-Та урлагаа орхиод ШШГЕГ-т ажиллаж ажиллаж байгаа гэсэн. “Классик жем” хамтлагаасаа гарчихсан юм уу?
-“Классик жем” хамтлаг тараагүй хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гишүүнтэйгээр уран бүтээлээ хийгээд явж байгаа. Би одоохондоо “Классик жем” хамтлагаас албан ёсоор гараагүй, хоёр хамтлагт харъяалагдаад явж байна. Бид хамт гадуур тоглолтонд оролцоод, дуугаа дуулаад явж байгаа. Миний төрийн албанд ажиллаж байгаа гол зорилго маань Монгол хүн болж төрснийх төр засагтаа жаахан ч гэсэн өөрийнхөө сурсан мэдлэгээ зориулж ажиллая гэж бодсон. “Офицер” хамтлагийн гурван дуучин маань урьд нь БЦДБЧ-ын чуулгад гурвуулаа хамт дуулдаг байсан. Тэр үеэс л бид цэргийн дуу, цэргийн марш дуулж байсан болохоор ШШГЕГ-т ажиллахад арай ойр байсан. Дэслэгч цолтой ажиллаж байгаа. Ер нь би хүүхэд байхын л цэргийн хувцсанд их дуртай байсан. Тиймээс багын мөрөөдөл биелээд одоо хүчний байгууллагад ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.
-Таныг дуурийн ажиллаж байхдаа шууд ажлаа хаяад гарчихсан гэсэн?
-Би хөдөлмөрлөе, суръя гэж бодоод ажлаасаа гарсан. Би харамсаагүй. Миний сонголт. Намайг ажлаасаа гарахад жаахан хэл ам гарсан. Би нэг талын эрсдэл гаргаж, нөгөө талаараа амжилт гаргах ёстой гэж бодож дуурийн театраас гарсан. Би өөрийгөө боловсруулчихсан байхад ямар ч төрийн байгууллагад эргээд ажиллахад чадалтай боловсон хүчин байх хэрэгтэй. Театраасаа гарчихсан ч гэсэн би биеэ даагаад хамтлаг байгуулж чадна гэж бодсон. Би дуурийн театрт ажиллаж байхдаа “Нюанс” хамтлагийг байгуулсан. Өөрийнхөө авьяасыг илүү сайн хөгжүүлье гэж боддог. Нэг газраа зэврэхгүйн тулд хүн бууриа сэлгэж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Би дуурийн театраасаа гараад олон сургуульд сурсан. Одоо МУИС-д хуулийн чиглэлээр оройгоор сурч байгаа. Өмнө нь Удирдлагын академийг төгссөн. Нийтдээ дөрвөн сургуульд сурсан. Ер нь хүн хичнээн дуулдаг байлаа ч гэсэн давхар боловсролтой байх ёстой гэж боддог. Тэгэхгүй нэг ажилдаа буг болоод байхаар сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлж чадахгүй шүү дээ.
-Та “Нюанс” хамтлагийг үүсгэн байгуулчихаад өөрөө хамтлагаасаа гарчихсан. Уг нь бусад хамтлагийн гишүүдэд нь их өөрчлөлт ордог. Харин байгуулсан ахлагч нь хамтлагаа орхих нь ховор?
