ. Москвагийн театр урлагийн дээд сургуулийг төгссөн цөөхөн жүжигчдийн нэг тэрээр эх орноосоо алс хол олон жил ажиллаж амьдарч байгаад саяхан иржээ. Төрөлх театртаа эргэн ирж уран бүтээлдээ шамдан орсон СТА жүжигчин Б.Болормаатай уулзаж ярилцлаа. Тэрээр Америкт байхдаа “Би хэн бэ” нэртэй жүжгийн зохиол бичиж мэргэжил нэгт уран бүтээлчидтэйгээ хамтарч нутаг нэгтнүүддээ толилуулж өндөр үнэлэлт авчээ.
-Америкт очиж 9 жил болохдоо тайзаа их үгүйлсэн байх. Буцаж ирэх шийдвэрийг өөрөө гаргасан уу?
-Ирсэн гийчин буцдаг гэдэг сайхан үг байдаг даа. Би театрынхаа 80 жилийн ойд оролцохоор яарч тэмүүлж ирсэн. Ирээд уран бүтээлд нь оролцож чадаагүй ч арын албаны ажилд нь гар бие оролцсон. Хоёр хүүхдээ сургууль соёлын мөр хөөлгөх гэж очсон болохоор дунд сургууль, коллежийг төгсгөх гэсээр нэг мэдэхэд л есөн жил болчихсон байсан. Манай хоёр хүүхэд хоорондоо “Ээж минь бид хоёрын төлөө сайхан мэргэжлээ орхиж, хүний нутагт олон жил борви бохисхийлгүй ажиллалаа, одоо өөрийгөө бодох хэрэгтэй. Нутаг руу нь явуулж дуртай ажлыг нь хийлгэе” гэж ярилцаад шийдвэр гаргаснаа хэлсэн. Тэрийг нь анх сонсоод “ Энэ хоёртоо би одоо хэрэггүй болсон юм болов уу” гэж гомдоллож уйлсан. Хоёр хүүхэд маань намайг бодож л ийм шийдвэр гаргасан болохоор нутаг руугаа явахаар шийдэж ирсэн. Ямар ч хүн эх орноосоо алс хол байхдаа эх орноо гэх үнэлэмж нь илүү болдог юм байна. Нутагтаа байхдаа тэр болгон мэдрээгүй бүхнээ Америкт очоод илүү мэдэрсэн. Энэ хугацаанд аав, ээж элгэн садан, найз нөхөд, хамт олноо их санасан. Тэр тусмаа уран бүтээлч хүн хүний нутагт удахаар тайзаа их үгүйлдэг юм байна лээ. Ялангуяа эхний хоёр жил үнэхээр хэцүү байсан. Тайзан дээрээ жүжигт тоглож байна гэж их зүүдэлнэ. Энэ бүгдийг би хүү, охин хоёрынхоо төлөө хийсэн болохоор харамсдаггүй юм. Байнга алга ташуулж, олон сайхан үзэгчдээрээ хүрээлүүлж явсан хүн нэг л өдөр огт өөр ертөнцөд оччихсон юм шиг болсон. Дөнгөж очоод хэл сайн мэдэхгүй ч амьдрахын тулд ажил хийхээс аргагүй болж нэг ресторанд үйлчлэгчийн ажилд орсон. Хар багаасаа хөдөө эмээ өвөө дээр өссөн болохоор ажилд түүртэх юм надад байгаагүй. Тэгээд ч үйлчилгээний ажил чинь бүх юм нь бэлэн болохоор нэг их хүнд хэцүү ажил биш шүү дээ. Зарим хүн надаас жүжигчин хүн болохоор хар бор ажилд нухлагдаагүй яаж хийж байна гэж асуудаг байсан.
-Анх Америк руу ямар шугамаар явсан бэ? Гэр бүлээрээ явсан гэж дуулдаж байсан.
