Та сүүлийн хэдэн жил нам жим байлаа. Сонин сайхан юу байна. Хаагуур юу хийж байна даа.
-Хэвлэлд ярилцлага өгсөнгүй их удсан байна шүү. Бараг 10-аад жил болсон байна. Миний хувьд спортоо орхиод олон жил өнгөрлөө. Одоо ерөнхийдөө нам жим амьдралаар амьдарч байна. Ажиллаж хөдөлмөрлөхийн хажуугаар үр хүүхдээ өсгөөд сайхан л амьдарч байна.
-Хэдэн жилийн өмнө таныг сургууль нээгээд, өөрийн гэсэн шавь нараа бэлтгэж байгаа гэж байсан. Та өөрөө багшилдаг уу?
-Манайд нэг нийтлэг ойлголт байдаг. Нэр хүнд алдартай тамирчин гээд заавал дасгалжуулагч болох ёстой юм шиг ойлгодог. Дасгалжуулагч гэдэг бол сурган хүмүүжүүлэгч багш гэсэн үг. Багшилна гэдэг чинь маш хариуцлагатай ажил учраас хүссэн хүн болгон хийж чадах зүйл биш шүү дээ. Би хүнд юм зааж өгөх тал дээрээ жаахан тааруу. Бусдад өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй байх гэж боддог. Сургуулийн хувьд миний байгуулсан нэртэй клуб байдаг юм. Өнөөг хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй хэвийн явж байгаа. Клубын маань ашгийн төлөө бус, сайн тамирчин бэлтгэхийн төлөө зорьж ажилладаг. Лхагваа гэсэн нэр л тэнд явдаг болохоос би яг гар биеэрээ оролдоггүй. Цаг зав муутай болохоор байнга очоод байж чадахгүй ховорхон л харагддаг.
-Таныг спортоосоо хөндийрөөд бизнес хийж байгаа гэсэн сураг гарсан. Ямар бизнес хийдэг вэ?
-Манай гэр бүлийн бизнес л дээ. Миний хувьд эхнэр маань ихэнх ажлаа зохицуулчихдаг болохоор гэр бүлийнхээ бизнест туслах маягаар явдаг. Би ямар нэг албан тушаал хашдаггүй. Нэг мэдэхэд захирал ч болчихсон гүйж явна, барлаг ч хийчихсэн явж байдаг ш дээ.
-Та Монгол улсынхаа нэрийг Азид төдийгүй дэлхийд гаргаж явсан хүн. Сүүлийн үед олимп болон тив дэлхийд амжилт гаргасан тамирчдаа төр засгаас сайн харж үздэг болсон. Таны үед ямар байсан бэ. Та өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?
-Манай улсын спортын систем Оростой адилхан явдаг. Тухайн хүн тамирчин байх хугацаандаа л хөрөнгө мөнгөтэй болж амьдрал ахуйгаа тогтворжуулж авахаас тэр хүнийг насан туршид нь төрөөс харж хандана гэж байхгүй. Тэгэхээр төр засгаас тухайн хүний амжилтыг үнэлж нэг удаа том харж үздэг. Гэхдээ яг ний нуугүй хэлэхэд манайхан тамирчдаа нэг удаа амжилт гаргуулаад хаячихдаг байхгүй юу. Тухайн үед Монгол улсынхаа далбааг мандуулж явсан тамирчдаас гудамжинд гарчихсан ч юм уу, хөсөр хаягдчихсан тамирчид зөндөө л байна ш дээ. Монголд нэг систем л яваад байдаг. Гэхдээ тухайн хүн бас өөрөө ухаантай байх ёстой л доо. Амжилт гаргаж байх хугацаандаа эдийн засгийн хувьд ч тэр ирээдүйгээ бодох хэрэгтэй. Миний хувьд ярихад би хөгшрөөд тэтгэвэртээ гарлаа гэхэд зодолдохоос өөр юм чадахгүй. Мэргэжил боловсрол гээд ярихаар би залуу насандаа сургуульд сурах ч завгүй зөвхөн спортоор хичээллээд завгүй явж байсан байхгүй юу. Тэгэхээр би юу хийх юм бэ. Сурсан юм болохоор нөгөө л нударга руугаа орно ш дээ. Гэхдээ одоо юм хөгжөөд бүх шал өөр болж. Хөгширсөн ч гэсэн чөлөөтэй сургуульд сурдаг болсон байна. Миний хувьд огт сурах сонирхол байхгүй. Спортод би хайртай. Өөрийгөө спортоос өөр мэргэжлээр төсөөлөхөөр ерөөсөө санаанд буудаггүй юм. Бурхан цаанаасаа л намайг спортын хүн болгосон байх гэж боддог. Спорт надад амьдрал, нэр хүнд гээд олон зүйлийг өгсөн. Гол нь энэ нэр хүндийг дааж явна гэдэг л хэцүү. Би ч нэг хэсэг сайхан нэр хүндээ сэвтээж явсан хүн шүү дээ.
