Мартаж болохгүй хүн гэж байдаг. Хуучин нэрээр МАХН-ын үзэл баримтлалдаа үнэнч, гал цогтой лидерүүдийг Мэндийн Зэнээ агсан манлайлж байлаа. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь Монголоо гэсэн халуун сэтгэлтэй, шударга үнэн үгтэй, ховордсон төрийн хар хүн байсныг хүн бүхэн дурсдаг. МАН хэдийгээр одоо олон гишүүнтэй ч яг л Мэндийн Зэнээ агсан шиг нуруутай, тулхтай хүн үгүйлэгдээд байх шиг санагддаг. Саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ санхүүжүүлэхээр хандив цуглуулахад УИХ-ын гишүүн, дарга дорго хийж явсан нэг нөхөр “Та нар ямар надад засаг барьж байхдаа ганц тендер өгсөн үү? Өгөөгүй ш дээ, хандив өгч чадахгүй ээ” гэж ааштай авгай шиг хангинасан гэсэн. Олон хүн сайнтай муутай гэгчээр намд, улс төрд ашиг хонжоо харж орсон хүн олон байдгийн нэг жишээ нь энэ. Харин Мэднийн Зэнээ агсан бол тэднээс тэс өөр, ангид оршиж, эцсээ хүртэл Монголдоо, газар шороондоо, намдаа үнэнч явсныг хэн хүнгүй л мэднэ. Нэрт улстөрч Мэндийн Зэнээ агсны хань Ж.Бямбаагийн яриаг хүргэж байна.
-Таны хань шиг шударга түшээд төрд үгүйлэгдэж байна. Манай залуу улс төрчдөд үнэн үг хэлдэг хүн ховор болж дээ?
-Миний хань бүх хүнтэй хүн ёсоор харьцдаг байсан. Харин улс орны хувь заяатай холбоотой зарим асуудлаар үзэл бодол нь зөрчилддөг хүмүүс байсан л байх. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэсэн ухаант ардын минь сайхан үг байдаг. Санасан бодсноо шууд хэлчихдэг хүн байсныг ард түмэн андахгүй дээ. “Хувийн эрх ашгийн төлөө явцуу бодолтой хүн хэзээ ч ард түмнийхээ төлөө явж чадахгүй. Албан тушаалд улайрдаг эдийн шуналтай хүмүүс төрд олон орж ирж байна. Цагийн аясанд нийцүүлэн зүсээ хувиргаж жүжиглэдэг албан тушаалтнууд олширлоо” гэж сэтгэл нь зовниж ярьдаг байсан нь цөөнгүй хүмүүсийн дургүйг хүргэсэн. Зарим нь элдэв нэр хоч өгч элдвээр гүтгэж доромжилдог, тэр бүү хэл “ална хядна” гэж утсаар заналхийлэхэд ханийн хувьд сэтгэл өвдөж, санаа зовдог байсан. Монгол даяар “хараалгаж” нэрд гарсан ч санаа сэтгэлээр хэзээ ч гутарч яваагүй. Муу ээж нь сэтгэл нь түгшиж “үг хэл таталсан элдэв хэрүүлд битгий оролцооч” гэхэд “Монголын ард түмний төлөө цохилох зүрх миний цээжинд бий. Би ард түмэн, эх орноороо дутна. Харин Монгол улс надаар дутахгүй. Ингэхлээр үнэнийг нуулгүй хэлэхээс аргагүй” гэдэг. “Намайг дайрч давшиж гүтгэж доромжилж бичдэг хүмүүст би гомдохгүй. Мэндийн Зэнээ байхгүй байсан бол тэдний бичих сэдэв нэгээр дутах биз дээ” гэдэг байсан. Баабар манай хүнийг “Албан ёсны мангуу” гээд бичдэг байсан. Гэвч түүнийг хэзээ ч муу хэлж байсныг би сонсоогүй. Харин ч “Энэ их сайн чадалтай залуу” гэж