Их эзэн Чингис хааны дүрээр дэлхийд алдаршсан Өвөрмонголын нэрт жүжигчин Б.Баасанжавтай уулзаж ярилцлаа.
-Төрийн одонгоор шагнагдаж, Монгол туургатны гавьяат жүжигчин болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Өвөр монгол, Ар монгол хоёрын хамтран бүтээсэн “Аравт” киноны ажлаар Монголд ирлээ. Өмнө нь киноны зураг авалтаар нэг удаа ирсэн. Энэ киногоор дамжуулан манайхны цаашид кино урлаг дээр хамтран ажиллах асар том боломж, хаалгыг нээж байгаад баяртай байна. Өөрөө тоглосон болохоор хамгийн түрүүнд монгол үзэгчидтэйгээ уулзахаар их яарсан. Сая манай ар Монголын үзэгчид энэ кино их гоё болсон байна гэж ярьж байхыг сонсоод их баярлаж байна. Монгол улсын ерөнхийлөгч энэ их ажилтай, яаруу цагаар зав гарган хүлээн авч энэ хүндтэй шагнал өглөө. Бас Дэлхийн монгол туургатны боловсрол, соёл, шинжлэх ухааны академиас “Монгол туургатны гавьяат” гэсэн сайхан цол өглөө. Миний сэтгэл үнэхээр их талархлаа. Ингээд элэг нэг, угсаа гарал нэг, түүх шаштир нэг монголчууддаа энэ завшааныг дамжуулаад ажил үйлс тавтай байж аз жаргалтай амьдарч улам дэвжин дээшлэн амар амгалан болтугай гэсэн ерөөл бэлэглэж байна.
-Та монголоор муу ярих юм. “Аравт” кинон дээр монголоор ярьж тоглоход хэр хүндрэлтэй байв.
-Би Шинжаан Уйгарт төрсөн өөлд ястан. Багадаа нутгаасаа гарсан, тэгээд ч үргэлж хятадуудтай ажиллана, тэр бүр эх хэлээрээ яриад байх боломж гарахгүй. Тийм болохоор монгол хэлэндээ муу. Харин эхнэртэйгээ сууснаас хойш гэртээ монголоор яриад бас энэ кинонд тоглоод харин ч сайн ярьж сураад байна. Хүний ярьж байгааг дотроо сайн ойлгож байсан ч хариу хэлэх гэхээр зарим үгэн дээр хэл орооцолдоод болж өгөхгүй л байна. Гэхдээ цаашдаа бүр сайжрах байх гэж итгээд байгаа. Би Хятадад кинонд тоглоход надаас өөр монгол хүн байхгүй болохоор зөвхөн хятадаар ярина. Энд ирээд олон хүнтэй уулзлаа. Манай монголчууд их зөөлөн, аядуу дуудлагатай юм байна. Дундад улсад бол их хатуу хэллэгтэй.
-Есүхэй, Чингис, Хубилай, Мөнх гээд монголын түүхийн их хаадын дүрийг та бүтээсэн. Энэ нь хүн болгонд олдоод байх завшаан биш. Тэгэхээр таныг их азтай хүн гэж хэлж болох нь ээ? -Тэгэлгүй яахав. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Дэлхийд Монголын нэрийг гаргаж явсан тэр агуу хаадын дүрийг бүтээх амаргүй байлаа. Тиймээс тэдгээр дүрийг бүтээхийн тулд мах цусандаа шингэтэл дүрээ ойлгож, дотор нь орж тоглосон. Ямар ч гэсэн хамтарч ажилласан хүмүүстээ, найруулагчдаа гологдоогүй. Би Японы NHK-гээс хийсэн 40 ангит киноны Хубилай хааны дүрд тоглосон. Юань улс Японтой дайн хийж байсан тухай үеийн кино. Энэ кино Японд төдийгүй дэлхийд нэрд гарсан. Монгол малчны хөвүүн Богд Чингис хааны дүрд тоглон дэлхийд танилцуулсандаа их баяртай байдаг. -Хятадад таны уран бүтээлийн нэр хүнд, карьер хэр өндөр байдаг вэ? -Ганц Хятадад ч бус олон оронд миний Чингис хааны дүр маш их алдартай. Намайг жинхэнэ утгаараа жүжигчин гэдгийг маш сайнаар таниулсан дүр маань энэ. Би нэгдүгээр дэсийн жүжигчин болохоор хүн бүхэн мэднэ. Бас танина. Киноны урилга ч их ирнэ.