-Монголчууд маань урлаг спортын нэртэй төртэй хүмүүсээ хайрлаж хүндэлж явдаг. Харин зарим нэг урлаг спортынхон маань ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даахгүй архи дарс, хэрэг төвөгтэй их орооцолдох юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Урлагийнхныг сайн мэдэхгүй юм даа. Ер нь спортынхон чинь сэтгэлийн хөөрөлт, эмоци ихтэй хүмүүс байдаг. Яавал ч яачихаар хүмүүс шүү дээ. Нэг талаараа бүх зүйл нь хориотой. Дасгалжуулагч гэхэд бүх зүйл нь хүний хараанд явна. Миний хувьд бараг 29 нас хүртлээ архи дарс ууж үзээгүй. Тэгж бусад залуучуудтай адилхан наргиж цэнгэж явдаггүй байлаа. Тийм явж байгаад спортоо орхихоор гэнэт бүх зүйл чөлөөтэй болоод ирдэг юм билээ. Бусад тамирчид ч надтай адилхан байдаг байх. Би архи дарснаас болж хэрэг төвөгт бишгүй л орооцолдож зодоон цохион хииж явлаа.Одоо бодохоор ичмээр санагддаг. Архинаас гараад хоёр жил болж байна. Нэг л өдөр би архийг амсахаа больсон. Нэр төр амьдрал гээд бүх л юм архинаас болж доройтдог гэдгийг сайн ойлгосон. Тийм болохоор архийг тохируулж хэрэглэх нь зөв. Манай спортынхон чинь архийг тохируулж хэрэглэхдээ маш тааруухан. Нэг уухаараа согтотлоо ууна шүү дээ. Ялангуяа над шиг боксоор хичээллэдэг байсан хүн чинь их уугаад ирэхээрээ гар луугаа орчих гээд байдаг юм. Уруу татах хүн бас зөндөө. Ганц нэг найз нөхөд ганц нэг юм зохицуулна энэ тэр гээд л. Гэхдээ тэр болгон дээр хүн өөрөөл ухаантай байх хэрэгтэй. Миний хувьд архи дарснаас хол байхаар бүр мөсөн шийдсэн. Ямар уухаараа зүгээр байх биш. Тийм хүн чинь өөртөө болон бусдад маш их тээр болно.Тэр утгаараа өөрөөсөө илүү бусдыг хүндэтгээд архи амсахаа больсон доо.
-Хүнийг сайн сайхан явахад найз нөхөд их, харин архи дарсанд ороод жаахан гундуухан явахад зарим найз нөхдийн хандлага өөр болдог гэдэг. Таныг ууж идээд явж байх үед найз нөхөд чинь ямархуу ханддаг байсан бэ. Тийм зүйл анзаарагдсан уу?