байхыг хоёр чихээрээ сонсож байлаа. Улс төр гэдэг хүний төрөлх чанарыг алдагдуулах юм даа. Одоо би энэ талаар олон юм яриад яахав дээ. Ханийг маань эрхэм дээдсүүд мартсан ч ард түмэн мартаагүй яваад баярладаг . Монголын төрд шударга үг хэлдэг хүмүүс цөөрөөд байна уу даа гэж бодогддог юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Нямдорж гээд шударга хүний үг хаанаа ч хүчтэй сонсогдож байна.Би хэдий улстөрч биш ч гэлээ тийм хүний хажууд байсан болохоор сонирхож чих тавьж суудаг. Үнэнийг хэлэхэд сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид ёс суртахууны хувьд их доголдолд орсон дуулдах юм. Цаг үе нь өөр болсон ч түрүүчийн сонгуулиуд арай л шударга, аль ч намынхан хэм хэмжээндээ хуулийн дагуу ажлаа хийдэг байсан ш дээ. Манай хүн чинь 3 удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Хэдэн хувцсаа үүргэвчинд хийж аваад л сумдаар явж сонгогчидтойгоо уулзанаа гээд явчихдаг. Бид ч хөдөө ажлаар явж байгаа хүн шиг ханддаг байсан. Хамгийн сүүлд сонгуульд нэр дэвшихэд нь би хамт явсан юм. Хүмүүстэй уулзахдаа “ Та нар минь намайг 2 удаа сонгосон. Энэ удаа сонгохгүй бол би гомдохгүй ээ. Надад та нарт тарааж өгөх мөнгө байхгүй хүмүүс мөнгө өгвөл аваад л бай. Өөрсдөө бодож байгаад сонголтоо зөв хийгээрэй” гээд ярихаар нь би “заавал тэгж яриад яадаг юм бэ?” гэхээр “Яахав үнэнээ л хэллээ. Надад хүн муулж өөрийгөө дөвийлгөх шаардлага байхгүй. Би сонгогчдынхоо өмнөөс дуугарч л чадна” гэдэг байсан. Хамгийн сүүлд сонгогдоход тойргоос нь “Та гарчихлаа хүрээд ирээч” гэж ярихаар нь бид хамт очсон. Ийм л гүдэсхэн, энгийн, хэр баргийн юманд туйлшраад байдаггүй хүн явлаа.
-Хань чинь ид хийж бүтээх насан дээрээ хүнд өвчнөөр өнгөрсөн. Өвчнийг нь эрт оношлуулж чадаагүй юм уу? Зарим хүмүүс эмчилгээ нь таараагүй гэлцэхийг сонссон?
-Миний хань 55 нас хүрээд энэ хорвоогоос буцсан. Залуудаа хөдөө багшилж байхдаа мухар олгой нь дотроо хагарсныг хоолны хордлого болчихож гэж буруу оношилж эмчлээд, сүүлдээ шприцны шар аваад хүндэрч бараг найдваргүй гэгдэж явсан юм билээ. Залуугийн спортоор хичээллэдэг бие сайтай тулдаа давж гарсан гэж ярьдаг юм. Тэр болгоноос хууч үлдэж сүүлд нь элэг нь шинжилгээгээр өөрчлөлттэй гарч II эмнэлгийн байнгын хяналтанд орсон. Эмч нар “гайгүй ээ шарласан хүнд энэ зэргийн өөрчлөлт байлгүй яахав” гэдэг байсан. Жилд хоёроос гурван удаа эмнэлэгт хэвтээд эмчлүүлчихдэг байсан. Би бодохдоо халуун рашаанд орсноос өвчин нь улам сэдэрч муудсан гэж боддог. Элгийг эмчилгээг нь тааруулаад гам сайн баривал гайгүй, хэдэн жил болчихдог гэсэн. Манай хүн шиг оноштой өвчтөн 10 гаруй жил аргалаад