-Би 1987 онд хойно сургууль төгсөж ирээд 2002 он хүртэл театртаа 15 жил ажиллаад Америк явсан. Бусдын адил хүүхдээ багаас нь хэл сургах гээд анх Америк руу дунд сургуульд явуулсан юм. Хүүг маань дунд сургуулиа төгсөхөд нь амьдарч байсан айл нь бидэнд урилга явуулж гэр бүлээрээ тэнд очсон юм. Очоод охиноо сургуульд оруулж нөхөртэйгээ хоёулаа ажилд ороод эхэндээ сайхан л байлаа. Америкт очсоноосоо хойш эх орондоо 3 удаа ирсэн. 2010 оны “Гэгээн муза”-г ирж хөтөлж байлаа.
-Уучлаарай! Нөхөр чинь Америкт очоод та гурвыг орхиод явсан гэдэг үнэн үү? Одоо та нартай хэр харьцаатай явдаг вэ? –
Манай нөхөр бид хоёр Төмөр замын хүүхдүүд болохоор анх 8 дугаар ангид байхдаа Хандгайтын пионерийн зусланд амарч байхдаа танилцаж байлаа. Тэр цагаас хойш үерхэж байгаад хойно сургууль төгсөж ирээд л гэр бүл болж байлаа. Хувь төөрөг нь ийм байсан юм болов уу даа. Би хүүхдүүдийнхээ аавд гомддоггүй юм. Бид хоёр ярилцаад өөр өөрийн замаар явсан. Манай хадам ээж том хүүг минь өсгөж өгсөн сайхан ануухан буурал бий. Нөхөр маань одоо Америкт гэр бүлтэй болоод сайхан амьдарч байгаа. Хүүхдүүдтэйгээ холбоотой явдаг. Эцэг үрийн холбоог хэн ч хорьж цагдахгүй шүү дээ. Анх хэлж ярьсан шигээ үр хүүхэдтэйгээ хамт элэг бүтэн амьдарч чадаагүй ч би түүнийг буруутгадагүй юм. Хань маань сайн хань, сайн аав байсан. Гэхдээ энэ бүгд миний буруугаас болоогүй болохоор хоёр хүүхэд минь ээжийгээ маш сайн ойлгодог. Хүний нутагт очоод хүүхдүүдийнхээ аавыг өөрийнхөө мөрийг хөөгөөд явахад би нэг их царай алдаагүй ээ. Ээж, аав, эмээ өвөө минь намайг хар багаас бие даалгаж ажил хийлгэж, хэний ч хар харуулахгүй биеэ аваад явах чадвартай болгосоны гавьяа гэж боддог. Өсвөр насны хоёр хүүхдээ хэний ч доор оруулалгүй, амьдралаа болгоод ажиллаж амьдарч байсан. Одоо хоёр хүүхэд маань өөрсдөө амьдралаа аваад явах хэмжээнд очсон болохоор санаа зовохгүй ирсэн. Хүү маань компьютерийн мэргэжлээр, охин маань шүдний эмч мэргэжлээр сурч байгаа. Цаашаа гүнзгийрүүлж сурах зорилготой үлдсэн. Хүний нутагт өсөж торнисон хүүхдүүд их хэрсүү болдог юм байна лээ.
-Америкт байхдаа жүжгийн зохиол бичиж жүжгээ тэндэхийн хотуудаар явж тоглож байсан гэсэн. Хөрөнгө санхүүгийн асуудлаа яаж зохицуулсан бэ? Бэрхшээл байсан л байх даа.