-Сайн явахад найз нөхөд их, саар явахад ихэнх нь холддог гэж үнэн л дээ. Одоо надад яг тийм учиргүй сүрхий наана цаана гэсэн найз байдаггүй ш дээ. Бүгдийг нь таньсан, мэдсэн. Урьд нь найзалж байсан найзууд дөрөв,таван жилийн дараа гэнэт ярина. Тэд нартай нэг их наалдаад байхыг хүсдээгүй. Би уудаг байснаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ архи уухдаа би хэзээ ч хүнээс архины мөнгө авч, хүнээр архинд даалгаж байгаагүй. Зарим хүмүүс уудаг хүн гэхээр яахаа алдсан өвгөнтийн архичинтай харьцуулдаг. Би тийм дорой явж байгаагүй. Харин жаахан хэрэг төвөгт л орооцолддог байсан.
-Асуултныхаа сэдвийг жаахан өөрчлье. Нэг хэсэг та онгоцны үйлчлэгч бүсгүйтэй нэр холбогдоод байсан. Таныг дахиад амьдрал зохиосон гэж дуулсан. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
-Эхнэр маань хуулийн мэргэжилтэй хүн байдаг. Зарим нэг хүмүүс нэг зүйлийг андуураад байдаг юм шиг байна лээ. Манай гэр бүлийн хүнийг онгоцны үйлчлэгч гээд. Онгоцны үйлчлэгч гэж яриад байгаа бүсгүйн тухайд бид хоёр огт амьдрал зохиож албан ёсоор амьдарч байгаагүй. Зүгээр л найз залуу, найз бүсгүй, үерхэл нөхөрлөлийн хэмжээнд явж байсан юм. Гэхдээ нуугаад яахав. Тэр эмэгтэйд маань миний нэг охин байдаг. Тэрнээс биш албан ёсоор суугаад амьдраад байсан юм байхгүй ээ. Миний хувьд гурав дахь амьдралаа зохиож байна. Анхны эхнэрээсээ салаад одоогийн эхнэртэйгээ албан ёсоор ханилсан. Хүүхдүүд маань бүгд над дээр байдаг. Хүний өөрийн нийлсэн зургаан хүүхэд байгаа. Миний дөрвөн хүүхэд над дээр байдаг.
-Онгоцны үйлчлэгч эмэгтэйн охин чинь бас тан дээр байдаг уу?
-Үгүй ээ. Өөр дээр нь байдаг.
-Эцэг хүний хувьд та охиноо харж ханддаг биз дээ?
-Нэг их холбоотой байдаггүй ш дээ. Ээж нь дургүйцээд байдаг юм. Анхнаасаа ойр дотно байгаагүй болохоор ч тэр үү. Мэдээж миний л охин юм чинь харж хандахыг бодолгүй яахав. Гэхдээ ээж нь зөвшөөрөхгүй биз.
-Анхны эхнэр чинь хүүхдүүдээ аав дээр нь байлгах тал дээр өөрөө шийдсэн үү, эсвэл өөр дээрээ авахаар болсон юм уу?
-Шүүх хурлаар ороод хүүхдүүдээ би өөр дээрээ авахаар болсон. Хүүхдүүд маань насанд хүрээд ирэхээр аав, ээж хоёрынхоо хэн дээр байх үгүйгээ сонголтоо өөрсдөө хийнэ. Миний бодлоор хүүхэд хаана ч өссөн хамаагүй гэж боддог. Гэхдээ бас нэг талаас нь ярих юм бол хүүхэд хаана жаргалтай тансаг байна тийм орчинд өсвөл хүүхдүүдэд маань хэрэгтэй.Тухайн үед ээж нь авч өсгөх чадваргүй байсан юм л даа. Тэгээд би хүүхдүүдээ өөр дээрээ авч өсгөхөөр болсон.
-Ээж нь одоо ямархуу амьдралтай байдаг вэ. Хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-Холбоотой байлгүй яахав. Тэр зүйл дээр би огт хориг тавьдаггүй. Нэгэнт төрүүлсэн эх нь юм чинь уулзах эрхтэй ш дээ. Амьдрал нь ямар байдгийг сайн мэдэхгүй юм.