-Таныг мэргэжлийн жүжигчин биш гэлцдэг юм билээ. Яаж яваад жүжигчин болчихов доо?
-Манай Шинжааны бор тал нутаг цөөхөн хүн амтай, голдуу казак, уйгар, хятад хүмүүс байдаг. Тэндээс монгол ном сурах гэж Өвөрмонголд ирдэг байхгүй юу. Би 12 настайдаа Өвөр монголд ирж дуу бүжгийн сургуульд дөрвөн жил суралцаад цэрэгт явсан. Тэгэхэд манай цэргийн уран сайхны хороо Бээжинд байсан. Тэнд бүжигчнээр 14 жил ажилласан. Тэгээд нас 30 гараад гар хөл хатуураад ирэхээр буцаж Өвөр монголын кино үйлдвэрт ажиллахаар ирсэн. Тэгэхдээ би тэнд жүжигчдийн бүх асуудлыг хариуцдаг, ажил үүргийг нь сануулдаг нэг үгээр зарлан дуудагч гэдэг ажил хийж байсан. Тэрнийг ар Монголд зохион байгуулагч гэж нэрлэх байх даа. Багаасаа кинонд их дуртай байсан болохоор болж өгвөл ганц нэг кинонд тоглочих санаатай дарга, найруулагч нартай найз нөхөд, ах дүү бололцож намайг тоглуулах зүйл байна уу гэж ирээд их асууна. Наадам наргиа хийнэ. Хэдийгээр тэр бүхэн наргиа ч гэсэн миний чин хүсэл байсан. Тэр үед сургуульд сурах гэхээр нас хэтэрчихсэн болохоор сургуульд орох боломж байгаагүй. Гэртээ нэг зурагт авч тавьчихаад орой бүр кино хараад хүмүүсийн яаж тоглож байгааг дуурайна. Ганцаараа гэртээ жүжиглэсээр бие даан сурсан гэсэн үг. Хэдий тэгэхэд гэр бүл болох нас байсан ч тэрнээс илүү жүжигчин болох хүсэл маань намайг амьдралаа хойш тавихад хүргэсэн. Тэгээд ганц нэг туслах дүрд бас орлон тоглох зэргээр хэсэг явсан. Тэгсээр 1991 онд анхны кинондоо тоглож Дунд улсын кино тоглогчийн хурлын шагнал авч байлаа. Тэрнээс хойш манай кино үйлдвэрийн дарга “Чи наад ажлаа боль одоо кинонд тогло. Чамайг жинхэнэ жүжигчнээр авлаа” гэж хэлээд тэр өдрөөс хойш би албан ёсоор кино жүжигчин нэртэй болсон. Кино үйлдвэрт орж ажиллаад таван жилийн дараа би жинхэнэ тоглогч болсон.
-Та хэр олон кинонд тоглов?
-100 гаруй кино болсон байна лээ. Ихэнх нь түүхийн бас цэргийн сэдэвтэй киноны дүрүүд байдаг. Ер нь найруулагч надад ихэнхдээ иймэрхүү тийм дайчин маягийн дүр өгдөг. Тэрнээс харвал миний төрх тэр тал руугаа юм шиг санагддаг.
-Гэр бүлийн хүнээ манай уншигчдад танилцуулахгүй юу? Дуучин гэж сонссон юм байна.