-Америкт очоод би зүгээр суугаагүй ээ. Ажлынхаа цаг заваар шүлэг, зохиол бичдэг байсан. Нутаг орноо санагалзаж цөөнгүй шүлэг бичсэн. Өмнө нь Америк явахаасаа өмнө “Алтан гадас” одон авчихаад “Ботгон хэлхээ” нэртэй анхны номоо ээжийнхээ дурсгалд зориулан гаргаж баяраа хамтатган тэмдэглэж байлаа. Ээжийгээ өнгөрснөөс хойш би шүлэг оролдож эхэлсэн. Одоо удахгүй хоёр дахь номоо гаргахаар бэлдчихсэн байна. Ахуй байдал өөрчлөгдөхөөр шүлгийн сэдэв ч өөрчлөгддөг юм байна лээ. Америкт манай мэргэжлийн жүжигчин хэд хэдэн хүн ажиллаж амьдардаг. Бид бие биенээ сайн таньдаг болохоор харьцаа холбоотой байсан. Би Америкт очоод “Би хэн бэ? гэдэг жүжгийн зохиол бичсэн. Найруулагчаар нь Алтанбагана маань ажилласан. Энэ жүжигт гадаадад байгаа монголчуудаа эх орондоо буцаж очиж ажиллахыг уриалсан сэдэвтэй жүжиг байгаа юм. Алтанбагана, Оюунсүрэн Болдоо, Лхамаа нартайгаа яриад тал талаасаа ярьж цугларч бүгд ажлаасаа 14 хоногийн чөлөө аваад жүжгээ бэлдэж сургуулилт хийсэн. Бэлтгэл хийх байр байхгүй болохоор нэг жүжигчинийхээ ажилладаг чулууны үйлдвэрийн байранд очиж шалан дээр нь ус цацаж байгаад сургуулилт хийж байлаа. Бид жүжгээ хэд хэдэн хотоор явж монголчууддаа тоглосон. Циркийн найруулагч Машбат ах, УГЖ Батцэцэг эгч хоёр үзээд их урам өгсөн. Тэр жилийнхээ наадмаар маш олон монголчууд цуглаж баяраа маш өндөр хэмжээнд хийсэн.
-Танай аавыг олон жил Эвлэлийн удирдах ажил хийсэн гэдгийг мэднэ. Ээжийг чинь залуухнаараа бурхны оронд явсан гэж сонссон.
-Миний аав Цэндийн Батсүх Улаанбаатар хотын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар олон ажиллаж байсан сайхан хүн бий. Намайг хойно оюутан байхад 1984 онд ээж маань нас барсан. Залуухнаараа гэнэт нас барчихсанд их харамсдаг. Ээж минь НАХЯ-анд ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан. Одоо Германд байгаа манай ангийн Мөнхгэрэл бид хоёр хойно оюутан байхдаа нэг байранд амт амьдардаг байлаа. Нэг өдөр түүхийн шалгалтаа өгөх гээд бие биендээ хичээлээ яриад байж байтал Мөнхгэрэл гэнэт над руу хуруугаараа заагаад “Яанаа яанаа” гээд сандарсан шинжтэй хэлэхээр гайхтал толинд хартал миний нэг тал татчихсан байсан. Хүүхэд байсан болохоор удахгүй амралт болоод нутагтаа очихоороо ээжээрээ хуушуур хайруулаад жин тавьчихнаа, тэгээд зүгээр болчихно” гээд сэтгэлээ тайвшруулсан. Эмнэлэгт очоод үзүүлчих ухаанаа ч олохгүй гэнэн байж дээ. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа амралт эхлэхээр хэдүүлээ билетээ аваад Москвагаас 5 хоног вагоноор ирсэн. Хотод буутал намайг гэрийнхнээс минь өөр аавын ах дүүс тоссон. Машинд суусан хойно ээжийг минь бурхан болсныг хэлсэн. Миний амьдралд тохиосон хамгийн хэцүү хүнд үе байсан даа. Бодож байснаараа ээжийнхээ гарын хоолыг ч идэж чадаагүй дээ. Би ээж ааваасаа хоёулаа. Эмэгтэй дүү маань нэгдсэн 3-р эмнэлэгт их эмч, одоогоор эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаа гэсэн. Ээжийг бурхан болсоны дараа би хойшоо сургуульдаа явахдаа их зориг гаргаж аавдаа “Та одоо залуухнаараа үлдлээ. Ханьтай болоорой” гэж хэлсэн юм. Эр хүн залуугаараа ханиасаа хагацах үнэхээр өрөвдмөөр юм билээ. Эмэгтэй хүн бол тулаад ирсэн ямар ч зовлон бэрхшээлийг даваад гарах зориг тэвчээртэй байдаг. Тэгээд аав минь ээжээс хойш Гантуяа гэж өндөр боловсролтой, испани хэлний орчуулагч мэргэжилтэй маш ухаалаг, сайхан эмэгтэйтэй ханилж нэг сайхан хүү төрүүлсөн. Аав минь голомт залгах сайхан хүүтэй болж их ч баярласан. Аавыг минь өдий зэрэгтэй хайрлаж, халамжилж сайхан авч яваа Гантуяа эгчдээ их баярлаж явдаг. Биднийг төрснөөс өөрцгүй санаж, эхийн сэтгэлээр хайрладаг болохоор их хүндэлж явдаг.