-Танай гэр бүлийн хүн чинь бүгдийг хүлээн зөвшөөрөөд хүүхдүүдийг чинь өсгөж байна гэхээр их ухаантай эмэгтэй шиг санагдлаа.
-Тиймээ миний хань их сайн хүн. Хүүхдүүд маань ээж гэж дууддаг. Мөн намайг архи дарсанд ороод явж байх үед орхиогүй. Тэр үед эхнэртээ агсам тавьж их зовоож байсан. Надад архи дарс, охид хүүхэн, хуучин эхнэр хүүхэд гээд зөндөө асуудал байсан. Тэр бүгдийг манай хүн даван туулсан. Би эхнэрээ үнэхээр ухаантай эмэгтэй гэж боддог. Эхнэрээсээ өмнө би хоёр ч хүнээс салсан. Тэр хүмүүсийн дааж чадаагүй зүйлийг энэ хүн дааж даван туулсан. Намайг архинд ороод зодоон цохион хийгээд явж байхад зөв зам руу залж номхруулсан ганц хүн шүү дээ. Шөнө орой согтуу гадуур явж байхад байнга араас утасдаж санаа тавина. Би ханиараа бахархаж явдаг. Урьдны эхнэр маань намайг мөнгөтэй төгрөгтэй ид мандаж явахад надтай ханилж байсан. Харин энэ хүний хувьд намайг спортоо орхиод, архи дарс уудаг болчихсон үед надтай учирсан. Өнгөтэй өөдтэй явахад хүүхнүүд их л наалддаг байлаа. Харин уруудаж доройтоод ирэхээр салаад алга болчихдог хүүхнүүд их байна ш дээ.
-Таныг анхны эхнэртээ их гар хүрдэг байсан гэсэн. Эмэгтэй хүн болохоор таны гарын аясыг даагаагүй байж болох шүү дээ?
-Одоо эргээд бодоход тэр хүнд буруу өгөөд байя гэж боддоггүй л дээ. Ер нь мэдээж хэцүү л байсан байх. Миний хувьд гар хүрдэг байсан нь үнээн.Тэрнээс гадна архи дарс уудаг байсан болохоор ямар ч эмэгтэй хүн тэвчихгүй байх л даа. Харин манай хүн л тэр бүгдийг тэвчиж чадсан.
-Танайх хаана амьдардаг вэ?
-Зайсанд байдаг.
-Таны аав Дугарбаатар гуай тантай адилхан хүн байсан?
-Аав маань бурхан болоод удаж байна. Аавыгаа өөд болоход хүүхдүүд нь ном ёсоор нь нутаглуулсан. Ажил явдал сайхан болж өнгөрсөн. Одоо аав минь төрсөн нутагтаа төрсөн ахынхаа хажууд амар тайван нойрсож байгаа.
-“Лхагваа Шим” гэдэг нэр одоо ч хэвээрээ юу. Нэг хэсэг та Солонгос, Монгол хоёрын хооронд их явж байсан байх шүү.
-Солонгост байхдаа би Монголоо төлөөлж мэргэжлийн бокс тоглож байсан. Тухайн үед над дээр мэргэжлийн боксын нэг менежер хүн ирээд Солонгос руу зуучилж байсан юм. Тэгж би Солонгост очиж мэргэжлийн боксын рингэн дээр тоглох болсон. Тэр хүн намайг тодорхой хэмжээнд дэмжиж хөрөнгө мөнгө бэлтгэл гээд бүх зүйлийг хариуцаж ажилласан л даа. Тэгээд тухайн үед намайг рингэн дээр гарахад “Лхагва Шим” гэж дууддаг байсан юм. Солонгост бокс болон тулааны спортоор асар их мөнгө олдог. Тэгэхийн тулд заавал спонсор менежертэй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр нэг ёсондоо тэр хүн надаар тодорхой хэмжээний давхар бизнес хийж байсан гэсэн үг. Тэр үед хэн хэнд маань л ашигтай байдаг байлаа. Миний хувьд нэлээд ашигтай ажиллаж байсан.