болоод байгаа ш дээ. Хувь хүн зураг тавилангаараа үйлийн үрээ эдэлдэг байх. Зарим үед эмчилгээ нь таарсан бол өдийд бидэндээ үзэгдээд байж л байх хүн шүү дээ гэж боддог. Өвгөн маань уг нь их чийрэг биетэй. Өглөө тогтмол 6-8 цагийн хооронд гүйдэг хөдөлгөөнтэй хүн байсан. Ерөнхий бие нь гайгүй ч аль нэг эрхтэн нь өвчлөхөөр дийлддэггүй юм байна лээ. Бээжинд 6 сар эмчлүүлсэн. Бидэнд хур хөрөнгө байхгүй болохоор хүний өөрийн амьтны царай харсан. Амьтан ах дүүсээс мөнгө цуглуулаад 12 дугаар сарын 20-нд Хятадад очсон. Уг нь манай эмч нар 10 сарын эхээр хурдан явж эмчлүүл гэсэн ч мөнгөнөөс болоод чадаагүй. Бараг 3 сарын дараа очиход эмч нар “Ядахдаа сарын өмнө ирсэн бол эмчилгээ нь арай илүү үр дүнд хүрэх байсан” гэж хэлсэн. Өвчин чинь сар хоногоор битгий хэл цагаар муудаж даамжирдаг болохоор цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй юм билээ. Энхбаяр ерөнхийлөгч, ерөнхий сайд байхдаа эмчилгээний мөнгө гаргаж өгсөнд их баярладаг. Анх Бээжинд очоод хүний газар хөдөлбөл мөнгө, тулгамдаад зөндөө бэрхшээлтэй тулгарсан. Ханиа хөл дээр нь босгохын тулд хүний ая харж явахад сайхан сэтгэлтэй хүмүүс их л тусалсан. Өвгөнтэйгөө тэнд 6 сар эмчлүүлээд нутагтаа ирсэн. Нэгэнт газар авчихсан өвчин чинь хүчрэгдэхгүй юм билээ. Өөрөө хөөрхий хэзээ ч өнгөрнө гэж бодоогүй. Би бие сайтай болохоор даваад л гарна. Ядахдаа 5 жил насална шүү гээд биднийг зоригжуулдаг байсан. Эмэгтэй хүмүүс чинь эмэгтэй л байдаг юм билээ. Аливаа юманд арай л зөөлдөж яах бол ийх бол гээд бүлтэгнээд зогсоно. Хоёр охин маань одоо их харамсдаг юм. Бие нь гайгүй байхад аав ээж хоёрынхоо 25 жил ханилсны Мөнгөн хуримыг хийнэ гэхээр өвгөн бид хоёр яах юм гээд хийлгээгүй. Одоо хааяа “Аавыгаа амьдад нь хийчихгүй яав даа. Хийчихсэн бол одоо бичлэгийг нь үзээд сайхан байхгүй юу” гэдэг. Бид хоёр 30 жил ханилсан. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн хөөрөг, УИХ-ын Тамгын газраас өгсөн зуслангийн байраа хүртэл зарж эмчлүүлсэн ч бараагүй дээ. Энэ зовлонг хүн болгон дайрахаас тойрохгүй. Өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг болохоор ялангуяа хөрөнгө мөнгөгүй хүмүүс тийм үе тулгарахад үнэхээр их сандардаг юм билээ. Би 2-р эмнэлгийн хамт олонд, УИХ-ын дарга асан Бямбадорж, Базархүү хоёрт их баярлаж явдаг. Бас одоо хүртэл бидэнд байнга тусалж дэмжиж явдаг гурван хүн бий, нэрийг нь хэлээд яахав. Та нартаа баярлаж явдаг шүү гэж дамжуулъя.
-Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэн гуайтай ураг барилдсан ах дүү бололцсон. Тэр үед зарим хүмүүс дотор газрын хүнтэй сүлбэлдлээ гэж хүртэл хардаж байсан гэнэ лээ?