-Би заавал нэг юманд баригдах ёсгүй шүү дээ. Тэр байтгуай хоёр зохиолын дуучин хүртэл хоёр тийшээ салаад тус тусдаа уран бүтээлээ хийдэг биз дээ. Хүн өөрийнхөө дургүй юм уу таарч тохирохгүй юмтайгаа хүчээр байгаад байвал утгагүй биз дээ. Хэрвээ би чадалтай байвал хэн ч авч чадахгүй шүү дээ. Тийм учраас өөрийнхөө чадлаараа өөрөө амжилт гаргаж чадна гэж бодож байвал тэр хүн өөрийнхөө замаар явсан нь дээр биз дээ. Эндээс гарахад надад дахиад орон зай байгаа шүү, би босгоод ирж чадна шүү гэж бодож байвал өөрийнхөө л бодлоор явах ёстой. Би босгож ирж чадсан гэж боддог. “Классик жем” хамтлагийг дахиад байгуулж чадсан. Одоо намайг ШШГЕГ ажилд орсон гэхээр дахиад “Классик жем”-ээсээ гарчихсан гэж ойлгож байгаа байх. Энхтайван хүн бүхэнд таалагдах албагүй ш дээ. Хүнд чинь янз янзын асуудал гардаг. Таарч тохирохгүй ч юм уу өчнөөн л асуудал гарна. Тийм нөхцөлд заавал өөрийнхөө тэвчээрийг байраад тэдэнтэй наалдчихсан юм шиг хамт байх албагүй шүү дээ. Ер нь тэгээд хүн нэг хувцсаа өмсөөд байвал уйддаг биз дээ. Яг тэрэнтэй адилхан надад хувцсаа солих шаардлага гарсан. Би урьд урьдныхаасаа илүү шат ахиулъя гэж боддог. Өмнөх хоёр хамтлагаасаа шат ахиулаад “Офицер” гэдэг байгуулъя гэж бодсон. Хүн туршлагаараа шат ахиулах ёстой. Тиймээс Энхтайван дандаа гарч ордогтоо гол нь биш. Надад өөр орон зай байсан учраас би тэр орон зай руугаа явсан.
-Тэгвэл “Классик жем” хамтлаг “Ньюанс” хамтлагаас илүү шат ахиж чадсан болов уу. Та юу гэж бодож байна. “Офицер” хамтлаг энэ хоёр хамтлагаасаа илүү шат ахина гэдэгт та итгэлтэй байгаа юу?
-Би шат ахиулж чадсан гэж бодож байна. Хүн зөв тал руугаа жолоогоо залдаг болохоос ашиггүй юмтайгаа зууралдаад байхыг хүсэхгүй биз дээ. Надад “Ньюанс” хамтлагаас авах юм их байсан, өөлөх ч юм их байсан.Намайг гарснаас хойш “Ньюанс” хамтлаг маань сонгодог поп чиглэлээр дуулж эхэлсэн. “Ньюанс”, “Классик жем” хамтлагууд одоо өөр өөрийнхөө орон зайгаар явж байгаа. Харин “Офицер” хамтлагаа би энэ хоёр хамтлагаас илүү том орон зайгаар төсөөлж байгаа. Би Монголын урлагийг нэг нэг шатаар ахиасаа гэсэн үүднээс өөрийнхөө чадлаар урлагийг нэг шатаар ахиулах зорьж явна даа.
-Урлагийнхан дотроосоо таныг бизнес сэтгэлгээ их сайтай гэж ярьдаг юм билээ. Өөрийн гэсэн хувийн продакшн, жуулчны бааз гээд л нэлээн олон төрлийн бизнес эрхэлдэг гэж дуулсан?