-Таныг үзэгчид ялангуяа “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаа бүсгүйн дүрээр чинь маш сайн мэддэг. Жүжигчин болоход чинь нөлөөлсөн хүн бий юу?
-Намайг эхээс төрөөд дөнгөж 12 хонуулаад Батсүмбэрийн эмээ өвөө хоёрт аваачаад өгчихсөн юм билээ. Тэнд би 4-р анги хүртлээ эмээ өвөөгийнхээ хайранд бөмбөрч өссөн. Тэгээд 5-р ангидаа хотод шилжин ирж 6-р дунд сургуулийг төгссөн. Хар багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөдөж эмээгийнхээ өмнө гарч зогсоод дуулж, шүлэг уншиж, бүжиглэдэг урлагт их сонирхолтой охин явлаа. Аравдугаар анги төгсөхөд аав ээж хоёр маань эмч болохыг зөвлөж байсан ч зөрсөөр жүжигчин болох шалгалтанд орж тэнцээд хойшоо сургуульд явсан. Манай аавын нэг дүү нь Төв аймгийн Батсүмбэрийн клубын эрхлэгчээр ажиллаж байсан дуу хуурт авьяастай хүн байсан. Манай хүү “Найрын ширээний ууц” жүжигт хүүхдийн дүрд тоглож байсан. Охин маань УГЖ Сосорбарам ахын тоглосон Говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай кинонд 6 настай байхдаа хатных нь бага насны дүрд тоглосон. Бид ”Шинэ үсгийн багш” кинонд Завхан аймгийн Түдэвтэй сумд очиж зураг авахуулж тоглосон. Энэ кино маань хүмүүст маш сайн хүрсэн. Жамбалдорж гуай төрсөн нутагтаа очиж тэр сайхан киног хийсэн нь нутгийн олныг их баярлуулж эрвийх дэрвийхээрээ тусалж байлаа. МУ-ын анхны ерөнхийлөгч, их хутагтуудын төрсөн нутагт нь очиж байсан нь сайхан санагддаг юм.
-Танай сургуулийг төгссөн жүжигчдээс хэд нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ? Анх хэдэн хүн төгссөн билээ.
-Бид анх 15-уулаа эндээс явсан. Сургуулиа 10 нь төгсч театрт жүжигчнээр ирж байлаа. Одоо УГЖ Жаргалсайхан, УГЖ Г.Урнаа хоёр маань урлагтаа үнэнч зүтгэж театртаа тасралтгүй ажиллаж байна. Жагаа бид хоёр хамт “Алтан гадас” одонгоор шагнуулж байлаа.
-Ажилдаа ороод ямар жүжгүүд дээр ажиллаж байна вэ? Шинэ жүжгийн дүр авсан уу?
-Хамт олон маань намайг театрт байх ёстой жүжигчний нэг гэж их сайхан хүлээж авсанд үнэхээр их баярлаж байгаа. Хамт олонтойгоо бужигнаад үнэхээр сайхан байна. Ирээд удалгүй “Харанга” хамтлагийн “Дурсамж” дууны клипэнд тоглосон. Бас Сарандаваа гуайн зохион байгуулсан арга хэмжээнд 21 дарь эхийн нэгэнд гарсан. Ажилд орсоноосоо хойш тоглогдож байгаа жүжгүүдийн олны хэсэг дээр гарч байна.
Ярилцсанд баярлалаа. Н.Удвал WWW.TAIZ.MN
Discussion about this post