Манай хүн чинь эцэг эхээсээ есүүлээ байсан. Одоо нэг ах, гурван эмэгтэй дүү нь энх тунх байгаа. Нэг ах нь 1985 онд бурхан болсон. Тэр үед Хятадын алдартай “Улаан мөчир” чуулга Монголд ирэхэд Лхасүрэн ах ирсэн юм. Өвгөн маань академид байхдаа Өвөрмонголыг судалдаг сонин хэвлэлд хэд хэдэн нийтлэл бичсэн. Өмнө нь ажил хэргийн шугамаар алдарт дуучны эхнэр Төмөрцэцэгтэй танилцсан болохоор эхнэр нь “Монголд очоод Зэнээ гэж хүнтэй уулзаарай” гэж л дээ. Тэгж л анх хувь заяаны эрхээр нүүр тулсан хоёр байхгүй юу. Лхасүрэнгийн аав Самдан гүүш гэж маш их номтой эрдэмтэн хүнийг Хятадын хувьсгалын үед Шар мөрөнд живүүлчихсэн. Ээжийг нь соёлын хувьсгалын үеэр зодоод 4 мөчийг нь мэдээгүй болгосноос өнгөрчихсөн тэр хэцүү үед таарч зовлон жаргалаа ярилцаад Лхасүрэн “Ээжид чинь очиж хүү нь болъё гэж мөргөе” гээд хадаг сүүтэй манайд ирэхэд ээж минь уйлаад л тэврээд авсан. Алдсан хүүгээ эргээд ороод ирэх мэт санагдсан байх. Ингэж л бид тэнгэрт мөргөсөн ах дүү болсон улс. Лхасүрэн маань Бээжинд эмчлүүлж байхад их тус хүргэсэн. Бурхан болоход нь ирж ажил явдалд нь оролцсон. Ээж маань өвгөнөөс минь хойш 10 сарын дараа 80 гарч өнгөрсөн. Муу хүүгийнхээ хойно орлоо гэж сэтгэлээр их унасан. Өвгөний ах дүүс бүгд л сайхан амьдарч байгаа. Ах нь Өнжүүлдээ бий. Цагаан сараар бүгд л ирж золгож сайхан харьцаатай явдаг.
-Өвгөнөөсөө хойш аж амьдрал ямар байна даа. Танай хүн тань бусад шиг албан тушаалаа ашиглаж ажил амьдралаа өөд татдаггүй хүн байсныг ард түмэн мэднэ. Магадгүй эргээд бодоход таньд харамсах үе тохиолдож байсан уу?
Бид энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Сайн ханийн буянаар бусдаас дор орсонгүй, хүн гар харалгүй өдий хүрлээ. Өөрт ирсэн зовлонг давж туулахаас яахав дээ. Бурхан болсноос нь хойш гурван жилийн дараа Улс тунхагласны баяраар Eрөнхийлөгчөөс 1 өрөө байрны түлхүүр гардаад зогсож байхдаа ханиараа үнэхээр бахархсан. Хэдий биднээс салан одсон ч тэр хүний буян хишиг биднийг ивээж, үр хүүхэд нь орон гэртэй болсонд баярлаж хамрын самсаа шархирсан шүү. Хоёр охин нь улсдаа хөдөлмөрлөж байна. Хамгийн гол нь өвчин зовлонгүй эрүүл саруул явбал л болоо гэж залбирч суудаг. Эрүүл явбал мянган лан гэдэг үг ямар үнэн болохыг биеэр үзсэн болохоор хүмүүст “өвчнөө эртнээс эмчлүүлж яваарай” гэж захидаг. Цагаа