-Тухайн үед таныг Монгол, Солонгос иргэдийн дунд нэлээн зуучилдаг байсан гэдэг. Голцуу бизнесийн талаар зуулчилдаг байсан уу?
-Тиймээ. Маш олон хүнд зуучилдаг байлаа. Жишээ нь талийгаач Ж.Наранцацралт гуай надаар дамжуулаад Монгол, Солонгосын парламентийн нийгэмлэг гэж байгуулж байсан. Бид хоёр сайхан хуурай ахан дүүс байсан л даа. Талийгаач маань тэр үед Солонгос улсыг сайн мэдэхгүй, надаар дамжуулж Солонгос улстай танилцаж байсан гээд ер нь янз янзын л хүмүүсд зуулчилдаг байсан. Зарим хүмүүс хэт том юм зуучлуулах гэнэ. Ер нь ихэнх нь бизнесийн талаар гуйдаг байсан. Би тийм юманд орооцолдох дургүй л дээ. Анхнаасаа спортоор явчихсан болохоор бизнесийн тал дээр мэдлэг маруухан шүү дээ.
-Таныг хүмүүс Монголд үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний газруудын Солонгос эздүүдийг нь “баздаг” гэж ярих юм билээ. Үнэн үү?
-Архи уудаг байх үед л байхгүй юу. Солонгос эзэнтэй ресторан, саун, караоке гэх газруудад үйлчилдэг Монгол охидыг хараад өөрийн эрхгүй харамлах сэтгэл төрдөг байсан. Олон жилийн өмнө нэг Солонгос эрийг согтуудаа алгадчихсан юм. Тэр нь даамжраад тийм яриа үүссэн байх.
-Та мөрийтэй тоглоомын хэргээр хоёр удаа шүүх цагдаа дээр дуудагдсан. Сая нэг хэсэг шалгагдаад байсан. Юу болсон бэ. Гайгүй юу?
-Мөрийтэй тоглоом гэхээр манайд нэг их нийгэмд хор хөнөөлтэй зүйл шиг ойлгодог. Би энэ тал дээр эсрэг бодолтой байдаг. Мөрийтэй тоглоом гэдэг бол мөнгөтэй санхүүгийн асуудал нь тогтворжсон хүмүүсийн алжаалаа тайлах маягаар тоглодог тоглоом. Дэлхий нийтэд байдаг л зүйл. Сая нэг хэсэг мөрийтэй тоглоомын асуудлаар цагдаа шүүх болоод өнгөрлөө. Энэ тал дээр би өөрийнхөөрөө харж дүгнэхэд шүүх хурал дээр очиход зүгээр л нэг сенсааци. Ямар ч олон хүн очдог юм. Тэнд би биш өөр нэг хүний хэрэг байсан бол тийм олон хүн очихгүй байсан байх. Ер нь өдөр болгон л болдог асуудал тоглодог тоглоом ш дээ. Тэрийг тоглодог хүмүүс хар мянгаараа байгаа. Би нэг зүйлд эмзэглэдэг. Шүүх хуралд Лхагваа гээд оруулаад ял энэ тэр болгоод байгаа асуудал дээр. Одоо чинь социализмын нийгэм биш ш дээ. Улс орон хөгжлөө дагаад л амьдарч байна. Би одоогийн байдлаар спортоо орхичихсон цаг зав ихтэй байдаг болохоор хааяа чөлөөт цагаараа тоглодог. Хааяа гэртээ байж байхад найз нөхөд утасдаад ирж тоглооч гэдэг. Хууль хяналтын байгууллагуудад энэ тал дээр хандаж хэлэхэд “учрыг нь сайн олж шүүгээч ээ” гэж хэлмээр байна. Ер нь тоглодог хүмүүс