-Оройтож зохиосон энэ амьдралдаа маш их хайртай. Миний ханийг Сарангаваа гэдэг. Өвөр монголын Алшаа нутгийн хүн. Надтай адил багаасаа дуу хөгжимд, урлагт дуртай байсан болохоор нутагтаа дуу бүжгийн бүлгэмд ажиллаж бас багшилж байсан дуучин хүн. Харин сүүлийн жилүүдэд би ажил ихтэй, миний ар талыг авч явах бас хүүхдүүдээ өсгөх зэрэг олон ажилтай болсон болохоор дуулахаа больсон. Гэхдээ манай хүнд баяр наадам, хурим, насны баяр, цагаан сар гээд урилга тасрахгүй. Өвөр монголд ч гэсэн ирж дуулдаг. Хоёрдугаар дэсийн дуучин болохоор нэлээдгүй нэртэй. Надаас болж дуртай дуу хуураа орхин, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж, хичээл сургуульд нь хүргээд ерөнхийдөө миний арын алба, амьдралыг бүтэн авч яваа мундаг сайн эмэгтэй. Би нэг явбал хэдэн сараар явна. Бүр есөн сараар хүртэл явж байсан удаатай. Манайх хоёр охинтой. Том нь 15-тай, бага нь дөрвөн настай.
-Та Монгол дуугаа хэр сайн дуулах вэ?
-Миний хоолой маш муу, солгой талдаа. Хүн сонсоод гайхаж шоолох байх. Харин миний хань их сайхан дуулдаг болохоор хамт арга хэмжээнд орохоор миний өмнөөс дуулдаг юм. Манай хань монгол дууг их сайхан дуулна, би хажууд нь сонсоод л суудаг юм. Нас дээр гарлаа, одоо би дуулж сураад яах ч билээ.
-Ингэхэд та хэдэн нас хүрч байгаа вэ?
“Насаа хэлж болохгүй гэж надад хүн хэлсэн. Миний ажил мэргэжлээс хамаараад тэгж хамаагүй хэлж болохгүй. Хэл ам ихтэй ш дээ. Тэгээд ч би их шашинлаг, шүтлэг ихтэй хүн. Насыг минь сонсоод уулзаагүй байж киноны найруулагч кинонд авахаа больчихвол яана. (инээв) Энэ наргиа шүү. Морь жилтэй.
-Бүтээх юмсан гэж хүсдэг дүр байгаа л биз дээ?
-Байгаа. Би үргэлж дайнч баатар, хүнд талын дүрд тоглодог. Харин нас ахиад тэр үү нэг сайхан малчин өвгөний дүр бүтээх юмсан гэж хүсээд байх болж. Малаа хариулаад сургуульд явсан хүүгээ хүлээгээд бас ханьтайгаа бага зэрэг зовлон туулаад, уул ус байгальдаа шүтлэгтэй, тамхиа татаад уулын оройд нэг л амгалан сууж байгаа сайхан өвгөний дүрийг бүтээмээр байна. Энгийн малчин хүний амьдрал, ямар ч чимэггүй амьдралыг харуулсан гэсэн үг л дээ. Энэ тухай найруулагч, кино зохиол бичдэг хүмүүст уулзахаараа хэлээд л, асуугаад л байгаа.
-Хөгшрөөд юу хийх вэ, хөдөө амьдрах уу?
-Тэгэлгүй яахав. Насаараа л хотын амьдралаар амьдарлаа. Заримдаа энэ их дуу чимээ, олон хүнээс хол, чимээгүй газар баймаар санагддаг үе бий. Одоо Хөх хотод амьдарч байна. Манай хот тэр олон хүн, машин дуу чимээ, барилга аймаар шүү. Нас ахиад ирэхээр төрсөн нутаг Шинжаандаа очоод ном уншаад, тайван амгалан, бас монгол гэрээ барьчихаад ханьтайгаа сайхан амьдрах юмсан гэж хүсдэг. Жинхэнэ монгол ахуй ч бас сайхан шүү. WWW.TAIZ.MN
Discussion about this post