болохоор хүн гэдэг амьтан чинь үнэхээр хэврэг юм билээ. Нэг удаа танил эмэгтэй маань “Чи нэг аятайхан газар олоод дэлгүүр ажилууллаач, амьдралд их нэмэр болдог юм” гэхээр нь өвгөндөө хэлсэн чинь “ Болдог юм бол чи өөрөө хөөцөлдөөд аваад тавьчихгүй юу? Би чамайг хоосон хонуулав уу, Алтан загасны эмгэн шиг” гээд ер халгаагаагүй. Занг нь мэддэг болохоор дахиж би наймаа хийх талаар дурсаагүй. Гэвч би одоо ч юмтай болох минь яалаа энэнээс илүү амьдрах байж гэж харамсдаггүй. Байгаа бүхэн минь надад хангалттай. Харин өвгөнөөсөө хойш эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Хоёр охин таван зээдээ харагдаж нэг их тус дэм болохгүй ч зовлон жаргалыг нь хуваалцаад хэдэн жил амьд явчих юмсан гэж боддог. Охид маань ч намайг аятай тохитой байлгах гээд чадлынхаа хэрээр тойлдог. Би чинь 2 сайн хүргэнтэй. Охидод маань хань болж надад түшиг болж явна. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэлцдэг. Энэ хоёр маань бусдын ярьдгаар өөрсдийн бор зүрхээрээ явж байгаа. Том охиноо 10-р анги төгсөөд конкурст орох гэж байтал өвгөн маань сонгогчидтойгоо уулзана гээд хөдөө явчихсан. Охин маань маш бага оноогоор ялагдаж улсын сургуульд орж чадаагүй. Гэтэл аав нь ирээд “ Чи олигтойхон байсан бол юу гэж унадаг юм” гээд тоогоогүй. Өөрөө хөөцөлдөж явсаар сонирхсон мэргэжлээрээ хувийн сургуульд орж төгссөн. Одоо охин маань ШШБЕГ-т сайн хамт олон түшээд ажиллаж байна. Бага охин нэг үе аавынхаа туслахаар ажиллаж байсан. Одоо Монгол банкинд ажилладаг. Анх бид айл гэр болохдоо Ж.Батмөнх даргын ойрын хамаатан Батсайхан, Цэвээн гэж сайхан гэр бүлээс голомтоо тусгаарлаж айл гэр болж байсан. Дараа ШУА-аас хоёр өрөө байр өгөхөд эмэгтэй хүн болохоор хөл газар хүрэхгүй шахам баярлаж байлаа. Тэгэхэд хань маань тохилог сайхан байранд орсон нь нам засаг хамт олны минь буян шүү дээ гэж билээ. Түүнээс хойш УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон ч гишүүдэд улсаас хоёр өрөө байр өгөхөд авч чадаагүй явсаар өнгөрчихсөн. Ажил явдлынх нь үеэр холбогдох газрууд нь байр өгнө гээд гурван жилийн дараа “Богд-Ар”-т нэг өрөө байр өгсөн нь тэр.
-Нөхрийгөө өнгөрснөөс хойш та намынхантай нь уулзсан уу? Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа нас барсан гишүүдийн гэр бүлийг хүлээж авсан гэсэн. Очсон уу?