-Хүн чадалтай хоолойтой, сайн боловсролтой, сайн менежменттэй байж энэ бүгд чинь нэг цогц болж өгнө. Тэгэхгүй нэг талынх нь доголдол гарчихвал хэцүү ш дээ. Би чадвараа сайжруулж байж өөрийгөө цогц болгоё гэж боддог. Зарим дуучид маань цогц байж чаддаггүй. Хоолой нь сайн хэрнээ маркетингийг нь өөр хүн хийдэг, толгой нь өөр хүнийхээр ажиллаж байдаг. Тэд чинь баг болж ажиллаад байгаа байхгүй юу. Хэдийгээр бид уран бүтээлээ хийгээд явж байгаа ч гэсэн хүнд хүрэхгүй уран бүтээл хийвэл тэр нь зарлага болж байдаг. Би “Ньюанс”, “Классик жем”, “Офицер” гээд гурван хамтлаг байгууллаа. Одоо энэнээс цаашаа хамтлаг байгуулахгүй байх. Урлаг гэдэг зүйлд би зургаадугаар ангиасаа орсон. Би байнга шинэ цомог гаргачих юмсан. Нэг аятайхан дуу хийчих юмсан гэж зорьж явдаг болохоос урлагаар мөнгө олох гээд улайраад байдаггүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийнхөө маркетинг, менежментээр мөнгө олж байгаа. Би өөрийн гэсэн хувийн продакшнтай. Манай продакшн ерөнхийдөө тайз засалт, тайзны гэрэлтүүлэг гээд шоу, тоглолт зохион байгуулдаг. Налайхад нэг хувийн жуулчны баазтай. Яахав дээ. Би өөрийнхөө чадахаараа л хөдөлмөрлөж байна. Би ямар нэг авлига авдаггүй. Хөдөлмөрөөрөө л мөнгө олж байна. Мэдээж хэн ч гэсэн тодорхой хэмжээний ашигтай ажиллахыг л бодно. Мөнгө олох гарц байвал юу ч хамаагүй хийх хэрэгтэй. Ер нь маш олон ажил зэрэг амжуулдаг.
-Уучлаарай. Та урьд нь гэр бүлтэй охинтой байсан. Одоо охинтойгоо харилцаатай байдаг уу?
-Хүний амьдралд янз бүрийн л зүйл тохиолдоно. Өө сэвгүй амьдрал гэж байхгүй. Би бусад амьдардаг жамаар л амьдарч байгаа болохоос хүнээс гаж амьдраад явсан зүйл надад байхгүй. Охин маань ч одоо том болж аавыгаа маш сайн ойлгодог. Би эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж охиныхоо бүх л хэрэгцээтэй гэсэн зүйлийг биелүүлж өгдөг. Үхтэл үр харам гэдэг, үхэн үхтлээ л хүүхдүүдийнхээ төлөө амьдрах нь эцэг хүний үүрэг шүү дээ. Охин маань манайхаар орж гарч байнга холбоотой байдаг болохоор бид бие биенийгээ илүү сайн ойлголцдог.
-Дуучин Уянгаа яагаад “Классик жем”-ээс гарчихсан юм бэ. Одоо тантай жаахан таагүй харьцдаг гэж дуулсан?
-Манай Уянгаа сайн дуучин. Гэхдээ Уянгаагийн өөрийнх нь бодол өөр ш дээ. Хамтлагийн дөрвөн гишүүн дөрвөн өөр бодолтой байдаг. Тэр хүнийг бид уяад байж болохгүй. Уянгаа бид нар хаа ч явсан найз нөхдийн харьцаатай явдаг. Түүнээс биш тэр хүн надтай яаж харьцах нь надад сонин биш. Би тэр хүнтэй л сайхан харьцах ёстой. Би хуучин хамтлагаасаа гарлаа гээд тэдэнтэй муудалцаж дайсан болох ёсгүй ш дээ. Бид нар хоорондоо өстөн дайсан биш шүү дээ. Уянгаа өөрөөр дуулна гэж байгаа бол тэрүүгээрээ л явах нь зөв. Тэрийг нь бид хориглох эрхгүй. Бидний дунд жаахан хувийн зөрчилдөөн байсан л даа. Уран бүтээлч эмэгтэй хүмүүсийн ар гэр нь орхигдоод асуудал гарч байдаг. Орой үдэш тоглолттой үед ар гэрийнхэн нь уурлана, араас нь утасдана. Энэ бол зүгээр л нэг хэлбэрийн зөрчил. Түүнээс өөр янз янзын зүйл гардаг байсан.
-Уучлаарай. Таныг хүний эрүү хуга цохиод Ганц худагт орж байсан гэсэн. Яг юу болсон юм бэ?