гээд ярихаар тэр дунд цагдаагийнхан, хяналтынхан, шүүх прокурорынхон гээд бүгд л өөрсдөө тоглодог ш дээ. Их хурлын гишүүд ч хүртэл тоглож л байсан. Төрийн албаны сайд нь хүртэл тоглоод явдаг. Гэтэл тэр хүмүүсийн нэгийнх нь ч нэр гарахгүй ганц миний нэр л гараад байгаа байхгүй юу. Би одоо тэр хүмүүсийн нэрийг хэлээд яахав, өөрсдөө уншиж байгаа байлгүй. Цагдаагийнхан их хурлын халдашгүй эрх гэдгээр халдаж чаддаггүй байлгүй. Дээрээс нь өчнөөн мөнгөтэй манай нэлээн том компанийн эздүүд бас тоглож байна. Тэд бүгд авлига өгөөд нэр цэвэр гараад ирдэг. Адилхан цагдаад баригдаад мэдүүлэг өгөөд явж байсан хэрнээ нэг мэдэхэд зүгээр гараад ирчихсэн байдаг. Харин яг баригдаад шалгагдаж байгаа хүмүүс нь жаахан чадал муутай хүмүүс байдаг байхгүй юу. Надад хээл хахууль өгье гэвэл мөнгө байна. Гэхдээ би ямар нийгэмд хортой зүйл хийчихсэн биш, тиймэрхүү зүйл дээр мөнгө зарж яах юм бэ. Тийм биз дээ. Шударга байсан нь дээр. Би ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг их дэмжиж байгаа. Авлигатай маш сайн тэмцэж байна. Шударга ерөнхийлөгчтэй ард түмэн байж хууль хяналтынхан маань шударга байх хэрэгтэй биз дээ. Шүүх хурал дээр 15 хүн байсан. Бүгд адилхан тоглосон хүмүүс. Ихэнх нь хэрэгсэхгүй болсон. Би нэг хүнтэй хамт тэнсэн авсан. Ер нь хүмүүс маань энэ тал дээр зөвөөр ойлгох хэрэгтэй л дээ. Ямар учиргүй хүн алаад хүрээ талчихсан биш. Бусдыг хуурч мэхлээд залилан хийчихсэн биш, улс нийгмийг хохироочихсон биш, ойлгох хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ мөрийтэй тоглоом тоглосон нь эрүүгийн хуулийн зүйл ангид ордог юм байна л даа. Тоглосон хүнд нь шүүхээс зохих шийтгэлийг нь өгдөг. Надад зохих ёсны шийтгэл өгсөн байгаа. Хүмүүс намайг аймаар муу муухай зүйл хийчихсэн юм шиг ойлгож байгаа байх. Миний хувьд тийм муу муухай зүйл биш гэж бодож байна.
-Шийтгэл гэж ямар шийтгэл өгсөн юм бэ?
-Тэнсэн харгалзах. Дахиад мөрийтэй тогловол баривчлагдана гэсэн үг. Нэг жилийн тэнсэнтэй байгаа. Шүүх цагдаагийнханд хандаж хэлэхэд “одоо би наад тоглоомыг чинь тоглохгүй ээ, та нартай дахиж учрахгүй ээ, дэмий юм байна ойлгож авлаа” гэж хэлье. Бодоод үзэхэд хамгийн их хохирсон хүн нь би өөрөө болчихоод байгаа. Хамгийн их мөнгө алдсан хүн нь би. Дээрээс нь шүүхээр орлоо. Одоо больё гэж бодож байгаа.
-Мөрийтэй тоглоомчид олохоосоо илүү алдах нь их байдаг гэсэн. Та тоглодог байх даа хамгийн их нь хэр их мөнгө алдаж байсан бэ?