-Би тэр болгонтой уулзах гэж яваагүй. Охин маань М.Энхболдтой нэг удаа уулзахад таатай хүлээж аваагүй гэнэ билээ. Мань хүн бодохдоо аавтайгаа нэг нутаг усных гээд арай л өөр хандах байх гэж бодсон шиг байна лээ. Д.Лүндээжанцан дарга нэг удаа тааралдаад “Хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэсэн гээд жигтэйхэн баярлачихсан ирсэн. Хүнд чинь юм авахаас илүү сэтгэлийн тус дэм тийм үед их хэрэгтэй байдаг. Манай охид аавтай нь олон жил парламентад суусан гишүүдэд их сайн. Муу сайн юм дуулдахаар өмөөрөөд байдаг юм. Ц.Нямдорж дарга УИХ-ын дарга байхдаа нас барсан гишүүдийн гэр бүлийг хүлээн авч зуу зуун мянган төгрөг өгч зургаа хамт авахуулсан. Би тэр үеэр нь эмнэлэгт байсан болохоор очоогүй л дээ. Бага охин маань очсон. Ар гэрийнхэн нь их баярлаж зарим нь нулимс унагасан гэнэ лээ. Тэднийг үнэхээр мартах учиргүй гэж боддог. Зарим нь дэндүү залуугаараа хармсалтайгаар явчихсан ш дээ. Төрд дуу хоолой нь үгүйлэгдэж байгаа сайхан залуус явчихсанд их харамсдаг. Миний хань чинь 7-р сарын 11-нд төрсөн болохоор “Ард түмэн маань бүгд миний төрсөн өдрийг тэмдэглэдэг” гээд хошигнодог байлаа. Өнгөрснөөс нь хойш би нас барсан өдөр нь (6 сарын 10-нд) жил болгон шарил дээр нь цэцэг тавьж сүү цайныхаа дээжийг өргөдөг. Төрсөн өдрөөр нь яг л хуучин шигээ идэх дуртай буузыг нь хийж, мах чанаж зургийнх нь өмнө тавьдаг. Надад буян хийхээс өөр чадах зүйл юу байхав дээ. Хэдэн жилийн өмнө хотын захиргаанаас зөвшөөрөл авч байшингийнхаа хананд дурсгалын самбар босгосон. Төрсөн нутагт нь ядахдаа цээж баримлыг нь ч болов босгочих юмсан, бүр болдоггүй юм бол дурсгалын самбар босгочих юмсан гэж бодож суух юм. Төв аймгийн 85 жилийн ойгоор нутгийнхантай нь уулзаж ярилцаад зарим ажлыг нь хийх санаатай байгаа. Харамсалтай нь зардал мөнгөнөөс болоод чадсангүй. Хүмүүс намайг бизнесмэнүүдэд хандаач гэдэг.Үнэнийг хэлэхэд хөөцөлдөж явахаасаа санаа зовоод хий дэмий амны гарз болчих болов уу. Нэрийг нь барьж яваад ч яахав дээ гэж бодох юм. Хүний тусыг мартдаггүй хүмүүс байдаг юм билээ. Төв аймгийн Бүрэн сумын засаг даргын хүү нэг залууг өвгөн маань сургууль соёлд ороход нь тусалсан юм билээ.Тэр хүү манай охин дээр ирээд хөгжмийн зохиолч Сэр-Од бид хоёр сайн найзууд байгаа юм. Би Зэнээ ахдаа зориулж “Монгол эр” гэдэг шүлэг бичсэн. Нэг сайхан дуутай болгоё гэж дуу хийсэн гэсэн. Одоогоор дуулагдаагүй байгаа ч нэг сайн дуучнаар дуулуулаад зураг дүрсийг нь ашиглаад клип хийлгэчих юмсан гэж охид маань ярилцаж байгаа. Нэг удаа охиныг маань байрныхаа гаднаас таксинд суугаад явахад жолооч нь таньж “Аав чинь жинхэнэ монгол эр хүн байсан шүү. Хүндэлж явдаг байсан” гэхэд охин маань “Аавыг минь ард түмэн мартаагүй юм байна” гээд баярлаж байсан. Манай том охиныг хүмүүс эмэгтэй л болохоос аавтайгаа их адилхан гэдэг юм. Том охины бага хүү өвөөтэйгөө их адилхан болохоор би амь байдаг. ҮДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Батмэнд, Амаржаргал нар өвгөнийг маань их хүндэлж дурсдаг. Биднийг хэн ч мэдэхгүй дуучид байхад уран бүтээлийг минь дэмжиж олонд танил болоход тусалсан гээд төрсөн нутагт нь үнэгүй тоглолт хийгээд өгье, бас мөнхжүүлэх ажилд нь уран бүтээлээрээ дэмжиж тусалъя гэхэд бид ажил болгож чадаагүй ээ. Өдөр тутмын амьдралдаа түүртээд л явах юм. Хэрэв зориглоод хөдөлбөл бүтэхгүй юм гэж байхгүй ш дээ. Сэтгэл санаа үйл ажлаараа дэмжих хүн олон л бий дээ гэж сэтгэлээ баясгаж суух юм даа.