-Яахав дээ. Зүгээр эрчүүд хоорондоо гар зөрүүлсэн л явдал болсон. Ер нь хүн амьдралдаа гэм буруугүй үйлдэл хийгээгүй байна гэж байхгүй шүү дээ. Цаад хүн нь л хэвлэл мэдээллээр сүр дуулиан болгож худлаа яриад байсан болохоос нэг их сүртэй зүйл болоогүй л дээ. Тэр хэргээс болоод би хууль мэдэх хэрэгтэй юм байна гээд хуулийн сургуульд сурсан. Хуулиа мэдэхгүйгээс болж тэр хүнд чадуулчихсан байхгүй юу. Эр хүмүүсийн хооронд байдаг л асуудал болсон. Зодолдсоноос болоод намайг цагдаад өгсөн. Би тэр хүнийг учиргүй зодож гэмтээгээгүй. Жаахан бэртлээс болоод эрсдэлд орсон. Гэхдээ энэ явдал миний амьдралд их том сургамж болсон. Ер нь хүмүүс сайнтай муутай л байдаг юм билээ. Түүнээс биш нэг үйлдлээс болж Энхтайван гэдэг хүнийг буруугаар дүгнэх нь утгагүй байх.
–Ганц худагт хэр удсан бэ? Тийм газар ороход мэдээж хэцүү байсан биз дээ.
-Хоёр хоноод гарсан. Эр хүний ордог газар л ороод гарсан. Адилхан эр хүмүүс шүү дээ. Тэнд муу хүн болгон байдаг газар биш гэдгийг би мэдэрсэн. Тийм газар би орсон гэж эмзэглэдэггүй. Харин ч хүн өөрийнхөө алдаан дээрээс их зүйл сурч авдаг юм билээ. Ер нь би байтугай олон хүн алдаж оноод ордог газар ш дээ.
-“Дэндүү давчуу” дуу Итали дууны хуулбар?
-Хуулбар гэж хэлж болно. Харин хулгайн дуу гэж хэлж болохгүй. Хулгайн дуу гэдэг чинь “Дэндүү давчуу” дууны аяыг өөр дуутай холиод Энхтайвны ая гээд гаргачихвал хулгайн дуу болно. Бид Итали дууг Монгол сонсогчиддоо хүргэхийн зорьж дуулсан юм. Манай телевизүүд хүртэл гадаадын нэвтрүүлгийг дуурайгаад шоу хийдэг биз дээ. Тэр ч гэсэн адилхан хуулсан гэсэн үг биз дээ. Би одоо Дашбалбар гуайн шүлэг “Амьддаа бие бие хайрла” шүлгийг бид нар дуу болгож дуулах гэж байгаа. Тэгэхээр энэ бас л хулгай болох уу.
-“Нюанс” хамтлаг анх “Мөнгө” дуугаараа сонсогчдод илүү танигдсан. Их үнэн үгтэй дуу шүү.
-“Мөнгө” дуу бидний хамгийн анхны дуу. Энэ дууг анх дуучин Гантулга дуулах гэж байсан юм билээ. Загдын Түмэнжаргал гуайн бичсэн дууны шүлэг болгон нь хит болсон. Би тэр хүнийг их хүндэлдэг. Энэ агуу хүн бурхны оронд заларснаар Монголын урлагт асар том орон зай эзгүйрсэн. Надад тэр хүний хамгийн сүүлд бичсэн хоёр шүлэг нь хадгалагдаж байгаа. “Ах нь нөгөөдөр Франц нислээ” гээд 2011 оны 11 сарын 11 өдөр 11 цаг 11 минутанд бичсэн хоёр шүлгээ надад гарын үсгээ зураад өгсөн. Тухайн үед би тэр хүнийг тэр чигтээ явж байгаа гэж үнэхээр бодоогүй. Гэхдээ тэр мундаг хүний хамгийн сүүлд бичсэн хоёр шүлэг надад байна гэдэг сайхан хувь тавилан.
-Ярилцсанд баярлалаа. WWW.TAIZ.MN 2012 он
Discussion about this post