-Надад одоо мөнгөө алдсан энэ тэр гэж харамсах зүйл байхгүй. Би өөрийнхөө олсон мөнгөөр л тоглодог байсан. Ямар хүний мөнгөөр тоглож байгаа биш. Харин тэр гишүүд сайд, шүүх прокурорынхон чинь ард иргэдийн мөнгөөр, авлигал авсан бохир мөнгөөрөө тоглодог ш дээ. Миний хувьд бол тодорхой хэмжээний мөнгө төлж алжаал, стрессээ тайлж байгаагийн нэг хэлбэр. Түүнээс биш мөнгөө алдсан гэж харамсдаггүй. Мэдээж амьдралаа алдатлаа тоглоно гэж юу байхав. Надад амьдралдаа харамсдаг ганцхан зүйл байдаг. Яах гэж би хэдэн жил архи уув гэж. Архинаас болж асар их зүйлийг алдсан болохоор тэр. Гэхдээ би тийм айхтар замаа алдчихсан архичин байгаагүй л дээ. Байж байгаад нэг уудаг байсан. Уухаараа гар луугаа орчихдог зодоон цохион хийдэг байсан болохоор тэрэндээ л харамсаж хэлээд байна л даа.Одоо бодоход энэ насандаа уух ёстой бүх архиа тэр богинохон хугацаанд уучихсан байх гэж боддог. Хэмжээ маань болчихсон болохоор дахиж уухгүй байх.
-Уухаа больсон ч гэсэн хааяа гар луугаа орох үе гардаг уу?
-Би тийм хүн бишээ. Би 6-7 жилийн өмнө спортоо орхиод тэр үеэр архи дарс ууж ганц нэг хүнтэй зодоон хийж явсан. Тэгээд хүмүүс намайг зодоонч гэж ойлгодог байж магадгүй.Тэрнээс хойш маш олон жил болж байна. Одоо би тийм архи дарс, зодоон цохионоос хол явдаг болсон. Нас ч явж байна, намба ч сууж байна. Дахиж гар, нударга руугаа орохгүй гэж бодож байна.
-Монголд мөрийтэй тоглоомын газрууд их олон байдаг гэсэн?
-Байлгүй яахав зөндөө байгаа.Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаа хүмүүс нь ихэвчлэн томчууд байдаг байхгүй юу.Тэгээд тэд нарын ард дандаа шүүх цагдаагийнхан зогсож байдаг. Монголын зарим томчууд Солонгос руу очиж тоглодог. Тэнд очихоор заавал казинод тоглодог. Тэнд чинь амар байдаг юм. Цагдаа энэ тэр гэхгүй. Би ч гэсэн заримдаа хорхой хүрэхээрээ Солонгост очиж тоглодог байсан.
-Ажлын шугамаараа биш хорхойгоо дарах гэж Солонгос явдаг гэж үү?
-Үгүй ээ. Юу гэж дээ. Ажлаа тааруулаад л явдаг. Нэг очихдоо хорхойгоо дардаг л байхгүй юу.
-Ажил тааруулж явдаг гэхээр бас Солонгос, Монгол хоёрын хооронд зүгээр явахгүй ганц нэг бизнес зохицуулдаг биз. Жилдээ Солонгос руу хэдэн удаа зорчдог вэ?
-Ажлын шаардлагаас шалтгаалаад янз янз зорчдог. Жилдээ гурав, дөрвөн удаа л явдаг. Ер нь наанаа цаана ганц нэг юм амжуулах зорилгоор тодорхой хэмжээний ажилтай явна л даа.
-Солонгосоос нэг хэсэг машин оруулж ирж байсан байх аа?
-Үгүй ээ. Ганц нэг хүний захиасны машин оруулж ирдэг байсан юм. Одоо чинь машин оруулж ирэх хоцрогдсон ажил ш дээ. Монголоор дүүрэн Солонгос машин байхад. Жижиг биенестэй хутгалдаад яахав. Хуучин таньдаг байсан солонгосчуудтайгаа холбоотой ажилладаг. Одоогоор би Солонгосоос нэг үйлдвэр оруулж ирж байгаа.Тэр ажлынхаа шугамаар хэд хоногийн өмнө явчихаад ирсэн. WWW.TAIZ.MN
Discussion about this post