-УИХ-ын гишүүн Су.Батболд нөхөн сонгуулиар суудалд нь суусан. Нутгийнхан нь “Бүргэдийн суудал дээр болжмор суулаа” гэлцэж байсан гэдэг. Та нартай холбоотой явдаг уу? Тусалж дэмждэг үү? Зарим хүмүүс түүнийг азтай залуу гэдэг. Магадгүй түүнд ийм хувь заяа тохиолдоогүй бол өдийд өөр замаар явах байсан болов уу?
-Тийм шүү. Хүнд бурхны зурсан зураг төөрөг тавилан гэж лут юм байдаг. Амны хишиг ч гэж ард түмэн ярьдаг. Магадгүй өнөөдөр хань маань амьд сэрүүн байсан бол тэр хүн энэ суудалд суугаа ч уу, үгүй ч үү? бодох л асуудал. Гэхдээ тэр хүний буруу байхгүй ш дээ. Нөхцөл байдал тэгж эргэсэн болохоор хэн нэг нь тэр суудалд суух нь тодорхой боловч тэр хувь заяа зохиол нь Батболдод таарсан байхгүй юу. Тухайн хүн аз од нь гийхэд зам мөр нь аяндаа тэгшрээд ирдэг гэлцдэг. Батболдын хувьд залуу өсч яваа улстөрч гээд дэмжиж явдаг. Анх нөхөн сонгуульд явахдаа хоёр охиныг минь дагуулж явсан. Ээж дээр нь хадаг барьж ирээд явахад бид чадлынхаа хэрээр дэмжиж том охин маань нялх хүүхэдтэй, мэс засал хийлгээд долоохон хонож байсан ч дагаад л явсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүн болоод биднийг мартсан. Бид тэр хүнээс юу ч гуйхгүй. Гэвч хүнд сэтгэлийн дэм хэрэгтэй. Хааяа нэг утсаар амар мэнд асуучихаж болно ш дээ. Охин маань сонгуулийн дараахан Батболдтой уулзаж ажил төрлөө солиулах талаар хүсэлт гаргахад үл ойшоосон гэсэн. Түүнээс хойш гомдоод дахиж уулзаагүй. Нэг удаа би Төв аймгийнхны уулзалт дээр таараад мэндийн зөрүүгүй өнгөрөхөд тэсэлгүй өөрөө очиж мэндэлсэн. Энэ хүн биднийг заавал байнга “хаая хүүe” гэх албагүй л дээ. Ная гарсан өндөр настай ээж дээр нь нэг удаа ирээд уулзахад тийм их цаг зав орохгүй биз дээ. Муу ээж маань хүүгийнхээ оронд суусан хүүд өгнө гээд гараа гаргаж хийсэн зүү ороож оёсон дайлангаа үхтлээ хадгалсан (уйлав). Өөрөө хүүдээ жил болгон шинэ дайлан хийж өгдөг байсан. Өнгөрснийх нь дараа авдрыг нь уудлахад нямбай гэгч юманд боогоод хамгийн дээр нь хадгалчихсан байсан. Бид нар ээжийгээ их өрөвдсөн. Ухаандаа миний хүүгийн ажил үйлсийг үргэлжлүүлэх болохоор над дээр ирнэ гээд бодчихсон байхгүй юу. Тэрнээс тэр муу тэрэгтэй хөгшин юу гуйхав дээ. Өөрийнхөө хүүгээс юм гуйж сэтгэлийг нь зовоож яваагүй хүн чинь өрөөл бусдаас дэм хүсэхгүй л дээ.Өвгөнийг маань зарим найз нөхөд нь “Чи арай ч дээ, хөл муутай тэргэн дээр суугаа ээждээ ядахдаа ганц өрөө байр хөөцөлдөөд аваад өгчихөөч” гэхэд тэр маань “ээжээс минь хэцүү амьдралтай хүмүүс бий шүү” гэдэг байсан. Тэр битгий хэл ээж маань маш ижигхэн хашаанд амьдардаг байсан. Нэг удаа ч “аятайхан газар аваад хашааг минь томруулаад өгчөөч” гэж байгаагүй дээ. Одоогийн эрх мэдэлтнүүд алгын чинээ газар битгий хэл аав ээж ах дүүс хамаатан саднаа илт амьдралыг нь сайжруулж хашаа байшин битгий хэл бүхэл бүтэн шахуу уулын амыг аваад хаус байшин бариад орчихсон тансаг амьдарч байна ш дээ. Хүн гэдэг амьтан мөнхийн юм биш болохоор хэрээс хэтэрсэн хөрөнгө мөнгөөр яахав дээ. Монголчууд хүүхэд төрвөл хүнс заяана гэдэг. Хүний хэрэгцээ хязгаартай ш дээ. Хэрээс хэтэрсэн бүхэн хоол биш хор болдог гэдэг шүү дээ. Миний том охин 6-р сарын 8-нд төрсөн өдрөөрөө аавыгаа сахисан юм. Тэгэхэд үүрээр 5 цагт сэрээд охиныхоо төрсөн өдрөөр нэг сайхан бууз идэх юмсан гэхээр нь бид үхрийн махаар сайхан бууз хийж аваачиж өгөхөд их баярласан. Хөөрхий дуртай юмаа гүйцээж л байсан байх. Эх хүний зөн совин гэж үнэхээр байдаг юм билээ. Өнгөрдөг өдөр нь ээж нь охиныг маань очиход уйлаад “Муу хүү дээрээ очьё. Бие нь тааруухан байх шиг байна” гэхээр нь эмнэлэг дээр яарсаар очсон. Өрөөнд нь ортол эжий рүүгээ гар нь сарвалзаад эрхийг нь авч хэдэн маани уншаад л ухаан алдчихсан. Ээж охиндоо их баярлаж хүүгийн минь амьдад нь бүлээн духыг нь үнэрлүүллээ гээд л уйлж байсан. Охин маань ч аавыгаа амьдад ээжтэй нь уулзуулж үнсүүлсэн гээд тайтгардаг юм (уйлав). Ээж маань хүүгээ Сүхбаатарын одон авахад их баярлаж хаш чулуун аяганд сүү хийж өгөөд түмнийхээ төлөө явсан хүнийг бурхан харж явдаг юм гэнэ лээ гээд нулимс унагаж байлаа. Нутгийнх нь хөгшид Ж.Самбуу гуайн дараа нутгаас минь төрсөн “Төрийн хар хүн” гэж ярихыг сонсоод баярлаж бахархаж л суудаг. Бид “Чингис” зочид буудалд ах дүү болсоныхоо 20 жилийн ойг их сайхан тэмдэглэсэн. Анх тэр 2 ах дүү болоход Лхасүрэн том зурагт авчирч өгөхөд их баярлаж том зурагт үзэхэд нүдэнд ядаргаагүй юм байна шүү гээд хөхөрч байсан нь санаанд тод үлдсэн. Ажлаа тараад өдөр болгон ээж дээрээ очдог байсан.Ээж маань их уран хүн байлаа. Өнгөрөх хүртлээ оймсны хараа, дайланг зүү ороож оёдог байсан. Батболдын аав Сундуй гуайг сайн таньдаг багадаа айл саахалт явсан гэж ярьдаг юм билээ. -Ярилцсанд баярлалаа.Н.УДВАЛ WWW.TAIZ.MN
Discussion about this post